Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-01-12
Тогтоолын дугаар 18
Хэргийн индекс 177/2017/0052/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Л.Г, О.Ц
Зүйл заалт 1531.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

 

Л.Г, О.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогч Б.Х, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважав, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаар цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, Л.Г, О.Ц нарт холбогдох 201420000198 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Х-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Л-ын Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт О-гийн Ц нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг тус тус баримтлан Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г, О.Ц нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Х-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Х гаргасан гомдолдоо “...шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийг ноцтой зөрчсөн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүйгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлд заасан журмын дагуу “цуглуулсан” нотлох баримт болох 2014 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Гал түймэр гарсан тухай” 11 дүгээр акт, Онцгой байдлын газрын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1 дүгээр шинжээчийн дүгнэлт болон тухайн өдрийн салхины чиглэл, хурдыг тодорхойлсон Увс аймгийн Ус цаг уурын шинжилгээний албаны тодорхойлолтууд нь гал түймэр Л.Г-ийн талбайгаас эх үүсвэрлэн гарсныг шууд нотолж байна. Гал түймэр гарсан үеийн салхины чиглэл тодорхой болсон байхад анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийж чадаагүй. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж, нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай холбож, бодит байдлаар үнэлээгүй нь шийдвэр буруу гарахад нөлөөлсөн. Гэрч Ж, Л, Т, Н, Д, С, шинжээч Б нарын удаа дараа тогтвортой өгч байсан мэдүүлгүүд нь Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр “Гал түймэр гарсан тухай” акт, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1 дүгээр шинжээчийн дүгнэлттэй яв цав нийцэж байхад анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгтээ эдгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлд заасан журмаар цугларсан “шууд нотлох баримт”-ыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлж чадаагүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай эсэхийг үнэлээгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт байгаа яллах талын нотлох баримтуудыг орхигдуулж, шүүгдэгч нарт илт давуу байдал олгож гэрчүүдийн мэдүүлгийн хэрэгт ач холбогдолтой хэсгийг бичилгүй орхисон нь Л.Г-д үйлчилж түүнд ашигтай шийдвэрлэж хохирогч миний хууль ёсны эрх ашгийг хэт дордуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Л.Г, О.Ц нар хамгийн түрүүнд Онцгой байдлын газарт гал гарсан тухай дуудлага өгсөн болох нь гэрч С, Б, Т нарын мэдүүлгээр нотлогдож байх тул гал гарахад дэргэд нь байсны хувьд тэд гал алдсан этгээдийг зааж өгөх, гал тавьсан этгээдийг мэдэх, галын шалтгааныг нотлох ёстой байсан. Нэгэнт Л.Г, О.Ц нар энэ хэрэгт буруутай учир өөр хүнийг зааж өгч чадахгүй байгаа явдалд шүүх үнэлэлт өгч чадаагүй. Анхан шатны шүүх Л.Г, О.Ц нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж дүгнэсэн мөртлөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн явдал юм. Зүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж шүүх үзсэн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасныг баримталж шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүйг мөн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Л.Г, О.Ц нарыг гэм буруутайд тооцож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Я.Энхжаргал хэлсэн саналдаа “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрч нарын мэдүүлгийг гол үндэслэлээ болгосон байдаг. Гэтэл гэрчээр байцаалт өгсөн тухайн хүмүүс нь бага боловсролтой, бичиг үсэг мэддэг эсэх нь эргэлзээтэй бөгөөд бичиг үсэг мэдэхгүй хүнийг заавал өмгөөлөгчтэй байцаана гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирлын хэмжээ хүрэхгүй байна гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарыг цагаатгасан. Мөрдөн байцаалтын шатанд зөвхөн чацарганы модыг үнэлснээс бус байгаль орчинд учруулсан хохирлыг огт тооцоолоогүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Улсын яллагч шүүгдэгчийг яллахаас татгалзах үндэслэлийг тодорхой заасан. Гэтэл улсын яллагч шүүгчийн өмнөөс шийдвэр гаргаж, шүүхийн шийдвэр гараагүй байхад өөрийнхөө санал дүгнэлтийг танилцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважав хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан тул цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь онц их хэмжээний хохирол шаарддаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж үгүйсгэгдэж байгаа учраас шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч нарыг гал алдсан гэж үзэх боломжгүй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Б.Х-гийн гаргасан гомдлыг үндэслэн Л.Г, О.Ц нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Л.Г, О.Ц нар нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Л.Г-ийн жимсний талбайд 2014 оны 5 дугаар сарын 4-ний өдөр болгоомжгүйгээр гал алдсаны улмаас “Х” хоршооны буюу хохирогч Б.Х-гийн 3266 ширхэг чацаргана жимсний мод шатаж 27,858,000 төгрөгийн, хохирогч Ц.Б-гийн эзэмшлийн 5 настай 80 ширхэг үхрийн нүдний мод шатаж 742,880 төгрөгийн, мөн 5 ханатай монгол гэр шатаж 550,000 төгрөгийн, хохирогч Ц.Н-ийн 6 ширхэг чацаргана жимсний мод шатаж 55,716 төгрөгийн, нийт 29,206,596 төгрөгийн хохирол бусдад учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээс үзэхэд, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2014 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэдийн жимсний талбайд гал гарч бусдад их хэмжээний хохирол учирсан болохыг тогтоож, харин уг гал хэний буруутай үйлдлийн улмаас гарсан нь хангалттай нотлох баримтуудаар нотлогдоогүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал, уг гэмт хэргийг хэн үйлдсэн зэргийг хөдөлбөргүй нотолж чадаагүй нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлгүй байх тул “...хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримталж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар шүүгдэгч Л.Г, О.Ц нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Тухайлбал, гэмт этгээдийн гэм буруутай үйлдлийг тогтоох бүхий л ажиллагааг хийсэн боловч тогтоогдоогүй, мөн тухайн гэмт хэргийн үндсэн шинжид хамаарах онц их хэмжээний хохирол учраагүй нөхцөл байдал нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаагүй гэж үзэх үндэслэл болжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогч Б.Х-гийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаар цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Б.Х-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН