Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-17
Дугаар 001/ХТ2017/00963
Хэргийн индекс 183/2016/00070/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Б.З
Хариуцагч “Х Р”
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/00317 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 995 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.З-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х Р” ХХК-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.З , түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нарын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.З , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Монгол, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Х Р” ХХК-д ажилд орж 5 жил ажиллаж, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Дундговь аймагт сарын хугацаатай томилолтоор ажилласан. Гэтэл нэг өдөр миний автомашины милл гацсан байна гэж манай ажилтан н.Соёлбат хэлсэн. Мөн би хамт ажиллаж байсан хүмүүстээ хэлж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө автомашины зураг аваад замын хуудас, милл хоёр 1000 км зөрсөн, бензин илүү хэлж авсан гэдэг байсан. Хөдөө хааяа шатахуун түгээх газарт ажилладаг хүмүүс нь амардаг байсан тул нөхөж бензин авсан. Одоо би ажилдаа эргэн орж, мөн сарын цалин болох 883 887 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд цалингаа авмаар байна. Менежер н.Батболд надад “чи ингэж хэл үгүй бол ажлаас хална” гэж надаар хэлүүлсэн, тэгээд нууцаар бичлэг хийсэн байсан, надаар 3 удаа тайлбар бичүүлсэн, би болсон үйл баримтыг бичдэг бөгөөд тэгэхээр “та буруу бичсэн байна” гэж дахин дахин бичүүлдэг байсан. Ээлжийн амралт 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл байсныг амраагүй, түүнийгээ мөнгөөр авсан. Милл гацсан байсан учир би хаанаас хаа хүртэл явснаа бичсэн болохоос нэмж бичсэн зүйл байхгүй. Шатахуун авсан баримт нь дандаа амралтын өдөр таардаг, тэгээд няравыг хүлээхгүйгээр гарын үсэг зураад дараа нь “Е” баримт авдаг байсан. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дуудаж “километр зөрсөн байна, аргалах арга байна уу” гэхэд байхгүй лацтай учир болохгүй гэсэн, би дарамт шахалт үзүүлээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ноцтой зөрчил гаргасан гэсэн байдлаар ажлаас нь халсан байдаг. Зөрчил дутагдлын асуудлыг нотлоогүй байж шийдвэр гаргасан нь маргаантай байна. Мөн Б.З  ажилчиддаа “үүнийг яаж засах вэ” гэж асууж байсан, яваагүй ажлаа явсан болгож бичсэн гэдэг ч хамт явсан хүмүүс нь нотолдог. Километрээ нэмж бичсэн гэдэг ч авсан бензин нь явсан километрээсээ дутах гээд байсан болохоор бензин километр хоёроо тааруулах гээд замын хуудас бичиж өгсөн гэдэг. Мөн Б.З ыг ажлаас халахаас өмнө зар тавьсан, одоо Б.З-ын автомашин жолоочоор өөр таньдаг хүнээ авч ажиллуулж байдаг гэдэг нь гэрчийн мэдүүлгээс харагддаг гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруул, өмгөөлөгч Ц.Монгол нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.З  нь 3 удаа шүүхэд худал мэдүүлэг өгч өөрийнхөө гарын үсгийг биш гэж хэлдэг байсан, шинжээч томилж гарын үсэг нь мөн байна гэсэн дүгнэлт гарч, нэг удаа шүүх хуралдаан хойшлогдсон. Тэгээд янз бүрийн шалтгаан гаргаж хурал хойшлуулдаг байсан. Гадаадын байгууллагад ажиллаж байгаа гээд хулгай хийж болно гэсэн асуудал биш, шүүх хурлыг 4 удаа хурал хойшлуулсан нь Б.З  нь дандаа үндэслэлгүй юм ярьдаг байсан. Бид ажилчиддаа илүү цагийн мөнгө өгдөг, мөн байгууллагын хувьд дунджаас дээгүүр цалинтай ажиллуулдаг. Километр нэмж орж ирдэг нь цэвэр шуналын асуудал, тэгээд үүнийгээ янзал гэхэд удирдлага болон ажилчдаа “би хөвсгөл нутгийн хүн болгоомжтой яваарай” гэж дарамталдаг. н.Соёлбатын өгсөн мэдүүлэгт сүүлд километр нэмсэн гэдгийг нь баталсан. Сүүлд 3 жолооч ажилд авсан гэж шүүх хурал болгонд ярьж байна. Б.З-ын оронд нь авсан хүнийг бид сонгон шалгаруулж авсан, манай дүү биш. Сая нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт нь замын хуудас, метр 2 зөрсөн гэж өөрөө хүлээн зөвшөөрдөг, мөн бичгээр хүртэл өгсөн байдаг. Бид хийсэн хурлаа дараа нь танилцуулдаг учир бичлэг хийж протокол хөтөлдөг, өөрийнхөө хийсэн үйлдлийг хийгээгүй мэтээр бусдыг гүтгэдэг, энэ бүгд нь бүгд баримтаар нотлогдож байдаг. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр н.Баттулгатай хийсэн ярилцлага дээр Б.З  нь н.Сандагт “миллний гол болохгүй байна, янзлаад өгөөч” гэж хэлсэн гэж ярьж өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

Одоо хуйвалдаад ажлаас халсан байна гэж яриад байна. Мөн Б.З  нь хийсэн үйлдлээ тойрч яриад байна. Манай компанид 140 гаруй хүн ажил эрхэлдэг эдгээр хүмүүс хөдөлмөрийн гэрээгээр харилцаагаа зохицуулдаг байсан одоо “хөдөлмөрийн гэрээгээ мэдэхгүй, би гарын үсэг зураагүй” гэж байна. Манайх 9 жолоочтой илүү цагийн мөнгө, ээлжийн амралтын тухай яриагүй бид тохиролцсон хөлсийг өгдөг, тухтай байлгадаг, аюулгүй ажиллагааны хангалттай орчин бүрдүүлж байхад, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдсэн нь ноцтой зөрчил юм. Лацтай байсан ч “би цээжээрээ бичнэ” гэж бичээд тэрийгээ засах гэж байгаа нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргачихаад одоо “намайг санаатай халах гэсэн” гэж ярьж байгаа нь зохимжгүй байна. Б.З  нь ер нь их дээрэнгүй, одоо буцаж ажилдаа ороод дүрэм журмаа мэдэхгүй байж яаж ажиллах талаар гайхаж байна. Бид настай жолооч нараа их дэмждэг, тэгтэл замын хуудсыг нэмж хассан гэж яриад байдаг, эрх үүргээ ойлгоод явахыг шаардаж байсан, үүнийгээ зөрчсөн учраас ажлаас нь халсан. Ажилтан бол ажил олгогчийн тогтоосон журмын дагуу ажиллах ёстой байхад энэ хүн өөрийн үүргээ илтэд үгүйсгэсэн байна. Мөн нэмж бичсэнээ өөрөө хүлээж гарын үсэг зурсан, милл ажиллахгүй гэдгийг 1 хүн нотолсон, гаргасан зөрчил дээр сахилгын арган хэмжээг цалингийн 20 хувиар бууруулах гэж байхад энэ хугацаанд гүтгэх, дарамтлах, нуун дарагдуулах гэсэн зөрчил ар араасаа гарч ирсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлнэ гэдэг нь өөрөө хууль бус, мөн байнгын илүү бичдэг байсан нь нотлогдож байдаг. Лац хийсний дараа түүнийг янзалж илүү бичсэн үйлдэл нь энэ хүн өмнөх буруу үлгэр дуурайллаасаа салаагүй байна. Хөдөлмөрийн чадварын зөрчлийг 2 удаа гаргасан бол тус туст нь тогтоогоод 1 арга хэмжээ авч болдог. Эхний зөрчилд ажлаас халах санал байсан, гэтэл дахин зөрчил гаргасан нь ажлаас халах үндэслэл болсон. Хөдөлмөрийн гэрээний 16.4.4, 16.4.9-д заасан зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа, “Е” баримт нь 190 литр шатахуун авч байсан нь шатахууны саванд багтахгүй гэдгээрээ нотлогдож байгаа, энэ хүн дандаа амралтын өдөр таардаг гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг давтан гаргасан гэдэг нь ажлаас чөлөөлөх үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/00317 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Б.З ыг “Х Р” ХХК-д жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 7 912 893 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.З ийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Х Р” ХХК-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дунаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Х Р” ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 995 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/00317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.З-ын “ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.З , түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 995 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт: “Хариуцагчаас “ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах гэрээний 16.1.4, 16.4.4, 16.4.9-д заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсоноор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн Б.З ыг ажлаас чөлөөлсөн” гэх татгалзлаа холбогдох баримтаар нотолсон байна", “Дээрхийг эрх бүхий этгээдээс зөрчилд тооцох эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг явуулж, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн сахилгын шийтгэлийн хуудсаар хөдөлмөрийн гэрээний 16.4.9-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж тэмдэглэн цаашид авах арга хэмжээ хэсэгт “ажлаас халах” гэснийг тодруулж тэмдэглэгээ хийсэн, мөн хөдөлмөрийн гэрээний 16.4.4, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 4.4-т заасныг ноцтой зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж мөн “ажлаас халах” шийтгэлийг ногдуулах санал гаргаж тодруулж тэмдэглэгээ хийсэнтэй нэхэмжлэгч Б.З  танилцаж тус тус гарын үсэг зурсан байна” гээд хавтаст хэргийн 208, 227, 228 дугаар хуудсыг заажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Б.З ийг ажлаас халсан үндэслэл болж буй үйл баримтын талаар сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхүйц хэд хэдэн баримт авагдсан байна. Эдгээр баримтууд нь ижил огноотой боловч ногдуулсан шийтгэл болоод зөрчлийн хэлбэр тодорхойлсон зэргээрээ ялгаатай буюу агуулгын зөрчилтэй баримтууд байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нэг төрлийн боловч агуулгын зөрүүтэй дээрх баримтуудад зохих ёсоор дүгнэлт хийгээгүй, аль нь үнэн аль нь худал болохыг ялгаж салгаагүй, алийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэхийг тодорхойлоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох хэсгийг буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэж улмаар мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчихөд хүргэсэн байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байгааг харуулах нэгдүгээр үндэслэл болж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 00317 дугаарт шийдвэрээр “Хариуцагч байгууллага нь тушаалын үндэслэлээ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 16.1.4,            16.4.4, 16.4.9 дэх заалтуудыг баримтлан захиргааны санаачлагаар УНН 49-25 улсын дугаартай Ланд Крузөр 76 автомашины замын хуудас, томилолтоор явсан үеийн киломөтрийн бүртгэл тооцоог хуурамчаар хөтөлж, шатахуун авсан баримтуудыг бусдаас хууль бусаар цуглуулан авч улмаар тээвэрт ашигласан мэтээр компанийн удирдлага болон харьяалагдах албан тушаалтандаа худал ярьж, худал мэдээлэл өгч улмаар шууд удирдлагаасаа өөрийн гаргасан хууль бус үйлдлээ нуун дарагдуулж, засаж янзлах талаар бусдад дарамт шахалт үзүүлж, мөн хээрийн ажилд хамт явсан ажилтны хийгээгүй үйлдлийг хийсэн мэтээр гүтгэсэн зэргээр сахилгын ноцтой зөрчил удаа дараа гаргасан үндэслэл зааж, шүүхэд тайлбарыг гаргаж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, тээврийн хэрэгсэл ашиглах тухай журам, сахилгын        шийтгэлийн хуудас зэргийг нотлох баримтаар гаргажээ”, “Эдгээр баримтуудад Б.З ийн гаргасан гэх зөрчлийн        талаарх баримт авагдаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн         гаргасан гэх зөрчлийг хариуцагч байгууллага баримтаар нотолж чадаагүй, удаа дараа, давтан сахилгын шийтгэл хүлээсэн гэдэг нь нотлогдохгүй байна”, “...хавтаст хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбар, мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдохгүй, шүүх хуралдаан дээрх тайлбар, мэдүүлэг нь зөрүүтэй байна” гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбар мэдүүлэгтэй харьцуулан хуульд заасны дагуу бүрэн бодитойгоор дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан байдаг. Мөн анхан шатны шүүх шийдвэртээ хэрэгт нотлох баримтаар авагдсан хурлын тэмдэглэлд Б.З од арга хэмжээ авах талаар ярилцсан боловч түүнд хөдөлмөрийн гэрээний заалт, эд хөрөнгийн хариуцлагын гэрээний холбогдох заалтуудыг уншиж танилцуулах, гуравдагч этгээдээр шалгуулахаар шийдвэрлэсэн, цаашид байгууллагын үйл ажиллагаанд хэвийн оролцож, албан тушаал ажил үүргээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдсан байна.

Дээрх шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахдаа Б.З ийн ашигладаг УНН 49-25 улсын дугаартай Ланд Крузер 76 автомашины спедометр гацаж байсныг нотолсон ахлах геологич Д.Соёлбатын тайлбар (хх-82 дахь тал), томилолтоор явсан газруудыг нотолсон ажилчдын тайлбар (хх-19-22 дахь талууд) зэргийг үнэлж үзэлгүй орхигдуулсан. Магадлалын хянавал хэсэгг: “Дээрх баримтуудыг харьцуулан үнэлбэл, хариуцагч “Х Р”ХХК-ийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар тушаалд нэрлэн заасан “замын хуудас, томилолтоор явсан үеийн километрийн бүртгэл тооцоог хуурамчаар хөтөлж, хохирол учруулсан” мөн “компанийн удирдлага болон харьяалагдах албан тушаалтандаа худал ярьж, худал мэдээлэл өгч, улмаар шууд удирдлагаасаа өөрийн гаргасан хууль бус үйлдэлээ нуун дарагдуулж, засаж янзлах талаар дарамт шахалт үзүүлсэн” зөрчлийг гаргасан нь эрх бүхий этгээдээс явуулсан хяналт, шалгалтаар тогтоогдсон уг зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 16.4.4, 16.4.9-д заасан гэрээг цуцлах шууд үндэслэл байх бөгөөд удирдлагын түвшний 4 этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан 2 удаагийн сахилгын шийтгэлийн хуудсаар “ажлаас халах” үндэслэлтэй гэж үзсэнийг буруутгах боломжгүй, уг саналыг үндэслэн гүйцэтгэх захирлын тушаал гаргаж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль болон гэрээний заалтыг зөрчөөгүй байна” гэжээ. Шууд удирддаг дарга болох Б.Сандаг-Очироос машины спидометр гацсанаас болоод машиныхаа банкиндаа хийсэн шатахуундаа тохируулаад замын хуудсаа бичсэн нь зөрүү гараад байна үүнийг аргалаад өгөөч гэж гуйсан нь дарамт шахалт үзүүлсэн болж байна. Хамт ажилдаг хүмүүс бие биеэсээ гуйсан талаар гэрч Б.Сандаг-Очир шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ хэлсэн байгаа. /х.х 148/ Б.З-ын талаар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцсэн ба ажлаас халах тушаалд дурьдагдсан зөрчилүүд тэр өдөр бүгд яригдсан. 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл амралттай байсан. Өөрөөр хэлбэл 2016 оны 04 дүгээр сарын 20-ноос хойш тушаал гаргах хүртэл ямар нэг зөрчил гаргаагүй байна. /х.х 194-202/

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад дээр дурдсан 2 удаагийн сахилгын шийтгэл гэдэг нь хоёул нэг огноотой бөгөөд Б.З ийн нэг удаагийн үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан мэт харагдаж байна. Хэрэв давж заалдах шатны шүүхийн үзсэнчлэн Б.З-ын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд “Үнст худаг” төсөлд томилолтоор ажиллаж байх хугацаандаа гаргасан гэх зөрчилд нь сахилгын шийтгэл 2 удаа ногдуулаад дараа нь дахиад шийтгэл ногдуулж ажпаас халсан бол энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болохыг шүүх санаатай эсвэл санамсаргүйн алин боловч дүгнэж үзэлгүй хууль бус шийдвэр гаргажээ. Гэтэл бодит нөхцөл байдал дээр “Х Р” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар Б.З ийг зөрчил гаргасан эсэхийг бүрэн тогтоогоогүй болох нь Б.З од хөдөлмөрийн гэрээний заалт, эд хөрөнгийн хариуцлагын гэрээний холбогдох заалтуудыг уншиж танилцуулах, гуравдагч этгээдээр шалгуулахаар шийдвэрлэсэн, цаашид байгууллагын үйл ажиллагаанд хэвийн оролцож, албан тушаал ажил үүргээ үргэлжпүүлэхээр шийдвэрлэсэн хурлын тэмдэглэлээс тодорхой харагдаж байна. Мөн хариуцагч талаас Б.З ийг замыг хуудсыг худлаа бөглөсөн, шатахуун авсан и-баримтыг хуурамчаар бүрдүүлсэн зэргийг баримтаар нотолж чадаагүй нь хэрэпг ийм баримт огт байхгүй байгаагаас бүрэн харагдана. Монгол Улсад ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг, монголын баялагийг гадагш ачдаг крмпанид Монголчуудын хийсэн болгон “тэнэг” харагддаг юм байна.

Монгол Улсын татварын нэгдсэн шинэ бодлого и-баримтын системийг үгүйсгэж байна. Хахууль өгөөд и-баримт авна гэж байх уу. Хотоос алслагдах тутам бинзений үнэ нэмэгддэг. Тийм болохоор нисэхийн колонкоос банкаа дүүргээд, Төв аймгийн колонкоос дахиж дүүргээд, Дэлгэрцогт сумын колонкоос, цаашаа Мандалговийн колонкоос цаашаа Гурвансайхан сумаас дүүргээд цаашаа кемп рүүгээ явдаг. Ингээд банк дүүрэн бинзентэй кемп очих ёстой. Ингэж байж л хайгуулийн талбай, уурхай руу явж ажлаа хийнэ. Сум суурингаас хол болохоор шатахуун түгээгүүрийн газар байхгүй. Нэг өдөр авсан шатахуунуудаа нэмэхээр мэдээж машины минь банкны хэмжээнээс илүү гарах нь ойлгомжгой. Захиргаа үүнийг ойлгохгүй “шатахуун авсан баримтуудыг бусдаас хууль бусаар цуглуулан авч улмаар тээвэрт ашигласан мэтээр компанийн удирдлага болон харьяалагдах албан тушаалтандаа худал ярьж, худал мэдээлэл өгч улмаар шууд удирдлагаасаа өөрийн гаргасан хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан” гэж үзээд байгаа юм. Гэрчүүдийн мэдүүлэг болоод шүүх хурлын тэмдэглэлд “Х Р” ХХК нь нэхэмжпэгч нь буруугаа хүлээхгүй байсан тул ажпаас халсан гэсэн агуулга ч тэмдэглэгдэж үлдсэн байдагт давж заалдах шатны шүүх хууль ёсны үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Дээрх байдлууд нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг ноцтой зөрчиж хууль ёсоор үндэслэлтэй гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэт нэг талыг барин хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан байгаа нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байгааг харуулах хоёрдугаар үндэслэл болж байгаа юм. Иймээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Магадлалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зөрчил гаргаагүй гэж үзэхдээ хэрэгт байгаа баримтуудыг бүрэн үнэлээгүй, нэхэмжлэлийг хангах болсон үндэслэлийн талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.З  нь “Х Р” ХХК-д холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл  гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Х Р” ХХКомпанийн захирлын  2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 16.1.4, 16.4.4, 16.4.9-д заасныг баримталж, Б.З ыг “...замын хуудас, томилолтоор явсан үеийн километрийн бүртгэл тооцоог хуурамчаар хөтөлж, хохирол учруулсан,  мөн “компанийн удирдлага болон харьяалагдах албан тушаалтандаа худал ярьж, худал мэдээлэл өгч, улмаар шууд удирдлагаасаа өөрийн гаргасан хууль бус үйлдлээ нуун дарагдуулж, засаж янзлах талаар дарамт шахалт үзүүлсэн зөрчлийг гаргасан” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогчийн тушаал үндэслэлтэй байх ба Б.З  тушаалд заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон талаар давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., 131.2. дахь зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг харьцуулан, тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаарх эрх зүйн дүгнэлтийг магадлалд тодорхой тусгажээ.

Ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогч санаачлагаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4-т заасан. “Х Р” ХХК нь Б.З-ын гаргасан зөрчлийг баримтаар нотолсон, уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гэж үзэхийг хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 995 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний  өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЦАГААНЦООЖ

 ШҮҮГЧ                                                          П.ЗОЛЗАЯА