Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-01-19
Тогтоолын дугаар 26
Хэргийн индекс 137/2017/0153/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч А.Т, М.Э
Зүйл заалт 11.6.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

А.Т, М.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч М.Э-гийн өмгөөлөгч Б.Дагийнамжил, шүүгдэгч А.Т-гийн өмгөөлөгч Э.Батбаяр, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 408 дугаар шүүгчийн захирамж, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 76 дугаар магадлалтай, А.Т, М.Э нарт холбогдох 1720000000036 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Э-гийн өмгөөлөгч Б.Дагийнамжилын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эрэгтэй, Д овогт А-гийн Т,

2. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, Б овогт М-ын Э нар нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-д заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж дүгнэн прокуророос шүүгдэгч А.Т, М.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Э-гийн өмгөөлөгч Б.Дагийнамжил гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “гэм буруутай гэж үзвэл ...эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана”, эсхүл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх байсан” гэж хуулийн заалтыг буруу ойлгож эсэргүүцэл бичжээ. Давж заалдах шатны шүүх магадлалын тодорхойлох хэсэгтээ “хохирогч /яллагдагч/ М.Э-гийн зовиурын талаар хэрэгт авагдсан баримтат мэдээлэл байсаар байхад хэний үйлдлээс бий болсон байж болзошгүйг шалгаж хянаагүй нь мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох хуулийн шаардлага биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл, М.Э, А.Т нарын холбогдсон эрүүгийн хэргийн нотолбол зохих байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд нотолж тогтоогоогүй гэж үзэх ...шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч ...өөр шинжээчид даалгаагүй нь буруу болжээ” гэсэн байна. Үүнээс үзэхэд прокурорын шатанд хэргийг буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн нь прокурорын эсэргүүцэлтэй ч хамааралгүй, магадлалд тодорхойлсноосоо эсрэг шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Т-гийн өмгөөлөгч Э.Батбаяр “Нэмж хэлэх саналгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянаж үзээд анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос яллагдагч М.Э, А.Т нар нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг Түшлэг зөрлөг дээр хоорондоо маргалдаж, улмаар бие биедээ хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан үйлдэлд хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хохирогч М.Э нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш цусаар шээдэг болсон зовиур нотлох баримтаар тогтоогдсон байхад шинжээчийн дүгнэлтэд энэ талаар дурдагдаагүй, шинжээчийн дүгнэлт бүрэн биш, зодооныг салгасан О-г гэрчээр байцааж зодоон хэнээс үүдэлтэй, хэдэн удаа цохиулсан зэргийг тодруулах шаардлагатай, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг хангаагүй гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан нөхцөл байдлуудыг шалгах шаардлагатай, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн атлаа шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дээрх асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах шаардлагуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд үүнд, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг шалгах үүргийг прокурорт, хянах үүргийг шүүгчид хүлээлгэжээ.

Анхан шатны шүүх хэргийн талаар нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд дутуу шалгасан гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагууд бүгд хангагдсан эсэхийг хянах бөгөөд энэ шаардлага хангагдаагүй, тогтоогдоогүй бол хэргийг шалгуулахаар прокурорт буцаахыг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зохицуулсан байна.

Ийнхүү хуульд заасан журмын дагуу хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх ёстой гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 408 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 76 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                   ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                   ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН