Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-02
Дугаар 001/ХТ2016/00646
Хэргийн индекс 101/2015/0571/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч М.Мөнгөнсүх
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Боловсролын газар
Гуравдагч этгээд С.Уранчимэг
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

М.Мөнгөнсүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/0571 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 553 дугаар магадлалтай,

М.Мөнгөнсүхийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн Засаг дарга,

Нийслэлийн Боловсролын газарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Уранчимэг

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7 253 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 352 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Тэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хэлтсийн дарга Б.Жавхлантай Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 31, 33 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 9, 27, 30, 31 дүгээр зүйлд заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан. Энэхүү хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. М.Мөнгөнсүхийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/139 дүгээр захирамжаар түүнийг ажлаас нь халсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 417 дугаар шийдвэрээр мөн оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б/247 дугаар захирамжаар ажилдаа ороод ажиллаж байхад нь Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/262 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь “Хөгжим бүжгийн коллежид 2015 оны 02 дугаар сараас томилогдон ажиллаж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа өөрчилж, Б/262 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх цалин 7 252 600 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар 2 тал харилцан тохиролцож сонгон шалгаруулалтын дүнгээр уг орон тоог нөхөх хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 417 дугаар шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/247 дугаар захирамжаар М.Мөнгөнсүхийг Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “...сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны “Журам батлах тухай” 60 дугаар тогтоолын 8.4-т “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй”, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баталсан Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид тавигдах тусгай шаардлага нь сонгон шалгаруулалтад тэнцсэн байх гэж тус тус заасан тул түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн Боловсролын газрын албан ёсны веб сайт болон 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 211, Үндэсний мэдээ сониноор олон нийтэд нээлттэй зарласан. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №02/5ц тоот тогтоолоор сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн дүнг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлсэн ба өндөр оноог С.Уранчимэг авснаар М.Мөнгөнсүхийг ажлаас чөлөөлөх саналыг хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/262 дугаар захирамжаар дээрх сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн М.Мөнгөнсүхтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/263 дугаар захирамжаар С.Уранчимэгийг тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон. Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/262 дугаар захирамжаар М.Мөнгөнсүхийг ажлаас чөлөөлсөн нь хууль эрх зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Төсвийн тухай хуулийн 39, 61 дүгээр зүйлд заасан Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэхээр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд, Нийслэлийн Засаг даргын хооронд байгуулсан №2014/20 дугаар гэрээний 6 дугаар хавсралтаар тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилтийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталсан. Нийслэлийн Засаг дарга нь дүүргийн Засаг дарга нартай Төсвийн тухай хуулийн 39.2-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн Засаг даргатай энэ хуулийн 39.1-д заасан гэрээг сум, дүүргийн түвшинд аймаг, нийслэлийн төсөв батлагдсанаас хойш ажлын 14 хоногийн дотор байгуулна”, 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна” гэж тус тус заасны дагуу гэрээ байгуулж, тусгай шилжүүлгийн санхүүжилтийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн. Иймд Нийслэлийн Засаг даргаас цэцэрлэгийн эрхлэгчийн цалинг олгох хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/0571 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 7 253 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Мөнгөнсүхэд олгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох болон Нийслэлийн боловсролын газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 131 008 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 553 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/0571 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн Боловсролын газар тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Хяналтын гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар трийн байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байгаа тул прокурор оролцуулах ёстой байсан. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Баянзүрх үүргийн Засаг дарга нарыг татан оролцуулаагүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Уранчимэгийг байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийсэн. Дээрх асуудлыг анхан шатны шүүхэд тавьсан ч шүүх анхаарч үзээгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл М.Мөнгөнсүх нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 417 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоогдсон, ажил олгогч нь 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/247 дугаар захирамжаар түүнийг ажилд нь авсан, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/262 дугаар захирамжаар ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч М.Мөнгөнсүх нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Боловсролын газарт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах  2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч өөр ажилд орсон тул шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд авах хүртэл буюу 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны олговор 7 252 600 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжинэ гэжээ. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаагүй тул шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ. 

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал хуулийн үндэслэлгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх ба хууль бус шийдвэр гаргасан ажил олгогч нь ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилтанд олгох үүрэгтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан байна.

Ажил олгогчийн зүгээс үндэслэлгүйгээр халаагүй бол ажилтны ажилласан хугацаа, цалин хэвээр үргэлжлэх  байсан тул ажлаас үндэслэлгүйгээр халснаас хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэлх  хугацааг “ажилгүй байсан бүх хугацаа” гэж үзэх юм.  

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор оролцуулах тухай хүсэлт гаргаагүйгээс гадна уг албан тушаалд шинээр томилогдон ажиллаж байгаа этгээдэд холбогдох асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зохицуулсан тул тэдгээрийг гуравдагч этгээдээр тус тус оролцуулах шаардлагагүй, энэ талаарх хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн  101/ШШ2016/0571 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 553 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаярын хяналтын хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаярын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА