Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-29
Дугаар 001/ХТ2017/01068
Хэргийн индекс 181/2017/00143/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч С.З
Хариуцагч НШГА
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

С.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00680 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн  1037 дугаар магадлалтай,

С.З-ын нэхэмжлэлтэй,

Н.Ш.Г.А- нд холбогдох,                                   

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоолгох тухай иргэний хэргийг,        

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.З нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 804 тоотод байрлах, 69.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч. С.З уг байрыг захиалгаар бариулах гэрээ байгуулан, худалдан авснаас хойш 2009 оноос хойш одоог хүртэл уг байранд амьдарч байна. С.З Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ямар нэгэн төлбөр тооцоо болон шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, тогтоол байхгүй. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч С.Зын өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, худалдах гэж байгааг шуудангаар ирсэн албан бичгээр мэдлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх бичиг баримтгүйгээр явуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд надад ямар гүйцэтгэх хуудас, шийдвэр байхгүй байхад миний эд хөрөнгөнд ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. Иймд, миний Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрны 804 тоот дээр шийдвэр гүйцэтгэлийн явуулж байгааг нэн даруй зогсоож хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 164 дүгээр захирамжаар Ж.Ичинхорлоогоос 65.115.000 төгрөгийг гаргуулж Д.Энхжаргалд олгохоор шийдвэрлэсний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ж.Ичинхорлоогийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн 8 дугаар байрны 804 тоотод байрлах, улсын бүртгэлийн эрхийн Ү-2204029737 дугаарт бүртгэгдсэн 69.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 15/007 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хураан авсан. Төлбөр төлөгч нь 2015 оны 8 дугаар сарын 17-ны дотор төлбөрийг төлж барагдуулна гэсэн боловч төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 8 дугаар сарын 13-ны дотор үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсний дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 310.500.000 төгрөгөөр үнэлсэн.

Төлбөр авагч дээрх үнийн саналыг зөвшөөрсөн тул мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 310.500.000 төгрөгийн 70 хувиар буюу 217.350.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр оруулах болохыг мөн оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3/33148 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.Ичинхорлоо нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Д.Энхжаргалд барьцаалсан тухай барьцаа, зээлийн гэрээг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирүүлсэн, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 8/1151 дүгээр албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан болохыг тогтоосон. Шийдвэр гүйцэтгэгч Ц.Удвал нь анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг техникийн алдаатай бичин, 69.2 м.кв талбайтай орон сууцыг 62.9 м.кв гэж бичсэн байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд байсан талбайн хэмжээгээр албадан дуудлага худалдаанд оруулсан болох нь Өнөөдөр сонины 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн сонины зараас харж болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 31243 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 41042 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар гаргасан Ж.Ичинхорлоогийн нэхэмжлэлийг буцаасан. Иймд, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар 310.500.000 төгрөгийн 70 хувиар тооцон, 217.350.000 төгрөгөөр 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсон тул энэ тухай 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 3/31108 дугаар мэдэгдлийг гардуулан өгсөн. Анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй тул 310.500.000 төгрөгийн 50 хувиар тооцон 155.250.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7523 дугаар захирамж нь дэнчин авч, төлбөр төлөгчийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар оруулсаны дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10.11 минутанд тус албанд ирсэн болно.

Орон сууцны үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Ичинхорлоогийн нэхэмжлэлийг дээрх шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 4473 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1415 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 126 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч С.З нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хамаарахгүй, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00680 дугаар шийдвэрээр,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С.З-ын гаргасан Н.Ш.Г.А- нд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай 584 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр  сарын 28-ны өдрийн 1037 дугаар магадлалаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

С.З нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр  хороо Токио гудамж, 8-р байрны 804 тоотод байрлах 69.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн юм. Н.Ш.Г.А- наас албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулах ажиллагаа хийх гэж байгааг шуудангаар ирсэн албан бичгээр мэдсэн. Тус албанд миний бие өргөдөл өгөхөд энэ байранд та хамаарал бүхий хүн биш гэсэн бичгийг шүүхэд өгсөн. С.З нь дээрх байрыг захиалгаар бариулах гэрээ байгуулан худалдан авснаас хойш 2009 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд миний бие тус албанд ямар нэгэн өр төлбөргүй болно.

Гэтэл хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаатай нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгч миний эрх ашгийг харгалзан үзээгүй хуулийн дагуу шүүхэд гаргасан хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзсан. Мөн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад шүүгчээс яагаад татгалзсныг асуугаад шүүх хуралдааныг шууд зогсоогоод анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. С.З нь тус байрны өмчлөгч мөн эсэхийг нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг гаргахад шүүх хүлээн аваагүй. Үндсэн хуулиар олгогдсон өмч хөрөнгөө шударгаар олж авах, өмчлөх, эзэмших эрхээ хамгаалуулахаар 2 шатны шүүхэд хандахад зөрчигдсөн эрхийг хамгаалах ажиллагаа хийгээгүйд гомдолтой байна.

Иймд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус байрны бүртгэлийн талаарх түүхчилсэн лавлагааг холбогдох нотлох баримтын хамтаар гаргуулах хүсэлтэй байна. Учир нь С.З нь уг тоот орон сууцны өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөөр үнэ тохирч солилцон худалдан авч өнөөдрийн хүртэл амьдарч байгаа болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх С.З-ын нэхэмжлэлтэй Н.Ш.Г.А- нд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоолгохыг хүссэн хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаанд  хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 164 дүгээр захирамжаар Ж.Ичинхорлоо нь 65.100.000 төгрөгийг Д.Энхжаргалд төлөхөөр эвлэрэн хэлэлцснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 804 тоотод байрлах 69.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц битүүмжлэгдэн хураагдаж, 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх орон сууц нь төлбөр төлөгч Ж.Ичинхорлоогийн буюу нэг хүний өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагдсан эд хөрөнгө байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэгддэг бөгөөд нэхэмжлэгч С.З тухайн төлбөрт хураагдаж, 2 удаагийн дуудлага худалдаанд оруулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдоогүй тул Н.Ш.Г.А- нд холбогдуулж өмчлөгчийн эрхийг зөрчиж байна гэх гомдол гаргасан нь үндэслэлгүй.

Учир нь Н.Ш.Г.А  нь хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, түүнд үндэслэгдэн бичигдсэн гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа бөгөөд уг ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг хангуулах  барьцааны зүйлийг битүүмжлэн хурааж, дуудлагаа худалдаа явуулсныг  нэхэмжлэгч С.З-ын эрхийг зөрчсөн  гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан “...С.З нь дээрх байрыг захиалгаар бариулах гэрээ байгуулан худалдан авснаас хойш 2009 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа , бусдад ямар нэгэн өр төлбөргүй...” гэх үндэслэл Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасан ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, хуульд өөрөөр заагаагүй бол шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдана” гэсэн зохицуулалтаар үгүйсгэгдэж  байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хавтаст хэргээс материал алга болсон гэх тайлбар гаргасныг хэрэгт авагдсан баримттай тулгаж үзэхэд дурдсан баримтууд нь хэргийн 4-7, 10-р талд авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00680 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1037 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Я.Эрдэнэбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч С.З ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                                Г.АЛТАНЧИМЭГ