Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-03
Дугаар 001/ХТ2017/01090
Хэргийн индекс 135/2015/00863/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч Х.Х.А.А.Я-ны Т.Э.Д.С
Хариуцагч Д.Г.Т ХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

                            Х.Х.А.А.Я- Т.Э.Д.С- гийн нэхэмжлэлтэй,

                         иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

2017 оны 01 дүгээр сарын 23-ны  өдрийн 122 дугаар шийдвэртэй,  

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 65 дугаар магадлалтай,

Х.Х.А.А.Я- Т.Э.Д.С- гийн нэхэмжлэлтэй,

Д.Г.Т ХК-д холбогдох,

Гэрээний үүрэг, хохиролд 7.674.690.812 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

5.175.172.930 төгрөг гаргуулж, гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,                     

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгөлдөрийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгөлдөр, өмгөөлөгч Н.Наранбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, Ш.Энхтөр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Х,Х.А.А.Я- Т.Э.Д.С нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009-1-01 тоот “Хүнсний улаан буудай хадгалуулах” гэрээгээр Д.Г.Т ХК-ийн хадгалалтад 33.729 тонн хүнсний улаан буудай шилжүүлсэн бөгөөд үүнээс 14.829 тонн хүнсний улаан буудайг худалдан борлуулж үлдэгдэл 18.900 тонн хүнсний улаан буудайг хариуцагч Д.Г.Т ХК-ийн элеваторт хадгалуулсан ба 8.900 тонн улаан буудайн 1 тонн нь 350.000 төгрөг бөгөөд уг хадгалалтын гэрээгээр хадгалагчийн талын буруутай үйл ажиллагаанаас учирсан 3.115.000.000 төгрөг, гэрээний 5.1-д “Худалдан авагч нь гэрээгээр тохирсон хугацаанд буудайн төлбөрийг төлж чадаагүй хугацаа хожимдсон бол хугацаа хэтэрсэн хоног тутамд энэхүү гэрээний 1-р хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 00.1 хувиар алданги тооцож үл маргах журмаар худалдан авагч талд төлнө” хэмээн тохиролцсон бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 01-нийг хүртэл нийт 1307 хоног өнгөрсөн ба үүнийг нэг хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 350.000 төгрөгөөр тооцоход алданги 457.450.000 төгрөг, нийт 3.957.450.000 төгрөгийн хохирол учраад байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35.362.250.000 төгрөг, улаан буудайн хадгалалтын хөлс 566.878.562 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн байна. Нийт дүнгээр хариуцагч Д.Г.Т ХК-иас нийт 7.107.812.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Х,Х.А.А.Я- Т.Э.Д.С нь Д.Г.Т ХК-тай 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүнсний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээний дагуу Д.Г.Т ХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеватортаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2009 оны ургацаас аж ахуйн нэгжүүдээс авсан буудайг хүлээн авч эхэлсэн. Дээр дурдсан 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009/1/01 тоот “Хүнсний улаан буудай хадгалуулах” гэрээний 1.2, 4.1-д зааснаар хүнсний улаан буудайг хүлээн авах, хадгалахдаа “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ыг мөрдөж ажиллахаар тохиролцсон. Хүнсний буудай, техникийн ерөнхий шаардлага MNS 97:2004 стандартад буудайн чийглэгийг 14.5 хувиас ихгүй байхаар зохицуулсан. 16.5 хувийн чийглэгтэй улаан буудайг хадгалуулсан байдаг. Энэ нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36/30/683 тоот албан шаардлагаар нотлогддог. Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалуулах, борлуулах үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй.

Улаан буудайн үнэ 3.500.000.000 төгрөг, алданги 457.450.000 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Г.Т ХК нь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 1 кг ч улаан буудай аваагүй, нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй болно. Д.Г.Т ХК-ийн хувьд Тариалан эрхлэлтийг дэмжих сантай шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35.362.250.000 төгрөгийг төлөх талаар ямар нэг гэрээ, хэлцэл хийгээгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г.Т ХК-ний гүйцэтгэх захирал С.Намсрайжав шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хүнсний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээний дагуу Д.Г.Т ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсны улмаас тус компанийн өмчлөлийн элеваторт учирсан хохирол гаргуулах,

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хүнсний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хадгалалтын хөлсийг бүрэн төлөөгүй тул хадгалалтын хөлсний үлдэгдэл 730.300.000 төгрөгийг гаргуулах,

2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.  

 Нэхэмжлэгч Х,Х.А.А.Я- Т.Э.Д.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Элеваторт стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсан, тус компанийн өмчлөлийн элеваторт учирсан хохирол гаргуулах шаардлагын тухайд: Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хүнсний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээний дагуу Д.Г.Т ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт гэрээний 2.3-т зааснаар Д.Г.Т ХК-ийн төлөөлөгчийг байлцуулан, уг компанийн лаборантаар шинжилгээ хийлгүүлэн стандартын шаардлага хангасан гэж үзсэн улаан буудайг хадгалагчийн зөвшөөрснөөр хүлээн авч хадгалуулсан болох нь тайлбарт хавсаргасан “Тарианы шинжилгээний хуудас”-ны нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хадгалалтын хөлсийг бүрэн төлөөгүй тул хадгалалтын хөлсний үлдэгдэл 730 300 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч Д.Г.Т ХК нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолсон тохиолдолд уг шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжтой болно.

2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Х,Х.А.А.Я- Т.Э.Д.С нь хариуцагч талтай тэдний хүсэлтийн дагуу 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Буудай 11/17 дугаартай “Хүнсний улаан буудай худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь сангийн шахалт шаардлагаар зөвхөн дүр эсгэх төдий байдлаар гарын үсэг зурсан зүйл байхгүй бөгөөд харин ч хариуцагч Д.Г.Т ХК-ийн зүгээс санал анх тавьсны дагуу байгуулагдсан гэрээ болохыг Д.Г.Т ХК-ийн ерөнхий захирал С.Намсрайжавын 2011 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 45 тоот “Буудай худалдан авах тухай” ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржавт явуулсан хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус сангийн шууд шилжүүлсэн бичгийн албан байгууллагын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотолж байна. Иймд дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Талууд дээрх худалдах-худалдан авах гэрээний зүйлийг хоёр дахь заалтаар харилцан тохиролцсон байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн гэрээний зүйл болох 10 тонн улаан буудай нь хариуцагчийн эзэмшилд байхад хариуцагч нь Д.Г.Т ХК-ийн хувьд ямар нэг байдлаар буудай авч, гурил үйлдвэрлэх хүсэл зориг байгаагүй, 1 кг ч улаан буудай аваагүй гэж тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй тайлбар байна.  Д.Г.Т ХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Хүнсний улаан буудай худалдах-худалдан авах гэрээ” нь их хэмжээний хэлцэлд хамаарах хэлцэл эсэх нь нотлогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар хариуцагч Д.Г.Т ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэгч тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 23-ны  өдрийн 122 дугаар шийдвэрээр,  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 422 дугаар зүйлийн 422.1, 422.4.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Г.Т ХК-иас 3.115.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож, хадгалалтын хөлс 566.878.562 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 377.919.000 төгрөг гаргуулж хариуцагч Д.Г.Т ХК-д олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Г.Т ХК-иас 3.957.450.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35.362.250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар хариуцагч нь компанийн өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4.444.872.930 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хүнсний улаан буудайг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.          

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 65 дугаар магадлалаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.520.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгөлдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж магадлал гаргасан байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Шүүхэд Х.Х.А.А.Я- Т.Э.Д.С- гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат, хуулийн албаны дарга Т.Төгөлдөр нар нэхэмжлэлээ дэмжиж оролцож байхад шүүхийн зүгээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус байна. Гурван жилийн турш анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн хэргийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан нэхэмжлэлийг шийдсэн гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Д.Г.Т ХК-ийн хүнсний улаан буудайг хадгалах горим алдсан болохыг хангалттай нотлох баримтаар тогтоосон бөгөөд талууд шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй, шүүх хуульд заасан журмын дагуу шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байхад шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улаан буудайн үнийн талаар талууд маргаагүй.

Хэргийн оролцогчдоос Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/155 дугаар тушаалыг нотлох баримтын шаардлага хангуулж гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангаж байгаа болно. Давж заалдах шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн яаж ноцтой зөрчсөн, үүнийгээ хуулийн ямар зүйл заалтыг баримтлаагүй талаар зохих үндэслэл гаргаагүй нь магадлалыг үндэслэлгүй, зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Иймд,  магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасантай нийцсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Х.Х.А.А.Я- Т.Э.Д.С- гийн гүйцэтгэх захирал гэх М.Цолмонгоос 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 464 тоот албан бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Р.Булган,  Д.Г.Т ХК-иас  7.674.690.812 төгрөг шаардаж төлөөлөн нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар Н.Ариунболдыг 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  тус сангийн гүйцэтгэх захирлаар томилсныг  бүртгэсэн байна.

Дээрхээс үзэхэд М.Цолмон нь Х.Х.А.А.Я- Т.Э.Д.С- г төлөөлөх эрхтэй нь эргэлзээтэй байхад түүний олгосон итгэмжлэлээр  Р.Булган төлөөлөн нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авсан нь буруу ба нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзах байжээ.

Анхан шатны шүүхийн энэхүү зөрчлийн талаар давж заалдах шатны шүүх  үндэслэлтэй дүгнэсэн боловч 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр тус сангийн гүйцэтгэх захирлаар шинээр томилогдсон В.Үнэнбат нэхэмжлэлийг дэмжиж өөрөө болон Б.Энхтүвшин, Т.Төгөлдөр нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон /2-р хх-157,158, 3-р хх-151-р тал/ байх тул дурдсан зөрчил  шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

2. Шүүх Д.Г.Т ХК-ийн хүсэлтээр захирамж гаргаж Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэн болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг, /1-хх-86-87-р тал/ Арлын ам ХХК-ийг /1-хх-92-93р тал/,  Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийг /2-хх-121-р тал/ тус тус шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахдаа  хуульд заасан журмыг зөрчжээ.

Тодруулбал, шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана. Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэсэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан ажиллагааг шүүх явуулаагүй байна.

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулиас шинжээчээр ажилласан Б.Пүрэвжаргалд Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд заасан хариуцлагыг сануулснаас /хх-126-р тал/  өөрөөр шинжээч нарт эрх, үүргийг тайлбарлах болон хариуцлагыг сануулах хуулийн шаардлагыг биелүүлээгүй нь тогтоогджээ.

Түүнчлэн шинжээч нар гаргасан дүгнэлтээ баталгаажуулаагүй Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг зөрчсөн, энэ талаар магадлалд заасан дүгнэлт  үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгчид хохирол учирсан нь тухайн хадгалуулсан улаан буудайн чанар байдлаас эсхүл хадгалалтын гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлээгүйгээс шалтгаалсан аль нь болох ийнхүү хохиролд хүргэхэд зохигчдын буруу нөлөөлсөн эсэх зэрэг шаардлагатай нөхцөл байдлыг бүрэн тогтоохын зэрэгцээ нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/155 дугаар тушаалд 1 тн улаан буудайн үнийг  350.000 төгрөгөөр тогтоосныг  ...жишиг болгож хохирол нэхэмжилж буй нь үндэслэлтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Мөн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй дээрх тушаалыг нэхэмжлэгч талын     “хуулбар үнэн” тэмдэг дарж нотлох баримтаар гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 44.2-т заасантай нийцээгүй байна.

Зүй нь тухайн тушаалыг нотлох баримтаар гаргасан тохиолдолд эх хувь эсхүл нотариатчаар баталгаажуулсан хуулбарыг шүүхэд гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т нийцэх юм. Мэтгэлцээний тал буюу хэргийн оролцогчоос  гаргасан нотлох баримтыг “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулах боломжгүй. Харин хэргийн оролцогч бус этгээдээс гаргасан баримт нь тухайн байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарж болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.4-т заасан байна.

4.Улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцоолсон гэх давж заалдах шатны  шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Тухайлбал, хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ 21.309.450 төгрөг төлсөн атал шүүхийн шийдвэрт 21.309.450.000 гэж алдаатай бичсэн зэрэг алдаа байна.

5. Дээр дурдснаас гадна анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг хуралдааны  тэмдэглэлд уламжлалт монгол бичгээр гарын үсэг зурсан нь  Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д заасан бүх шатны шүүн таслах ажиллагааны тэмдэглэл, архивын холбогдох баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр явуулах буюу кирилл бичгээр хөтлөх журмыг  зөрчснийг  тэмдэглэж байна.

Түүнчлэн шийдвэр, магадлалд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг дутуу бичсэн, магадлалын тодорхойлох хэсэгт хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүнд гаргасан  нэхэмжлэгчийн хариу тайлбар огт бичигдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.1-д заасантайг нийцээгүйг  анхааруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 65 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгөлдөрийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ