Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-12-01
Дугаар 001/ХТ2016/01304
Хэргийн индекс 101/2015/10435/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч Рич голден буллс эдукэшн ХХК
Хариуцагч Монгол Улсын Засгийн газар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

“Рич голден буллс эдукэшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/02519 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 989 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Рич голден буллс эдукэшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдох,

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 354 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Үүрцайх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батбуян, Д.Даваажанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содбаяр, Т.Амартүвшин, нарийн бичгийн даргаар Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих концессын эрхийг “Рич голден буллс эдукэшн” ХХК-д олгосны дагуу Засгийн газрыг төлөөлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ажлыг хэрэгжүүлэх концессын гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр Засгийн газрыг төлөөлж, Хөрөнгө оруулалтын газар 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор 30 ширхэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг концесс эзэмшигчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй. Гэрээ байгуулсан үеэс хойш “Рич голден буллс эдукэшн” ХХК гэрээний 1.13.в-д заасан 18 000 000 ам.долларыг Монгол Улсын арилжааны банкинд байршуулах үүргээ биелүүлэх талаар ажиллаж байсан. Хөрөнгө оруулалтаар байршуулахаар БНХАУ-н “China State Construcion Engineering Company”, мөн ОХУ-ын компанитай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж үндсэндээ хөрөнгө байршуулах ажил шийдэгдсэн байсан. Мөн манай компани төсөлд шаардагдах хөрөнгийн 15 хувийн ам.долларын зээлийн баталгааг Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргуулахыг хүссэн боловч 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр зээл олгож, баталгаа гаргах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар концесс эзэмшигч “Рич голден буллс эдукэшн” ХХК-д мэдэгдэлгүйгээр концессын гэрээг цуцалж концессийн эрхийг “Toп Интернэшнл Иженеринг Монголиа” ХХК-д шилжүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 204.1-д заасныг зөрчиж байгаа юм. Манай компани концесс эзэмшигчийн хувьд хийгдэж байгаа ажлын танилцуулга, тайлангаа цаг тухайд нь “Хөрөнгө оруулалтын газар” буюу тус газрын дарга С.Жавхланбаатарт танилцуулж, ажлыг эрчимжүүлэх талаар удаа дараа хандаж байсан ч бидэнд тодорхой хариу ирүүлж байгаагүй.Бид концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан нь 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж, Хөрөнгө оруулалтын газар, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, “Рич Голден Буллс Эдукэшн” ХХК-уидын байгуулсан “Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор” төслийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарийн тухай нэмэлт гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Топкад” ХХК-тай байгуулсан 5/20 тоот Геодези байр зүйн зургийн ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Тэнүүн гэрэл констракшн” ХХК-тай байгуулсан 18 тоот Барилгын ажлын техникийн хяналтын гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Бат проект” ХХК-тай байгуулсан 15/15 тоот Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Нью ларус” ХХК-тай байгуулсан 20 тоот гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Гедрогео” ХХК-тай байгуулсан 17 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр тус тус нотлогдоно. Засгийн газар Хөрөнгө оруулалтын газрын дүгнэлтийг үндэслэж гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч Хөрөнгө оруулалтын газрын дүгнэлт гарсан, Засгийн газарт гэрээ цуцлах асуудал хүргэгдлээ гэдгийг “Рич Голден Буллс Эдукэшн” ХХК-д нэг ч удаа мэдэгдээгүй. Сая шүүхэд нотлох баримтаар гаргаж ирэхээр нь мэдсэн. Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 354 дүгээр тогтоолд концессийн гэрээний 1.16-д заасны дагуу гэрээг цуцлахыг Хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Жавхланбаатарт даалгасан байдаг бөгөөд гэрээний 1.16 дахь заалт гэрээний 1.13.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй бол гэрээг цуцлах асуудлыг... шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэтэл гэрээний 1.13 дахь хэсэгт 1.13.2 гэсэн заалт байхгүй юм. Засгийн газар 354 дүгээр тогтоолыг гаргахдаа гэрээнд заагдаагүй үндэслэлээр гэрээг цуцалсан үндэслэлгүй тогтоол гаргасан гэж үзэж байгаа. Концессын гэрээний 1.14-т “энэхүү гэрээний 1.13-т заасан нөхцөл хангагдсан эсэх талаар Талууд хамтран дүгнэлт гаргаснаар гэрээ хүчин төгөлдөр болно” гэж заасан ч Хөрөнгө оруулалтын газар энэ үүргээ биелүүлж хамтран дүгнэлт гаргаагүй байж гэрээг цуцалсанд гомдолтой байна. Мөн “Toп Интернэшнл Иженеринг Монголиа” ХХК нь 18 000 000 ам.долларыг байршуулсан гэх үндэслэлээр Засгийн газар эрх шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй, маш богино хугацаанд гуравдагч этгээдэд концесс эзэмших эрхийг шилжүүлэн өгч гэрээг хуулийн үндэслэлгүйгээр байгуулсан гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор ­­­“Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-аар батлагдсан Бага сургууль, цэцэрлэгийн уг төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан бөгөөд “Рич голден буллс эдукэшн” ХХК-тай концессын гэрээний нөхцлийн талаар хэлэлцээ хийсэн. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1.4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар захирамжид тус тус заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар нь концессын гэрээний биелэлт, явц, үр дүн, концессын үйл ажиллагаанд хяналт тавих асуудлыг эрхлэн хариуцах болсны дагуу Хөрөнгө оруулалтын газар нь “Рич голден буллс эдукэшн” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн концессын гэрээг байгуулсан. “Рич голден буллс эдукэшн” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор байгуулсан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл хэрэгжүүлэх концессын гэрээ”-ээр хүлээсэн концесс эзэмшигчийн үүргээ гүйцэтгээгүй тул Концессын тухай хуулийн 24.2.3 дэх заалт, Концессын гэрээний 1.16 дахь хэсгийг үндэслэн концессын гэрээг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хуралдаанд оруулсан.Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 354 дугаар тогтоолоор тус концессын гэрээг цуцалсан болно. “Рич голден буллс эдукэшн” ХХК-тай байгуулсан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-ний 6.3 дахь хэсэгт “Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү гэрээ дуусгавар болох эсвэл цуцлагдана” гэж, мөн гэрээний 1.16 дахь хэсэгт “Энэхүү гэрээний 1.13.2-т заасан үүргээ концесс эзэмшигч нь хугацаандаа биелүүлээгүй нөхцөлд эрх бүхий этгээд нь цуцлах эсэх асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан. ...Концесс эзэмшигч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул концессын гэрээний 1.16 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь гэрээг цуцлах эсэх асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлсэн.Иймд нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:Манай компани нь Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Концессийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” 356 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотод “Барих шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “бага сургууль цэцэрлэгийн төсөл”-ийн Концессын гэрээ байгуулан, 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр болсон. Үүний дагуу бид холбогдох эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулахаар бэлтгэл ажлаа ханган, төслийн ажлыг эхлүүлэхэд бүх талаар бэлэн болоод байна. Манай компани өдийг хүртэл энэхүү төслийн хүрээнд маш их зүтгэл, хөрөнгө мөнгө болон хүчин чармайлт гарган ажиллаж байна. “Рич Голден Булсс Эдукэшн” ХХК нь дээрх Концессын төслийг хэрэгжүүлэхээр Chiny Nortwest architecture design and research institute Co.ltd -тай хэлэлцээ хийж, хөрөнгө оруулагч болон хэрэгжүүлэгчээр ажиллан нийт санхүүжилтийн 15 хувийг гаргахаар харин CNI нь төслийн зураг төслийг хариуцаж, нийт санхүүжилтийн 85 хувийг гаргахаар болсон. “Рич Голден Булсс Эдукэшн” ХХК нь төслийн санхүүжилтийн 15 хувийг өөрөө болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр хийхээр тохирсон. “Рич Голден Булсс Эдукэшн” ХХК нь CNI-тай хийсэн тохиролцооны дагуу төслийн санхүүжилтийн 15 хувийг босгохоор ажилласан боловч 2015 оны 04 сард тэрхүү хөрөнгийг гаргах боломжгүй болсон тухайгаа CNI-д мэдэгдсэн байдаг. Үүний дараа CNI төслийн санхүүжилтийн үлдэгдэл 15 хувийг мөн өөрөө гаргахаар тохиролцсон бөгөөд ингэснээр тэрээр төслийн нийт санхүүжилтийг 100 хувь хариуцахаар болсон. Уг шалтгааны улмаас CNI Концессийн гэрээнд шууд оролцохоор болж “Рич Голден Эдукэшн” ХХК-ийг худалдан авах эсхүл өөрсдийн охин компаниа байгуулах талаар CNI нь өөрийн ажил хэргийн хүрээнд БНХАУ-ын Top International Engineering Yon /Тор/-тай маш олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Талуудын хамтын ажиллагааны хүрээнд CNI нь зураг төсөл, дизайны ажлыг хариуцан, Top нь хөрөнгө оруулалтыг хариуцан ажилладаг. Ингээд дээрх жишгийн дагуу талууд тохиролцож, хэрэгжүүлэх өөрийн охин компани “Toп Интернэшнл Инженеринг Монголиа” ХХК-ийг байгуулж тус төслийг хэрэгжүүлэх, санхүүжүүлж байгаа билээ.Монгол Улсын Засгийн газар “Рич Голден Булсс Эдукэшн” ХХК-тай байгуулсан Концессийн гэрээний 6.4-т “Концессийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү гэрээ дуусгавар болох, эсвэл цуцлагдана.” Түүнчлэн 6.6-д Концесс эзэмшигч нь бага сургууль цэцэрлэгийн цогцолбор төслийн санхүүжилт болон барилгын ажлыг хуваарьт зааснаас 2 сараас дээш хугацаагаар ямар нэг хүндэтгэх шалтгаангүйгээр саатуулсан тохиолдолд Эрх бүхий этгээд нь энэхүү гэрээг цуцлах асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ гэж заасан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 354 тоот тогтоолоор “Рич Голден Булсс Эдукэшн” ХХК-тай байгуулсан Концессийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/02519 дүгээр шийдвэрээр Концессийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Концессийн гэрээг цуцлах тухай” 354 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Рич голден буллс эдукэшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Рич голден буллс эдукэшн” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 989 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/02519 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Концессийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Концессын гэрээг цуцлах тухай” 354 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Рич голден буллс эдукэшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээд “Toп Интернэшнл Инженеринг Монголиа” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 989 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.Нэхэмжлэгч “Рич Голден Буллс Эдукэшн” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын 49 тоот тогтоолоор 72 хүүхдийн сургууль, цэцэрлэг барих концессын гэрээг байгуулах эрхийг авч 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ажлыг хэрэгжүүлэх” концессын гэрээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан. Гэтэл 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар концесс эзэмшигч “Рич Голден Буллс Эдукэшн” ХХК-д огт мэдэгдэлгүйгээр концессын гэрээг цуцалж, концессын эрхийг “Toп Интернэшнл Инженеринг Монголиа” гэх компанид олгосныг Хөрөнгө оруулалтын газрын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02/645 тоотоор ирүүлэхэд мэдсэн. Гэрээний нэг талд огт мэдэгдэлгүйгээр, мөн гэрээний биелэлтийн талаар нэг ч удаа дүгнэж байгаагүй болно. Хэрэгт авагдсан Хөрөнгө оруулалтын газрын Засгийн газарт хүргүүлсэн гэх дүгнэлтийг анхан шатны шүүх хурал дээр харсан.Манай компани гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан төдийгүй ажлын явцыг цаг тухайд нь Хөрөнгө оруулалтын газарт бичгээр мэдэгдэж байсан. Мөн холбогдох компаниудтай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллаж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээнүүдээр хангалттай нотлогдож байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Концессын гэрээний 1.14-т “энэхүү гэрээний 1.13-т заасан нөхцөл хангагдсан эсэх талаар талууд хамтран дүгнэлт гаргаснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн заалтаа хариуцагч биелүүлээгүй төдийгүй Иргэний хуулийн 204 дэх заалтыг давхар зөрчиж байгааг анхаарч үзсэнгүй. Засгийн газар нь Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “концесс олгох шийдвэр гаргах, концессын гэрээ байгуулах эрхийг эрх бүхий байгууллагад олгох бүрэн эрхтэй гэж заасан. Харин байгуулсан концессын гэрээг цуцлах эрхийг олгоогүй байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн 989 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 101/ШШ2016/02519 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                                                         

                                                                           ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Рич голден буллс эдүкэшн” ХХК нь хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Концессын гэрээг цуцлах тухай” 354 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд мэтгэлцжээ.

Зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, хяналтын шатны шүүх хуралдаанд эвлэрлийг батлуулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Энэхүү гэрээгээр:

-Хариуцагч Монгол Улсын Засгийн газар 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр баталсан “Концессын гэрээг цуцлах тухай” 354 дүгээр үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн концесс эзэмшигчийн эрхийг сэргээхээр;

-Нэхэмжлэгч “Рич голден буллс эдүкэшн” ХХК нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 989 дүгээр магадлалыг хянуулахаар Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзаж, хариуцагчийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр баталсан, “Концессын гэрээг цуцлах тухай” 354 дүгээр тогтоолтой холбоотой асуудлаар өөрт болон туслан гүйцэтгэгч нарт учирсан хохирлыг хариуцагчаас нэхэмжлэхгүй байхаар  тус тус тохиролцжээ.

Энэхүү “Эвлэрлийн гэрээ” байгуулсанаар талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газар болон түүнийг төлөөлж, Хөрөнгө оруулалтын газар, “Рич голден буллс эдүкэшн” ХХК-ийн хооронд “барих-шилжүүлэх” нөхцлөөр “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн концессын гэрээний үйлчлэл сэргэж, үргэлжлэх болсон нь талуудын хоорондох эрх зүйн маргааныг дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

Зохигчид эвлэрч, шүүхэд үүссэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосноор давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласан болно.

Эвлэрлийн гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гаргасан ба түүнийг хоёр тал  хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч, хариуцагч талын эвлэрлийн гэрээ байгуулах бүрэн эрхтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчид гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон.  Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн байх ба гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй  байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4., 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101\ШШ2016\02519 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 989 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг батлан, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 354 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай Монгол Улсын Засгийн газарт холбогдох “Рич голден буллс эдүкэшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                                          Ц.АМАРСАЙХАН