Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-15
Дугаар 001/ХТ2017/00968
Хэргийн индекс 101/2016/09035/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч Э ББСБ ХХК
Хариуцагч Ө.О
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/00486 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 963 дугаар магадлалтай,

Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ө.О-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 156.963.564 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан гомдлоор,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ББСБ ХХК иргэн Ө.О-тай 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 15/114 тоот зээлийн гэрээ байгуулж, 9.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2013 оны 02 дугаар сарын 15-нд Монгол Улсад орж ирсэн, 19-65 УНБ улсын дугаартай, 00933179 гэрчилгээний дугаартай, хар өнгийн Volkswagen touareg маркийн автомашиныг барьцаалсан. Зээлдүүлэгч тал зээлдэгч Ө.О-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь хүүнд 1.940.790 төгрөг төлсөн болно. Энэ нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Машиныг бидэнд авч ирж өгөхгүй байгаа. Фидуцийн гэрээг мөн Ө.О-тай байгуулсан. Фидуцийн гэрээнээс татгалзаж байна.

Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Ө.О-аас 15/114 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 9.000.000 төгрөг, зээлийн хүү 5.802.970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.160.594 төгрөг, нийт 15.963.564 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө.О миний нөхөр байсан Д.Одгэрэл нь 2015 оны 4 дүгээр сард найзаасаа машин авч байгаа өөрийнх нь нэр дээр шилжүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлд өртэй байгаа учраас болохгүй байна, чиний нэр дээр шилжүүлээд авъя гэхэд нь би татгалзаагүй. Удалгүй Д.Одгэрэл би зээл авах гэхээр шийдвэр гүйцэтгэлд өртэй гээд зээл гарахгүй байна чиний нэрээр авъя гээд Э ББСБ ХХК-ийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед би Э ББСБ ХХК-ийн гэрээ зэрэг холбогдох материал дээр гарын үсэг зурсан болно. Мөн мөнгийг нь Э ББСБ ХХК нь зөвхөн надад шилжүүлнэ гэснээр өөрийнхөө дансаар хүлээн авч Д.Одгэрэлд гаргаж өгсөн нь үнэн. Э ББСБ ХХК-иас авсан гэх зээлийг миний нэрээр Д.Одгэрэл авч ашигласан тул миний бие хариуцах учиргүй гэж үзэж байна.

Энэ зээлийг төлөхдөө мөнгө байхгүй байна хугацаа нь болчлоо гээд Д.Одгэрэл ярих үед хааяа би төлбөрөөс нь хийж тусалж байсан. Надад банк бус санхүүгийн байгууллагаас 9.000.000 төгрөг авах хэрэгцээ шаардлага байгаагүй, Д.Одгэрэл нь өөрөө төлчихнө гэхээр нь гэрээнд гарын үсэг зурж, дансаараа хүлээн авч мөнгийг нь түүнд өгсөн нь бодит зүйл. Иймд, миний бие зээлийн гэрээний үүргийг хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. 1.940.790 төгрөгийн хүү төлсөн, маргаангүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар халхавчилж хийсэн хэлцэл байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/00486 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.О-аас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 15.963.564 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 307.970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.О-аас 237.767 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 963 дугаар магадлалаар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/00486 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.О-аас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 15.963.564 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг хангасугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүнд нийт 1.940.790 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй ...” гэж дүгнэсэн байна. Хариуцагч Ө.О нь зээлийн гэрээний дагуу хүү төлөөгүй, нэхэмжлэгчид төлсөн хүүний дийлэнхи хувийг Д.Одгэрэл төлж байсан байдаг. Энэ талаар шүүхийн шатанд хариуцагч талаас тайлбарласныг шүүх хүлээж авалгүй нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийсэн байна. Мөн “...Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн асуудлаар талуудын мэтгэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд...” зэргээр нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн асуудлыг дүгнэсэн боловч тус өөрчлөгдөж буй нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч талаас тайлбар гаргах хугацаа олгоогүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн анхан шатны шүүхийн алдаатай ажиллагааг давж заалдах шатны шүүх засаагүй болно.

Түүнчлэн фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг дордсон эсэх талаар ямар ч нотлох баримт /гэрчийн дам сонссон мэдүүлгээс өөрөөр баримтгүй/ байхгүй байхад түүнийг “....шинж байдал чанарын хувьд дордсон, бодитойгоор гаргуулан авах боломжгүй болсон гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Үүнээс улбаалан нэхэмжлэгч талыг гэрээнээс татгалзах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлийн хүүг хэн төлж байсан нотлох баримт хэрэгт байхгүй, түүнчлэн автомашины шинж байдал ямар байгааг нотлох баримтгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй, нотлох баримтыг буруу үнэлж, нотлох баримтгүй асуудалд дүгнэлт хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул хяналтын гомдол гаргаж байна.

Иймд,  магадлал болон шийдвэрийг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ө.О-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 15.963.564 төгрөг гаргуулах, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар   Э ББСБ ХХК  нэхэмжлэл гаргасныг,  хариуцагч зээлдэгч биш гэсэн үндэслэлээр  эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн болон бусад  үйл ажиллагааг эрхэлдэг байгууллага мөн ба зохигчдын хооронд зээлийн ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасантай нийцжээ.

Хариуцагч Ө.О зээлийн гэрээний тал биш гэж маргах боловч энэ нь хэргийн баримтаар үгүйсгэгдсэн байна.

Хариуцагч Ө.О гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч Э ББСБ ХХК зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан байх ба зээлийн талаархи тооцоолол  талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг зөрчөөгүй байна.

Зээлийн хүүд төлөгдсөн 1.940.790 төгрөгийн заримыг  зээлийг дамжуулан авсан гэх Ө.Одгэрэл төлсөн нь Ө.О-ыг Э ББСБ ХХК-ийн өмнө хүлээх гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Фидуцийн зүйл буюу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан хөдлөх эд хөрөнгө болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Э ББСБ ХХК нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн эд хөрөнгө  хаана байгаа нь тодорхой бус, чанар байдал нь муудсан гэх  үндэслэлээр энэ шаардлагаасаа татгалзжээ.

Үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах шаардлагын талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хоорондоо зөрчилдөөнтэй болсноос гадна  нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэл муутай байна.

Давж заалдах шатны шүүх мөн нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсныг, фидуцийн гэрээнээс татгалзсан гэх агуулгаар дүгнэсэн нь буруу байна.

Учир нь, нэхэмжлэгч фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа өөрчилсөн, бие даасан өөр шаардлагыг гаргасан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй  байна.  

Иймд, дурдсан үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зөв гэж үзлээ.

Автомашины өмчлөх эрх нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д шилжсэн боловч тухайн  эд хөрөнгийг эзэмшилдээ аваагүй, уг автомашиныг хэн, хаана эзэмшиж байгаа нь тодорхой бус байгаа нь хэргийн баримтаар тогтоогдсон тул үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах боломжгүй. Нөгөө талаар хариуцагч Ө.О зээлийн  гэрээний үүрэг зөрчигдсөн үеэс үүргийг автомашинаар хангуулах боломжтой гэж үзсэн бол энэ талаар санаачлага гаргах эрхтэй байжээ.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн ” ... зээлийн хүүг хэн төлснийг тогтоогоогүй,... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн асуудлаар хариуцагч талаас тайлбар гаргах хугацаа олгоогүй,... автомашины чанар байдал дордсон нь тогтоогдоогүй байхад дүгнэлт хийсэн...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаана  уу...” гэх гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 963 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ ... 205 дугаар зүйлийн 205.1...” гэснийг хасч, “...олгож, ...” гэсний дараа “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ...” гэж нэмж, “... хангасугай...” гэснийг “...баталсугай...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.  

               

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                      

  ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ