Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-02-14
Тогтоолын дугаар 63
Хэргийн индекс 185/2017/0300/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Х.З
Зүйл заалт 17.3.2.2.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

 

Х.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 772 дугаар магадлалтай, 201625023071 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эмэгтэй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 569 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөг хурааж, 6 жил 10 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Х-гийн З нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.З-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Х.З-г 6 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 10 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 2 хоног хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 11 жил 6 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.З-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Х.З-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.З-г 5 жил хорих ял шийтгэсүгэй”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 10 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 2 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 10 жил 6 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэсэн өөрчлөлт оруулан, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ гаргасан гомдолдоо “...Х.З нь хохирогч Г.Ж-д гадаад улсад тэтгэлгээр суралцуулна, диплом гаргаж өгнө гэж мөнгө авахдаа урьдчилж өгөхгүй, залилан мэхэлнэ гэсэн субьектив санаа зорилго түүнд байгаагүй бөгөөд сургуульд суралцуулах ажлыг хөөцөлдсөн боловч бүтээгүй нөхцөл байдал нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулахгүй юм. Хохирогч Г.Ж-гээс мөнгө хүлээж авсан гэж гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан хэдий ч Х.З нь дээрх мөнгийг бүрэн хүлээж аваагүй, зарим хэсгийг авсан, хохирогч Г.Ж, гэрч Т.Т нар нь өөрсдийн ногдох хувийг авсан гэдэг. Үүнээс үзэхэд Г.Ж нь хохирогчоор, Т.Т нь гэрчээр оролцох бус харин зуучлалын үүрэг гүйцэтгэж, хохирогч нарыг олж өгөх, өөрсдөө мөнгийг нь хүлээн авч Х.З-д дамжуулж өгөх зэрэг үйлдлээрээ хамжиж оролцсон. Шүүгдэгч Х.З нь өөрөө санаачилж хохирогч нараас мөнгө хүлээж аваагүй, мөнгийг нь урьдаас өгөхгүй гэсэн субьектив санаа, зорилго байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой харагдаж байхад түүнд ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмыг зөрчиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол” гэжээ. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах гэдэг нь ялтан шүүхийн шийтгэх тогтоолоор шийтгүүлж, түүнийгээ бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд ял оногдуулахад хэрэглэдэг хууль зүйн ойлголт юм. Шүүгдэгч Х.З нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлснээс хойш шинээр гэмт хэрэг үйлдээгүй. Одоо ял шийтгүүлсэн хохирогч Г.Ж, С.Ч, Ц.М, Г.Л нарт холбогдох үйлдлүүд нь 2016 оны 4, 6 дугаар сард үйлдсэн үйлдлүүд байхад шинээр гэмт хэрэг үйлдсэнтэй адилтгаж үзсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарна. Мөрдөн байцаалтын явцад өмгөөлөгч миний бие энэхүү асуудлаар хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнэд хүсэлт гаргасан, хүсэлтийг прокурор хангаж шийдсэн байтал прокурорын шийдвэрийн биелэлт хангагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд мөн адил хамаарагдах боломжтой. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Х.З нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн. Хэргийн нөхцөл байдлыг харахад хэрэгт шалгагдаж байх явцдаа одоо шүүхээр шийдүүлж буй хэргээ шинээр үйлдсэн байдаг. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:         

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн Х.З-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.З-г өөрийгөө “их сургуулийн багш, манай сургууль гадаад улс руу тэтгэлгээр оюутан явуулдаг, миний эгч их сургуулийн захирал, манай найз том албан тушаал эрхэлдэг, би ажил, сургуульд оруулж өгч чадна, их сургуулийн диплом авч өгнө” гэх зэргээр зохиомол байдлыг зориуд бий болгож, иргэдийг төөрөгдүүлж, итгэлийг нь урвуулан ашиглаж 2016 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд иргэн Г.Ж-гээс 54,000 ам.доллар буюу 108,656,640 төгрөг, 10,500,000 төгрөг, нийт 119,156,640 төгрөг, Г.Л-ээс 14,790,000 төгрөг, Ц.М-ээс 750,000 төгрөг, С.Ч-гээс 2,500,000 төгрөг, нийт 137,196,640 төгрөгийн их хэмжээний эд хөрөнгө, мөнгийг залилан авсан гэх үйл баримтыг тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 6 жил хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчилж, 5 жил хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх Х.З-д энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 100,000 төгрөг хурааж, 6 жил 10 сар хорих ялын эдлээгүй үлдсэн хэсгийг нэмж нэгтгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу дүйцүүлэн хасах эсэх талаар ямар нэг эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, Х.З-гийн урьд 2002 оны Эрүүгийн хуулиар ял шийтгүүлж, хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын дагуу эдлэх ял нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль зүйл, хэсэгтэй тохирч байгаа, оногдуулсан ял нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хөнгөрч байгаа эсэхийг дүгнэсний эцэст хоёр шийтгэх тогтоолын хорих ялууд болон нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх эсэхийг шийдвэрлэвэл зохино.

Х.З-гийн 2002 оны Эрүүгийн хуулиар шийтгүүлсэн хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу дүйцүүлэн хассан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй тул хяналтын шатны шүүхээс дээрх асуудлыг шийдвэрлэх боломжгүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 772 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН