Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-01-24
Тогтоолын дугаар 33
Хэргийн индекс 105/2016/0200/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч И.С
Зүйл заалт 091.1., 147.1., 17.3.2.2.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

И.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.О, Х.Н, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 720 дугаар магадлалтай, И.С-т холбогдох 2015250001425 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 492 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт И-гийн С нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах”, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх”, 91 дүгээр зүйлийн 91.2.3-т заасан “Хүнийг өс хонзонгоор санаатай алах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх И.С-т прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 болгон тус тус өөрчилж,

И.С-ыг хүнийг алах, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, И.С-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 8 жил хорих ял тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар И.С-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар оногдуулсан 8 жил хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 19 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.С-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Б.Н нь тэжээн тэтгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 болгон...” гэснийг “...2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон...” гэж, 2 дахь заалтын “...зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож их хэмжээний хохирол учруулсан...” гэснийг “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад их хэмжээний хохирол учруулсан...” гэж, 3 дахь заалтын “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар И.С-ыг 2 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.С-ыг 11 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар И.С-ыг 8 жил хорих ял тус тус шийтгэсүгэй” гэснийг “И.С-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 7 жил хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж, 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.С-т оногдуулсан 11 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 19 жилийн хугацаагаар тогтоосугай” гэснийг “И.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 7 жил хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 18 жилийн хугацаагаар тогтоосугай” гэж, 12 дахь заалтын “...Б.Н нь тэжээн тэтгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдах...” гэснийг “...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 4,073,945 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-д олгох, 2011 оны 2 дугаар сарын 1-ний өдөр төрсөн О.С-ийг 16 нас хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 138,100 төгрөг сар бүр олгохыг иргэний хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт даалгасугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолд “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Цагдаагийн ерөнхий газар нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдүүдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч И.С гаргасан гомдолдоо “...миний бие О гэдэг хүнд зуучилж мөнгө өгсөн гэдгээ удаа дараа үнэн зөвөөр мэдүүлж, нотлох баримт гаргаж өгсөөр байтал үүнийг нотлох баримтын хэмжээнд авч үзээгүйд, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэнд маш их гомдолтой байна. Мөн мөрдөн байцаагч, хошууч Э зүйл анги бууруулж ял өөрчилж сонсгохдоо О-г байхгүй мэтээр яриулж, урдаас бэлдсэн тайлбар мэдүүлэг дээр цаасаар таглаж, зүйл анги бууруулснаар дарамталж гарын үсэг зуруулсанд, өмгөөлөгчгүй байцаалт авч эрх зүйн байдлыг минь илт дордуулж, хохирлыг хувааж төлөх боломжийг хаасанд гомдолтой байна. О-г олох бүх боломж нөхцөл байдлыг би маш тодорхой хэлж өгсөн. А-д гаргаж өгсөн МУИС-ийн диплом бүх шатны байгууллага, мэдээллийн сан, цахим сайтад албан ёсны бүртгэлтэй байдаг. Үүнийг шалгахад О хангалттай олдох бүрэн боломжтой байсан. Би хардалтын улмаас эхнэрийнхээ амь насыг санаандгүй хөнөөж газар дээрх ганц охиноо өнчрүүлж, олон хүнд хагацал зовлон үзүүлсэндээ маш их харамсаж шаналж байна. Миний хувьд энэ хэрэгтээ өөрийгөө өмөөрөх өчүүхэн зүйл ч байхгүй. Иймд хэргийг миний бичсэн өргөдөл, хэргийн материалд тулгуурлан үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг, мөн ганц үлдсэн охин болон залуу насыг минь бодолцон үзэж, охин дээрээ нэг хоногийн өмнө ч гэсэн очих, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, засрал хүмүүжил олж байгааг харгалзан үзэж надад оногдуулсан ялаас тодорхой хугацаагаар хасаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа хэлсэн саналдаа “...Шүүгдэгч залилангийн гэмт хэрэг хамтран үйлдсэн О гэдэг хүнтэй холбоотой гомдол гаргасан. О-г шалгуулах тухай хүсэлтийг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа гаргаж байсан ч хүлээн авч шалгалт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч И.С-ын гаргасан гомдлын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч И.С-ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих зүйлүүдийг бүрэн шалгаж тогтоосон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтуудад зөв үнэлэлт, дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн боловч шүүгдэгчид оногдуулсан хорих ял хөнгөдсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд уг заалтыг зөрчиж шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хяналтын шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхтэй тул шүүгдэгч И.С-т 20 жил дотор хорих ял оногдуулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүх И.С нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байхдаа 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр оргон зугтаж, өөрийн эхнэр Д.О-д батлан даалтад авахуулмаар байна гэж хуурч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд байрлах “Х” зочид буудлын Х тоот өрөөнд дагуулан очиж, 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр “цагдаад барьж өгсөн” гэсэн өс хонзонгийн сэдэлтээр хоолойг нь боож санаатай алсан,

2013 оны 5 дугаар сараас 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд өөрийгөө Боловсролын яамны үнэлгээний мэргэжилтэн хэмээн танилцуулж “хүүхэд сургуульд оруулна”, “сургууль шилжүүлж, диплом гаргаж өгнө”, “компьютер зарж өгнө”, “утас зарна”, “утсаар чинь яриад өгье” гэх зэргээр хохирогч Б.Э, Б.Б, Н.О, М.Т, Э.Э, М.Г, Ж.О, Г.Г, Б.Б, Б.А, Б.Т, Б.Ж нарын нийт 12 хүнийг хуурч мэхлэн 56,110,000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Ө-г хавсарч унаган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн “Самсунг нөт 1” загварын гар утас, “Ролекс” загварын бугуйн цаг зэрэг 229,500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг дээрэмдэн авсан хэргийн үйл баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүхээс И.С-ын хүнийг алах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, залилах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, дээрэмдэх гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг, дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус зөв хэрэглэсэн, оногдуулсан ял түүний гэм бурууд тохирсон байна.

И.С-ын үйлдсэн гэмт хэргүүдийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил тогтоогдсонгүй.

Харин амь хохирогч Д.О-гийн 2011 оны 2 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, охин О.С-ийг тэжээн тэтгэхтэй холбогдон гарах зардлыг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх цагдаагийн байгууллагын нэр бүхий албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас оргон зугтсан И.С нь Д.О-г алсан гэж дүгнээд Б.Н-ийн нэхэмжлэлийг иргэний хариуцагчаар татагдсан Цагдаагийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь И.С хохирогч Д.О-г санаатай алах нөхцөлийг цагдаагийн албан хаагчид зориудаар бий болгосон, уг гэмт хэрэг үйлдэхийг цагдаагийн албан хаагчид мэдэх боломжтой, эсхүл мэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд цагдаагийн албан хаагчдын хайхрамжгүй байдлын улмаас И.С оргон зугтаж, өөрийн хүсэл зоригоор Д.О-г санаатай алсан байна.

Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагчдын хайхрамжгүй үйлдэл хүнийг санаатай алах гэмт хэрэг гарах шууд шалтгаан болоогүй байх тул хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Энэхүү хэргийн нөхцөлд хүнийг санаатай алах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд хариуцах нь зүйтэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч И.С-ын “хэргийн үйл баримт, ял хөнгөрүүлэх” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 720 дугаар магадлалын тогтоох хэсгийн шийтгэх тогтоолын 12 дахь заалтад өөрчлөлт оруулсан хэсгийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.С-ээс 4,073,945 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-д олгож, 2011 оны 2 дугаар сарын 1-ний өдөр төрсөн О-гийн С-ийг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 138,100 төгрөгийг сар бүр шүүгдэгч И.С-ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-д олгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.С-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                 

                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                               ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН