image1 image2 image3 image4 image5

ГУРАВДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ

10 дугаар зүйл. Шүүхийн тогтолцоо

10.1.Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ.

10.2.Улсын дээд шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна.

Дэлгэрэнгүй унших

Үзэж буй хуудас: УДШ Шүүгч Шүүгчийн ёс зүйн дүрэм

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ШҮҮГЧИЙН ТУСГАЙ САНАЛ

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 11-р сарын 11, Пүрэв гариг, 05:11

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болох бие даасан шүүх, хараат бус шүүгчийн нэр төрийг ариун байлгах гол нөхцөл нь шүүгч гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуульд захирагдан, шүүгчийн мэргэшлийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй чанд сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байх явдал мөн.

Шүүгч бүр өөрийн мэргэжлийн болон мэргэшлийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх үүрэгтэй.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл . Шүүгчийн ёс зүйн дүрмийн зорилго

1.1.Энэхүү дүрмийн зорилго нь шүүгчийн мөрдөх ёс зүй, зан үйлийг тогтоон хэвшүүлэх, бие даасан, хараат бус шударга, нэр хүнд бүхий шүүх эрх мэдлийг төлөвшүүлэн бэхжүүлэх, хамгаалахад чиглэнэ.

2 дугаар зүйл. Шүүгчийн ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс

2.1.Шүүгчийн ёс зүйн дүрмийн эрх зүйн зохицуулалтын үндэс нь Монголын Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, бусад хуулиудын хэм хэмжээ, зарчим байна.

З дугаар зүйл. Шүүгчийн ёс зүйн зөрчил

3.1.Шүүгчийн ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн санаатай буюу санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

3.2.Шүүгчийн гаргасан зөрчил нь нийгмээс шүүх эрх мэдэл, шүүгчдэд итгэх итгэлийг бууруулах төдийгүй эрх зүйт төрийн нэр хүнд, хуулийг дээдлэх зарчимд хохирол учруулдаг учраас шүүгч бүр Үндсэн хууль, бусад хууль болон энэхүү дүрмийн хэм хэмжээнд захирагдах үүрэгтэй.

Тайлбар. Энэ зүйлд заасан “Холбогдох хууль зөрчсөн” гэдэг нь шүүгчийн хууль зөрчсөн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй боловч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хуульд заасан үүрэгт ажлаа зориуд эсхүл хайнга хандаж гүйцэтгэхгүй байх /эс үйлдэл/, эсхүл эрх мэдлээ урвуулах буюу хэтрүүлэн хууль бус шийдвэр гаргах /үйлдэл/, нөгөө талаас шүүгч иргэнийхээ хувьд бүх хуулийг биелүүлэх үүрэгтэй ба хуулийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчихдөө шүүх, шүүгчийн нэр хүндийг ашигласан, унагасан, харш үйлдэл хийсэн байхыг ойлгоно.

4 дүгээр зүйл. Ёс зүйн дүрмийг биелүүлээгүйгээс гарах үр дагавар

4.1.Энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шүүгчид Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ.

4.2.Сахилгын шийтгэлийг ногдуулахдаа шүүгчийн хараат бус байдалд аливаа хэлбэрээр халдах явдлаас ямагт урьдчилан сэргийлэх ёстой.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Шүүгчийн биеэ авч явах ёс зүй

5 дугаар зүйл. Албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах

5.1.Хэрэг, маргааныг шийдвэрлэхэд ямар нотлох баримтыг үндэслэх, ямар хууль хэрэглэх эрхийг гагцхүү шүүгч эдэлдгийн хувьд энэхүү өндөр хариуцлага бүхий албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж, өөрийн үйл ажиллагаагаар шүүх эрх мэдлийн нэр төрийг хадгалж, олон нийтийн итгэлийг алдагдуулахгүй байх үүрэгтэй.

6 дугаар зүйл. Зохисгүй байдал гаргахгүй байх.

6.1.Шүүгч хуулийг чанд хүндэтгэн мөрдөж, албан үүргээ гүйцэтгэх болон биеэ авч явах байдлаараа шүүхийн товч, шударга байдал, нэр хүндийг өндөр байлгахыг ямагт эрмэлзэж, зохисгүй байдал гаргахгүй байх үүрэгтэй бөгөөд энэ нь түүний ажил мэргэжлийн болон хувийн зан үйлийн аль алинд хамааралтай.

Тайлбар: Энэ зүйлд заасан “Зохисгүй байдал гаргахгүй байх” гэдэгт шүүгч төрийн тусгай албан тушаалыг хашиж байхдаа ажлын байранд болон албан томилолтоор явж байхдаа түүнчлэн ажлын бус цаг, амралт, баяр ёслол, зугаа цэнгэлийн үед ч шүүх, шүүгчийн өндөр нэр хүндийг хамгаалж явах үүрэгтэй ба энэ үүргээ зөрчиж хамт ажиллагсадтайгаа болон бусад хүмүүстэй хэрүүл хийх, цээртэй үг хэллэг хэрэглэх, хараах, жижгээр танхайрах, агсан согтуу тавих, эрүүлжигдэх зэргээр зөрчил гаргасан нь шүхийн нэр хүндэд нөлөөлсөн байхыг хэлнэ.

7 дугаар зүйл . Шүүгчийн биеэ авч явах байдал

7.1. Шүүгч бүр олон нийтийн анхаарлын төвд, байнгын хараа хяналтад байгаа гэдгээ ухамсарлан жирийн иргэдийн хувьд хязгаарладаггүй ч, шүүгчийн хувьд мөрдвөл зохих зарим эрхийн хязгаарлалтыг сахин биелүүлэх үүрэгтэй.

7.2.Шүүгч аливаа асуудалд товч, шударга байдлаар хандаж, шүүн таслах ажлын талаар бусдад буруу ойлголт төрүүлэхээс зайлсхийх, шүүгчийн хувийн үзэл нь шүүхийн албан ёсны байр суурь мэтээр ойлгогдохоос сэргийлэх зорилгоор дараах хязгаарлалтуудыг сахих үүрэгтэй.

7.2.1. бусдын зан төлөв, ёс суртахуун, нэр төр, алдар хүндийн талаар тодорхойлох /Үүнд Ерөнхий шүүгчээс өөрийн шүүхийн шүүгч, ажилтан нарын талаар бичсэн тодорхойлолт хамаарахгүй/.

7.2.2. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хуулийн заалтыг хэлбэрэлтгүй мөрдөхийн зэрэгцээ урьд нь ойр дотно харилцаатай байсан хүмүүс, эсхүл өмнө нь ажиллаж байсан буюу эрх ашгийг нь ямар нэг хэлбэрээр хамгаалж байсан байгууллага, хуулийн этгээдийн хооронд үүссэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд оролцохгүй байх.

7.2.3. хэрэг маргаан шүүхээр хянан шийдлэрлэгдэх гэж байгаа хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, найз нөхөд, садан төрлийн хүмүүстэй хувийн харьцаанд орохгүй байх,

7.2.4. өөрийн зохиол бүтээлийг хэвлэн нийтлэх, гэрээ хэлцэл байгуулах зэрэг хувийн зүгээс хийж буй аливаа үйл ажиллагаандаа шүүгчийн буюу шүүхийн нэр хүндийг ашиглахаас зайлсхийж, зөвхөн иргэний байр сууринаас хандах,

7.2.5. ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа хэрэглэх, ажил таслах, ажилдаа согтуу ирэх, эрүүлжигдэх.

Тайлбар: Энэ зүйлийн “Зарим эрхийн хязгаарлалт” гэдэг нь бусад жирийн иргэнд хуулиар зөвшөөрдөг боловч шүүгчийн хувьд хуулиар хориглосон буюу хязгаарласан зарим онцлог эрхийг эдлэхгүй гэж ойлгож хэрэгжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Шүүгчийн мэргэжлийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд тавигдах ёс зүйн шаардлага

8 дугаар зүйл . Шүүн таслах ажиллагаанд тавигдах шаардлага.

8.1.Шүүн таслах үйл ажиллагаа нь шүүгчийн өөр бусад бүх ажлаас ямагт илүү чухал байна.

8.2.Шүүгч шүүн таслах ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, хуульд заасан журмын дагуу явуулах үүрэгтэй.

9 дүгээр зүйл. Шүүгчээс хэргийн оролцогчидтой харилцах

9.1.Шүүгч нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор, шинжээч, яллагдагч, шүүгдэгч болон нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч зэрэг хэргийн аль ч оролцогчтой харилцахдаа ялгавартай байдал гаргалгүйгээр тэгш, хүндэтгэлтэй хандаж, шүүгчийн зүгээс хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг өөрийн үйл ажиллагаа, үг яриагаар төрүүлж чадахуйц мэдлэг, харьцааны соёлыг эзэмшсэн байх үүрэгтэй бөгөөд шүүхэд ажиллаж байгаа хэн бүхнээс ийнхүү харьцахыг шаардах эрхтэй.

9.2.Шүүгч хэргийн оролцогчид болон бусад хүмүүстэй албан үүргийн хувьд харилцахдаа аашилж зандрах, айлгаж сүрдүүлэх, үзэл бодлоо тулгах зэргээр зүй бусаар авирлахыг хориглоно.

10 дугаар зүйл . Хэрэг маргааны талаар урьдчилан санал бодлоо илэрхийлэхгүй байх.

10.1.Шүүгч нь хуульд заасан журмын дагуу эцэслэн шийдлэрлэгдээгүй байгаа хэрэг маргааны тухай болон талуудын тавьсан үндэслэл, гаргах шийдвэрийн талаарх саналаа урьдчилан илэрхийлэх, нийтэд мэдээлэхийг хориглоно.

11 дүгээр зүйл. Хэрэг маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлэх

11.1. Шүүгч хэрэг маргааныг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хуульд зааснаас өөр шалтгаан, үндэслэлээр шийдвэрлэхгүй удаашруулах, шүүх хуралдааныг хүндэтгэж үзэх шалтгаангүйгээр хойшлуулахыг хориглоно.

12 дугаар зүйл . Шүүхийн захиргааны удирдлагын хүрээн дэх шүүгчийн ёс зүй.

12.1. Шүүгч, ажилтны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, тэдгээрийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах зэрэг эрх үүргийг хуулиар шүүгчид олгосон тохиолдолд шүүгч түүнийг хичээнгүйлэн гүйцэтгэх үүрэгтэй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Шүүгчийн шүүн таслах ажиллагаанаас бусад үйл

Ажиллагаанд тавигдах ёс зүйн шаардлага

13 дугаар зүйл . Шүүгчийн эрхэлж болохгүй үйл ажиллагаа

13.1.Шүүгч дараах үйл ажиллагааг эрхлэхийг хориглоно:

13.1.1. өмгөөлөгч, арбиторч, зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх /Энэ нь шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.11, 5.1.12, 5.1.13, 5.1.14 дүгээрт заасан садан төрлийн болон гэр бүлийн гишүүдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, баримт бичиг боловсруулж өгөхөд хамаарахгүй/,

13.1.2. арьс өнгө, яс үндэс, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө, чинээр, үзэл бодол, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа явуулдаг аливаа төрийн бус байгууллагын гишүүнчлэлээс татгалзах, түүнчлэн ийм байгууллагын зорилго, бодлогыг дэмждэг, эсэргүүцдэг тухайгаа нийтэд ямар нэг хэлбэрээр илэрхийлэх, мэдэгдэх,

13.1.3. төрийн байгууллага, аж ахуйн нэгж, өмчийн аливаа хэлбэрийн их дээд сургууль, коллежийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орох,

13.1.4.шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгохоос бусад асуудлаар байгуулсан аливаа хороо, комисс, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох,

13.1.5. эрх зүйн тогтолцоо, шүүх эрх мэдлийг боловсронгуй болгох зорилго бүхий мэргэжлийн төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцохдоо тухай байгууллагын дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанд биечлэн оролцох.

14 дүгээр зүйл . Санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд шүүгчид тавигдах ёс зүйн шаардлага

14.1. Шүүгч өөрийн хараат бус байдал, албан үүрэг, шүүхийн нэр хүндэд харшилж, сөргөөр нөлөөлөхөөргүйгээр жирийн иргэний адил эдийн засгийн амьдралд оролцох эрхтэй ба ингэхдээ дор дурдсан хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч, сахин биелүүлэх үүрэгтэй,

14.1.1.албан үүргээ хэрэгжүүлэхэд харшлах, эсхүл сөргөөр нөлөөлөх, шүүгчийн албан тушаалыг ямар нэг байдлаар ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийх,

14.1.2. шүүх, шүүгчийн нэр төрд харшилж болох аливаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн бусад ашиг сонирхлоос татгалзах,

14.1.3.албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон олж авсан аливаа мэдээллийг өөрийн санхүү, эдийн засгийн аливаа хэлцэл, үйл ажиллагаанд ашиглах.

14.2. Шүүгч хувийн зорилгодоо хэргийн оролцогч болон тэдгээрийг төлөөлөх хүмүүсийн тусламжийг авах, үйлчлүүлэх, ямар нэгэн давуу тал, хөнгөлөлт эдлэхийг хориглох ба үүнд машинд нь сууж явах, хамт амралт зугаалганд явах, дайлуулах, ямар нэгэн төлбөр төлүүлэх болох эдгээртэй адилтгах үйлдлүүдийг ойлгоно.

15 дугаар зүйл . Шүүгчийн үндсэн чиг үүргээс гадуур үйл ажиллагаа эрхэлсний орлоготой холбоотой ёс зүйн шаардлага,

15.1.1. шүүгчийн албан үүргээсээ гадуур гүйцэтгэсэн ажлын цалин хөлс нь бусдын нэгэн адил хэмжээтэй байна.

15.1.2. шүүгч нь Авилгалын эсрэг хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд бэлэг авч болно. Тэгэхдээ шүүхэд ашиг сонирхол нь ямар нэгэн байдлаар хөндөгдөж байгаа аливаа байгууллага, этгээдээс үнэ цэнэ бүхий аливаа зүйлийг нэхэн шаардах буюу хүлээн авах, үйлчилгээг нь хүртэхийг хориглоно.

15.1.3. шүүгч өрх гэрт хамтран амьдарч буй өөрийн гэр бүлийн гишүүдийг шүүхэд ашиг сонирхол нь хөндөгдөж буй байгууллага, этгээдээс бэлэг сэлт нэхэн шаардах, хүлээн авахаас урьдчилан сэргийлэх зохих арга хэмжээг авсан байх үүрэгтэй.

15.2. Энэ заалтын хүрээнд түүхт ой, баяр ёслолыг тохиолдуулан аж ахуйн нэгж, иргэнээс бэлэг сэлт, үнэ бүхий зүйл авах асуудал мөн адил хамаарна.

16 дугаар зүйл. Орлогоо мэдүүлж байх үүрэг

16.1. Шүүгч хууль тогтоомжид заасны дагуу өөрийн болон гэр бүлийнхээ орлого, өр төлбөр, хөрөнгө оруулалтын талаар зохих журмын дагуу үнэн зөв, бүрэн мэдүүлж байх үүрэгтэй.

17 дугаар зүйл . Шүүгчийн улс төрийн үйл ажиллагаанд тавих хязгаарлалт

17.1. Шүүгч улс төрийн дараах үйл ажиллагаанд оролцохыг хориглоно,

17.1.1. улс төрийн аливаа байгууллагын удирдах болон бусад албан тушаал эрхлэх,

17.1.2. улс төрийн байгууллага, нэр дэвшигчийг дэмжиж эсвэл эсэргүүцэж нийтэд хандаж үг хэлэх, сонгуулийнх нь суратлчилгаанд аливаа хэлбэрээр оролцох,

17.1.3.улс төрийн байгууллага, нэр дэвшигчид санхүүжилт олж өгөхийг эрмэлзэх, хандив өгөх.

18 дугаар зүйл . Улс төрийн үйл ажиллагаанд оролцсон шүүгчийн үүрэг

18.1. Шүүгч нь аливаа улс төрийн сонгуульд аль нэг намаас буюу бие даан нэр дэвшихээр шийдсэн бол сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.

18.2.Шүүгч улс төрийн үйл ажиллагаанд оролцож, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа дахин шүүгчээр ажиллахыг хүсвэл хуульд заасан хугацааны дараа шүүгчийн сонгон шалгаруулалтад орно.

19 дүгээр зүйл . Бие хамгаалах тусгай хэрэгсэл ашиглах журам зөрчих

19.1.Шүүгчийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор олгосон бие хамгаалах тусгай хэрэгслэлийг зориулалт бусаар ашиглах, бусдад ашиглуулах, өөрийн хариуцлагагүйгээс алдаж үрэгдүүлсний улмаас бусдын эрүүл мэндэд хор хохирол учруулах зэргээр эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчихгүй байх үүрэгтэй.

20 дугаар зүйл . Шүүгчийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслэлд нийтлэгдэх,

20.1. Хэвлэл, мэдээллийн хэрэгслэлд нийтлэгдсэн, нэвтрүүлсэн шүүгчийн талаарх санал шүүмжлэл үндэслэлтэй бөгөөд хууль болон энэхүү дүрмийг зөрчсөн байвал сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.

20.2. Хэрвээ шүүгчийн талаар үндэслэлгүй нийтлэл хэвлүүлсэн, нэвтрүүлсэн бол тухайн шүүгч эсхүл түүний эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага шүүхэд хандаж шүүгчийн хохирсон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, эд хөрөнгийн бус гэм хорын хохирлыг арилгуулахыг шаардах эрхтэй.