Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-19
Дугаар 001/ХТ2017/00998
Хэргийн индекс 102/2015/05762/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “МАК”ХХК
Хариуцагч “Т Ц”ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“МАК”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00099 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 918 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “МАК”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т Ц”ХХК-д холбогдох,

201 197 301 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Агиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Манай компани 2012 оны 09 дүгээр сард “Т Ц”ХХК-тай 499-0712 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, “Мок ап” /Моск-uр/ барилгад хаалга, цонх хийх ажлыг нийт 48 100 ам.долларт багтаан 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хуанлийн 60 хоногийн дотор хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч нь “Мок ап” /Моск-uр/ барилгад хаалга, цонхны рам (хүрээ) суурилуулсанаас өөр ажил хийж гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрсэн болно. Уг гэрээний дагуу манай компани “Т Ц”ХХК-д 2 удаагийн шилжүүлгээр нийт 51 385.90 ам.доллар шилжүүлсэн. Мөн манай компанийн санхүүгийн албаны буруутай үйл ажиллагааны улмаас 3 285.90 ам.долларыг илүү шилжүүлсэн байна. Хаалга, цонх хийгдээгүйн улмаас барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байсан тул энэ тухай “Т Ц”ХХК-д албан бичгээр шаардлага тавьсан. “Т Ц”ХХК-иас “...2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ажил эхлэх тул хамгийн түрүүнд танай компанийн ажлыг яаралтай дуусгаж өгнө” гэсэн хариуг өгсөн. Гэвч 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрээт ажлыг гүйцэтгэж эхлээгүй, арга хэмжээ аваагүй, тогтоосон хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгээгүй тул манай компани гэрээнээс татгалзсан. Түүнчлэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт тус тус заасанчлан талууд өгсөн авснаа харилцан буцаах буюу гүйцэтгэгчээс нийт 51 385.90 ам.доллар буюу 100 366 426 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Талууд 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших захиалагчийн төв байрны гадна талын шилэн фасадны дарагч, гоёлын тагийг солих, засвар үйлчилгээний ажил хийж гүйцэтгүүлэхээр 336-0713 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд гүйцэтгэгч нь гэрээт ажлыг хуанлийн 60 хоногийн дотор нийт 62 601 000 төгрөгт багтаан хийж гүйцэтгэх, гэрээт ажлын эцсийн үр дүнг талуудын эрх бүхий төлөөлөгчид хамтран шалгаж акт үйлдэж хүлээлцэхээр заасан байдаг. Улмаар манай компаниас 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөр болгон 35 901 000 төгрөгийг “Т Ц”ХХК-д шилжүүлсэн. Гэтэл “Т Ц”ХХК-ийн одоогоор хийж гүйцэтгэсэн ажлын өртөг нь нийт 10 450 000 төгрөг байна. “Т Ц”ХХК-ийг 336-0713 тоот гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын үр дүн гэрээнд заасан тоо хэмжээнд хүрэхгүй байгаа тул доголдолтой гэж үзэж, манай компанийн нийт төлсөн төлбөрөөс гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээг хасч тооцоход нийт 25 451 000 төгрөгийн илүү төлөлттэй байна.

Мөн гэрээний 8.1-т хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алдангийг төлөхөөр заасан байдаг. Хугацааг 641 хоног хэтрүүлсэн. Гэрээнд заасан хувь хэмжээгээр алдангийг тооцож үзвэл нийт 100 286 373 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан нийт 26 075 500 төгрөгийн алдангийг шаардах эрхтэй байна. Манай компани “Т Ц”ХХК-тай нийт 3 гэрээ байгуулж ажиллаж байсан бөгөөд эдгээр гэрээний дагуу Төв аймгийн Өвгөний ам, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх захиалагчийн төв оффисийн барилгуудад хийж гүйцэтгэх ажлууд байсан. Гэтэл манай санхүү, төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэнгүүдийн буруутай үйл ажиллагааны улмаас огт үндэслэлгүйгээр 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 25 243 ам.долларыг “Т Ц”ХХК-д шилжүүлсэн болохыг олж тогтоосон. Уг шилжүүлгийг гүйцэтгэхдээ төлбөрийн утга хэсэгт “Төв аймаг залаатын шилэн фасадны ажлын төлбөр” гэсэн байдаг. Төв аймагт баригдаж “Мок ап” /Моск-uр/ барилга дээр ч фасадны ажил хийгдээгүй байгаа тул манай компаниас “Т Ц”ХХК-д шилжүүлсэн 25 243 ам.доллар нь огт үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан үндэслэлгүй олж авсан хөрөнгө болох 25 243 ам.доллар буюу 49 304 375 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. Иймд дээр дурдсан гурван үндэслэлээр гүйцэтгэгчээс 499-0712 тоот гэрээний дагуу шилжүүлсэн 51 385.90 ам.доллар буюу 100 366 426 төгрөг, 336-0713 тоот гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөрөөс гүйцэтгэгчийн бодит хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хасч илүү төлсөн 25 451 000 төгрөг, 336-0713 тоот гэрээнд заасан алданги 26 075 500 төгрөг, үндэслэлгүй олж авсан 25 243 ам.доллар буюу 49 304 375 төгрөг, нийт 201 197 301 төгрөг гаргуулж, манай компанид олгож өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа алдсан нь үнэн. Гэхдээ бодит байдал дээр нэхэмжлэгч тал цонхны хүрээг суулгахад бэлэн болгож өгөөгүй, биднийг ажлаа бүрэн хийж гүйцэтгэхэд өөрсдөө саад болсон. Нэхэмжлэгчээс ямар ч арга хэмжээ авахгүй, хариу өгөөгүй учраас бид өөрсдөө гэрээнд заагдаагүй илүү ажлыг хийж, өрлөг өрөөд хүрээг суулгасан. Хүрээг суулгаж дуусахад гэрээний хугацаа аль хэдийн хэтэрсэн байсан. Манай компани 24 000 000 төгрөгийн гэрээнд заагдаагүй ажил хийж гүйцэтгэсэн. Гэтэл шинжээч ердөө 231 200 төгрөгийн өрлөгийн ажлыг хийсэн гэж дүгнэсэн байна. Үүнийг зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч гэрээний үүргээ шаардаж байгаа бол анх гэрээ байгуулсан үеийн ханшаар шаардах учиртай. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар бодох ёстой. Хэрэв үнэхээр гэрээний үүргээ биелүүлээгүй гээд бид төлөх ёстой юм бол үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар буюу 1 ам.долларыг 1402 төгрөгөөр бодох ёстой. 336-0713 тоот гэрээний 4.1.11-д зааснаар гадна фасадны силиконыг хийсэн, гэрээнд зааснаар уг ажлыг гүйцэтгэлээр тохирох ёстой байсан.

Гэтэл гэрээний 4.1.11-д заасны дагуу хийсэн ажлыг маань дөнгөж 2 893 500 төгрөг болсон гэж шинжээч дүгнэлтдээ дурдсан байгааг зөвшөөрөхгүй. Манай тооцооллоор бид нийтдээ 25 000 000 төгрөгийн ажил хийсэн байгааг багасгасан үнийн дүнг гаргасан байна. Нэгэнт бид гэрээний дагуу хийх ажлаа дутуу гүйцэтгэсэн хэдий ч бид гэрээнд заагдаагүй илүү ажлыг хийсэн тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн 35 901 000 төгрөгт хийсэн ажил маань багтаж байгаа. Нэхэмжлэгч болон хариуцагч компанийн хооронд ажил хэргийн харилцаа байсан. Бид нийтдээ 2 гэрээг бичгээр, 1 гэрээг амаар хийсэн. Бид нэхэмжлэгчтэй аман гэрээ байгуулж Төв аймгийн Өвгөний аманд байрлах сүмийн барилгын бүх хаалга цонхны ажлыг нь хийсэн. Бас Төв аймагт байрлах газарт нэхэмжлэгчийн ажилчдын байрыг бүхэлд нь барьсан. Уг ажлуудын хүрээнд нэхэмжлэгч 25 243 ам.долларыг шилжүүлсэн. Тэгсэн атлаа одоо биднийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч компани нь нэхэмжлэгчийн захиалгын дагуу дээр дурдсан ажлуудыг хийсэн, нэхэмжлээд байгаа мөнгө нь хийсэн ажлуудын төлбөр байх гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч тайлбарлахдаа уг мөнгийг шилжүүлэхдээ “Төв аймаг залаатын шилэн фасадны ажлын төлбөр” гэж бичсэн байдаг. Энэ мөнгө манай дансанд орсон эсэх нь тодорхойгүй. Тэгэхээр гүйлгээний утга хэсэг зөрсөн байгаа нь манайх авсан гэсэн зүйл биш юм. Хоёр компанийн ажил гүйцэтгэх гэрээнд бусад компаниуд гуравдагч этгээдээр ажилд оролцоод явж байсан. Тэр компани руу шилжүүлсэн байх магадлалтай. Үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлсэн гээд байгаа ч манайд энэ талаар нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч хэрэгт энэ талаар баримт байхгүй. Тухайн үед ам.долларын ханш 1462 төгрөг байхад мөнгөө шилжүүлчихээд одоо 2015 оны ханшаар үүргийн гүйцэтгэлийг шаардаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл ам.долларын ханш бага байхад шилжүүлчихээд 2015 оны байдлаар ам.долларын үнэ өссөн байхад буцааж нэхэмжилж байгаа нь манайд мөнгөө хадгалуулчихаад буцааж өндөр үнийн дүнгээр нэхэмжилж байгаа юм шиг харагдаж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид шинжээчийн зардлуудыг хөрөнгө, мөнгөний бололцоогүйн улмаас төлж чадаагүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00099 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Т Ц”ХХК-иас 157 367 286 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МАК”ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 830 015 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 163 936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 944 786 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан хариуцагчаас 330 000 төгрөг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д 1 000 000 төгрөг гаргуулж Барилгын төсөвчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 918 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00099 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “МАК”ХХК-иас төлсөн 327 351 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 945 000 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хариуцагчийн эрхийг хангалгүйгээр шүүх хуралдаан явуулж, шийдвэр гаргасан. Талуудын хооронд гэрээтэй болон гэрээгүй хэд хэдэн ажил хийгдсэн. Үүнээс 2 гэрээтэй холбоотой зүйл дээр нэхэмжлэлийн шаардлагын асуудал яригдаж байгаа. Талууд ажил гүйцэтгэхтэй холбоотой үйлдсэн бичиг баримт цөөн бөгөөд үйлдсэн бичиг баримт болон фото зургуудыг гүйцэтгэгч тал захиалагч талд бүгдийг хүлээлгэн өгсөн. Тийм ч учраас нэхэмжлэгч талаас бүхий л баримтуудыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргуулсан боловч хариуцагч бүх материалуудыг бүгдийг гаргаж өгөөгүй, шүүхээс нуун дарагдуулсан, шүүгчийн захирамжинд заагдсан баримтууд бүрэн ирсэн эсэх дээр шүүх дүгнэлт хийгээгүй. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч ажил гүйцэтгэсэнтэй холбоотой баримт хариуцагчид байхгүй, нэхэмжлэгч гаргаж өгөхгүй байсан учраас нэхэмжлэлийн шаардлага тус бүр дээр тухай тухайн үед нь шижээч томилуулан дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүхэд тавьж, ажлын гүйцэтгэлээ мөнгөн дүнгээр үнэлүүлсэн. Хариуцагчаас хүсэлт гаргаж шинжээч томилуулсан нь ор үндэслэлгүй асуудал дээр цаг хугацаа авах гэж шинжээч томилуулсан асуудал нэг ч удаа байгаагүй, харин ч үндэслэлтэй зүйл дээр хэргийн оролцогчийн эрхийнхээ дагуу хоёр удаа шинжээч томилуулж, үндэслэл бүхий зүйл дээр дүгнэлт гаргуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Нэхэмжлэгч нь гэрээтэй болон гэрээгүй амаар тохирч хийсэн ажлын төлбөр мөнгийг зөвхөн дансаар шилжүүлдэг. Гэвч яг ажил хийгдсэн энэ цаг хугацаанд 25,243 ам.долларыг үндэслэлгүй шилжүүлсэн гэж нэхэмжилсэн. Хариуцагч энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үгүйсгэх, татгалзлаа нотлох баримт байхгүй байсан учраас нэхэмжлэлд дурдаагүй боловч талуудын хооронд байгуулагдсан аман гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үнэлгээн дээр шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан нь ИХШХШтХуулийн 25 дугаар зүйлд заасан “...шинжээч томшуулах эрхтэй” гэсэн хэргийн оролцогчын эрхийг зорчсөнд маш их гомдолтой байна. Мөн шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхийг хүртэл ноцтойгоор зөрчиж, хязгаарласанд маш их гомдолтой байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч талын хийж гүйцэтгэсэн ажил болон үндэслэлгүйгээр шилжүүлсэн мөнгийг ажлын хөлс байсныг нотлох зорилгоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг "...уг үйл баримтыг тогтооход Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан тусгай мэдлэг шаардлагагүй юм” гэж дүгнэсэн нь өрөөсгөл дүгнэлт байна. Учир нь анхан шатны шүүх яг ийм асуудал дээр тусгай мэдлэг шаардагдах учраас 2 удаа шинжээч томилсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Мөн хариуцагч талаас өмгөөлөгч авах хүсэлтийг гаргасан боловч бас л хүлээн аваагүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан “...өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж баталгаажигдаж, ИХШХШтХуулиар олгогдсон хэргийн оролцогчийн үндсэн эрхийг бүдүүлгээр зөрчиж, эрхээ хэрэгжүүлэх боломжоор нэг удаа ч гэсэн хангаагүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх “хэргийн оролцогчийн өмгөөлөгчөөр эрх ашгаа хамгаалуулах эрхийг хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд өмгөөлөгч авах эрхтэй” гэсэн байдлаар дүгнэсэн нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйл баримт гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын ам.долларын ханшны зөрүүтэй холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2012 оны 09 дүгээр сарын 25-ны  өдөр    талуудын хооронд байгуулагдсан 499-0712 тоот гэрээний тухайд нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 51 385.90 ам.долларыг нэхэмжилж, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ам.долларын ханш 1953.19-өөр тооцож төгрөгт шилжүүлэн 100 366 426 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөр төлнө” гэж заасан. Үүний дагуу талуудын хооронд гэрээ байгуулагдаж, үүрэг үүссэн өдөр нь 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр юм. Энэ өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш нь 1402.68 байсан. Үүнээс тооцвол нэхэмжилж байгаа 51 385.90 ам.доллар нь 72 076 711 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн энэ шаардлагын тухайд ам.долларын ханшийн зөрүүгээр 28 289 714 төгрөгийг хариуцагч ямар ч үндэслэлгүйгээр илүү төлөх үүрэг үүсч байгаа нь хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 25, 43 ам.долларыг хариуцагчийн дансанд үндэслэлгүйгээр, андуурч шилжүүлсэн гээд буцаан нэхэмжилж байгаа. Нэхэмжлэхдээ мөн л нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 1953.19-өөр тооцож 49 304 375 төгрөг нэхэмжилж байна. Мөнгө шилжүүлсэн гэх 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ам.долларын ханш нь 1462.75 байсан ба энэхүү ханшаар тооцвол 36 905 266 төгрөг болж байгаа юм. Нэхэмжлэгч нь түүний өөрийн ажилтны буруугаас шалтгаалан үндэслэлгүйгээр хариуцагчийн данс руу энэ мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл “танай дансанд буруу мөнгө шилжүүлчихлээ” гэж яг тухайн үед нь битгий хэл, тодорхой хугацаанд ч энэ талаар манайд нэг ч удаа амаар болон бичгээр мэдэгдэж байгаагүй атлаа гэнэт 2 жилийн дараа банкинд мөнгө хадгалуулсан юм шиг ам.долларын ханшийн зөрүүг ашиглан 2 дахин нугалж, манай байгууллагын буруу мэтээр нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үнэхээр өөрсдийн буруугаас андуураад шилжүүлсэн гэж үзвэл мөнгө шилжүүлсэн өдрийн ам.долларын ханшаар мөнгөө буцаан авах нь хуульд нийцсэн, шударга асуудал юм. Түүнээс биш нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай, алдаатай үйл ажиллагааны улмаас шилжүүлсэн мөнгөний төлөө манай компанийг зүгээр байж байгаад хүү төлж байгаа юм шиг ийм их хэмжээний мөнгө төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Ам.долларын ханшийн зөрүүгээр тооцсон мөнгө нь 12 399 109 төгрөг болж байгаа ба үүнийг нэхэмжлэгчид ямар ч үндэслэлгүйгээр төлөх үүрэг үүсгэн шүүх шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Шүүх зөвхөн нэхэмжлэгч талын мөнгө шилжүүлсэн гэх ганцхан баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь өрөөсгөл, үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хооронд нэхэмжлэлд дурдсанаас гадна гэрээтэй болон бичгэн гэрээгүй хэд хэдэн ажил захиалж гүйцэтгэсэн нь талуудын тайлбараар нотлогддог. Иймээс нэхэмжлэлийн энэ шаархтагын тухайд хэргийн бодит үнэнийг тогтоох зорилгоор өөр ажлууд хийгдсэн байдал, төлбөр мөнгөө дансаар шилжүүлсэн баримт, зөвхөн гүйлгээний утгаа андуурч бичсэн нь мөнгөө буцааж авах үндэслэл мөн эсэх, энэ талаар тухайн үед болон өмнө нь яагаад нэг ч удаа мэдэгдэж байгаагүй нөхцөл байдал, мөн хэргийн үнэн бодит байдлыг тогтоолгох зорилгоор хариуцагч талаас гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авалгүй, тодорхойгүй нөхцөл байдалд шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэн нэг нь ямар ч шалтгаангүйгээр өөр нэг этгээдэд бага ч биш их хэмжээний мөнгийг зүгээр өгчихөөд, чив чимээгүй 2 жил хүлээнэ гэдэг байж боломгүй зүйл. Манай компани нь багахан үйл ажиллагаа явуулж тодорхой хэмжээний ажилчдыг цалинжуулдаг, нэхэмжлэгч компанийг бодвол жижиг компани. Гэтэл долларын ханшийн зөрүү зэргээр шалтаглан 20, 30 саяар нь илүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүйн дээр төлөх чадваргүй. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч тал ам долларыг буцаан шаардахдаа үүрэг үүсэх үеийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218.1-т заасантай харшлахгүй” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа ам долларын ханшийг гэрээ байгуулж, үүрэг үүсэх үеийн ханшаар бус, 2 жилийн дараах нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангасан атлаа дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй, зөрчилтэй байна.

Иймд анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүд нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1 “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн 172.2.2-т зааснаар “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” учраас Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/00099 дугаартай шүүхийн шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 918 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийн үнэн зөв байдлыг тогтоох, хэргийн оролцогчийн эрхийг хангуулах зорилгоор хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Зохигчдын хооронд үүссэн гэрээний бус үүрэг болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн маргааны үйл баримтыг хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч “МАК”ХХК нь хариуцагч “Т Ц”ХХКомпаниас 201 197 301 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа

1.2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын хаалга, цонх хийлгэх, ажлын хөлсийг 48 100 ам.доллараар тохирсон боловч манай зүгээс 3 285 ам.долларыг илүү шилжүүлж, нийт 51 385 ам.долларыг шилжүүлсэн бөгөөд хариуцагч гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгээгүй тул гэрээг цуцалж 51 385 ам.доллар буюу 100 366 426 төгрөгийг гаргуулах,

2. 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний дагуу гадна фасадны ажил гүйцэтгэх, ажлын хөлсөнд 62 601 000 төгрөг төлөхөөр тохирч, манайх урьдчилгаанд 35 901 000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч үүргээ бүрэн биелүүлээгүй, 10 450 000 төгрөгийн ажлыг хийсэн тул гэрээг цуцалж илүү шилжүүлсэн 25 451 000 төгрөг, алданги 26 075 500 төгрөг нийт 26 526 500 төгрөгийг гаргуулах,

3. Санхүүгийн алдаатай үйл ажиллагаанаас болж 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  үндэслэлгүйгээр шилжүүлсэн 25 243 ам.доллар буюу 19 304 375 төгрөгийг буцаан гаргуулах гэсэн  3 үндэслэлээр тодорхойлжээ.

Хоёр шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдал, ажлын үр дүн байсан эсэх, гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх асуудлаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Ажил гүйцэтгэгч “Т Ц”ХХКомпани 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээнд заасан ажлын хөлсний заримыг буюу 48 100 ам.долларыг хүлээж авсан боловч 231 200 төгрөгийн ажил хийснээс өөр ажил гүйцэтгээгүй, гэрээний хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэгч Монголын алт ХХКомпани нь гэрээг цуцлах эрхтэй ба шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар хийсэн ажлын хөлс 231 200 төгрөгийг хасч, үлдэх 93 717 239 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Хоёр дахь гэрээ буюу 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 35 901 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч ажлаа зохих ёсоор биелүүлээгүй тул, нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, хийгдсэн ажлын хөлс 27 865 779 төгрөгийг харилцан тооцон, илүү шилжүүлсэн 8 035 221 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлийн талаар шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1-д нийцсэн дүгнэлтийг хийсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шилжүүлсэн 25 243 ам.доллар гэрээний үүрэгтэй хамааралгүй, хариуцагч уг мөнгийг авах үндэслэл тогтоогдоогүй тул шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтаар уг шаардлагыг хангасан нь хууль зөрчөөгүй, шүүх нэхэмжлэлийн бүх шаардлага,түүний үндэслэлийн талаар хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийжээ.  

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд тусгасан “...Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, өмгөөлөгч авах эрхийг хангаагүй, мөнгөн хөрөнгө үндэслэлгүй шилжүүлсэн гэдгийг шинжээчийн дүгнэлтээр нотлуулах хүсэлтийг хүлээж аваагүй...” талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийж, магадлалд тодорхой тусгажээ. Ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй явдалд захиалагч буюу нэхэмжлэгч буруутайг, мөн гэрээгээр тохироогүй нэмэлт ажил хийсэн талаар хариуцагч нотлоогүй  байна.

Зохигчид нь  ажил гүйцэтгэх эхний гэрээнд ажлын хөлсийг ам.доллараар тохирсон,  хариуцагч нь хөлсийг ам.доллараар урьдчилан авсан боловч ажлын үр дүнг бий болгоогүй тул  захиалагч гэрээнээс татгалзахад гэрээний дагуу шилжүүлсэн  мөнгийг тухайн хэлбэр, төрлөөр нь буцааж өгөх үүрэгтэй юм. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь монгол үндэсний мөнгөн тэмдэгт болон гадаад валютын харьцах ханшид хамаарахгүй  тул ам.долларыг үүрэг үүсэх үеийн ханшаар тодорхойлох үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00099 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 918 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 945 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА