Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-14
Дугаар 001/ХТ2017/00945
Хэргийн индекс 181/2016/01297/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч Г.Г
Хариуцагч Ж.Э.П ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Г.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00417 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 913 дугаар магадлалтай,

Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Э.П ХХК-д холбогдох,                                   

Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлд 430.875.117 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэнгийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчий өмгөөлөгч С.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Гандигара шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ж.Э.П ХХК-тай GV/G4/2G тоот орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ байгуулсан билээ. Гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэгэ Вилла орон сууцны A4 блокт 163 м.кв талбай бүхий 201 тоотод байрлах орон сууц, автомашины зогсоолын хамт худалдан авахаар тохиролцсон. Г.Гандигара нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууц болон автомашины зогсоолуудын үнийг дараах байдлаар төлсөн байдаг.

Үүнд, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 109.430.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 190.000.000 төгрөгийг хариуцагч компанийн Голомт банкны дансаар тус тус шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Лексус 570 маркийн автомашиныг 110.000.000 төгрөгөөр үнэлж, гэрээний төлбөрт тооцуулан хүлээлгэж өгсөн. Гэрээний 3.1.1-д гүйцэтгэгч нь 1.2-т заасан гүйцэтгэгч нь орон сууцыг барьж 2015 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл уг үүргээ биелүүлээгүй байна. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр автомашин хүлээлгэн өгөхдөө Ж.Э.П ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэж байсан н.Аззаяагаас барилгын үйл явцыг асуухад өвөл болоод барилгын ажил зогссон байна 2016 оны 3 дугаар сард хүлээлгэн өгнө гэсэн боловч биелүүлээгүй. 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр алданги тооцохоор нэмэлт гэрээ байгуулсан юм. 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр барилгын үйл явцтай танилцахад барилгын үйл явц огт өөрчлөгдөөгүй байсан. Барилгын инженер нь утсаар төвийн цэвэр усанд холбогдох байснаа больж худаг гаргахаар болсон, Барилга энэ ондоо багтаж ашиглалтад орж амжихгүй, 2016 оны 01 дүгээр улиралд ашиглалтад орохоор болсон, Хотхон бүрэн ашиглалтад ортлоо гадна тохижилтын ажил тоглоомын талбай зэрэг хийгдэхгүй зэрэг мэдээлэл өгсөн.

Орон сууц болон автомашины зогсоолууд, гадаа тохижилт хийгдээгүй уг барилга хэзээ ашиглалтад орох нь тодорхой бус байна. Тиймээс Ж.Э.П ХХК-ийн орон сууц захиалгаар барих гэрээнээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч Ж.Э.П ХХК-ийн зүгээс төлбөр төлөх боломжгүй гэсэн хариу өгч барилгын ажлаа үргэлжлүүлсээр байна. Гэрээний хугацаа дуусаад нэг жил өнгөрсөн, цаашид ч хугацаа сунжрах нь илэрхий болсон тул гэрээнээс татгалзаж байна. Гэрээний үүрэгт төлсөн төлбөр 409.430.000 төгрөг, үүрэг гүйцэтгэгчийн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, алдангид 21.000.000 төгрөгийг, нийт 430.875.117 төгрөгийг Ж.Э.П ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Г-ийн байр 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад орох байсан бөгөөд хугацаа сунгасан нэмэлт гэрээ байгуулсан байдаг. Орон сууцны барилгын ажлын талаар бид Г.Гандигарад тухай бүрд нь байнга мэдээлэл өгч байсан. Г.Гандигара нь орон сууц бүхэлд нь ашиглалтад орсон хойно орон сууцаа хүлээн авна гэсэн. Бид анх 409.000.000 төгрөгийн захиалга авсан. Гэтэл Г.Гандигара нь 21.000.000 орчим төгрөгийг нэмэлтээр нэхэмжилсэн байна. Манайхаас гэрээ цуцлаагүй урамшуулал болгон 8.000.000 төгрөг хасна гэсэн байгаа. Мөн нэмэлт гэрээ байгуулан уг нэмэлт гэрээгээр 0.1 хувиар тооцон буцаан олголт хийнэ гэсэн байдаг. Нэмэлт гэрээ байгуулсны дараа манайхаас байраа хүлээлгэн өгөх бодолтойгоор ажиллаж байхад хэд хоногийн дараа Ж.Э.П ХХК-ийг шүүхэд өгч гэрээгээ цуцална гэсэн. Манай зүгээс ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгнө. Тиймээс гэрээгээ цуцлах боломжгүй юм. Хэрэв гэрээгээ цуцлах хүсэлтэй байгаа бол өмнө нь манайд ямар хэлбэрээр төлбөр тооцоо хийсэн яг тэр хэлбэрээр төлбөр тооцоо хийх хүсэлтэй байгаа.

Төлбөрт дүйцүүлэн бодсон автомашин зэргийг адил байдлаар өгнө. Талууд гэрээний 3.1.5-д тохирсон бөгөөд орон сууц ашиглалтад орох хүртэл алданги тооцохоор тохиролцсон байдаг. Нэмэлт гэрээ нь дээр алдангийн асуудлаар тохиролцсон ч захиалагч үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.4 дэх хэсэгт заасны дагуу татгалзах санал гаргаагүй тохиолдолд 204 дүгээр зүйлийн 204.5 дахь хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд татгалзана гэсэн байдаг. Гэтэл захиалагч үүргээ биелүүлээгүй байхад бид яагаад гэрээ цуцлах ёстой юм бэ, тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай зүгээс торгууль алданги бүх зүйлээ төлнө гэсэн байгаа. Хэрэв Г.Г-ийн зүгээс мөнгөө бүрэн өгсөн бол бид гэрээ цуцлах боломжтой байсан. Мөн Г.Гандигара нь өөр байр захиалсан гэх тул бид энэ талаар судална гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Г- нь Ж.Э.П ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ хийсэн бөгөөд хугацаа сунгасан гэрээгээр орон сууцыг хүлээн авах хугацаа болоогүй байхад гэрээнээс татгалзаж төлсөн төлбөр болох мөнгөн дүн дээр учирсан хохирол гэх 21.000.000 төгрөг нэмж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Манай зүгээс алдангаа 0.5 хувиар бодсон бөгөөд 110.000.000 төгрөгийн дутагдалтайгаар дутуу төлсөн. Дахин 9 хоног хоцорч төлбөр өгсөн байгаа. Бидний зүгээс алдангаа 02 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаагаар тооцсон. Г.Г- нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 190.000.000 төгрөг төлөх ёстой байсан  төлөөгүйн улмаас манай компани хохирол хүлээсэн. Г.Г- болон бусад захиалагчид Монгол улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор мөнгөө хугацаандаа шилжүүлээгүй тул барилгын бараа бүтээгдэхүүн авах хугацаа хойшилж барилгын ажил удааширсан.

Иймд, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, мөн гэрээний 4.1-д тус тус зааснаар Г.Г-аас 3.618.800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Г- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талууд гэрээ байгуулан 109.000.000 төгрөг төлөх ёстой байсан. Тухайн гэрээгээ төлбөр хийхийн өмнө нь байгуулаад дараа нь мөнгө өгөхөөр тохиролцсон байдаг. 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 190.000.000 төгрөг төлөх ёстой байсан төлөөгүйн улмаас хохирсон гэж байна. Ж.Э.П ХХК-ийн захирал н.Аззаяа болон Г.Г- нар 14 хоногийн дараа бүх мөнгөө өгнө гэж хоорондоо тохиролцсон байдаг. Тохиролцооны дагуу Г.Г- төлбөрөө төлсөн боловч 2015 оны 4 дүгээр улиралд байр ашиглалтад ороогүйн дээр барилгын ажил зогсонги байдалтай болсон байсан. Н.Аззаяа захирал Г.Г-ийн нөхөр болох н.Мөнхбаттай тохиролцоод төлбөрийнхөө оронд автомашин өгч болно гэсний үндсэн дээр тухайн автомашинаа өг хэмээн шахамдуулж авсан байдаг. Г.Г- нь н.Аззаяа захиралтай уулзан мөнгө төгрөг өнгөрлөө, манайх гэрээнээс татгалзъя гэсэн боловч гэрээгээ цуцалмааргүй байна танайд алданги тооцож, тавилга гарган өгнө гэж хугацаа хожсон байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлээс 804.035 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00417 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Э.П ХХК-иас 409.430.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21.455.117 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Гандигараагаас 804.035 төгрөг гаргуулж, хариуцагч Ж.Э.П ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2.814.765 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.312.330 төгрөг болон хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72.860 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э.П ХХК-иас 2.205.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т олгож, нэхэмжлэгч Г.Г-аас 23.847 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ж.Э.П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр  сарын 12-ны өдрийн 913 дугаар  магадлалаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.205.100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг хэвээр баталсан Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд,

Г.Гандигара нь гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 190.000.000 төгрөг төлөх ёстой байсан ба тэрээр гэрээний үүргээ эхлээд өөрөө зөрчиж хугацаандаа төлөөгүйн улмаас манай компани хохирол хүлээсэн. Г.Гандигара болон бусад захиалагчид гэрээний дагуу төлбөрөө хугацаандаа шилжүүлээгүй тул барилгын бараа бүтээгдэхүүн авах хугацаа хойшилж барилгын ажил удааширсан болно. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, мөн гэрээний 4.1-д тус тус зааснаар Г.Г-аас 3.618.800 төгрөг гаргуулах үндэслэлтэй байхад шүүх хууль буруу хэрэглэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 3.618.800 төгрөгөөс 804.035 төгрөгийг хангаж үлдэгдэл 2.814.765 төгрөгийн шаардлагыг хангаагүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Иймд,  магадлалын 2.814.765 төгрөгт холбогдох энэ хэсэгт гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.Гандигара, Ж.Э.П ХХК-д холбогдуулж гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн 409.430.000 төгрөг, хохирол 21.445.117 төгрөг, нийт 430.875.117 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, алдангид 3.618.800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлээс 804.035 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байна.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан  “орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ”-ний  харилцааны төрлийг үндэслэлтэй тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргээ хариуцагч хугацаандаа зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэйг дүгнэж,   нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Г-ийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож болон улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй  алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу байна.

Иймд, дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Зохигчдын хооронд 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан  GV/А4/2А гэрээгээр ажил гүйцэтгэгч Ж.Э.П ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд орших Villa орон сууцны А-4 блокт 163 м.кв талбайтай 201 тоотыг барьж 2015 оны 4 дүгээр улиралд захиалагч Г.Г-т хүлээлгэн өгөх, захиалагч орон сууц болон автомашины зогсоолын  үнэд нийт 547.150.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Г.Гандигара ажлын хөлсөнд нийт 409.430.000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй ба ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүйгээс  гүйцэтгэгч,  захиалагчид алданги тооцон төлөх талууд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр  тохиролцжээ.

Энэ хугацаанаас хойш орон сууц ашиглалтад хэзээ орох нь тодорхой бус байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэрээнээс татгалзах хүсэлтийг хариуцагчид гаргаж, улмаар гэрээгээр шилжүүлсэн 409.430.000 төгрөгөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөрчихгүй, энэ талаар хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохиролд 21.455.117 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.01 хувиар алданги төлөх гэрээний 3.1.3, 4.1-дэх заалт гэрээг цуцалсан нөхцөлд хэрэгжих заалт биш байна. Нөгөө талаар хариуцагч Ж.Э.П ХХК нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар нөгөө талаас алданги нэхэмжлэх эрхээ алдсан байна. Энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ.

Иймд “...алданги гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 913  дугаар магадлалын 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны   өдрийн 181/ШШ2017/00417 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “... 205.1...” гэсний дараа “...227 дугаар зүйлийн 227.1...” гэж нэмж,  3 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1...” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Ж.Э.П ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.987 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.  

                  

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                 Г.АЛТАНЧИМЭГ