Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-02-14
Тогтоолын дугаар 60
Хэргийн индекс 214/2018/0060/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Ц.Ба-
Зүйл заалт 091.2.3, 091.2.11, 091.2.12, 181.3.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ц.Ба-д оногдуулсан хорих ялыг

дүйцүүлэн хасах тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, ялтны өмгөөлөгч Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 738 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 164 дүгээр магадлалтай ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Ц.Ба-, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, 2000 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,

2002 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлсэн Ц.Ба- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.11, 91.2.12-т зааснаар 25 жил хорих ял,

2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төв аймаг дахь Сумд дундын 1 дүгээр шүүхийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 21 жил 4 сар 2 хоног хорих ялаас заримыг буюу 19 жил 4 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 24 жил 5 сар хорих ял шийтгүүлж, одоо уг ялыг эдэлж байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Ба-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-т тус тус заасан хорих ялын хэмжээнд нийцүүлэн түүний биечлэн эдлэх ялыг 15 жил 6 сар 1 хоног хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Ц.Ба-ы өмнө биечлэн эдэлсэн хорих ял, шагналын хоногийн тооцоог нэг бүрчлэн хийж, шинээр тогтоосон ялаас хасч тооцохыг хорих 409 дүгээр ангид даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг “Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-д зааснаар Ц.Ба-ы нийт биечлэн эдлэх хорих ялыг 20 жилийн хугацаагаар тогтоосугай” гэж өөрчилж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Ц.Ба-ы гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд ялтан Ц.Ба- гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг хэрхэн яаж хассан нь ойлгомжгүй болжээ. Магадлалд зааснаар намайг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар ял эдлүүлэхээр тогтоосон. Энэ гэмт хэрэгт би 2007 оны 10 дугаар сарын 08-наас өнөөг хүртэл биеэр 10 жил 2 сар эдэлж, шагналын 10 сар 2 хоногтой, нийт 11 жил 2 хоног эдэлсэн. Одоо ялын тооцоо бодуулахад Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс тооцож байгаа нь ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт 23 жил 8 сар 3 хоног ял эдлэх болоод байгаа юм. Ял эдэлж байгаа хорих 409 дүгээр ангийн тоо бүртгэлийн албаар 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар ялын тооцоо бодуулахад биеэр 6 жил 5 сар 27 хоног, шагналын 10 сар 2 хоног, нийт 7 жил 3 сар 29 хоног хорих ял эдэлсэн, одоо эдлээгүй үлдсэн 12 жил 8 сар 1 хоног хорих ял байгаа гэдэг. Одоо эдлэхээр үлдэж байгаа ял дээр магадлалд заасан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт миний 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс биеэр эдлээд байгаа 10 жил 2 сар, шагналын 10 сар 2 хоногийг нэмэхэд 23 жил 8 сар 3 хоног болж байгаа. Түүнчлэн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр оногдуулсан ялыг дүйцүүлэн хасах тухай материалыг дахин хэлэлцэж 15 жил 6 сар 1 хоног хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялыг 20 жил хорих ял болгож өөрчилсөн. Иймд эргэлзээтэй шийдвэрүүдийг нэг мөр ойлгомжтой болгож, надад оногдуулсан ялыг зөв хасч өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд ялтан Ц.Ба-ы өмгөөлөгч Ц.Мөнхтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Ц.Ба- нь Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор 25 жил хорих ялаар шийтгүүлсэн. Мөн Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж оногдуулсан хорих ялын хөнгөнийг хүндэд нь багтааж эдлэх хорих ялыг 25 жилийн хугацаагаар тогтоосон. Мөн хорих 415 дугаар ангид ял эдэлж байхдаа 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 21 жил 4 сар 2 хоног хорих ялаас заримыг буюу 19 жил 4 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 24 жил 5 сар хорих ялаар тогтоосон байна. Ялтан Ц.Ба- нь 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 10 жил 2 сар хоригдож, шагналын 10 сар 2 хоног нийт 11 жил 2 хоног хоригдож байгаа. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 180Ө/1 дүгээр шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Ба-д Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас 2 жил хорих ялыг өршөөн хасч, нийт биечлэн эдлэх ялыг 22 жил 6 сар хорих ял тогтоосон байна.

Анхан шатны шүүх хоригдол Ц.Ба-д оногдуулсан хорих ялын хугацааг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэхдээ Ц.Ба-ыг 11 жил 2 хоног хорих ял эдэлсэн байхад 7 жил 1 сар 16 хоног хорих ял эдэлсэн гэж тооцоо гаргаж ялтны эрх зүйн байдлыг дордуулж байна. Мөн ялтан Ц.Ба- нь хорих 415 дугаар ангид 406 хоног буюу нийт 3 жил 9 сар 12 хоног ял эдэлсэн байхад тухайн анхан шатны шүүх ялын тооцоог 3 жил 8 сар 28 хоног ял эдэлсэн гэж буруу дүгнэсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүх Ц.Ба-ы үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамруулж шийдсэн атлаа тус зүйл ангиар ямар ял шийтгэл оногдуулж байгаагаа дурдагдаагүй нь ойлгомжгүй.

Ц.Ба-ы үйлдсэн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Танхайрах” гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулиар байхгүй болсон, үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах “ гэмт хэрэгт хамрагдаж байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул ялтан Ц.Ба-д 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлэх 20 жилээс хасагдах үндэслэлтэй гэж ойлгож байна.

Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Ялтан Ц.Ба- нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар 20 жил, дээрээс нь 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор эдэлсэн 3 жил 9 сар 12 хоног ялыг нийт 23 жил 9 сар 12 хоног ял эдлэх болоод байна. Иймд шүүгчийн захирамж, магадлалыг тус тус хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Ялтан Ц.Ба-д оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хассан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгчийн захирамж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хууль буцаан хэрэглэх үндэслэлийг, 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж ял оногдуулах нөхцөлийг тус тус тодорхойлон заажээ.

Энэ нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолоор оногдуулсан ял нь шинэ Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулах ялын хэмжээнээс их байвал шүүх ялыг шинэ хуулийн ялын хэмжээнд дүйцүүлэн хасч тооцох тухай ойлголт юм.

Анхан шатны шүүх Ц.Ба-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11, 20.16 дугаар зүйлийн 2.1-т тус тус заасан хорих ялын хэмжээнд нийцүүлэн 15 жил 6 сар 1 хоног хорих ялыг эдлүүлэхээр тогтоосныг давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар 20 жил хорих ял эдлүүлэхээр өөрчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх зөвхөн ял дүйцүүлэн хасах асуудлыг шийдвэрлэсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн Ц.Ба-ы үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд шинэ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор өмнөх Эрүүгийн хуулийн дагуу эдэлж байсан ялыг дүйцүүлэн хасч тогтоосон шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул ялтан Ц.Ба-, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны  шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 738 дугаар шүүгчийн захирамж, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 164 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтан Ц.Ба-, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН