Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-02-09
Тогтоолын дугаар 55
Хэргийн индекс 105/2015/1055/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Б.Э, Э.О
Зүйл заалт 17.3.2.1., 17.4.2.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Б.Э, Э.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогч нарын өмгөөлөгч Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 781 дүгээр магадлалтай, Б.Э, Э.О нарт холбогдох 2014250002441 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.О-гийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эмэгтэй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 535 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жил хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б-гийн Э нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах”, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Э-гийн О нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 болгон өөрчилж, Б.Э-г албан тушаалын байдлаа ашиглаж залилах, албан тушаалаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Э, Э.О нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.О-гийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх “тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгийнхээ үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлийг удирдлага болгосон нь ойлгомжгүй, хуульд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэсэн атлаа магадлалд дурдсан дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд хамаарахгүй, харин 39.6 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахаар байна. Тухайлбал, “...Э.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна, дансанд орсон мөнгөний зарим хэсгийг нь ахуйн хэрэгцээндээ зарцуулах зэргээр түүний үйлдэлд оролцож, идэвхтэй дэмжлэг үзүүлж байсан нөхцөл тогтоогдож байх бөгөөд үүнд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна” гэх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд хамаарахгүй, 39.6 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахаар байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Прокуророос Э.О-г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд түүний хувьд урьдчилан амлаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Давж заалдах шатны шүүх “Э.О өөрийнх нь Хаан банкны дансанд их хэмжээний мөнгө орж байгааг мэдэж, түүний үйлдэлд оролцож идэвхтэй дэмжлэг үзүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна” гэж үзсэн нь нотлох баримтаар тогтоогоогүй үйл баримтыг тогтоогдсон мэтээр дүгнэсэн. Б.Э нь хохирогч нараар Э.О-гийн дансанд мөнгө хийлгүүлснийхээ дараа буюу цаг хугацааны хувьд хуурч мэхлэх үйлдэл төгссөний дараа Э.О-гийн данснаас мөнгөө гаргуулан авдаг байсан бөгөөд Б.Э-гийн үйлдэлд Э.О аливаа хэлбэрээр оролцоогүй. Шүүгдэгч Б.Э нь Э.О-гийн дансанд орсон мөнгийг хамт захиран зарцуулсан гэж тайлбарладаг ба Э.О-г хамтран оролцсон талаар огт дурддаггүй юм. Харин Э.О нь Б.Э-гийн гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгийг хамтран захиран зарцуулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болох боловч анхан шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Шүүгдэгч Б.Э-гийн үйлдлийн зарим хэсэг цаг хугацааны хувьд 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх атал анхан шатны шүүх тус хуулийг хэрэглээгүй байдаг. Үүнийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу өөрчлөх боломжтой байсан бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохоос биш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Э.О-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Харин шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, уг зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болголгүйгээр Э.О-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, зөвхөн Б.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжтой. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Э.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч С.Оюунцэцэг хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Б.Э-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд зааснаар зүйлчилж шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл шүүх адилхан хэрэг үйлдсэн байхад хэнээс авсан мөнгийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд зааснаар зүйлчлээд, хэнээс авсан мөнгийг нь мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд зааснаар зүйлчлээд байгаа нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч нар хамтран амьдарч байсан нь тогтоогддог бөгөөд шүүгдэгч Э.О нь энэ хугацаанд нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Б.Э нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч завшсан байдаг бөгөөд миний хувьд түүний үйлдлийг залилан мэхлэх бус харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх ёстой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохиролтой холбоотой хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокурорын зүгээс хохирлын хэмжээгээр нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ залилах, хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2.1 болгон өөрчилсөн нь үндэслэлгүй юм. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах ёстой байсан. Иймд анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.О-гийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Э, Э.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх Б.Э-г Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ф...” ХХК-ийн барьж буй Жаргалан хотхоны орон сууцны барилга дээр борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж байрны захиалга авах нэрийдлээр 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн зогсоолын төлбөр гэж Ш.Н-ээс 22,000,000 төгрөг, Ш.Т-гээс 15,000,000 төгрөг, байрны урьдчилгаа гэж 34,404,200 төгрөгийг тус тус өөрийн нөхөр болох Э.О-гийн Хаан банкны дансаар шилжүүлж авсан, М.Т-гээс 21,600,000 төгрөгийг бэлнээр болон өөрийн дансаар, Г.Б-гээс 3,000,000 төгрөг, нийт 96,004,200 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа 2014 оны 2 дугаар сарын сүүлээр иргэн П.Г-гээс тээврийн хэрэгслийн зогсоолын төлбөрт 25,000,000 төгрөг бэлнээр авсан атлаа “Ф...” ХХК-ийн дансанд оруулалгүй хувьдаа завшин их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож,

Хувийн дансаар нь 4 удаагийн гүйлгээгээр нийт 113,077,642 төгрөг орсон хэдий ч тэрээр хохирогч нарын хэн алиныг танихгүй, тэдэнтэй ямар нэг байдлаар холбогдож байгаагүй, Б.Э-г гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй гэсэн үндэслэлээр Э.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Э.О нь өөрийнхөө дансанд нийт 4 удаагийн гүйлгээгээр 96,004,200 төгрөг буюу их хэмжээний мөнгө орж байгааг мэдэж, дансанд орсон мөнгөний зарим хэсгийг Б.Э-д бэлнээр гаргаж өгч, үлдэх хэсгийг нь ахуйн хэрэгцээндээ хамт зарцуулах зэргээр түүний үйлдэлд идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон байтал хэргийг хэрэгсэхгүй болгосон,

Б.Э-г гэм буруутайд тооцохдоо аль үйлдэл нь завших, аль үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгааг ялгаж дүгнэлт хийгээгүй,

Б.Э-гийн үйлдсэн гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах эсэх талаар болон Б.Э-д хорих ял оногдуулах болсон үндэслэл, ялын хэмжээний талаар дүгнээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэв.

Б.Э нь “Ф...” ХХК-ийн барьж буй Жаргалан хотхоны орон сууцны барилга дээр борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа уг байгууллага болон иргэдэд дээрх хохирол учруулсан бөгөөд залилах гэмт хэрэг, хөрөнгө завших гэмт хэргүүд ямар шинжээр ялгагдаж байгаа талаар, түүнчлэн Б.Э 4 хохирогчийг залилсан гэж үзсэн атлаа хохирогч нарт учирсан нийт хохирлын хэмжээ нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хүндрүүлэх шинжид яагаад хамаараагүй талаар, мөн шүүгдэгч Э.О нь Б.Э бусдаас хууль бусаар их хэмжээний мөнгө авч байгааг мэдсэн, мэдэх бололцоотой байсан эсэхэд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт огт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, 36.9 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийг цагаатгах үндэслэл, шаардлагыг тус тус хангаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 781 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Э.О-гийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                           ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН