Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-28
Дугаар 001/ХТ2017/01048
Хэргийн индекс 135/2017/00010/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч Б.С
Хариуцагч 11-р цэцэрлэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 278 дугаар шийдвэртэй,  

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаар магадлалтай,

Б.С-гийн нэхэмжлэлтэй,

Д.С-ын 11 дүгээр цэцэрлэгт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,                       

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгын гаргасан гомдлоор,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагт 11 дүгээр цэцэрлэгийн жижүүрийн ээлжинд гарсан юм. Манай ажилчид 17 цаг гээд тарцгаадаг. Би ажил авахаар ангиудаар орж яваад 17 цаг 20 минут орчимд 2 давхарын Батчимэг багшийн ангид орсон. Намайг ороход ангийн цонхон дээр 1 шил дарс 1 ууттай чихэр байсан. Би энэ юу юм бэ гэж асуутал эцэг эхчүүдийн бэлэг гэж хэлсэн. Тэр өдөр Батчимэг багшийн төрсөн өдөр байсан. Би багш Батчимэг болон туслах багш Буянзаяа хоёрт энд дарс ууж болохгүй гэдгийг анхааруулж шаардлага тавиад өөрийн ажлын байрлуугаа буюу 1 давхарын жижүүрийн байрандаа очиж цэвэрлэгээ хийсэн. Намайг үүдний шал угаагаад байж байхад нябо Балжинням 2 давхарын шатаар лаазтай пиво барьчихсан бууж ирсэн. Би юун пиво болохыг нь асуухад Батчимэг багш өгсөн юм би хариад ууна гэж хэлсэн. Би зөрөөд 2 давхарт гарахад тогооч Сэржмаа бага бүлгийн ангид туслах багш Энхжаргалтай хамт лаазтай пиво ууж суусан тэд нарт шаардлага тавихад Сэржмаа эгч надад ажлаа хийчихсэн тэгээд ч ажлын цаг дуусчихсан байна гэж хэлсэн. Би тэдэнд өөрийн тавих ёстой шаардлага тавьсан.

Тэгээд маргааш өглөө 8 цагт ажлаасаа буухдаа рапортын дэвтэр дээр бичээгүй нь үнэн тэнд архи ууж архидалт болоогүй, урд нь багш нарын баяр эрхлэгчийн төрсөн өдөр зэргээр бид бас дарс задалж ууж байсан болохоор ийм ноцтой зүйл болно гэж бодоогүй. Би хамт олныхоо эв нэгдэл нэр төрийг бодож өглөө эрхлэгчид орж хэлээгүй, болгоомжилсон болно. Тэгтэл эрхлэгч Соёлмаа нь байгууллага дээр архидалт явуулсан, намайг тэр арга хэмжээнд оролцсон гэж үзэж үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой байна. Намайг тус цэцэрлэгийн жижүүрийн үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халсан Д.С-ын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Уг байгууллагын манаач Б.С нь 2015 оны 9 дүгээр сард ажилд орж манай байгууллагын манаачаар ажиллаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой Б.С нь манаатай байх хугацаандаа согтууруулах ундаа авч орж ирснийг мэдсээр байж дотогш нэвтрүүлж, ажилчдыг өөрөө дуудан ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрч рапортын дэвтэрт бичиж тэмдэглээгүй, удирдлагад мэдээлээгүй, гарсан зөрчлийг нуун дарагдуулж удаа дараа зөрчил гаргаж ажилдаа хариуцлагагүй ажиллаж байсан болно. Мөн Б.С нь ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журмыг зөрчсөн хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж удаа дараалан зөрчил гарган хөдөлмөрийн сахилгын шийтгэл 2016 оны 01 дүгээр сарын 22-ны эрхлэгчийн А/02 тоот тушаалаар, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн эрхлэгчийн А/11 тоот тушаалаар тус тус сахилгын арга хэмжээ авагдаж байсан хариуцлагагүй ажилтан юм.

Б.С-г СӨБ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, байгууллагын дотоод журмын 9.1 дэх заалт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны заасан заалтуудыг үндэслэн ажлаас халсан болно. Иймд, Б.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 278 дугаар шийдвэрээр,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.С-г Дархан-Уул аймгийн Д.С-ын 11 дүгээр цэцэрлэгийн манаачийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Д.С-ын 11 дүгээр цэцэрлэгээс 1.402.632 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож, үлдэх 186.696 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Д.С-ын 11 дүгээр цэцэрлэгт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.С-ын 11 дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 107.592 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.                                                                                        

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаар магадлалаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 278 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.С-г Дархан-Уул аймгийн Д.С-ын 11 дүгээр цэцэрлэгийн манаачийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.С-ын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай “ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, Б.С-г Дархан-Уул аймгийн Д.С-ын 11 дүгээр цэцэрлэгийн жижүүрийн /манаач/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэсэн өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Уг байгууллагын манаачаар ажиллаж байсан Б.С нь 2015 оны 9 дүгээр сард ажилд орж манай байгууллагын манаачаар ажиллаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой Б.С нь манаатай байх хугацаандаа согтууруулах ундаа авч орж ирснийг мэдсээр байж дотогш нэвтрүүлж, ажилчдыг өөрөө дуудан ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрч рапортын дэвтэрт бичиж тэмдэглээгүй удирдлагад мэдээлээгүй, гарсан зөрчлийг нуун дарагдуулж удаа дараа зөрчил гаргаж ажилдаа хариуцлагагүй ажиллаж байсан болно. Мөн Б.С нь ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журмыг зөрчсөн хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж удаа дараалан зөрчил гарган хөдөлмөрийн сахилгын шийтгэл 2016 оны 01 дүгээр сарын 22-ны эрхлэгчийн А/02 тоот тушаалаар, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн эрхлэгчийн А/11тоот тушаалаар тус тус сахилгын арга хэмжээ авагдаж байсан хариуцлагагүй ажилтан байсан юм.

Шүүх маргааны шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "ажил олгогч нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд захиргааны санаачилгаар ажлаас халах"  хуулийн зохицуулалттай юм. Гэтэл Б.С нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий албан тушаалтан биш байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн юм. Байгууллагын манаач нь байгууллагын эд хөрөнгийн барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, ажлын цагийн хувиарын дагуу ажилчид болон хүүхдүүдийг тараах, ажлын цаг тарсны дараа гадны болон ажилчдын сул чөлөөтэй ажлын байранд нэвтрүүлэхгүй байх архи согтууруулах ундааны зүйлс оруулахгүй байх байгууллагын эмх замбараагүй нөхцөл боломжоор хангахгүй байхаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ биелүүлэх ёстой. Дээрхи ажилтны ажил үүргийн хувиарыг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д болон бусад хуулиар зохицуулсан гэж үзэж байна.

Иймд, хэргийг тал бүрээс нь дахин хянан, хэлэлцэж өгөхийг хүсэж гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Хоёр шатны шүүх Дархан-Уул аймгийн Д.С-ын 11 дүгээр цэцэрлэгт холбогдох тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах Б.С-гийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Б.С-г тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар жижүүрийн /манаач/ ажлаас халахдаа “Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, цэцэрлэгийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 1, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан заалтуудыг баримталж...ноцтой зөрчил гаргасан” үндэслэл заажээ.

Уг тушаалд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах зохицуулалт нь ажилтны гаргасан ноцтой зөрчлийн тухайд бус мөнгө эд хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон  буюу эд хөрөнгийн зөрчилтэй холбогдох зохицуулалт юм.

Үүнээс үзэхэд тушаалд заасан зөрчил,  холбогдох хуулийн зохицуулалт хоорондоо зөрчилтэй байгааг хоёр шатны шүүх дүгнэсэн нь  хуулийн үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан... хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох”-ыг заажээ.

Тушаалд хөдөлмөрийн гэрээний аль заалтад заасан ноцтой зөрчлийг ажилтан Б.С  гаргасан гэж ажил олгогч үзэж байгаагаа дурдаагүй байна.

Тушаалын үндэслэлд Б.С “...багш Б.Батчимэгийг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж байсныг мэдэж байсан хэрнээ удирдлагад мэдээлээгүй нуун дарагдуулсан, жижүүрийн рапортын дэвтрийг  үнэн зөв хөтөлдөггүй...” гэсэн боловч энэхүү зөрчил нь зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-т заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нөхцөлүүдэд хамаарахгүй байна.

Цэцэрлэгийн дотоод журмын 9.1-д “...ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, гарсан зөрчлийг нуун дарагдуулах, үнэн зөв мэдээлэл өгөөгүй” бол ноцтой зөрчилд тооцохоор заасан боловч  хөдөлмөрийн дотоод журам нь нийт ажиллагчдад зориулж ажил олгогчийн дангаар баталсан нийтлэг дүрэм журам юм. Харин ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээгээр энэ талаар тохиролцож тогтоох ёстой байна.

Хариуцагчийн нэхэмжлэлээс татгалзсан хариу тайлбарт дурдагдсан Б.С өмнө нь 2 удаа сахилгын шийтгэл хүлээсэн гэх зөрчлийн талаар тушаалд заагаагүй учир энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Ажил олгогч “манаач”-ийн ажлаас халсан тушаал гаргасан байх боловч Б.С-гийн анх ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээс үзэхэд түүний гүйцэтгэх ажлын байр нь жижүүр гэсэн нэршилтэйг зохигч маргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх энэ талаар болон “тушаал хүчингүй болгох” шаардлагыг шийдвэрлээгүй үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу биш байна.

Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ