Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-10
Дугаар 001/ХТ2017/01129
Хэргийн индекс 102/2017/01129/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Б.С
Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Б.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00606 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1108 дугаар магадлалтай,

           Б.Сийн нэхэмжлэлтэй,

           Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох,      

          Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаярын гомдлыг үндэслэн

            Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаяр, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

       Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Уул уурхайн яамны төрийн захиргааны удирдлагын хэлтэст бичиг хэргийн эрхлэгчээр 2012-09-11-ний өдрөөс эхлэн ажилсан. Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын түр орлон  гүйцэтгэгч  2016-09-07 -ны өдрийн Б/18 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг тушаал гарахаас 10 хоногийн өмнө Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн дуудан уулзаж, Аж үйлдвэрийн яамны бичиг хэргийн ажилтан С.Золцэцэг гэдэг хүн ирж байгаа гэсэн. Би улсад тасралтгүй 26 жил ажилласан. 2016-09-07-ны өдөр ажлаасаа гарсан. Бүтцийн өөрчлөлтөө орон тооны цомхтголд орж байгаа талаар  30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэл өгөх ёстой ч  мэдэгдээгүй, мэдэгдэл өгөөгүй. Сонгон шалгаруулалт явуулаагүй байж, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2016-09-05-ны өдөр сонгон шалгаруулалт явуулсан гэх баримтыг ирүүлсэн байна. Тухайн үед сонгон шалгаруулалт явагдаагүй. С.Золцэцэг бид хоёрыг тухайн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг 5 үзүүлэлтээр дүгнэж, Аж үйлдвэрийн яамны бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан С.Золцэцэгийг ажлын байранд тавигдах шаардлагыг илүү хангаж байна гэж үзэн тус яамны бичиг хэргийн эрхлэгчээр томилон ажиллуулж, намайг ажлаас халсанд гомдолтой байна. Иймд хууль бус тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ. 

       Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.С 2012-09-10-ны өдөр Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар бичиг хэргийн ажилтны албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж ирсэн. 2016 оны 08 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд “нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол гарснаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шинээр байгуулагдсан. Шинээр яам байгуулагдсантай холбогдуулан Аж үйлдвэрийн яам татан буугдаж ... албан хаагчдыг... тус тусын албан тушаалаас чөлөөлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016-07-27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Уг тогтоол гарсантай холбогдуулан тус яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016-09-05-ны өдрийн Б/14 тоот тушаалаар яамны зохион байгуулалтын нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалтыг баталж, мөн Б/15 тоот тушаалаар уул уурхай хүнд үйлдвэрийн яамны зохион байгуулалтын нэгжүүдийн холбогдох ажлын байранд тушаалын хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагчдыг 2016-09-01-ний өдрөөс эхлэн томилсон. Шинээр батлагдсан бүтэц, орон тоо ажлын байрны тодорхойлолттой уялдуулан Уул уурхайн яам болон Аж үйлдвэрийн яамнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэлд шилжиж ирсэн албан хаагчдыг Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-г үндэслэн төрийн алба хаасан хугацаа, мэргэжил, мэргэшил, ур чадварыг харгалзан тохирох албан тушаалд нь томилсон. Төрийн захиргааны удирдлагын газрын бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байранд 2 ажилтан байгаа учраас тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангаж байгаа нэг ажилтныг сонгон шалгаруулсан. Уул уурхай яамны бичиг хэргийн эрхлэгчийн ажил албан тушаалд Б.С болон Аж үйлдвэрийн яамны бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хааж байсан С.Золцэцэг нарын ур чадвар, мэдлэг мэргэшил, ажлын дадлага туршлагыг харгалзан үзэж, ерөнхий болон тусгай шалгуурыг илүү хангаж байсан С.Золцэцэгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бичиг хэргийн эрхлэгчийн ажилд томилсон байдаг. Мөн С.Золцэцэг нь Архивын ерөнхий газраас сар бүр зохион байгуулдаг архив, бичиг хэргийн ажилтны мэргэжлийн үнэмлэх эзэмшсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаж байсан тул сонгон шалгаруулалтын дүнд С.Золцэцэг томилогдсон. С.Золцэцэг нь Б.Сээс архивын сургалтанд хамрагдаж, үнэмлэхтэй байсан нь давуу тал болж байсан Б.Сийг ажлаас нь чөлөөлсөн Б/18 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Б.Сийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж, бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байранд тавигдах шаардлагыг илүү хангаж байсан С.Золцэцэгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын бичиг хэргийн эрхлэгчээр томилсон нь хууль зөрчөөгүй.  Яамны зүгээс бичээч, оператороор ажиллах санал тавьсан ч Б.С зөвшөөрөөгүй тул чөлөөлөх тухай тушаал гарсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00606 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Сийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2 530 749 төгрөг гаргуулж, Б.Ст олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-г баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  Б.Сийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан  Б.С улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг  Б.Ст буцаан олгож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 55 442 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 10-ны өдрийн 1108 дугаар магадлал гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.  

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаяр гомдолдоо: Б.С  шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “...тушаал гарахаас өмнө Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн дуудан уулзаж ажлаас чөлөөлөх тухай 10 хоногийн өмнө мэдэгдсэн" гэж хэд хэдэн удаа бичиж тайлбарласан. Аж үйлдвэрийн яамны /хуучнаар/ албан хаагчдыг 2016-07-21 -ний өдрийн 03/2154 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэлд ирүүлсэн бөгөөд албан бичгийг хүлээн авснаас хойш 2016-08-05-ны өдөр Б.Ст ажлаас чөлөөлөх тухай нэг сарын өмнө мэдэгдсэнийг 10 хоногийн өмнө мэдэгдсэн мэтээр тайлбарлаж шүүхэд  худал мэдүүлэг өгсөн. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-г зөрчсөн гэж дүгнэхдээ нотлох баримтыг бүрэн судалж шинжлээгүй. Мэдэгдэл өгсөнг нэхэмжлэгч баталгаажуулсаар байтал шүүх  дүгнэлт өгөөгүй.  Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-г удирдлага болгон ажлын байрны орон тоо цөөрсөн учраас уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулж авсан. Сонгон шалгаруулалтын дүнгийн хуудсыг нотлох баримтаар өгсөн атал шүүх  “..хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй ...” гэж дүгнэсэн байна. Б.Сийг ажлын байрны шаардлага хангахгүй талаарх нөхцөл байдал болон хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийсэн баримтыг хавтаст хэрэгт хавсаргасныг харгалзалгүйгээр шүүгч дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг бүрэн шинжилж судлаагүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 27.4.3-т заасны дагуу Б.Стэй биечлэн уулзаж сонсох ажиллагаа явуулж "бичээч, оператор”-р ажиллах саналыг тавьсан боловч өөрөө татгалзсан тул ажлаас чөлөөлснийг харгалзан үзэлгүйгээр шүүх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. 2017-06-07-ны өдөр “бичээч, оператор”-р ажиллах саналыг дахин тавихад  Б.С мөн саналыг хүлээж аваагүй. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

           Б.С нь  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдуулан 2016-10-06-ны өдөр нэхэмжлэл гаргаж, яамны төрийн захиргааны удирдлагын хэлтэст бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага тавьжээ. /хх1/ Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан байна. /хх19-20/

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд үндэслэлээ “... хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй... ажил олгогч ажлын байранд ажилтныг сонгон шалгаруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2, 40.1.1, 40.1.2, 40.5-г зөрчсөн...ажилтан ажлын байрны шаардлага хангахгүй нь тогтоогдоогүй...тул ажилд нь эгүүлэн тогтооно... 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр  хүртэлх олговор 4 221 039 төгрөгөөс ажлаас халагдсаны тэтгэмжид авсан 1 690 290 төгрөгийг хасаж үлдэх  2 530 749 төгрөгийг гаргуулна...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

   Хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/18  дугаар тушаал гаргаж, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-г үндэслэн Б.Сийг бичиг хэргийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн боловч тушаалын үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна. 

       Монгол Улсын Засгийн газрын 2016-07-27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор яамдын зохион байгуулалтын бүтцийг баталсан, уг тогтоолд шинээр яам байгуулах тухай заалт байхгүй байх тул “... Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шинээр байгуулагдсан...” гэх хариуцагчийн тайлбар нэхэмжлэлийг үгүйсгээгүй гэж үзнэ. 

       Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж буй ажилтанд энэ талаар нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг ажил олгогч хүлээнэ.    

         Хариуцагч байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байр орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн нь тогтоогдоогүй тул ажил олгогчийн тушаал үндэслэлгүй байна. Түүнчлэн, ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас нь халах тухай хуульд заасан хугацаанд мэдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

          Ажил олгогч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...  Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-г үндэслэн төрийн алба хаасан хугацаа, мэргэжил, мэргэшил, ур чадварыг харгалзан тохирох албан тушаалд нь томилсон...” гэх боловч энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.  Б.С нь  төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т хамаарах албан хаагч биш байна.

         Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00606 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1108 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг  дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ