Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-01-26
Тогтоолын дугаар 39
Хэргийн индекс 168/2017/0097/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Д.Х
Зүйл заалт 11.4.1.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Д.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 43 дугаар магадлалтай, Д.Х-д холбогдох 201711000170 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, У овогт Д-гийн Х нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын “…500 цаг...” гэснийг “…450 цаг…” гэж тус тус өөрчлөн, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Х-д холбогдох хэргийг хуулийг буцаан хэрэглэж ашигтай нөхцөл байдлаар шийдвэрлээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Х нь О.Э-тэй ямар нэгэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж муудалцаагүй байх ба бие биенээ мэдэх хүмүүсийн хүрээнд барилдаж нэгэндээ гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байхад энэ үйл баримтыг хоорондоо зодолдсон муудалцсан мэтээр хууль зүйн дүгнэлт хийж, ял оногдуулсан нь ойлгомжгүй байна. Гэрч Ц.Д нь хавсрах үйлдлийг янз бүрээр тайлбарладаг, мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заадаггүй, мөн гэрч Д.М нь гэрч Ц.Д-гээс сонссон гэж мэдүүлдэг, өөрөөр хэлбэл дамжмал, яг тухайн асуудлыг шууд харсан гэрч биш юм. Харин гэрч Х.Э нь анх уулзсан цагаас дуусан дуустал хамт байсан гэрч бөгөөд муудалцаж маргаагүй талаар тодорхой мэдүүлдэг, гэрч Г.Г нь тухайн үед барилдаад унасан, цагдаа дуудах хэрэггүй гэж хэлж байсан, архи үнэртүүлсэн байсан гэж мэдүүлдэг бөгөөд энэ асуудалд огт анхаарал хандуулалгүй хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Мөн цаг хугацааны хувьд эргэлзээтэйгээс гадна хохирогч, шүүгдэгч нарын хоорондоо харьцсан мессежнээс өөр хоорондоо маргаж муудаагүй болох нь тодорхой харагддаг. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт гэм буруугүйгээр энэ хуульд заасан хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байх ба Д.Х нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан хор уршиг гэм буруугүйгээр учруулсан болно. Хор уршиг гэм буруугүйгээр учруулахын оюун санааны шинж нь субьект нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан, түүнчлэн мэдэх ёсгүй байсан зэрэг асуудал хамаарах юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат хэлсэн саналдаа “...Өмгөөлөгч Ө.Батболдын гомдлыг дэмжиж байна. Шүүх шүүгдэгч Д.Х-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг тус тус зөрчсөн. Учир нь шүүгдэгч Д.Х-д ял шийтгэхдээ хохирогчтой хамт архи уусан хүмүүсийг гэрчээр асууж, тэдгээрийн мэдүүлгийг үнэлсэн. Гэтэл гэрч Х.Э, Г.Г нар ямар нэгэн зодоон болсон зүйл байхгүй гэж мэдүүлсээр байтал шүүх хохирогчтой хамт архи уусан хүмүүсийн мэдүүлэгт хөтлөгдөн ял шийтгэсэнд гомдолтой байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад уг хэрэгт гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинж бүрэн тогтоогдоогүй байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Х-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа хэлсэн саналдаа “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч, шүүгдэгч нар нь бие биенээ таньдаггүй хүмүүс бөгөөд тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь мөрөөрөө шүргэлцэж хоорондоо маргалдсанаас үүдсэн байдаг. Миний зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.Х-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хангалттай явуулж, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоосон. Тухайн гэмт хэрэг 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр гарсан тул уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр дууссан байгаа учраас шүүгдэгч Д.Х-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Х нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 4-ний 24 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Х” баарны гадна хохирогч О.Э-тэй маргалдах явцдаа хавсарч унаган түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх Д.Х-гийн дээрх гэмт үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримт, Д.Х-гийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг үндэслэлтэй, зөв гэж дүгнэсэн атлаа 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудалд огт дүгнэлт хийлгүй орхисны улмаас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил байхаар, мөн зүйлийн 2 дахь хэсэгт уг хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор зохицуулжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Д.Х-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Х, хохирогч О.Э нарын хооронд маргаан болсон, уг маргааны явцад Д.Х нь санаатайгаар буюу гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан болохыг анхан шатны шүүх үйл баримт болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээс үндэслэн зөв тогтоожээ.

Иймд шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин шүүгдэгч Д.Х-гийн үйлдсэн хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулахаар хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 43 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар Д.Х-гийн үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН