Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-21
Дугаар 001/ХТ2017/00990
Хэргийн индекс 181/2016/02133/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Готовдоржийн Цагаанцоож
Нэхэмжлэгч Б.Х
Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00606 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 982 дугаар магадлалтай,

Б.Х-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Хөгжлийн банкинд холбогдох,

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болдхүүгийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Б.Х-, Б.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болдхүү, Б.Аззаяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс Монгол Улсын Хөгжлийн банкны Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтнээр ажилласан. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б-168 тоот тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй халсан. Банкны удирдлагаас 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой Хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг 5 хоногийн дараа хүлээлгэн өгсөн боловч энэ хугацаанд ажилтны төлөөлөл бий болгох, хэлэлцээ хийх боломж олгоогүй. Миний ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг Хяналт, шалгалт, тамгын газрын Тамгын хэлтэс дэх гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн гүйцэтгэж байгаа.

Иймд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк шүүхэд гаргасан тайлбартаа: Улсын их хурлаас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан. Мөн оны 05 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас тус банкны дүрэм, бүтэц зохион байгуулалтыг батлах тухай 151 дүгээр тогтоол гарган тус банкны дүрэм, бүтэц зохион байгуулалтыг баталж үйл ажиллагааг эхлүүлсэн. Тус банкны бүтцийг 151 дүгээр тогтоолын хавсралтад зааснаар Актив пассивын удирдлагын, Зээлийн, Эрсдэлийн удирдлагын, Хяналтын болон захиргааны асуудал хариуцсан үндсэн нэгжтэй байна гэж тогтоосон ба уг тогтоол хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна. Хөгжлийн банкны тухайн үеийн Төлөөлөн удирдах зөвлөл Засгийн газрын шийдвэрийг зөрчин 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай 11 дүгээр тогтоол гарган тус банкны үндсэн нэгжид Хөрөнгө оруулалтын газар байхаар шийдвэрлэж энэ газарт Олон нийттэй харилцах алба гэсэн хоёр ажилтантай нэгжийг бий болгосон байна. Б.Х- нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан бөгөөд тус банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдаж, Хөрөнгө оруулалтын газар татан буугдсан тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Хөгжлийн банкны зүгээс хууль болон Засгийн газрын шийдвэрийг зөрчиж бий болгосон бүтэц зохион байгуулалтыг залруулж Засгийн газрын шийдвэрт нийцүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлтийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” ТУЗ-ийн 69 дүгээр тогтоолоор хэрэгжүүлж Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгасан тул Б.Х-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00606 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай Б.Х-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 982 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00606 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Х-ийг Монгол Улсын Хөгжлийн банкны Тамгын газрын тамгын хэлтсийн Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15.031.165 төгрөгийг хариуцагч Монгол улсын Хөгжлийн банкнаас гаргуулж нэхэмжлэгч Б.Х-т олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж, 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгож, хариуцагч Монгол улсын Хөгжлийн банкнаас 233.105 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болдхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00606 дугаар шийдвэртэй хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлээд гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэгэнт хуулийн дагуу татан буугдсан Хөрөнгө оруулалтын газрын Олон нийттэй харилцах алба, түүний ахлах мэргэжилтний орон тоо “шилжээгүй”, “хэрэгцээ шаардлагагүй болсон”, “ажлын байр нь байхгүй болсон” нэхэмжлэгчийн “ажлын байрны үндсэн чиг үүрэг болон ажлын байранд хийгдвэл зохих ажил” нь шинэ “ажлын чиг үүрэг болон хийх ажлын хүрээнд багтаагүй” гэдгийг хоёр ажлын байрны тодорхойлолтын харьцуулалтаас харахад ажлын байрны зорилгын тэргүүнд нь Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтний хувьд олон нийттэй харилцах үйл ажиллагааны төлөвлөгөө стратегийг банкны урт болон дунд, богино хугацааны төлөвлөгөө стратегитэй уялдуулан батлуулах гэж байгаа бол Тамгын хэлтсийн гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтний тухайд гадаад харилцааны асуудал нь нэн тэргүүнд тавигдан, олон нийттэй биш хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харьцах асуудал хоёр дахь байранд тавигдсан байна.Эндээс үзэхэд Олон нийттэй харилцах алба нь өөрийн төлөвлөгөө стратегитэй, харьцангуй бие даасан бүтэц, нэгж байсан гэдэг нь мөн харагдаж байна.Б.Х-ийн ажлын байрны тодорхойлолтод “сөрөг пиарын эсрэг менежментийг бүрдүүлэх” чиг үүрэг байсан бол, шинэ бүтэц зохион байгуулалт, ажлын байрны тодорхойлолтын хүрээнд ийм чиг үүрэг байхгүй болж байгаа юм. Иймд хууль зөрчин, шинээр бүтцийн нэгж /газар, алба/ бий болгосон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хуульд нийцүүлэн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 69 дүгээр тогтоол гарган Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгасныг буруутгах үндэслэлгүй юм. Бүтцийн энэхүү өөрчлөлтийн хүрээнд нийт ажилтнуудын тоо 19-өөр цөөрсөн.

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцалж байгаа тухайгаа нэг сараас доошгүй хугацааны өмнө урьдчилан мэдэгдсэний дараа, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал ажлаас чөлөөлөх тухай тушаал гарган нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон болно. Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.1, 6.4.1-д заасны дагуу манай банкны зүгээс гэрээний үүргээ зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын газар түүнчлэн уг газарт харьяалагдаж байсан Олон нийттэй харилцах алба татан буугдсан, түүний эрхэлж байсан олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн гэсэн ажлын байр байхгүй болсон учир, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа заасан, ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгох, түүнийг ажилд нь эгүүлэн томилох боломжгүй. Монгол Улсын Хөгжлийн банк-ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн өмнө үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй асуудал байхгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Б.Х- ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх”-ийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгчийн ажиллаж байсан хөрөнгө оруулалтын газар татан буугдсан” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. дэх заалтыг баримталжээ.

Анхан шатны шүүх Монгол улсын хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдаж, Б.Х-ийн ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын газар татан буугдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор тус банк 5 газартай байсныг 4 болгож бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөлт хийжээ.

Уг тогтоолоор Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж, шинээр Хяналт, шалгалт, тамгын газрыг бий болгосон, тус газрын тамгын хэлтэст гадаад харилцаа хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрыг бий болгожээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 151 дүгээр тогтоолоор Хөгжлийн банкны бүтэц зохион байгуулалтыг Актив, пассивын удирдлагын, Зээлийн, Эрсдэлийн удирдлагын, Хяналтын болон захиргааны асуудал хариуцсан үндсэн нэгжтэй байхаар тогтоожээ.

Хяналтын болон захиргааны асуудал хариуцсан нэгж нь гадаад харилцаа, хуулийн асуудал хариуцсан дэд нэгж нь банкны гадаад харилцааг оролцогч талуудад харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх, банкны үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн бодитой мэдээллийг хүргэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар заажээ. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэж байсан ажил үүрэг тус байгууллагад шаардлагагүй болсон гэж үзэх боломжгүй юм.

Нөгөө талаар нэхэмжлэгч Б.Х-ийн өмнө гүйцэтгэж байсан ажлын байрны үндсэн чиг үүрэг, хийгдвэл зохих ажил шинээр бий болсон ажлын байрны хүрээнд багтсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, албан тушаал тамгын хэлтсийн харьяанд болж өөрчлөгдсөн, энэ тохиолдолд орон тоо хасагдсан гэж үзэхгүй.   

Түүнчлэн шинэ нэрээр бий болсон ажлын байранд ажиллах ажилтанд тусгайлан шаардлага тавигдаагүй, уг ажлыг Б.Х- гүйцэтгэж чадахгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх байдал тогтоогдоогүй нөхцөлд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг магадлал гарах өдөр хүртэл хугацаагаар тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 982 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр  төлсөн 303.305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ