Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-28
Дугаар 001/ХТ2017/01225
Хэргийн индекс 183/2016/01406/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч Н.Д ХХК
Хариуцагч Б ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Н.Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/00268 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 989 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.С ХХК-д холбогдох,                             

Даатгалын нөхөн төлбөрт 6.691.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаярын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Д ХХК нь Баясах трейд ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01-00713127 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулан тус компанийн 16 нэр төрлийн тээврийн хэрэгслийг даатгасан. Гэтэл 2013 оны 7 дугаар сарын 07-нд Баясах трейд ХХК-ийн 56-47 УНЭ улсын дугаартай Тоyoto camery авто машин хулгайд алдагдаж улмаар 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр мөргөлдсөн байдалтай олдсон. Баясах трейд ХХК нь Б.С ХХК-тай хамгаалалтын гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг байсан. Уг хулгайд алдсан авто машиныг тус компанийн ажилтан Б.Нямдорж унаж яваад зам тээврийн осол гаргаж үнэлгээний компаниар үнэлүүлэн 6.691.000 төгрөгийн хохирол учирсныг даатгалын гэрээгээр манайх төлсөн.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д мөн даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ, мөн Иргэний хуулийн 443.7-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэсэн. Иймд, Б.С ХХК-иас 6.691.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                                                                                   

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 926 дугаар шийтгэх тогтоолоор Б.Нямдоржийг гэм буруутайд тооцож шийтгэсэн. Буруутай этгээдээс нөхөн төлбөрөө нэхэмжлэх нь зүйтэй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/00268 дугаар шийдвэрээр,  Иргэний тухай хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.С ХХК-нд холбогдох даатгалын нөхөн төлбөрт 6.691.000 төгрөг гаргуулах тухай Н.Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 989 дугаар магадлалаар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/00268 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.С ХХК-иас 6.691.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Д ХХК-д олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Б.С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 122.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Д ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Б.С ХХК нь буруутай этгээд биш учраас хариуцагч биш тухайд,

Н.Д ХХК нь Иргэний хуулийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 болон Даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д заасны дагуу хохирлын мөнгийг даатгуулагчид нөхөн олгосон учраас зөвхөн гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэн авах ёстой. Гэм буруутай этгээд нь иргэн Б.Нямдорж болохыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 926 дугаар шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоосон бөгөөд уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Иймд, даатгалын нөхөн олговорыг хариуцах ёстой этгээд нь Б.С ХХК биш, иргэн Б.Нямдорж юм. Тэрээр Иргэний хуулийн 497.1-д “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн заалтын дагуу төлөх үүрэгтэй болно.

Учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар,

Б.Нямдорж нь Б.С ХХК-д харуул хамгаалалтын ажилтан байсан учраас ажил олгогч манай компани нь даатгуулагч Баясах трейд ХХК-д учирсан автомашины эвдрэлийн хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах, 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”, 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу 32.0 сая төгрөгөөр шинэ машин худалдан авч өгч хохиролгүй болгосон бөгөөд машин авч өгсөн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 926 дугаар шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоосон, талууд маргаагүй байхад шүүх дур мэдэн нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Гэм хорын хохирлыг арилгах, даатгалын нөхөн төлбөрийг төлөх гэсэн ойлголт нь хуулийн 2 өөр зохицуулалттай гэж үзэж байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тухайд,

Н.Д ХХК нь энэхүү нэхэмжлэлийг урд нь шүүхэд гаргаж байсан бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн 102/Ш32015/05763 дугаар захирамжаар Даатгалын тухай хуулинд заасны дагуу буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрхтэй байна. Тухайн маргаан бүхий асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа бөгөөд гэм буруутай этгээдийг шүүхээс эцэслэн тогтоогоогүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон явдал гэм буруутай этгээдээс нэхэх гэсэн агуулгатай юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд Даатгалын тухай хууль болон нэхэмжлэлд дурдсан гэм буруутай этгээд нь шүүхээр нэгэнт тогтоогдсон учир Н.Д ХХК нь буруутай этгээдээс нөхөн төлбөрөө жич нэхэмжлэх эрхтэй учраас эцсийн эцэст хохирохгүй болно.

Иймд, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх  Даатгалын тухай хууль, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Н.Д ХХК нь Б.С ХХК-иас 6.691.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаар Баясах трейд ХХК-ийн эзэмшлийн 56-47 УНЭ улсын дугаартай Тоёото камри маркийн автомашиныг тус компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Б.С ХХК-ийн ажилтан  Б.Нямдорж зөвшөөрөлгүйгээр унаж зам тээврийн осол гаргаж  хохирол учруулсан, тухайн автомашин нь Баясах трейд ХХК болон Н.Д ХХК-ийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээний дагуу даатгагдсан  байсан нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Н.Д ХХК нь даатгалын хуульд зааснаар даатгуулагч Баясах трейд ХХК-д автомашины эвдрэлийг засахад шаардлагатай үнэлгээний компанийн дүгнэлтээр тогтоосон 6.691.000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба хариуцагч хохирлыг барагдуулсан, осол гаргасан гэм буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй  гэж тайлбарласан байна.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө”,  Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7–д ”даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.” гэж тус тус заажээ. 

Хэргийн 22-р талд авагдсан Баясах трейд ХХК-ийн Н.Д ХХК-иас 6.691.000 төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлд дурдснаас үзэхэд автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу хохирлын төлбөрийн мөнгө даатгалын компаниас олгогдоно гэсний дагуу автомашиныг засуулах шаардлагаар Б.С ХХК-д үнэлгээний дүгнэлтийг үндэслэн 6.691.000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ.

Дээр дурдагдсан үйл баримтад хариуцагч маргаагүй бөгөөд Б.С ХХК нь уг мөнгийг авч, Баясах трейд ХХК-ийн эвдэрсэн автомашиныг өөр автомашинаар сольж өгч харуул хамгаалалтын гэрээний дагуу хохирол төлсөн, Баясах трейд ХХК нь Н.Д ХХК-иас 6.691.000 төгрөгийг шаардан авсан байх тул хариуцагч  нь даатгалын компанийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй. Тодруулбал, даатгуулагч буюу Баясах трейд ХХК нь өөрт учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг харуул хамгаалалтын гэрээний дагуу Б.С ХХК-д, эсхүл автомашинд эвдрэл учруулсан Б.Нямдоржийн алинд ч гаргаж болох бөгөөд энэ эрхийн дагуу даатгагч буюу Н.Д ХХК нь Б.С ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчихгүй гэж үзлээ.

Харин Б.С ХХК учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй.

Иймд, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 989 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ