Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-02-23
Тогтоолын дугаар 80
Хэргийн индекс 106/2017/0412/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Д.От-
Зүйл заалт 11.1.1
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.От-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 407 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 849 дүгээр магадлалтай 201626022545 дугаар эрүүгийн хэргийг Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалангийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Д.От- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Д.От-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.От-ыг  цагаатгаж, шүүгдэгч нь хохирогч Б.Да-т 1.100.000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор А.Баясгалан гаргасан эсэргүүцэлдээ: “...Д.От-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянаад шууд бус санаатай үйлдлийг бусдад болгоомжгүйгээр гэмтэл учруулсан нь буруу тул зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай гэж мөрдөн байцаалтад буцаасан. Хэргийг шүүгчийн захирамжид заасны дагуу зүйлчилж, шүүхэд шилжүүлэхэд цагаатгах тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Хэрэгт авагдсан шүүгдэгч Д.От-, гэрч Ц.Ба- нарын мэдүүлгээр Д.Да-ыг цохиж унагасан болох нь тогтоогдсон боловч Д.От-ыг цохисон талаар мэдүүлэг, баримт хэрэгт авагдаагүй. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь “Шүүгдэгч нь найз Д.Да-ыг цохиж унагаан, өөрийг нь цохиж, түүнийг зугтаах үед нь араас нь хөөсөн хохирогч Б.Да-ын бодит довтолгооны үед барьж байсан чулуугаа “шидлээ шүү” гэж анхааруулан арагш шидсэн” гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт” гэдгийг “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, шүүх тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан хуулийн шаардлагад Д.От-ын үйлдэл нийцэж байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.От-ыг чулуутай гүйж байхад аюул учруулах гэж байсан гэх хүн нь ард нь чулуугүй гүйж байсан болох нь тогтоогдсон. Б.Да- нь шүүгдэгч Д.От-ыг цохьсон гэж мэдүүлдэг боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад цохьсон талаар баримт огт байхгүй. Цагаатгах тогтоол, магадлалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалангийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Д.От-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.От-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.От-ыг  цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Да-, Г.Уу-, Э.Пү- нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” баарны ойролцоо найз нөхдийн хамт явсан, танихгүй эмэгтэй Ш.Би-ийг зүй зохисгүй үг хэллэг хэрэглэн доромжилж, зүй ёсны шаардлага тавьсан Д.Да-ыг Г.Уу- нь хэд хэдэн удаа цохиж газар унагааж, улмаар уг үйлдлийг зогсоох, хориглох гэсэн бусад залуусыг “зодно” гэж айлган заналхийлж, Б.Да-, Э.Пү- нар нь тэднийг зодохоор хөөхөд Д.От-, М.Са-, Ж.Ун- нар зугтсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.

Тодруулбал, Б.Да-, Г.Уу-, Э.Пү- нар бусдыг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн, эрх чөлөөнд нь халдаж эхэлсэн цаг мөчөөс Д.Да-той цуг явсан бүхий л хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдал бодитой бий болсон байх бөгөөд Б.Да- нь Д.От-ыг зодохоор заналхийлж, хөөх үед тэрээр өөрийгөө хамгаалах зорилгоор газраас чулуу авч хөөж, дайрсан байдлаа зогсоохыг нэг бус удаа анхааруулсан боловч Б.Да- үргэлжлүүлэн хөөсөөр байсан тул тэрээр чулуу шидэж Б.Да-ын довтолгооныг зогсоохдоо биед нь хүнд гэмтэл учруулсан байна. Энэ нөхцөл байдлын талаар шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь харилцан зөрүүгүй мэдүүлсэн төдийгүй хэрэгт хувийн сонирхолгүй, хөндлөнгийн гэрч болох Ц.Ба- уг байдлыг батлан мэдүүлсэн бөгөөд Б.Да-ын биед гэмтэл учирснаар маргаан зогссон нь тухайн мөч хүртэл халдлага довтолгоон дуусаагүй байсныг илэрхийлж байна.

Гэтэл прокурор эсэргүүцэлдээ дээрх үйл баримтыг ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй, харин хууль зүйн дүгнэлт хийхдээ “...Д.От-ыг цохисон баримт хэрэгт авагдаагүй...” гэж заавал зодуулсны дараа аргагүй хамгаалалт хийх эрх үүсэх байсан гэж ойлгогдохоор, эсхүл шүүх “тулгарсан довтолгоон” бус “бодит довтолгоон” гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэжээ.

Прокурорын эсэргүүцлийг дүгнэж үзэхэд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, түүний дотор аргагүй хамгаалалт гэдэг эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний агуулгыг илтэд буруу, явцуу байдлаар тайлбарлаж, гагцхүү “тулгарсан” гэдэг үгийн утгыг үг зүйн тайлбараас иш татаж “тулсан, өөд өөдөөсөө мөргөлдсөн” нөхцөлд өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалахын тулд аргагүй хамгаалалт хэрэглэх эрх үүснэ гэж хууль зүйн агуулгын хувьд илт алдаатай дүгнэлт хийжээ.

Түүнчлэн, шүүх хуралдаанд оролцсон прокурор хууль зүйн дүгнэлтдээ “...Б.Да- нь Д.От-ын араас хөөж байхдаа гартаа чулуу бариагүй явсан нь тогтоогдсон тул тэрээр хөөж байгаа хүндээ аюул учруулахгүй байсан...” гэж  довтолгоо, хамгаалалт хоёрын шинж чанар, хэр хэмжээ, хэрэглэж буй зэвсэг ижил тэнцүү байх ёстой гэж аргагүй хамгаалалт хэрэглэх нөхцөл байдлын талаарх Эрүүгийн хуулийн ойлголтыг буруу тайлбарлан, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.   

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан ... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ... болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.

Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд бүдүүлгээр халдаж, бүлэглэж, хамт яваа нөхрийг нь зодсон төдийгүй үргэлжлүүлэн өөрийг нь зодох зорилгоо тодорхой илэрхийлж, хөөж байгаа Б.Да-ын үйлдэл нь Д.От-ын амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоо юм.

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн амь нас эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдийн эрүүл мэндэд хохирол хүнд хохирол учруулсан Д.От-ын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт мөн гэж үзнэ.

Иймд прокурор А.Баясгалангийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 407 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 849 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, прокурор А.Баясгалангийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН