Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-21
Дугаар 001/ХТ2017/00989
Хэргийн индекс 102/2016/00515/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Готовдоржийн Цагаанцоож
Нэхэмжлэгч Э ХХК
Хариуцагч М ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Э ” ХХК болон С.Н  нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00325 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 859 дүгээр магадлал,

“Э ” ХХК болон С.Н  нарын нэхэмжлэлтэй,

“М ” ХК-д холбогдох,

Хохиролд 1.572.047.252 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Ууганбаяр, Ж.Базарсад, хариуцагчийн төлөөлөгч Б.Зориг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Э ” ХХК, С.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцааны ЗБ/166-1, ЗБ/166-2, ЗБ/166-3, ЗБ/166-4 тоот гэрээний дагуу Худалдаа Хөгжлийн банкнаас 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн 317166 дугаартай гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн эрх нээх нэмэлт ЗГ/166-1 тоот гэрээний дагуу сарын 1.2 хувийн хүүтэй 8.000.000 ам.долларын зээл авч Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Голден парк хотхоны Зи 303 дугаартай 16 давхар 480 айлын орон сууцны барилгыг барьж дуусган 2012 оны 10-р сарын 01-ны өдрийн 326/2012 дугаартай улсын комиссын актаар албан ёсоор ашиглалтад оруулсан. Хариуцагч "М " ХК-ийн зүгээс Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан Голден парк хотхоны 301, 303 дугаартай орон сууцны барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах тухай 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Улсын комиссын 326/2012 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар хариуцагч "М " ХК нь улсын комиссын 326/2012 тоот актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 780 дугаартай Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын комиссын 2012 оны 326/2012 тоот актын биелэлтийг уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 98 дугаартай тогтоолоор захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 780 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нийт 480 айлын үл хөдлөх эд хөрөнгө гарах ёстойгоос түдгэлзэхээс өмнө 114 айлын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч 366 айлын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ түдгэлзсэн.Улсын Дээд шүүхийн 259 тоот тогтоолоор "М " ХК-ийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Улсын Улсын комиссын 326/2012 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэснээр 780 дугаартай захирамж хүчингүй болсон.Улсын комиссын акт түдгэлзүүлснээс хариуцагч, гуравдагч этгээдэд учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасны дагуу "М " ХК нь хариуцах үүрэгтэй гэж хуульчилсан. Хариуцагч "М " ХК-ийн буруутай үйлдлээс болж Улсын комиссын 326/2012 тоот актын биелэлт түдгэлзсэнээс нэхэмжлэгч "Э " ХХК-д буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйгээс болоод гарсан зардлыг болон гарах ёсгүй байж байгаад "Э " ХХК-иас гарсан зардлыг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч "Э " ХХК нь Голден парк хотхоны 301, 303 тоот орон сууцны 480 айлын барилгыг Худалдаа Хөгжлийн банкнаас авсан 8.000.000 ам.долларын зээлээр барьж ашиглалтад оруулж, Худалдаа Хөгжлийн банкнаас авсан зээлээ Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан 317166, 317166-01 тоот зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээл, хүүний эргэн төлөх хуваарьт заасан хугацаанд Голден парк хотхоны 301, 303 тоот орон сууцны барилгад захиалга өгсөн иргэдийн төлбөрөөр Худалдаа Хөгжлийн банкинд зээл болон зээлийн хүүг төлж байсан боловч Голден парк хотхоны 2012 оны 326/2012 тоот улсын Улсын комиссын актын биелэлтийг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 780 дугаартай захирамжаар түдгэлзүүлснээс маргаан бүхий орон сууцны барилгад захиалга өгсөн захиалагч нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах боломжгүй болж тухайн үед 95 захиалагч иргэний 3.935.553.160 төгрөгийн банкны зээлийн шийдвэр цуцлагдаж, зээл олгогдох боломжгүй нөхцөл байдал үүссэнээс шалтгаалан нэхэмжлэгч "Э " ХХК-д орох ёстой орлого цаг тухайдаа орж ирэлгүй Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан зээлийн 317166, 317166-01 тоот гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөх хуваарь хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөх боломжгүй байдал үүсч зээл, хүүний эргэн төлөх хуваарь зөрчигдөж эхэлсэн. Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан 8.000.000 ам долларын ЗБ/166/04 тоот барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг мэдэгдэж байсан тул "Э " ХХК нь иргэн Б.Батбаатараас сарын 1.99 хувийн хүүтэй 2.000.000 ам долларын зээл авч Худалдаа Хөгжлийн банкнаас авсан зээлээ хэсэгчлэн төлж дуусган барьцааны зүйлийг чөлөөлүүлсэн.Б.Батбаатараас зээлийн гэрээний дагуу авах мөнгө "Э " ХХК-ийн зээл төлөгдөх дансанд орж Худалдаа Хөгжлийн банк зээлийн төлбөрийг "Э " ХХК-ийн данснаас шууд татагдаж зээл төлөгддөг байсан. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх 780 дугаартай захирамж нь Улсын Дээд шүүхийн 256 дугаартай тогтоол гарч хүчингүй болж, Голден парк хотхоны 301, 303 дугаартай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ захиалагч нарын нэр дээр гарах хүртэлх хугацаанд буюу 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл "Э " ХХК нь иргэн Б.Батбаатартай байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн ЗГ-01 тоот гэрээний дагуу нийт 677.130 ам.долларын хүү төлж хохирсон. 780 тоот захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамж гараагүй бол нэхэмжлэгч "Э " ХХК нь иргэн Б.Батбаатараас 2.000.000 ам.долларын зээл авч, зөвхөн зээлийн хүүнд нийт 677.130 ам.доллар төлөх шаардлагагүй байсан. Дээрх захирамж гарах үед "Э " ХХК нь Худалдаа Хөгжлийн банкинд 2.652.751,80 ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байсан. Нэхэмжлэгч "Э " ХХК нь иргэн Б.Батбаатараас 2.000.000 ам.долларыг 3 хувааж зээлж авч Худалдаа Хөгжлийн банкны зээлд төлж улмаар зээлийг хаасан."М " ХК-ийн буруутай үйлдлээс болж "Э " ХХК нь хохирсон бөгөөд ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гарах өдрийн ханш 1996 төгрөг 32мөнгөөр тооцоход 16.057.719 төгрөгийн хохирол учрахгүй байсан. Улсын комиссын 326/2012 тоот актын биелэлтийг түдгэлзүүлээгүй байсан бол Голден парк хотхоны 301, 303 дугаартай орон сууцны захиалагч нарын 3.935.553.160 төгрөгийн зээлийн төлбөрөөр "Э " ХХК нь Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан 317166-01 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд буюу 2013 оны 07-р сарын 26-ны өдөр бүрэн төлж дуусгах боломжтой байсан бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Монгол банкны албан ёсны ханшаар 1 ам доллар 1.501 төгрөг 78 мөнгөтэй тэнцэж байсан. Хариуцагч "М " ХК-ийн буруутай үйлдлээс болж 2014 оны 11 дүгээр сар хүртэл хугацаагаар түдгэлзсэнээс шалтгаалан нэхэмжлэгч "Э " ХХК нь иргэн Б.Батбаатарт 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сар бүр 39 800 ам.долларын зээл хүү төлөх өдрийн ханшаар ам.доллар худалдан авч, зээлийн хүүг ам.доллараар бэлнээр төлж байсан бөгөөд ам.долларын ханшийн зөрүүнээс нэхэмжлэгч "Э " ХХК нь нийт 175.425.613 төгрөгийн хохирол хүлээсэн.Нэхэмжлэгч "Э " ХХК нь Худалдаа Хөгжлийн банк, Голден парк хотхоны 301 дүгээр байрны захиалагчтай байгуулсан харилцан үүрэг хүлээх гурван талт гэрээний дагуу захиалагч С.Уртнасанд Худалдаа Хөгжлийн банк нь жилийн 18 хувийн хүүтэй зээл олгосон. 2013 оны 6 дугаар сараас эхлэн Орон сууцны ипотекийн жилийн 8 хувийн зээл олгох журам мөрдөгдөж эхэлснээр жилийн 18 хувийн хүүтэй зээл авсан иргэн орон сууцны ипотекийн жилийн 8 хувийн хүүтэй зээл рүү шилжихээр болсон боловч зээлдэгчийн нэр дээр захиалсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хариуцагч "М " ХК-ийн буруутай үйлдлээс болж гаргаагүйгээс нэхэмжлэгч "Э " ХХК нь арга буюу зээл авсан захиалагчийн 18 хувийн өндөр хүүтэй зээлээс 8 хувийн зээлийн хүүний зөрүү болох 2.266.891 төгрөгийг захиалсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах өдөр хүртэлх хугацаанд зээл авсан захиалагчдаа төлж давхар хохирсон.

Иймд "М " ХК-ийн буруутай үйлдэл буюу захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх арга хэмжээ авхуулсны улмаас учирсан хохирол болох зээлийн хүүнд төлсөн 677.130 ам.доллар буюу 1.351.768.161 төгрөг, зээлийн хүүгийн ханшийн алдагдал 201.954.481 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 8.043 ам.доллар 66 цент буюу 16.057.719 төгрөг, худалдан авагчид зээлийн хүүгийн зөрүүнд төлсөн 2.266.891 төгрөг, нийт 1.572.047.252 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М ” ХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голден Парк хотхоны 301, 303 гэсэн барилга нь ерөнхий төлөвлөгөө болон барилга барих газрын зөвшөөрөл байхгүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөл аваагүй, Барилгын тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчиж баригдсан. Дээрх зөрчлүүдийн талаар тухайн үед ажиллаж байсан улсын комисс шаардлага тавьсан байдаг. Энэхүү барилгууд ашиглалтад орсноор тухайн байранд оршин суугчдын эрх ашиг зөрчигдөхөөс гадна "М " ХК-ийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн. "М " ХК-ийн хашааны хаалгаар иргэд машинтайгаа орж гардаг болсноор 24 цагийн үйл ажиллагаатай гаалийн бүсийн онцгой дэглэм зөрчигдөж эхэлсэн, галт тэрэгний явах хөдөлгөөнд саад болсон, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэглэм зөрчигдсөн, осол аваар, хулгай гарах зэрэг олон зөрчлүүд бий болсон бөгөөд өнөөдөр ч гэсэн энэ байдал үргэлжилсээр байна. Үүнтэй холбоотойгоор бид 326 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан ба үүнийг үндэслэн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 780 дугаар захирамж гарсан. Нэхэмжлэгч талын ярьснаар Голден парк хотхоны 301, 303 барилгууд дээр Худалдаа хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулан тухайн барилгуудыг барьж дуусгажээ. Зээлийн гэрээний дагуу "Э " ХХК нь улсын комиссын актыг түдгэлзүүлэхээс өмнө эргэн төлөлтөө цаг тухайд нь хийж байсан гэж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад бодит байдалд нийцэхгүй эсрэг тэсрэг зүйлүүд гарч ирж байна. 317166, 317166-1 гэсэн зээлийн гэрээнүүдэд нэхэмжлэгчийн хэлсэнтэй адил зээлийн эргэн төлөлтийг Голден парк хотхоны 301, 303 тоот орон сууцны захиалагч нарын төлбөрөөр эргэн төлнө гэсэн үүрэг хүлээгээгүй бөгөөд энэ талаар нэг ч үг дурдагдаагүй байна. Харин тухайн гэрээнд зээлийн эргэн төлөлтийн талаар маш тодорхой заалт оруулж ирсэн байна. Энэ нь гэрээний 6 дугаар заалтын 6.2.27 дахь хэсэгт “Зээлдэгч Голден парк хотхоны 101, 102, 103, 104, 105 тоот барилгуудын нийт нийт орон сууцнаас УБТЗ-ын ажилчдын захиалсан болон ахмадын байрны тендерт орсон орон сууцыг хассан үлдэгдэл болох 330 орон сууцнаас "Орон сууц санхүүжилтын корпораци"-ийн зээлээр авч байгаа иргэдийн орон сууцны "Орон сууц санхүүжилтын корпораци”-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу зээл олгох шийдвэрийг банкинд хүргүүлсний үндсэн дээр чөлөөлүүлнэ. Бусад иргэдийн худалдан авч байгаа орон сууцны төлбөрийг тус банкин дахь дансаар дамжуулан төлсөн төлбөрийн эсрэг тус тус зээлийн барьцаанд хэсэгчлэн чөлөөлүүлнэ" гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Голден парк хотхоны 301, 303 тоот биш 101-105 тоот байрнуудын борлуулалтын орлогоос эргэн төлнө гэсэн байна. Энэ тухай зээлийн гэрээний 9 дэх хэсэгт "Зээлдэгч нь энэхүү гэрээний дагуу төлөх ёстой аливаа төлбөрийг хийх хангалттай санхүүгийн эх үүсвэртэй болно" гэж баталгаажуулалт хийсэн байдаг. Мөн 9 дүгээр заалтын 9.4-д "Одоо байгаа болон ирээдүйд гарч болох аливаа шүүх, захиргаа, арбитрын шийдвэрийг биелүүлж байгаа зээлдэгчийн үүрэг нь энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд ямар ч хэлбэрээр саад болохгүй" гэсэн ба 301, 303 тоот барилгууд 2012 оны 12 дугаар сард ашиглалтад орсон. Тэгэхлээр дуусаагүй барилгын борлуулалтаас зээлийн эргэн төлөлт хийгдэнэ гэсэн ойлголт байхгүй. "Э " ХХК нь Худалдаа Хөгжлийн банк дахь өөрийн зээлийн дансны хуулгаас харахад 2012 дугаар сарын 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 8.000.000 ам.долларын үндсэн зээлийн хүүг төлж эхэлж, мөн өдөр үндсэн зээлээс 570.000 ам.долларыг төлж, 743.000 ам.доллар үлдэх ёстой байсан. Гэтэл бодит байдал дээр зээлийн үлдэгдэл 7.760.150 ам.доллар байна. Нэхэмжлэгч талын хавтаст хэрэгт хавсаргасан зээлийн дансны хуулганаас харж графикийн дагуу 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл бүх төлбөрийн бодит үлдэгдлийн хугацаандаа төлөгдөөгүй зээлийг бичсэн байгаа. Үүнээс харахад "Э " ХХК-ийн эргэн төлөлт сар болгон алдагдалтай явж байсан байна. Иймээс энэ нь 780 дугаар захирамж гарснаас болж зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхэлсэн гэсэн үг биш юм гэдгийг нотолж байна. "Э " ХХК нь эхний ээлжинд 2013 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 1.700.000 ам.доллар авч үүнийгээ хоёр хуваан төлсөн гэж байна. Гэтэл иргэн Б.Батбаатараас уг зээлийг авсан юм бол тэр өдөртөө Худалдаа Хөгжлийн банкны долларын зээлийг доллараар төлөөгүй. Дүгнэн үзвэл иргэн Б.Батбаатараас 2.000.000 ам.доллар зээлж аваагүй байна гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Улсын комиссын актыг л түдгэлзүүлсэн болохоос хариуцагч талын дансыг битүүмжлээгүй, үйл ажиллагаа явуулах эрхийг хаасан зүйл байхгүй. Мөн гэм хор учирсан гэж байгаа бол "М " ХК-ийн ямар үйлдэлтэй холбогдолтой хохирол учирсан нь тогтоогдохгүй байна. Гэрчүүд нь 780 дугаар бүхий захирамжаас болж ийм хохирол учирсан тухай яриагүй.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00325 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч "М " ХК-иас 17.827.730 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Э " ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.527.690.654 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан "М " ХК-иас хохирол 1.572.047.252 төгрөгийг гаргуулан "Э " ХХК-д олгуулахыг хүссэн С.Н гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч "Э " ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.018.186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "М " ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 247.089 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч "Э " ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 859 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00325 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7.796.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч "Э " ХХК хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч "Э " ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Голден парк хотхоны 301, 303 тоот орон сууцны барилгад захиалга өгсөн иргэдийн нэр дээр гарсан орон сууцны зээлийн төлбөр "Э " ХХК-иар дамжихгүйгээр шууд "Э  "ХХК-ийн харилцах Худалдаа хөгжлийн банк /цаашид "ХХБ" гэх/-ны зээлийн дансанд шилжигдэн "Э " ХХК нь ХХБ-аас авсан зээлээ банктай байгуулсан 317166, 317166-1 тоот зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөх хувиарт заасан хугацаанд Голден парк хотхоны 301, 303 тоот орон сууцны барилгад захиалга өгсөн иргэдийн ипотекийн зээлийн төлбөрөөр төлөгдөж байсан /Зх.х153-163х/ боловч хариуцагч "М " ХК-ийн зүгээс Голдөн парк хотхоны 301, 303 тоот орон сууцны барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан 2012 оны 326/2012 тоот улсын комиссын актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт /1хх12х/ гаргасныг шүүх хүлээн авч 2013 оны 04-р сарын 12-ны өдрийн 780 дугаартай захирамжаар 326/2012 тоот улсын комиссын актын биелэлтийг түдгэлзүүлснээс /1хх16х/ Голден парк хотхоны 301, 303 тоот орон сууцны барилгад захиалга өгсөн захиалагч нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах боломжгүй болж тухайн үед 95 захиалагч иргэний 3.935.553.160 төгрөгийн банкны зээлийн шийдвэр цуцлагдсанаар /1х/х68-2хх215х/ "Э " ХХК-д орж ирэх ёстой байсан иргэдийн ипотекийн зээлийн төлбөр зээлийн эргэн төлөх хуваарь /1хх52х/ зөрчигдөж эхэлсэн. Улсын комиссын актын биелэлт түдгэлэснээс шалтгаалж ХХБ-аас авсан зээлээ төлж чадахгүй байдалд орж Монголбанкны эрсдэлийн мэдээллийн санд орсон, ХХБ нь барьцааны зүйлийг давхар барьцаалахыг зөвшөөрөөгүйгээс бусад банк, санхүүгийн байгууллагад "Э " ХХК нь зээл хүсэх боломжгүй байдал үүссэн.

"Э " ХХК нь иргэн Б.Батбаатартай 2013 оны 06-р сарын 27-ны өдөр ЗГ-01 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн зориулалтыг тодорхой зааж 2.000.000 ам долларыг сарын 1.99 хувийн хүүтэйгээр зээл авахаар талууд харилцан тохиролцсон /2хх241-2хх247х/.

Б.Батбаатарын нөхцөл байдлыг харгалзан 3 хувааж зээлийн мөнгийг авч ХХБ-ны авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж зээлийг хаасан. Үүнд: 2013 оны 07-р сарын 03-ны өдөр 1.700.000 ам доллар авч /2х.х248х/ ХХБ-д тус өдрөө 817.868 ам доллар, 821.849,63 ам доллар, 2013 оны 07-р сарын 08-нд өдөр 30.461,50 ам доллар, 2013 оны 07-р сарын 10-нд 21.589 ам доллар, 2013 оны 07-р сарын 16-ны өдөр 5.068,50 ам доллар тус тус төлсөн /2х.х234х/, 2013 оны 07-р сарын 18-нд 200.000 ам долларыг иргэн Б.Батбаатараас авч /2х.х249х/ ХХБ-д 2013 оны 07-р сарын 19-нд 107.860.99 ам доллар, 2013 оны 07-р сарын 22-нд 65.458,67 ам доллар, 2013 оны 07-р сарын 23-нд 29.979,90 ам доллар тус тус төлсөн /2х.х234х/, 2013 оны 08-р сарын 08-ний өдөр 100.000 ам долларыг иргэн Б.Батбаатараас авч /2х.х250х/ тус өдрөө ХХБ-д 28.306,00 ам доллар, 2013 оны 08-р сарын 09-нд 76.989,20 ам доллар тус тус төлж /2х.х234х/ ХХБ-ны байгуулсан ЗГ/166, ЗГ/166-1 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан болох нь ХХБ-ны харилцах дансны гүйлгээний хуулгаар нотлогддог/2хх234х/.

"Э " ХХК нь нийт 677 130 ам долларын хүү иргэн Б.Батбаатарт төлсөн /Зхх1-18х/ болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогддог. 677.130 ам доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцоход нийт 1.351.768.161 төгрөгийн хохирол учрахгүй байсан мөн 677.130 ам долларын хүүний төлбөрийг тухайн үеийн төгрөгийн ханшаар худалдан авч давхар ам.долларын ханшийн зөрүүнээс 175.425.613 төгрөгийн хохирол учрахгүй байсан. Дээрх нөхцөл байдлуудын хооронд шалтгаант холбоотой болох нь дээрх гэрчийн мэдүүлэг болон санхүүгийн баримтаар тогтоогдож байхад анхан болон давж заалдах шатны анхаарч үзсэнгүй.

Анхан шатны шүүх нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Учир нь тус иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81-р зүйлийн 81.1-д заасны дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр хуульчилж өгсөн. 2016 оны 04-р сарын 18-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 1544 дугаартай Шүүх хуралдааны бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжаар “...2016 оны 04-р сарын 18-ны өдрийн 13.30 минутад хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ч.Мөнхцэцэг, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Амин-Эрдэнэ, Да.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнээр томилсон шийдвэрийг албажуулсугай...” гэж захирамжилсан боловч тус өдрийн шүүх хуралдааныг Ч.Мөнхцэцэг шүүгч даргалж шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ж.Сэмжид, шүүгч Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон /3-р х.х 201/. Мөн 4 дүгээр хавтаст хэргийн 91 хуудсанд авагдсан анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09-р сарын 01-ний өдрийн гэрч оролцуулах тухай шүүгчийн захирамжаар Ё.Оюунчимэгийг гэрчээр асуулгах тухай шүүгчийн захирамж гарсан бөгөөд шүүгч болон шүүгчийн туслах гарын үсэг зураагүй байсан бөгөөд шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргасны дараа анхан шатны шүүх дээрх баримтад засвар оруулж шүүгч Хангал, туслах Энхбат гэсэн нэрийг дарж засвар оруулж шүүгч Мөнхцэцэг, шүүгчийн туслах нар нь гарын үсэг зурсан байна.

Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь тухайн хэрэг маргааны шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалд үндэслэн тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн 102/ШШ2017/00325 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 859 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж "Э " ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний  хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч "Э " ХХК болон С.Н  нар  нь хариуцагч "М " ХК-с бусдад төлсөн зээлийн хүү, ханшийн алдагдал болон банкинд төлсөн нэмэгдүүлсэн хүү, худалдан авагчид төлсөн хүүгийн  зөрүүд нийт 1.572.047.252 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулснаас учирсан хохирол гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлбөрийг захиалагч нарын төлбөрөөр төлөх үүрэг хүлээгээгүй, шүүгчийн захирамж гарахаас өмнө зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж байсан, захиргааны актыг түдгэлзүүлсэн нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд саад учруулаагүй ...” гэсэн тайлбар гаргаж,  маргажээ.

"Э " ХХК нь Голден парк хотхоны 001, 002, 003 дугаартай дуусаагүй барилгын ажлыг  санхүүжүүлэх зорилгоор ХХБ-тай 2011 оны 6 дугаар сарын 27-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 5.000.000 ам долларыг 24 сарын хугацаагаар сарын 1.1 хувийн хүүтэй зээлсэн ба хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс сарын 0.22 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохирчээ. Талууд дээрх гэрээнд мөн оны 12 дугаар сарын 22-ний өдөр нэмэлт оруулан зээлийн хэмжээг 8.000.000 ам доллар,  үндсэн хүүг 1.2  хувь, нэмэгдүүлсэн хүүг 0.24 хувь болгон өөрчилсөн ба энэхүү гэрээгээр зээлдэгч нь зээлийн хүүг сар бүрийн 26-нд, зээлийг 2013 оны 7 дугаар сарын 26-нд төлж дуусгахаар тохирчээ/ хэргийн 1 дүгээр хавтас 48-52 дугаар тал/.

Нэхэмжлэгчийн барьж гүйцэтгэсэн Голден парк хотхоны 301, 303 дугаартай орон сууцны  барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын 326/2012 дугаар акт 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдөр гарсан, энэхүү барилга зээлийн гэрээнд заасан 001, 003 дугаартай  барилга болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

"М " ХК нь барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан,  Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн 780 дугаар захирамжаар дээрх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 322 дугаар шийдвэрээр "М " ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 3-ний өдрийн 355 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 259 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээжээ.

Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлснээс нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, үүнд хариуцагч гэм буруутай болох, улмаар нэхэмжлэгчид үүссэн хохирлыг хариуцах эсэх нь маргааны зүйл болжээ.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан. Ийнхүү гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, гэм буруу тогтоогдсон байхаас гадна  учирсан гэм хор, гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо байх шаардлагатай.

Нэхэмжлэгч “Э ” ХХК нь Н.Батбаатараас 2.000.000 ам долларыг сарын 1.99 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлэхээр тохирч,  2013 оны 6 дугаар сарын 27-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан ба гэрээний хугацааг 2014 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хүртэл сунгажээ. Нэхэмжлэгч нь дээрх зээлийн хүүд Н.Батбаатарт төлсөн 677.130 ам доллар буюу 1.351.768.161 төгрөг, ам долларын ханшийн зөрүү болох 175.425.613 төгрөгийг өөрт  учирсан хохирол гэж тодорхойлж нэхэмжилжээ.

“Э ” ХХК нь Н.Батбаатараас 2013 оны 7 дугаар сарын 3-ний өдөр 1.700.000 ам доллар, 2013 оны 7 дугаар сарын 18-ний өдөр 200.000 ам доллар, 2013 оны 8 дугаар сарын 8-ний өдөр 100.000 ам доллар хүлээн авсан тухай кассын орлогын баримт хэрэгт авагдсан  боловч уг ам долларыг ХХБ-ны зээлийн төлбөрт төлсөн гэх байдал хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэн байна.

“Э ” ХХК нь иргэн Н.Батбаатараас 2.000.000 ам доллар зээлж , хүүд 677.130 ам доллар төлсөн нь захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлснээс учирсан хохирол гэж үзэхгүй тул шүүх нэхэмжлэлээс 1.527.690.654 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

“Э ” ХХК нь ХХБ-тай байгуулсан гэрээний дагуу 2013 оны 4 дүгээр сарын 25-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 12-ний өдөр хүртэл хугацаанд нэмэгдүүлсэн хүүд 8.043 ам доллар төлжээ /хэргийн 2 дугаар хавтас 241 дүгээр тал/.

С.Уртнасан, Д.Наранцэцэг нар нь “Э ” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Голден парк хотхоны 301 дүгээр байрны 20 тоот орон сууцыг худалдан авах зорилгоор ХХБ-с 2013 оны 2 дугаар сарын 8-ний өдөр  37.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаагаар зээлсэн ба  “Э ” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гармагц банкинд хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ. С.Уртнасан нь Засгийн газрын тогтоолоор орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй  тул “Э ” ХХК зээлийн хүүгийн зөрүүд Д.Наранцэцэгт 1.770.041 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон /хэргийн 3 дугаар хавтас 21-39 дүгээр тал/, эдгээрийг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан.

 Шүүх, “Э ” ХХК–ийн нэхэмжлэлээс 17.827.730 төгрөгийн шаардлагыг хангахдаа захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсны улмаас учирсан хохирол гэж үзсэнийг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагч шийдвэр, магадлалд гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгч С.Н  нь “М ” ХК-д холбогдуулан хохиролд 1.572.047.252 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

“Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ч.Мөнхцэцэг, З.Доржнамжин, Н.Хангал нарыг томилсон шийдвэрийг албажуулсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 268 дугаар хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчийн “...хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах”  талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00325 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 859 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 7.796.410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ