Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-06
Дугаар 001/ХТ2017/01115
Хэргийн индекс 142/2014/00105/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч Б.Т. ХХК
Хариуцагч ШШГА, Д.В.А ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Б.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00408 дугаар шийдвэртэй,  

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаар магадлалтай,

Б.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэх алба, Д.В.А ХХК-нд холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай  иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 551 дугаар шийдвэрээр Б.Т ХХК-иас 395.604.885 төгрөг гаргуулж, МТЛЦ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Б.Т ХХК-иас 200.000.000 төгрөгийг төлж барагдуулаад байна. Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б.Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн хаягаар шуудан явуулсан байх бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 14-ний өглөө 09 цагт Монгол шуудан, Улаанбаатар хотын 20 дугаар салбарт иржээ, уг ирсэн шууданг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг 10 минутанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дугтуйтай шууданг хүлээн авсан болно. Уг шууданг задлан үзэхэд Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанаас Б.Т ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах, ажлын байр, агуулга бүхий 7082,4 м.кв талбайтай объект, газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу Д.В.А ХХК-ийн Орхон аймаг дахь салбарыг шинжээчээр томилон үнэлгээ хийлгэхэд 2.740.169.800 төгрөгөөр үнэлсэн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудас эх хувиар, үнэлгээний тайлан хуулбарласан хувиар хийсэн байсан.

Б.Т ХХК-ийн зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй бөгөөд Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах, ажлын байр, агуулга бүхий 7082,4 м.кв талбайтай объект, газрын хамт 2.740.169.800 төгрөгнөөс өндөр зах зээл үнэлгээтэй байхад зах зээлийн үнэлгээнээс хямд үнэлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан дагуу Б.Т ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах, ажлын байр, агуулга бүхий 7082,4 м.кв талбайтай объект, газрын хамт 2.740.169.800 төгрөгөөр үнэлсэн 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Д.В.А ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 551 дугаартай шийдвэрээр Б.Т ХХК-иас 397.688,9 мянган төгрөг гаргуулж МТЛЦ олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч дээрх төлбөрөөс 2013 онд 200.000,0 мянган төгрөг төлж гүйцэтгэх баримт бичиг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус албанд шилжиж ирсэн бөгөөд Б.Т ХХК-ий өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах ажлын байр, агуулахын зориулалттай обьектыг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагаануудыг явуулсан. Шинжээчээр Д.В.А ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэсэн ба 2.740.169,8 мянган төгрөгөөр үнэлсэн. Тус алба мэргэжлийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээнд хөндлөнгөөс оролцох боломжгүй тул төлбөр төлөгчийн гаргасан гомдлын шаардлагыг манай алба хариуцахгүй болно.

Энэ асуудлаар төлбөр төлөгч нь 2016 оны 6 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хурлыг удаа дараа хойшлуулж, шүүх хурлын товын талаар мэдэгдсээр байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралд ирээгүйн улмаас нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцааж шийдвэрлэж байсан билээ. Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зориуд удаашруулах, хугацаа сунгах зорилготой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.В.А ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас ирүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 01 -ний өдрийн 16/57/01 тоот шинжээч томилсон тогтоолын дагуу Орхон аймгийн Говил багт байрлах хуучнаар материал хангамжийн баазын объектын хөрөнгүүдийг үнэлсэн болно. Үүнтэй холбоотой Б.Т ХХК-ийн зүгээс гомдол гарган шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлдээ хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хямд үнэлсэн, үнэлгээ хийх ажиллагаа хууль зөрчиж нэхэмжлэгч талаас үнийн санал авсан учир үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ. Үнэлгээ нь ҮОУС-ын дагуу зохих заавар журамд заагдсан норм нормативыг баримталж хийгдсэн төдийгүй бид үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн заалтын дагуу хийж байгаа тул шинжээч томилсон тогтоолын дагуу хөрөнгийг үнэлсэн болно. Уг объектын гол гол барилгууд нь ашиглалтгүй удсан дахин ашиглахын тулд шинээр босгохоос биш засварлагдаж ашиглах боломжгүй болсон ч манай үнэлсэн үнэлгээ нь орон нутгийн зах зээлийн үнэлгээнээс өндөр байх тул бид үнэлгээг зах зээлээс хямд үнэлсэн гэж үзэхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн шинжээч томилсон тогтоолын дагуу үнэлгээг хийхэд шүүхийн гүйцэтгэлийн тухай хуулийн 37.3 заалтын дагуу гомдол гаргах эрхтэй боловч гомдол гаргах зорилго нь хугацаа хожих, шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг удаашруулах зорилготой байна. Шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг хурдан хугацаанд үргэлжлүүлэхийн тулд томилсон тогтоолыг хүчингүй болгож дахин шинжээч томилох байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00408 дугаар шийдвэрээр,  Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар 37.3-д заасныг баримтлан Б.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Далай ван Аудит ХХК-д холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн  109 дугаар магадлалаар, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хяналтын гомдол гаргаж байна.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 551 дүгээр шийдвэрээр Б.Т ХХК-иас 395.604.885 төгрөг гаргуулж, МТЛЦ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Б.Т ХХК-иас 200.000.000 төгрөгийг төлж барагдуулаад байна. Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б.Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн хаягаар шуудан явуулсан байх бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 09 цагт Монгол шуудан, Улаанбаатар хотын 20 дугаар салбарт иржээ. Уг ирсэн шууданг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг 10 минутанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дугтуйтай шууданг хүлээн авсан болно.

Уг шуудангаар Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанаас Б.Т ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг дахь Баян Өндөр сум, Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах, ажлын байр, агуулах бүхий 7082,4 м.кв талбайтай обьект, газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу Далай ван Аудит ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын шинжээчээр томилон үнэлгээ хийлгэхэд уг обектыг 2.740.169.800 төгрөгөөр үнэлсэн байна гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудас эх хувиар, унэлгээний тайлан хуулбарласан хувиар ирсэн ба обьект, газрын хамт 2.740.169.800 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдлээ.

Б.Т ХХК-ийн ажлын байр, агуулах бүхий 7082,4 м.кв талбайтай обьект, газрын хамт 2.740.169.800 төгрөгөөс өндөр зах зээлийн үнэлгээтэй байхад зах зээлийн үнэлгээнээс хямд үнэлсэн, мөн тус обьектын үнэлсэн үнэлгээ хийх ажиллагаа нь хууль зөрчиж буюу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар нэхэмжлэгч талаас үнийн санал аваагүй мөн 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 551 дүгээр шийдвэрийн дагуу хийгдсэн бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж байна. Төлбөр төлөгч Б.Т ХХК-ийн эд хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болсныг шийдвэр гүйцэтгэх албаны шүүхэд гаргасан баримт материалтай танилцах явцад мэдлээ.

Иймд, Б.Т ХХК-ийн обьект, газрын хамт 2.740.169.800 төгрөгөөр үнэлсэн 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Далай ван Аудит ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын үнэлгээ болон хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүхээс хариуцагч буюу шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн гэх Далай ван Аудит ХХК-ийн хуулбар баримт ирүүлсэн, шинжээч томилоход байлцаагүй, үнэлгээ тогтооход мөн оролцуулаагүй зэргийг харгалзалгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаагүй нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Т ХХК нь  Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба болон Д.В.А ХХК-д холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн Б.Т ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй талаархи дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, 37.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчөөгүй байна.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 551 дүгээр шийдвэрээр Б.Т ХХК нь МТЛЦ ХХК-д 395.604.885 төгрөг төлөх төлбөртэй байна.

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч Б.Т ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах ажлын байр, агуулах нийт 7082.4 м.кв талбай бүхий объектыг, газрын хамт худалдан борлуулах зорилгоор битүүмжлэн, хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулсан нь  тогтоогдож байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох журмыг заахдаа “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэсэн ба хэрэв санал өгөх эрхтэй этгээдүүд харилцан тохиролцож дуудлага худалдааны үнийг тогтоогоогүй  бол шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг  шинжээч томилж тогтоолгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заажээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч эд хөрөнгөө 3.000.000.000 төгрөгөөр, төлбөр авагч 181.131.177 төгрөгөөр үнэлж харилцан өөр санал гаргасан нь  дуудлага худалдааны үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ.

Дээрх байдлаас Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчээр Д.В.А ХХК-ийг томилж, анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоолгосон ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Шинжээч  үл хөдлөх эд хөрөнгийг 2.740.169.800 төгрөгөөр үнэлснийг зах зээлийн үнээс хямд гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

Түүнчлэн шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн нь тогтоогдоогүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримталж зохигчдын хооронд үүссэн  маргаанд хамааралгүй, тухайн харилцааг зохицуулаагүй, хэрэглэх ёсгүй  хуулийг хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулж засаагүй нь буруу байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн  109 дугаар магадлалын 1 дэх заалт, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00408 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...9 дүгээр зүйлийн 9.1...” гэснийг хасч шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Нэхэмжлэгч Б.Т ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР    

  

                                  ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ