Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-10
Дугаар 001/ХТ2017/01135
Хэргийн индекс 183/2016/01682/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч С.Л.М ХХК
Хариуцагч К.Т ХХК, Д.Э нар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

С.Л.М ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00519 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1241 дүгээр магадлалтай,

С.Л.М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

К.Т ХХК, Д.Э нарт холбогдох,           

Гэрээний үүрэгт 2.857.382.342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан гомдлоор,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад, Д.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.Л.М ХХК, түүнийг төлөөлж захирал Ким Тэ Ху нөгөө талаас хариуцагч К.Т ХХК, захирал Д.Э нартай 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээл болон хамтран ажиллах тухай гэрээг байгуулсан. Энэхүү зээл болон хамтран ажиллах гэрээний 1.2-т заасны дагуу Д.Байгалмаагийн эзэмшлийн газар дээр 15 давхар барилга угсралтын ажилд шаардлагатай хөрөнгийг зээлэхээр харилцан тохиролцож, тус гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу С.Л.М ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 ам.долларыг хариуцагч К.Т ХХК-ийн харилцах Голомт банкны 1102114792 тоот дансанд шилжүүлж гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Хоёр талын байгуулсан зээл болон хамтран ажиллах гэрээний 7.5-д заасны дагуу хариуцагч тал нь тус гэрээний 1.2-т заасан барилгын ажлыг 2015 оны 5 дугаар сар хүртэл эхлүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч С.Л.М ХХК-иас зээлсэн 1.000.000 ам.долларыг тус гэрээний 2.1-д заасны дагуу сарын 1 хувийн хүүгийн хамт 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлөх үүрэгтэй байсан боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талаас зээлсэн 1.000.000 ам.доллараас нэг ч төгрөг төлөөгүй, мөн тус гэрээний 2.1, 3.4-т заасны дагуу хүү төлж байгаагүй.

Хоёр талын байгуулсан гэрээний 1.2-т заасан барилгын ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр С.Л.М ХХК түүнийг төлөөлж захирал Ким Тэ Ху нөгөө талаас буюу хариуцагч талаас К.Т ХХК, захирал Д.Э нар нь 02 тоот хэлцэл буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний нэмэлт гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Хоёр талын байгуулсан 02 тоот гэрээний 1.1, 2.1, 2.2-т заасны дагуу хариуцагч К.Т ХХК нь нэхэмжлэгч С.Л.М ХХК-иас зээлсэн 1.000.000 ам.долларыг зээл олгосон өдрөөс тус хэлцэл байгуулсан өдөр хүртэлх 14 сарын хүү болох 140.000 ам.долларын хамт нийт 1.140.000 ам.долларыг 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үл маргах журмаар бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон боловч гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүний төлбөр болох нийт 1.140.000 ам.доллараас өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй нэхэмжлэгчийг хохироож байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, хоёр талын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээл болон хамтран ажиллах гэрээний 2.1, 2.2, 3.4, 3.5, 6.1, 7.5, хоёр талын байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хэлцлийн 1.1, 2.1, заасны дагуу үндсэн зээл 1.000.000 ам.доллар, хүү 140.000 ам.доллар нийт 1.140.000 ам.доллар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийн ханш болох 2388.45 төгрөгөөр тооцож нийт 2.722.833.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох К.Т ХХК, захирал Д.Э нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч С.Л.М ХХК нь хариуцагч талтай 02 тоот хэлцэл буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээл болон хамтран ажиллах тухай гэрээний нэмэлт гэрээг байгуулсан. Тус 02 тоот гэрээний 2.1, 2.2-т заасны дагуу хариуцагч К.Т ХХК нь нэхэмжлэгч С.Л.М ХХК-иас зээлсэн 1.000.000 ам.долларыг зээл олгосон өдрөөс тус хэлцэл байгуулсан өдөр хүртэлх 14 сарын хүү болох 140.000 ам.долларын хамт нийт 1.140.000 ам.долларыг 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үл маргах журмаар бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч тал нь 02 тоот гэрээнд заасан хугацаанд 1.140.000 ам.долларыг төлөөгүй байна. Тиймээс мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа буюу 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нийт 5 сар, 19 хоногийн хугацаанд тохирсон хүү болох /5 сарын хүү 50.000 ам.доллар, 19 хоногийн хүү 6 333.33 “нэг хоногийн хүү 10 000:30=333.33”/ 56 333.33 ам.долларыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу анх шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ёсны нэг ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 2 388.45 төгрөгөөр тооцож 134.549.342 төгрөгийг хариуцагч талаас шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, хоёр талын байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээл болон хамтран ажиллах тухай гэрээний 2.1, 3.4. 3.5-д заасны дагуу 134.549.342 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох К.Т ХХК, захирал Д.Э-аас гаргуулж өгнө үү. Хариуцагч тал нийтдээ 130.000 ам.долларыг төлөөгүй байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргахад уг тооцоо төлөгдөөгүй байсан. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ тус хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ам.долларын ханшаар 2.722.833.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй.

Явцын дунд хариуцагч тал хариу тайлбартаа 110.000 ам.доллар төлсөн гэдэг. Нэхэмжлэгч тал үүнийг судалж үзээд төлсөн эсэх тал дээр нь маргаагүй. Тиймээс 110.000 ам.доллар хасаж байгаа. К.Т ХХК нь 7 тэрбум төгрөгийн өртэй бөгөөд ихэнхдээ Б.Энхбатын мөнгө өгсөн байдаг. К.Т ХХК-ийн хөрөнгө хүрэлцэхгүй байвал Б.Энхбатаас гаргуулж өгнө үү. Талууд зээлийн гэрээгээр харилцан тохиролцож гэрээ хийсэн 1.000.000 ам.доллараар барилгын ажлыг явуулахад хангалттай байсан.

Нэгэнт төлөгдөөгүй 1.000.000 ам.долларын зээлийг хүүгийн хамт тодорхой хугацаа олгож хэлцэл байгуулсан боловч үүргээ биелүүлээгүй. Уг хэлцлийг зээлийн гэрээний дагуу байгуулсан. Одоо К.Т ХХК нь их хэмжээний зээлтэй байгаа К.Т ХХК-ийн эд хөрөнгө болон борлуулалтаар нь авч үзэхээр манай мөнгийг төлж чадах эсэх талаар эргэлзээ төрж байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3, 477 дугаар зүйлд оролцогчийн хувь хэмжээ гэж байдаг. Энэ зээлийн гэрээ гэдэг нь К.Т ХХК нь төлбөр төлөх тухай амлалт бичиг хийсэн байдгаар нотлогдож байна. Хариуцагчийн ярьж байгаа нь үүгээр няцаагдаж байгаа. Гэрээнд 3.000.000 ам.доллар зээлнэ гэж тохиролцоод 1.000.000 ам.доллар зээлсэн, уг зээлсэн шаардлага биелэгдээгүй учир үлдсэн 2.000.000 ам.доллар зээлэх нөхцөл бүрдээгүй. Гэрээний 3.4, 3.5-д гэрээг бүрэн дуусах хүртэл хүү төлнө гэж заасан байдаг. Зээлийн гэрээг амаар байгуулсан гэх боловч энэ тайлбараа нотлох баримт хариуцагч талд байхгүй. Б.Энхбат нь Компанийн тухай хуулиар компанийнхаа өр төлбөрийг хариуцах ёстой. Шүүхийн шийдвэрт Б.Энхбатыг оролцуулахгүй бол К.Т ХХК 7 тэрбум төгрөгийн зээлийг төлөх боломжгүй байгаа. Гэрээний хугацаа дуусгавар болсноос гэрээний үүрэг дуусахгүй. Хамтран ажиллах гэрээг ашиг хувиарлах зарчмаар тайлбарладаг. Энэ нь 1.000.000 ам.доллараас давсан ашиг хүртэх ёстой. Энэ гэрээний 3 дугаар зүйлтэй холбож тайлбарлаж байгаа нь зөрчилдөж байна. Буцааж шилжүүлэх мөнгөнөөс бага ашиг байхгүй гэрээний 3.3-т А тал нь Б талд бэлнээр олгоно гэсэн байдаг. Үүгээрээ зээлийн гэрээ гэдэг нь харагдаж байдаг. Гэрээний хугацаа дууссанаар хүү төлөхгүй гэдэг ч хүүг гэрээнд зааснаас гадна хуульд заасны дагуу хүү үүсэж байгаа. Тиймээс хугацаа хэтэрсэн үү гэдэгт дүгнэлт өгөх нь зүйтэй. Мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах зорилгоор Д.Э-ын хувь хөрөнгөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, өмгөөлөгч М.Бадрал нар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Л.М ХХК-тай хамтран ажиллахаар хамгийн анх 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №1 тоот “Зээл болон хамтран ажиллах тухай гэрээ”-г байгуулж улмаар 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №01 тоот “Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан. Ингээд эдгээр гэрээний хүрээнд барилгын угсралтын ажлын хөрөнгө оруулалтын зорилгоор С.Л.М ХХК-иас 1.000.000 ам.доллар авсан болно. Нэхэмжлэлд дурдсанаар манай компанийн хөрөнгө оруулалтын төлбөрийг огт төлөлт хийгээгүй мэтээр дурджээ. Харин манай компани гэрээний төлбөрт С.Л.М ХХК-ийн Голомт банк дахь 1905010899 тоот дансанд дараах байдлаар төлбөрийг хийсэн байдаг.

Үүнд, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10.000 ам.доллар, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 10.000 ам.доллар, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 10.000 ам.доллар, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 10.000 ам.доллар, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 10.000 ам.доллар, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 10.000 ам.доллар, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10.000 ам.доллар, 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 10.085,73 ам.доллар, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 9.915 ам.доллар, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь 499001197 тоот дансанд 20.000 ам.доллар, нийт 110.000.73 ам.долларыг төлсөн байдаг.

Эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг манай компани зориулалтын дагуу зарцуулж 2015 оны 11 дүгээр сард газрын доорх шугам сүлжээний байршлыг солих, суурийн нүх ухах, түүнчлэн барилга барих газрынхаа хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор уг газрын залгаа орших зэргэлдээх газрын эзэмшигч болох Майнголиа ХХК-тай мөн хамтран ажиллах гэрээ байгуулан тус компанийн эзэмшлийн нэгж талбарын 148004/0040 дугаар бүхий 213 м.кв газрыг нэмэгдүүлэн авсан зэрэг ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн билээ. Түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагуудаас барилгын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл гаргуулах зэргээр манай компаниас шалтгаалахгүй хүчин зүйлийн улмаас барилгын ажил эхлэх хугацаа тэр хэрээр хойшлогдож байсныг энд дурдах нь зүйтэй. Харин дараагийн ээлжийн санхүүжилтыг хөрөнгө оруулагч тал нь тохиролцсон ёсоор хугацаандаа хийгээгүй болно. Тодруулбал, хамтран ажиллах гэрээний баталгаа болгон уг гэрээний 2.2-т заасны дагуу К.Т ХХК-ийн оффис, агуулахын байр, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хөрөнгө оруулагч талд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхээр болж 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан байдаг. Гэтэл уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө С.Л.М ХХК-иас хоёр дахь ээлжийн төлбөрийг төлөх боломжгүй байгаа хөрөнгө оруулалт хийх хугацааг хойшлуулах тухай болон гэрээнд тусгагдаагүй олон нэмэлт шаардлагыг бидэнд тавьсан.

Тухайлбал, барилга барих газрын 413 м.кв талбай бүхий газар, хамтран ажиллахаар гэрээ байгуулсан байсан Майнголиа ХХК-ийн 213 м.кв газрын эзэмших эрхийг тус тус өөртөө шилжүүлэх, мөн Майнголиа ХХК-ийн дийлэнх олонхын хувьцаа эзэмших эрхийг өөртөө шилжүүлэх зэрэг олон шаардлагыг бидэнд тулгасаар олон сарыг өнгөрөөсөн. Манай компани болон Майнголиа ХХК-ийн хувьд аль болох барилгаа эртхэн эхлүүлэх нь бидний зорилго байсан тул аргагүйн эрхэнд буюу 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгүүлсэн. Гэтэл энэ бүхний сүүлд нь хамтран ажиллах боломжгүй гэдгийг бидэнд мэдэгдсэн. Үүнтэй нь холбогдуулан манай компаниас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/30 албан тоотоор хөрөнгө оруулалтын төлбөрийг төлөх тухай санал хүргүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр талууд хамтран ажиллахаар тохиролцсон байсан дээрх гэрээнүүдийг бүгдийг цуцалж, энэ тухай бүрт акт үйлдэж нотариатаар баталгаажуулсан. Харин тэгтэл хөрөнгө оруулагчаас 2016 оны 9 дүгээр сард дахин хүсэлт тавьж барилга ажлын төслөө үргэлжлүүлэхээр болсон. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр А талаас С.Л.М ХХК, Б талаас К.Т ХХК, В талаас барилга барих газрын эзэмших эрхтэй манай компанийн ажилтан Д.Байгалмаа бидний хооронд гурвалсан гэрээ байгуулагдсан. Уг гэрээний 1.1-д “Энэхүү гэрээний зорилго нь Д.Байгалмаа нь өөрийн нэр дээр эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 5-р хороо Аерофлотын зүүн талд байршилтай 413 м.кв талбайтай газар болон тус газар дээр баригдах барилгын зураг төсөл, техникийн нөхцөл зэргийг “А талын охин компани болох Майнголиа ХХК-ийн нэр дээр шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино.” гэснээр дахин хамтран ажиллах харилцаа үргэлжилсэн. Дээрх гэрээний урьдчилгаа нөхцөл болгож, Майнголиа ХХК-ийн 85 хувийн хувьцааг С.Л.М ХХК, 10 хувийн хувьцааг нь К.Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э-ын нэр дээр шилжүүлэхээр 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №1 “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, №2 “Эрх шилжүүлэх гэрээ”, №3 “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, №4 “Эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, Хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг тус тус улсын бүртгэлд хүргүүлсэн.

Гэтэл С.Л.М ХХК-иас “хөрөнгө оруулалтыг 2016 онд хийхгүй бөгөөд ирэх жилээс хийнэ” гэж мэдэгдсэнийг Майнголиа ХХК-ийн удирдлага эс зөвшөөрч улсын бүртгэлд гаргасан хүсэлтээ буцаан авсан. Үүнтэй холбогдуулан газар эзэмшигч Майнголиа ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг С.Л.М ХХК болон манай компанид ирүүлснээр зохигчдын хооронд хамтын ажиллагаа дуусгавар болсон. Энэ бүх үйл явдал, ажил хэргийн дараагаар ямар нэгэн шалтгаангүйгээр хөрөнгө оруулагч нь дээр дурдсан гэрээ, тэдгээрийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн, төсөл хэрэгжүүлэх цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн үргүй зардлыг манай компанид хохирол болгон учруулсан төдийгүй, төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан бусад оролцогчдын өмнө хүлээсэн манай компанийн ажил хэргийн нэр хүндийг унагасан хэрэг болсон.

Анхнаасаа барилгын үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байхад хөрөнгө оруулалтаа хийхгүй цаг авч байгаад зээлийн гэрээ болгож, хүү тооцож авах гэсэн үйл ажиллагаа бас харагддаг. Үнэхээр гэрээгээ цуцлаад больсон бол “Тэнгэр сод түшээ” гэж компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж цаашаа үйл ажиллагаа явуулсан байдаг. Гэрээний зорилго нь анхнаасаа болих байсан бол болихгүй, тэгээд ямар нэг үйл ажиллагаа хийхгүй удаарширсан байдаг. Тиймээс цаад харилцаа нь хамтран ажиллах гэрээ байсан нь анхны гэрээнээс тодорхой харагддаг. Бидний нэг татгалзал бол анх хэлцэл байгуулах хүсэл зориг шалтгаан үндэслэлээ хүсэлтдээ дурдсан, энэ нь тээвэрлэгч компани буюу С.Л.М ХХК-ийн захиралтай анх тохиролцож байсан. К.Т ХХК-иас Солонгос улс руу очиж уулзаж байсан талаар маргахгүй байна. Нэг үйл баримтын талаар 2 этгээдтэй тохиролцсон талаар яриад байна. Энэ нь талууд хоорондоо тохиролцсон нь нэг асуудал. Үйл баримтыг нотлох зорилгоор фото зураг авсан, өөрөөр нотлох зүйл одоогоор байхгүй байна. Мөн компанийн хоорондын асуудлыг Б.Энхбаттай холбож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрээний 2 тал бол 2 компани байдаг. Компанийн хөрөнгийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй 2 компанийн хоорондын асуудлыг иргэнээс нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв хариуцагчаар татсан бол хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй байна. Гэрээний оролцогчийн аль нэг нь хариуцах ёстой.

Компанийн тухай хуульд компанийн хөрөнгийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй гэдэг. Мөн анхны гэрээний 3.2-т заасан А тал барилгын ажлыг дууссаны дараа Б талд барилгын нэг давхарыг өгнө гэсэн байдаг. Мөн гэрээнд рекламны самбарыг 5 жилийн турш үнэгүй байрлуулах, түүнээс хойш талууд харилцан тохиролцож шийдвэрлэх талаар ярьсан. Энэ нь хамтран ажиллах гэрээний ашиг. Гэрээнд оффисын талбай авахгүй мөнгө авч болно гэсэн зохицуулалт байдаг. Талуудын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээг цуцалсан зүйл болон дуусгавар болгосон харилцаа байхгүй уг гэрээ нь одоо болтол хүчин төгөлдөр байгаа. Тиймээс зөвхөн 01 тоот гэрээний дагуу шийдвэрлэх боломжгүй. Бүх боломжийг хангаж гэрээг үргэлжлүүлэх саналтай байхад зээлийн гэрээ болгох гэдэг анхнаасаа хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлээгүй байсан бол гэрээнээсээ татгалзах боломжтой байсан. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг дахин байгуулсан. Барилга баригдаагүй байсан ч харилцаа үргэлжлээд явагдаж байсан нь дараа дараагийн гэрээнүүдээс харагдаж байна. Тиймээс энэ нь зөвхөн зээлийн гэрээ биш гэдэг нь харагдаж байна.

2016 оны 11 дүгээр сард барилгын суурийн нүхээ ухаж дуусгасан. Мөн 9 дүгээр сард гэрээгээ байгуулаад улсын бүртгэлд танилцуулсны дараа хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд ажил гүйцэтгэгч хугацаандаа бариагүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Урьдчилгаа төлбөрийг зориулалтын бусаар ашиглаж уул уурхайд хөрөнгө оруулалт хийж зарцуулсан гэж байна. Энэ нь нэхэмжлэлд дурдагдаагүй бөгөөд энэ тухай Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн. Солонгос компаниас ирсэн мөнгөний баримт нь анхны хэлцэл хэнтэй байгуулагдсан талаар тодорхой харуулах байсан, тиймээс хүсэлтийг хангаагүй учир уг татгалзалаа нотлох боломжгүй болоод байна. Талууд харилцан тохиролцож хэлцлийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор тохиролцсон байгаа. Хэлцлийг тохиролцоод дуусгавар болгосон байхад дахин хүү тооцох боломж байхгүй. Үндсэн гэрээнд заасан хүү тооцох ёстой гэж үзэж байгаа бол хэлцэл дуусгавар болох хүртэл хугацаа хамаарах ёстой. Хэрэв зээлийн гэрээ гэж байгаа бол хугацаандаа хүүгээ авах ёстой хугацаанд нь хүүг нь өгсөн тийм учраас нэмэгдүүлсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй.

Зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хүү тооцох байгууллага нь банк, эсхүл зээлийн эрх бүхий этгээд байдаг атал нэхэмжлэгч тал аль аль нь биш. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн хүүг зөвхөн зээлийн гэрээнд заасан хугацаагаар нэхэмжлэх эрхтэй байдаг. Зээлийн гэрээгээр харахаар 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүү бодох хугацаа дууссан гэж харагддаг. Гэрээний 7.5-д зааснаар 2015 оны 5 дугаар сар хүртэл барилгын ажил эхлээгүй гэх үндэслэлээр 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 ам.долларыг хүүгийн хамт төлөх үүрэг үүсээд гэрээний хугацаа дуусгавар болсон. 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр энэ зээлийг буцаан төлөх хугацааг сунгалаа гэх тохиролцоо талуудын хооронд хийгдээгүй, харин 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр буюу 11 дүгээр сарын дараа 1.000.000 ам.доллараа төл, хүүгээ төл гэдэг шаардлага тавиад К.Т ХХК-иар гарын үсэг зуруулсан. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хэлцэл гэж байгаа талуудын тохиролцоог анхны гэрээг сунгасан гэж харагдахгүй байна. Дууссан гэрээний дагуу хүү үргэлжлүүлэн тооцоод төлөх хугацааг нь сунгаж байгаа юм шиг тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Эхний гэрээний 7.5 дахь заалтыг харахад хүүнд 60.000.000 ам.доллар шаардах эрх байсан. Гэтэл төлсөн мөнгө 110.000.000 ам.доллар гэж яригдаж байгаа. Тиймээс анхны гэрээний дагуу 1.000.000 ам.доллараас хүү төлсөн гэж харагдаж байгаа. Илүү төлсөн 50.000.000 ам.доллар бол үндсэн төлбөрөөсөө хасагдах ёстой. Хариуцагч талаас С.Л.М ХХК-тай зээлийн гэрээ байгуулж мөнгө авъя гэх хүсэл зориг байгаагүй. Сеожүүн ложистикс гэдэг Солонгос компанитай мөнгө өгч авах гэсэн боловч мөнгөө өгөхдөө Монгол Улсад байгаа охин компанийнхаа дансаар мөнгө шилжүүлсэн. Түүнээс бол С.Л.М ХХК-ийн захиралтай уулзаад тохиролцсон зүйл байхгүй. Б.Энхбатад холбогдуулсан шаардлага нь батлан даагч гэсэн агуулгаар нь гараагүй гэж ойлгож байна. Шаардлагын үндэслэл нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан хувьцаа эзэмшигч компанийнхаа өрийг хариуцах тухай байгаа, үүнийг шүүх хэрэглэж шүүхийн шийдвэрт К.Т ХХК төлөхгүй бол Б.Энхбатаас гаргуулъя гэсэн шаардлага нь бие даасан шаардлага биш байна. Хариуцагчаар татаж байгаа бол хариуцагчид холбогдуулж үндэслэл бүхий шаардлага гаргах ёстой. Гэтэл нэг нь төлөхгүй бол нөгөө нь төлнө гэсэн зүйл одоо уг маргаан дээр шийдэгдэх асуудал биш байна. Энэ нь бие даасан шаардлагаар шийдэгдэх маргаан бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг нэхэмжлэгч тал өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн гэрээний 2.2-т бичсэн хөрөнгүүдийг Роүд ХХК эзэмшиж байгаа нь тодорхой харагдана. Гэрээ байгуулагдах үед энэ хөрөнгүүд К.Т ХХК-ийн хөрөнгө биш Роүд ХХК-ийн хөрөнгө байсан нь гэрээндээ тодорхой харагдаж байна. Харин зээлийн баталгаа болгоод Роүд ХХК нь К.Т ХХК-д ашиглуулж байгаа хөрөнгүүдийг С.Л.М ХХК-д шилжүүлж дараа нь мөнгө төлсөн хойно буцааж авах талаар гэрээний 6.4-т заасан байдаг. Гэрээний 7.4-т 2 тохиолдолд гэрээ аяндаа цуцлагдана гэж байдаг. Роүд ХХК нь эзэмшилдээ байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг С.Л.М ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор шилжүүлж өгөхгүй бол уг гэрээ цуцлагдана гэж заасан байдаг. Энэ өмч хөрөнгүүд шилжээгүй учир цуцлагдсан болж харагдаж байна. Мөн 2015 оны 5 дугаар сард барилгын ажлаа эхлээгүй бол гэрээ цуцлагдана гэсэн байдаг. Тиймээс 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр талуудын хүү тооцох хугацаа дуусаж байгаа нь тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч тал үндсэн гэрээгээ хүүтэй зээлийн гэрээ гэж тайлбарлаж байдаг. Гэтэл хүүгээ авсан байж одоо үргэлжлүүлээд авах банктай адил эрхтэй болох гээд байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэг нь энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй. Үүнийг зээлээс бусад харилцаанд хэрэглэдэг. Б.Энхбатад холбогдуулж гаргасан шаардлага нь Компанийн тухай хуулийг барьж гаргасан гэж байна, К.Т ХХК-ийн бланс дээр тодорхой харагдаж байгаа гэх боловч энэ нь үүнийг нотлохгүй. Компанийн тухай хуульд блансын тухай огт яриагүй. Блансаар хувийн эд хөрөнгө нь шилжсэн гэж нотлох гэж байгаа энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00519 дүгээр шийдвэрээр, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч К.Т ХХК-иас 2.459.640.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Л.М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Д.Э-д холбогдох шаардлага, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 397.742.342 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.602.812 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12.456.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Л.М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1241 дүгээр магадлалаар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00519 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2.459.640.000 төгрөг ” гэснийг “2.460.101.756  төгрөг” гэж, “үлдэх 397.742.342  төгрөг” гэснийг “397.280.586 төгрөг” гэж, Тогтоох хэсгийн хоёр дахь заалтын “12.456.150 төгрөгийг” гэснийг “12.458.458 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.456.150  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833.050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Базарсад нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалын зарим хэсгийг үл зөвшөөрч, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн хяналтын гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулалгүй “...хүү тогтоосон бол бичгээр хийх шаардлагад нийцүүлэн гэрээг бичгээр сунгасан баримтгүй байх тул 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү шаардсаныг хэрэгсэхгүй болгосон нь зөв...” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч С.Л.М ХХК нь хариуцагч талтай 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээл болон хамтран ажиллах тухай гэрээг байгуулж гэрээний 1.2, 2.2, 2.3-т заасны дагуу нэхэмжлэгч С.Л.М ХХК нь 1.000.000 ам. долларыг хариуцагч К.Т ХХК-д сарын 1 хувийн хүүтэй зээлсэн /1хх14-17х/. Нэхэмжлэгч С.Л.М ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 ам.долларыг хариуцагч К.Т ХХК-ийн харилцах Голомт банкны 1102114792 тоот дансанд зээл гэж гэрээний зориулалтыг тодорхой бичиж гэрээний үүргээ биелүүлсэн /1хх18х/, хариуцагч тал нэхэмжлэгч талаас зээлсэн 1.000.000 ам.долларыг хүүгийн хамт зээлийн болон хамтран ажиллах гэрээний 7.5-д заасны дагуу 15 давхар барилгын ажил 2015 оны 5 дугаар сар хүртэл эхлээгүй тохиолдолд нэхэмжлэгч талаас зээлсэн зээл болон хүүгийн хамт 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлөх үүрэгтэй байсан боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэл 110.000 ам.долларын хүүг төлж нэхэмжлэгч талаас зээлсэн 1.000.000 ам.долларыг үлдэгдэл хүүгийн хамт төлөөгүй тул талууд 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 02 тоот хэлцлийг байгуулж талуудын өмнө нь байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээл болон хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 1.000.000 ам.доллар, түүний хүү 140.000 ам.доллар нийт 1.140.000 ам.долларыг 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үл маргах журмаар бүрэн төлж барагдуулахаар талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу хүсэл зорилгоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээг байгуулан харилцан тохиролцсон боловч хариуцагч тал нь хоёр талын байгуулсан 02 тоот хэлцлийн 2.1, 2.2-т заасан хугацаанд үндсэн зээлээ болон үлдэгдэл хүүгийн хамт төлж барагдуулалгүй Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасныг зөрчиж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаандаа тохирсон хүүг төлөх үүрэгтэй гэж хуульчилж өгсөн бөгөөд хариуцагч тал нь нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 1.000.000 ам.долларыг зээлийн гэрээний 2.1-д заасны дагуу сарын 1 хувийн хүүтэйгээр зээлж зээлийн төлбөрийг зээл болон хамтран ажиллах гэрээний 3.5-т А тал нь зээлийг бүрэн төлж дуусгах хүртэл хүүг тооцож төлнө/, хоёр талын байгуулсан 02 дугаартай хэлцлийн 2.1-д заасан хугацаанд буюу 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн боловч хэлцэлд заасан хугацаанд мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тул 2016 оны 5 дугаар  сарын 15-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нийт 5 сар 19 хоногийн хугацаанд тохирсон хүү болох 15 сарын хүү=50.000 ам.доллар, 19 хоногийн хүү=6 333.33 “нэг хоногийн хүү 10 000:30=333.331 56 333.33 ам.долларыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасны дагуу анх шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ёсны нэг ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 2388.45 төгрөгөөр тооцож 134.549.342 төгрөгийг нэхэмжлэгч С.Л.М ХХК-д төлөх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байхад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг буруу тайлбарлан талуудын хооронд байгуулсан зээл болон хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан, гэрээний хугацааг сунгаагүй гэсэн үндэслэлээр 134.549.342 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь заалт нь үүрэг гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үүрэг гүйцэтгэх хугацааг зөрчсөн байхыг шаарддаг бөгөөд хариуцагч К.Т ХХК нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасан хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн мөн хоёр талын байгуулсан зээл болон хамтран ажиллах гэрээний 3.5-д заасны дагуу хариуцагч тал нь зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хүүг тооцож төлөх, 02 тоот хэлцлийн 2.7-д 02 тоот хэлцэл нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээл болон хамтран ажиллах гэрээний салшгүй хэсэг байхаар талууд харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэнд тохирсон хүүг хариуцагч К.Т ХХК нь хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч талд төлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд, шийдвэр, магадлалын 134.549.342 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож хариуцагч К.Т ХХК-иас 2.594.651.098 төгрөгийг гаргуулан өгч анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай,

Нотлох баримтыг хассан талаар, хариуцагчаас үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ дэмжин нотолж нийт 14 хуудас материалыг шүүхэд өгсөн боловч шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг үндэслэн нотлох баримтаас хассан бөгөөд ийнхүү хасахдаа мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасныг зөрчиж захирамжаа амаар танилцуулахдаа гомдол гаргах эрхгүйгээр гаргасан нь хэргийн оролцогчийн нотлох баримт гаргаж өгөх улмаар түүнийгээ үндэслэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаан дээр мэггэлцэх боломжийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь илтэд буруу бөгөөд хууль зүйн үндэслэлгүй болсон. Талуудын гаргасан нотлох баримтыг үнэлэх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал боловч хэргийн материалаас нотлох баримт хасах нь хэргийн оролцогчийн шаардлага, татгалзал түүний нэхэмжлэлтэй холбогддог тул шүүгч хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн ч хэргийн оролцогчид гомдол гаргах эрхийг хуулиар олгосон байдаг. Гэтэл энэхүү зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй бөгөөд магадлалын хянавал хэсэгт “ ...нотлох баримтыг хассан нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй байна.”  гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарласан.

Хүсэлтийг хүлээж аваагүй талаар, Түүнчлэн хариуцагчаас мөн татгалзал буюу маргааны зүйлтэй холбогдуулан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар бидэнд өөрсдөд байхгүй нотлох баримт болохыг нэхэмжлэгчийн дансны хуулгыг банкнаас гаргуулахаар хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу хүсэлт гаргасан боловч мөн л үндэслэл бүхий тайлбаргүйгээр хүсэлт хэрэгсэхгүй болгосон нь хариуцагчийн нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх улмаар түүнийгээ шүүхээр үнэлүүлэх эрхэд халдсан хэрэг болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлээгүй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн талаар,

Нэхэмжлэгчээс үүргийн гүйцэтгэлийг хоёр этгээдээс шаардсан байсан бөгөөд хэрэв ийнхүү шаардаж буй нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа хоёуланд холбогдуулсан байсан. Үүний дагуу хэргийг хоёр этгээдэд холбогдуулж үүссэн. Гэтэл шүүх хуралдаанд дээр иргэн Д.Э-ад холбогдох шаардлагаа “Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болох үед иргэн Д.Э-ын хувийн хөрөнгөөс үүргийг хангуулах” гэж өөрчилсөн Үүнтэй холбогдуулан шүүхээс ямар нэг ажиллагаа хийгээгүй бөгөөд уг шаардлагад хариуцагчаас үндэслэл бүхий тайлбар өгөх боломжийг шүүхээс олгоогүй болно.  Нэхэмжлэгч хэд хэдэн шаардлагыг хоёр буюу түүнээс дээш этгээдэд холбогдуулан гаргахдаа хариуцагч нарт хамтран хариуцуулж байгаа эсэх, эсхүл хариуцагч тус бүрт өөр өөр шаардлага гаргаж байгаа эсэхийг тодруулаагүй, түүнчлэн хуулийн этгээд, эсхүл иргэнд холбогдуулж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэл болно.  Мөн үүнээс гадна нэхэмжлэгчээс нэхэмжлэлд дурдагдаагүй үндэслэл буюу хөрөнгө оруулалтыг зориулалтын дагуу ашиглаагүй уул уурхайд хөрөнгө оруулж шатсан” гэх үндэслэлийг гаргасан ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасантай нийцэхгүй бөгөөд шүүх нэхэмжлэлд дурдагдаагүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд шүүх хуралдааныг тасралтгүй явуулах тухай заалтыг зөрчсөн талаар,

Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах гэдэг нь шүүх хуралдааны үед шүүх хуралдааны оролцогчид амрах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд шүүх хуралдааныг завсарлуулах, өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг шөнийн цагаас бусад цагт тасралтгүй явуулах тухай ойлголт бөгөөд шөнийн цаг нь өглөөний 06 цагаас оройны 22 цаг хүртэл хугацааг хамруулан ойлгоно. Шүүх хуралдааны оролцогчид амрах зайлшгүй шаардлагын улмаас шүүх хуралдааныг түр завсарлуулах, шүүхийн шийдвэр гаргахаар шүүх хуралдааныг завсарлуулах нь мөн чанар, агуулгын хувьд өөр өөр ойлголт юм.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд “шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орох” тухай заасан ба уг зүйлийн 114.1-д “Шүүх хуралдааны даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно” гэж хуульчилжээ. Тус хуулийн заалтын үзэл баримтлал, агуулга нь шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг дууссаны дараа шүүх хуралдааныг түр завсарласныг мэдэгдэж, шүүгч зөвлөлдөх тасалгаанд орж, шийдвэрээ гаргаж, гаргасан шийдвэрээ зохигчдод мэдэгдэх тухай юм. Гэтэл шүүгч Д.Рэнчинхорол нь нэхэмжлэгч С.Л.М ХХК-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 13:30 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл хэлэлцэж, талуудын нэмэлт тайлбарыг сонсноор шүүх хуралдааныг дуусгасан, шүүх хуралдааныг дуусгах явцдаа шүүгчээс “цаг 22.00 болж байна, түр завсарлаж байна. Маргааш өглөө 8.30 цагт шийдвэрийг сонсгоно” гэж хэлж шүүх хуралдааныг дуусгасан. Ингээд маргааш өглөө нь буюу 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүгч Д.Рэнчинхорол шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон юм.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгч Д.Рэнчинхорол нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 22.00 цагаас 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 8.30 цаг хүртэлх хугацаанд гэртээ зөвлөлдөж шийдвэрээ гаргасан, шүүхийн танхимд зөвлөлдөх тасалгаанд шийдвэрээ гаргаагүй нь шүүх хуралдаан тасралтгүй явах заалтыг зөрчсөн, шүүгч дээр дурдсан хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүх хуралдааны танхимд буюу зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэрээ гаргах хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, нөгөө талаас шүүгч шийдвэрээ хөндлөнгийн, хараат бусаар гаргасан гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Мөн шүүгч шийдвэрээ уншиж сонсгох үед нэхэмжлэгч талын төлөөлөгч, өмгөөлөгч нар байсан, харин хариуцагч талын төлөөлөгч, өмгөөлөгч нар ирээгүй байхад нэг талыг байлцуулан шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон.

Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд,

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн зохицуулалтад заасан нөхцөл талуудын хооронд бодитоор үүссэн байсан эсэх талаар шүүх буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Тодруулбал, К.Т ХХК нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай Монгол улсын хуулийн этгээд бөгөөд БНСУ-ын “Kas Global” Со.,Ltd компаниас бараа бүгээгдэхүүнээ худалдан авч борлуулдаг ба манай компани руу бараа бүтээгдэхүүнээ хүргүүлэх ажлаа (тээвэрлэгч компаниа сонгох, хөлс зардлыг нь хариуцах гэх мэт) тухайн компани өөрөө шийдвэрлэн манайд хүргүүлдэг юм. Харин нэхэмжлэгч С.Л.М ХХК нь БНСУ-ын Сеожүүн Ложистикс ХК-ийн 100 хувийн  хөрөнгө оруулалттай хуулийн этгээд ба Сеожүүн Ложистикс ХК нь тээвэр зуучийн компани бөгөөд манай компанид бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг “Kas Global” Со.,Ltd компанитай харилцагч буюу бараа тээвэрлэгч компани болно. Улмаар Монгол улс дахь тээвэрлэлтээ өөрийн 100 хувийн охин компани болох С.Л.М ХХК-иараа дамжуулан гүйцэтгэдэг юм билээ.

Тиймээс нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан манай компани болон С.Л.М ХХК-ийн хооронд ямар нэгэн удаан хугацааны харилцаа буюу тээвэр зуучийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ хэлцэл байхгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий гэрээ байгуулах, хамтран ажиллах үндэслэл, хүсэл зориг нь тус компанитай огтхон ч хамааралгүй юм. Харин уг компанийг үүсгэн байгуулагч Сеожүүн Ложистикс ХК-ийн Ерөнхий захирал RYU JEE YUP-тай барилга барьж хамтран ажиллахаар удаа дараа Монгол улсад манай оффис болон БНСУ дахь компанийхан оффист ч уулзаж, ярилцаж байсан. Гэрээг хэнтэй байгуулахаар тохиролцож байгуулсан болох, түүнчлэн зээлийг хэнээс олгосон зэргээс хамаарч талуудын хүсэл зориг нэгдсэн эсэх хийгээд шаардах эрхийн үндэслэл хамаарах учир энэхүү нөхцөл байдлыг тодруулах нь хүсэл зоригийн илэрхийллийн бодит байдлыг ил гаргах ач холбогдолтой байсан юм. Түүнчлэн С.Л.М ХХК 1.000.000 ам.долларын зээл олгох хэмжээний хөрөнгөгүй болох нь улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээ, дүрэмд заасан хөрөнгийн хэмжээ нь тодорхой харагдах бөгөөд тээвэр зуучийн компани гэсэн хэрнээ дүрэмдээ заагаагүй үйл ажиллагаагаар ашиг олж буй зэрэг нь хуульд үл нийцнэ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн харилцаа, түүний үндэслэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоож чадаагүй гэж үзэж байна. Учир нь, талуудын хооронд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №1 зээл болон хамтран ажиллах гэрээнээс гадна маргаан бүхий харилцаанд хамаарах дараах гэрээ хэлцлүүд байдаг юм.  Үүнд,  2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №01 хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээ,  2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №01 тоот хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №01 тоот эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Майнголиа ХХК-ийн мэдэгдэл зэрэг баримтууд нь маргааны бүхий харилцааг зөв тодорхойлоход ач холбогдолтой юм.

Тодруулбал, дээрх гэрээнүүд нь маргаан бүхий гэрээнээс улбаатай бөгөөд тэдгээрт дурдагдсан агуулга нь зөвхөн нэг газар дээр барилга барих ажлыг гүйцэтгэхтэй холбогдсон байдаг ба уг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой учир салангад авч үзэх, тусад нь дүгнэлт хийх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, эдгээр гэрээний агуулга нь талуудыг яг ямар хүсэл зоригтой, ямар байр суурьтайгаар өнөөдрийг хүрсэн болохыг харуулна. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх гэрээний зармыг нь дурдаад ... зохигчид маргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ” гээд ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй байна. Ийнхүү талуудын хоорондох эрх зүйн харилцааг оновчтой тодорхойлж чадаагүй нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны зүйл зэргийг буруу тодорхойлох үндэслэл болж байна. Хэрэв бусад гэрээг үл хайхраад, анхны гэрээнд ч хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр зээлийн гэрээ гэж үзвэл хариуцагчаас зээлийн гэрээг дүгнэх, эсхүл хугацаанд нь ямар нэг өөрчлөлт оруулах ямар ч шаардлагагүй байсан болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч хамтран ажиллаж байна гэж ойлгоогүй бол зээлийн төлөлтийг зохих ёсоор гүйцэтгээд явах нь илүү амар бөгөөд хамтран ажиллахаар өөр бусад ямар нэг гэрээ байгуулах шаардлагагүй юм.

Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Сеожүүн ложистик монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй К.Т ХХК болон Д.Э-ад холбогдох 2.857.382.342 төгрөг гаргуулах тухай хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо, анхан шатны шүүхийн шүүгч  “... 22.00 цаг болж байна, түр завсарлаж байна. Маргааш өглөө 8 цаг 30 минутад шийдвэрийг сонсгоно...” гэж хэлж шүүх хуралдааныг дуусгасан. ...маргааш өглөө нь ... шүүхийн шийдвэрийг уншиж сонсгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аравдугаар бүлэгт анхан шатны шүүх хуралдааны дэгийн талаар заасан бөгөөд үүнд “... хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд  шүүх  хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно, ...хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” гэж мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 119 дүгээр зүйлийн 119.1-д  тус тус хуульчилсан байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд анхан шатны шүүх хэргийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 13 цаг 30 минутад хэлэлцэж эхэлсэн,...  нотлох баримт шинжлэн судалж, нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асуусны дараа шүүх хуралдааныг завсарлуулсан боловч /цаг бичигдээгүй/ дараа өдөр нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 8 цаг 40 минутад шүүхийн шийдвэрийг танилцуулснаар шүүх хуралдааныг хаасан байна.

Дээрх байдлаас үзэхэд анхан шатны шүүх нь шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэр гаргах журмыг ноцтой зөрчиж, өөрөөр хэлбэл, процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгоос гажуудуулсан нь  шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Энэ алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж засах арга хэмжээг аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах”, 166 дугаар зүйлийн 166.4 т “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэснийг тус тус зөрчжээ.

Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул зохигчдын гомдолд дурдсан бусад үндэслэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүйг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00519 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1241 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 830.700 төгрөгийг, хариуцагчийн 12.458.459 төгрөгийг тус тус буцаан олгох шүүгчийн захирамж гаргасугай.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР     

ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ