Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-16
Дугаар 001/ХТ2016/00708
Хэргийн индекс 101/2016/00616/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч “Хот айл-54” СӨХ
Хариуцагч Д.Энхтуяа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

“Хот айл-54” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01721 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 739 дүгээр магадлалтай

“Хот айл-54” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Д.Энхтуяад холбогдох

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 3 077 240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Д.Энхтуяагийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Таня, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

     Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Танягаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 11 тоотод оршин суух Д.Энхтуяа нь орон сууцыг өргөтгөн өөрчилж худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглаж эхэлснээс хойш дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөөгүй. Хариуцагч нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн салшгүй нэг хэсэг болох 1 дүгээр давхрын орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглаж байгаа. Иймд Д.Энхтуяагаас 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд төлөөгүй төлбөр, алданги нийт 3 077 240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Энхтуяагаас шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Б.Сүрэнхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 11 тоот орон сууц нь орон сууцны бус, үйлчилгээний зориулалттай бөгөөд энэ байрны СӨХ-ны төлбөрийг 2013 он хүртэл хугацаанд буюу Г.Таня СӨХ-ны дарга болохоос өмнө бэлнээр төлж байсан. “Хот айл-54” СӨХ-ны үйлчилгээ, цэвэрлэгээ нь манайд огт хамрагддаггүй, манайх орцны хаалга талбайг ашигладаггүй, тусдаа гарц хаалгатай, мөн 100 хувь өөрсдөө өөрийн талбай, гадаа үүдний орчныг цэвэрлэдэг. Бага тойруу дахь байрнууд ашиглалтад ороод 50-60 жил болсон, байрны дээвэр, хана, шал, түүний доогуур явдаг дулаан, сантехникийн шугам маш ихээр муудсан. Эдгээрт сүүлийн хэдэн жил засвар үйлчилгээ огт хийгдээгүй, 2012 онд нэгдсэн журмаар байрны гадна хананд будгийн ажлыг хийх үед манай гадна дээврийг цоолж, түүнээс хойш жил бүр бид өөрсдөө зардал хөрөнгө гаргаж, бусдаар засвар үйлчилгээ дээвэртээ хийлгэж ирсэн. Орон сууцны дээврийн хашлага, ус зайлуулагч нь муудсанаас манай дээвэр дээр байнга ус гоождог. Мөн манайх өөрийн байранд иж бүрэн засвар үйлчилгээг өөрийн зардал мөнгөөр, бусдаар засвар үйлчилгээ хийлгэсэн байгаа болно. СӨХ-нд төлөх төлбөрийн асуудлаар 2015 онд дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэс болон хорооны Засаг даргатай хамтран удаа дараа уулзсан боловч асуудлыг шийдвэрлэж чадаагүй өдий хүрсэн болно. Мөн нэхэмжлээд байгаа мөнгө нь иргэн, оршин суугчтай холбоотой юу, эсхүл аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр нэхээд байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01721 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 147 дүгээр зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан, орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 3 077 240 төгрөг гаргуулахыг хүссэн “Хот айл-54” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 739 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01721 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Энхтуяагаас 2 089 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хот айл-54” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 988 140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 64 186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхтуяагаас 48 376 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хот айл-54” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Хот айл-54” сууц өмчлөгчдийн холбооны төлсөн 64 186 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

     Хариуцагч Д.Энхтуяагаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 739 дүгээр магадлалыг эс зөвшөөрч байна. “Хот айл-54” СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийг миний бие эс зөвшөөрч, зохих тайлбар болон нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01721 дүгээр шийдвэрээр “Хот айл-54” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан талуудын тайлбар, гаргасан нотлох баримтыг хууль зөрчин буруугаар үнэлж, ямар ч бичгэн нотлох баримт байхгүй байхад “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 11 тоотод байрлах миний өмчлөлийн 18 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 65 мкв талбайтай, талууд энэ талаар маргаагүй” гэж нотлох баримтад тулгуурлаагүй, хууль бус дүгнэлт хийсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “Хот айл-54” СӨХ-ны захирал Г.Таня өөрийн холбооны гишүүн Д.Энхтуяад холбогдуулан “Иргэний хууль”-ийн 143-149 дүгээр зүйл, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-ийг үндэслэн байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 3 077 240 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 11 тоот байр нь орон сууцны бус үйлчилгээний зориулалттай, “Хот айл-54” СӨХ-ны үйлчилгээ, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хариуцагчид огт хамааралгүй, орцны хаалга талбайг ашигладаггүй, тусдаа гарц, хаалгатай, өөрсдөө цэвэрлэгээ үйлчилгээгээ эрхэлдэг гэх үндэслэлээр татгалзжээ.

Хариуцагч Д.Энхтуяа Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 11 дүгээр байрны 11 тоот орон сууцны өмчлөгч болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003010 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон байна.

Тус байр “Хот айл-54” СӨХ-д хамаардаг болох нь “Хот айл-54” Сууц өмчлөгчдийн холбооны №37 дугаартай гэрчилгээгээр тогтоогджээ.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3.-т зааснаар сууц өмчлөгч нь “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” үүрэгтэй тул хариуцагч Д.Энхтуяагийн өөрийн өмчлөлийн орон сууцыг үйлчилгээний зориулалтаар тохижуулан ажиллуулж байгаа гэх тайлбар дээр дурдсан үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянахдаа зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаж, хариуцагч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж үндэслэл бүхий дүгнэсэн боловч, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчсөнөөс хэрэгт авагдаагүй баримтад үндэслэж тооцсон нэхэмжлэлийн шаардлагыг нягтлан шалгалгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 62 мкв талбай өмчилдөг гэх үндэслэлээр 1 мкв талбайд 800 төгрөгийн зардал тооцож, засвар үйлчилгээний зардлыг нэхэмжилсэн гэх боловч энэ тухай баримт хэрэгт байхгүй байна.

Хариуцагч Д.Энхтуяа нь 18 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгч болох нь хэргийн 18 дугаар талд авагдсан өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон, тухайн байранд өргөтгөл хийж засварлаад 65 мкв талбайтай болсон, бид хэмжээд 62 мкв болохыг нь тогтоосон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй тул тогтоогдсон баримтад үндэслэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хариуцуулахаар магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас 2011 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 30-ны хугацаанд төлөөгүй зардлыг төлүүлэхээр нэхэмжилсэн  байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3.-т зааснаар “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байх тул нэхэмжлэл гаргасан хугацаанаас өмнөх 3 жилийн хугацааны төлбөрийг хариуцагчаас гаргуулах ба 3 жилээс өмнөх хугацааны зардлыг шаардах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ.

Иймд хариуцагчийн өмчилж буй 18 мкв талбайд ногдох нэг сарын төлбөр /18х800₮/ 14 400 төгрөг болж байх тул 2013 оны 01 сараас 2016 оны 01 сар хүртэлх 36 сарын засвар үйлчилгээний зардалд /14400х36/ 518 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

     1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 739 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2 089 100 төгрөг” гэснийг “...518 400 төгрөг” гэж, “...988 140 төгрөгт” гэснийг “...2 558 840 төгрөгт” гэж “...48 376 төгрөг” гэснийг “...16 202 төгрөг” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД