Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-12
Дугаар 001/ХТ2017/01159
Хэргийн индекс 102/2016/00329/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч Н.О
Хариуцагч “О”ОНӨААТҮГ, “А” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

  Н.О-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00703 дугаар шийдвэр,

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1327 дугаар магадлалтай,

            Н.О-ийн нэхэмжлэлтэй,

            “О”ОНӨААТҮГ, “А” ХХК-д  холбогдох

             Шугамын ашиглалтад хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах арга хэмжээ авахыг даалгах, учирсан хохиролд 12.990.000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

           Нэхэмжлэгч Н.О-ээс 8.643.100 төгрөг гаргуулах тухай  хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг, хариуцагч “О”ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буман-Аюуш, хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч Д.Гэрэлмаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.О нь БГД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт, “А” ХХК-ийн дэлгүүрийн баруун талд үйлчилгээний зориулалттай, зоорийн давхрын хамт 11 давхар барилга бариулж байгаа билээ. Гэтэл 2014 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн барилгын суурь, зоорийн давхарт бүлээн, их хэмжээний ус орж ирсэн. Нэхэмжлэгч энэ усыг шугамын алдагдал гэж үзсэн боловч мэргэжлийн байгууллагууд учрыг нь олж өгөөгүй. Энэ байдлыг Орон сууцны контор, Баруун түгээх зэрэг зэрэг олон газар хэлж, дуудлага өгсөн боловч шалтгааныг нь тогтоож чадаагүй. Энэ хугацаанд манай барилгын дотор явдаг айлын шугамын алдагдал байж магадгүй гэж үзэн орон сууцны контор хаасан. Үр дүнд нь тэр айлын шугам хөлдсөн. Үүнийг иргэн н.Баттогтохоор мөнгийг нь төлж гаргуулсан. Баруун түгээхээр шугам хаалгуулсан, хаасны хөлс, эвдэрхий крант зассан гэх мэтээр 400.000 төгрөг авсан. Бид 2014 оны 12 сард 17 м худаг ухуулж, усыг нь гаднаас нь соруулах арга хэмжээ авсан. Байрны суурь газрын гадаргаас 8 м тул түүнээс доош худгийг “Экос” ХХК-иар 7.000.000 төгрөгөөр ухуулсан. Одоо хүртэл худаг ажиллаж байгаа бөгөөд тогонд залгаатай байдаг. Гэтэл 2015 оны 2 сард Орон сууцны контор, баруун түгээхээс “А” ХХК-ийн дулааны шугам хагарсан, түүнээс болж ус алдсан болохыг тогтоосон. Гэвч тэдний шугам хөлдөнө гэдэг шалтгаанаар усыг нь хаагаагүй. Хавар болсны дараа хаасан 2015 оны зун компанийг дулааны шугамандаа засвар хийхийг орон сууцны контороос сануулсан. Гэвч 2015 оны 10 сард дулаан авахтай зэрэгцээд дахин ус алдсан. Энэ үед нэхэмжлэгч ус алдсан шалтгааныг тогтоолгох, зогсоолгох тухай хүсэлт гаргахад орон сууцны контороос усыг хаасан. Ингээд 2016 оны зун хариуцагч “А” ХХК шугамаа бүрэн сольсон ба түүнээс хойш дахин ус ороогүй. Энэ талаар хариуцагчид хэлэхэд өөр шугамаас ус орсон байж болно, эсвэл борооны ус орсон гэж ярьдаг. Ус алдсан 2014 оны 10 сараас 2015 оны 4 cap хүртэл, 2015 оны 10 сараас хойш бороо ороогүй болно. Зөвхөн тэдний шугамыг нээхээр ус алддаг, хаахаар зогсдог. Гэхдээ үүнийг мэргэжлийн байгууллага болох Орон сууцны 12-р төв, Баруун түгээх төв, Мэргэжлийн хяналт зэрэг албан ёсны байгууллагууд тогтоосон. Иймд дулааны шугамын эзэн болон хуулиар ашиглалтыг нь хариуцдаг орон сууцны контороор уг шугамыг засуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. “А” ХХК-ийн шугамын алдагдал гэдгийг ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015.02.25-ны албан тоот, 2015.03.02-ны албан тоот, ОСНААУГ-ын Баруун түгээх төвийн 2015.03.03-ны албан тоот, ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015.10.26-ны албан тоот, Мэргэжлийн хяналтын газрын 2015.12.17-ны албан шаардлагаар нотлогдож байгаа. Мөн хариуцагч ОСНААУГ-ын 12-р төвийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар болон баримтыг судалж үзэхэд 2015 оны 02 дугаар сарын 06-нд “А” ХХК-ийн шугаманд гэмтэл гарсан тул заасан хугацаанд засварлах тухай албан тоот, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 62 тоот албан тоотоор шаардлага өгч, засварлаагүй тул хаасан тухай мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Мөн хариуцагч ОСНААУГ-ын төлөөлөгч 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дур мэдэн нээсэн шугамыг нь хааж, ус алдалтыг тогтоосон тухай шүүхэд мэдүүлэг өгчээ. Иймд бидний зүгээс дулааны шугамаа засахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, “А” ХХК-ийн шугамаас ус алдсаныг шүүхийн журмаар тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан. Ус алдсаныг нь мэргэжлийн олон байгууллага тогтоосон боловч уг компани хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхээр уг маргааныг шийдүүлж байна. Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 5.31.3-д заасныг баримтлаагүй хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас надад хохирол учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д гэж зааснаар Гэм хорын хохиролд худаг ухуулсан 7.000.000 төгрөг, өдөр бүр ус соруулах хүн ажиллуулсан 4.250.000 төгрөг, ус соруулах насос 3 ширхэгийг худалдан авсан 540.000 төгрөг, хөлдсөн шугамыг гэсгээсэн 1.200.000 төгрөг, нийт 12.990.000 төгрөгийг хариуцагч “А” ХХК-иас гаргуулж өгнө үү. Мөн “А” ХХК-ийн эзэмшлийн шугамын ашиглалтад хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах талаар арга хэмжээ авахыг ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвд даалгах хүсэлтэй байна гэжээ.

          Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунгалаг болон өмгөөлөгч В.Гэрэлт-Одын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь  манай компанийн эзэмшлийн дулааны шугамаас 2014, 2015 онуудад ус алдаагүй. Нэхэмжлэгчийн барилгын орчинд олон төрлийн шугам хоолой байдаг бөгөөд тухайлбал төвийн 500-ын магистраль шугам, үүнийг огтлолцсон, давхацсан, дагуу гэх мэт олон шугам байдаг. Энэ олон шугамын чухам ямар шугамаас, хаанаас нь ус алдсаныг тогтоогоогүй байж зөвхөн манай компанийг онцлон, манай шугамаас ус алдсан мэтээр хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь анх барилга барьж эхлэхдээ төвийн 500-ын магистраль шугам байрлаж байсан траншэйний хуучин суурин дээр барилгын сууриа тавьж барьсан. Барилга барихдаа шугам сүлжээнээс тодорхой зайд барих, шугам сүлжээг хэвийн ашиглах нөхцөлийг бүрдүүлэх нь тухайн барилгыг бариулж байгаа захиалагч, эздийн үүрэг байдаг. Энэ үүргийг зөрчсөн. Хөрсний ус болон ямарваа нэг сантехникийн алдаанаас үүссэн ус зайлуулах системийг бүрдүүлж, аюулгүй байдлыг хангах нь мөн тухайн барилгын эзний үүрэг. Гэтэл энэ нь нэхэмжлэгчийн барилгад бүрэн хангагдаагүй. Тус барилга нь үерийн усны зам дээр баригдсан бөгөөд энэ талаар хэрэгт фото зураг авагдсан болно. Мөн яг ийм газарт баригдсан болохыг нь тухайн барилгын ойр орчмын бүх хүмүүс гэрчилнэ. Хөрсөнд нэвчсэн ус газар хөлдөж эхлэх үеэр хөрсний тэлэлт явагдаж хөрсний ус шахагдаж, дулааны шугам руу орж хуучин траншэйгаар дамжин нэхэмжлэгчийн барилгын суурь руу орох магадлал өндөр юм. Анх хөрсний ус орж ирсэн болохыг нь нэхэмжлэгч өөрийн гаргасан тайлбартаа хэлсэн болно. Хөрсний ус буюу шар ус зайлуулах ус авагч хоолойг нэхэмжлэгч нь барилга барих явцдаа барилгын ажлын шороо, хогоор дарсан байсныг харин хариуцагчийн зүгээс цэвэрлэж, уг нүхийг нээсэн. Ингэснээр нэхэмжлэгчийн барилгын суурь руу ус орохоо больсон. Энэ нүхийг нээсэн фото зургийг хэрэгт хавсаргасан. Манай компани нь 2015, 2016 онуудад дулааны шугамаа байнга хаалттай байлгасан мэтээр ярьдаг. Гэтэл бид ус, дулааны хангамжаа огт таслуулаагүй. Бид 2015 оны зун өөрсдийн саналаар завсар, үйлчилгээ хийгээгүй бөгөөд Улаанбаатар дулааны шугам сүлжээ компанийн захиалгаар “Цаст Констракшн” ХХК нь манай байгууллагын эзэмшлийн ус дулааны шугамтай огтлолцдог Улсын эзэмшлийн төвийн дулааны шугамын засвар хийхдээ манай шугамын ихэнхийг нь ухаж гаргах үед нь бид өөрсдөө үлдсэн шугамаа ухаж ил гарган, манай шугамаас ус алдаагүй болохыг нэхэмжлэгч Н.Оийн инженер Батболдод үзүүлсэн болно. Мөн хөндлөнгийн инженер н.Одонхүүгээр ус алдаж байгаа эсэхийг тогтоолгуулах зорилгоор гэрчээр асуулгасан болно. Нэхэмжлэгч нь биднийг хууль бусаар гүтгэн, ус хаалгах, шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр бидний ажилд дарамт үзүүлсээр байсан тул арга буюу бид 2016 оны 05 дугаар сарын 20-ны үеэр өөрийн эзэмшлийн шугамаа ил гарган, ус шахаастай байхад нь нэхэмжлэгчийн н.Батмөнх менежерийг дуудан үзүүлэх гэхэд тэрээр ирж үзээгүй бөгөөд харин нэхэмжлэгч Н.Оийн нөхөр гэх хүн ирж, манай уг байдлыг шалгаж өгнө үү гэсэн хүсэлт бичиг дээр “хүлээн авлаа” гэж бичиж, гарын үсгээ зурж үлдээсэн болно. Үүнийг бид нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байгаа.

       Гэтэл нэхэмжлэгч нь манай ус, дулаан хангамжийг хаалгах, шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн нэхэмжлэгч нь “танай буруугаас болж манай барилгын суурь хазайх, суулт өгөх, улмаар нурах зэрэг аюул тохиолдвол бид танай байгууллагаас хохирлыг гаргуулна шүү” гэж хууль бусаар, хууль шүүхийн нэр барьж дарамт шахалт үзүүлж байсан тул бид холбогдох хуулиараа 30 жил ашиглагдах ёстой ус, дулаан хангамжийн шугамаа 10 жил хүрэхгүй хугацаанд ашигласны дараа иж бүрнээр нь бүрэн солиход хүрсэн. Энэ нь манай компанийн хувьд тодорхой хэмжээний бодит алдагдал, зардал гаргахад хүрсэн бөгөөд энэ зардлаа бид нэхэмжилж, сөрөг нэхэмжлэл гаргах болно. Манай компани нь дулааны шугамаа нэг ч өдөр хаалгаж байгаагүй бөгөөд, дулааны болон хэрэглээний халуун, хүйтэн усны төлбөрөө cap бүр, цаг тухайд нь тогтмол нэхэмжлэлийн дагуу төлж байсан. Энэ баримтаа бид хавсаргаж өгсөн. Мөн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвөөс шүүхэд удаа дараа гаргаж өгсөн баримтад манай компанийн дулааны шугамыг хаагаагүй болохыг дурдсан байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

           Ус, дулааны мэргэжлийн хүмүүсийн тодорхойлж байгаагаар ус, дулааны алдагдал хүлээж байгааг үндсэн 2 аргаар тогтоодог. Нэгдүгээрт аливаа нэгэн далд байгаа ус дулааны хангамжийн алдагдлыг тогтооход шинжээч томилж, хий шахах замаар шугамын алдагдал байгаа эсэхийг мэргэжлийн хүмүүс тусгай техникийн хэрэгсэл ашиглан тогтооно, мөн хамгийн энгийн арга бол далд байгаа шугамыг ухаж ил гаргаж ус шахаж үзэж нүдээр харж дүгнэлт гаргадаг. Энэ хоёр аргын аль алиныг нь хэрэглээгүй ба Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвөөс хэрэгт авагдсан нотлох баримтад 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 56 тоот албан бичигт гомдлын дагуу 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн хүмүүстэй хамт газар дээр нь шалгаж үзэхэд “дулааны шугамыг стандартын дагуу угсраагүй болон бусад зөрчил илэрлээ” гэсэн агуулгатай албан бичгийг хавсаргасан. Энэ албан бичиг нь тухайн үед ийм ажил огт хийгдээгүй бөгөөд бидэнд энэ талаар мэдэгдсэн зүйл огт байхгүй, мөн өвлийн хүйтэнд ямар хүмүүс, яаж гэмтэлтэй эсэхийг тогтоосон нь нотлогдохгүй байгаа. Манай байгууллагыг анх ашиглалтад оруулахад Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцэж дулаанд холбохыг зөвшөөрсөн бичгийг тухайн үед манай компанийн өмчлөгч байсан Д.Буяндэлгэрт албан ёсоор өгсөн байдаг. Энэ албан бичгийг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Мөн Орон сууц нийтийн аж ахуйн хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 062 тоот “А” ХХК-д өгсөн албан бичигт танай байгууллагын мэдлийн шугам цоорсны улмаас иргэн Н.О-ийн барилгын зоорийн хэсэг рүү их хэмжээний ус орж байгааг тогтоож 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдөр хүртэлх хугацаанд танай халуун усыг хаасан гэсэн. Гэтэл бид хүнсний дэлгүүр ажиллуулж байсан болон бусад үйл ажиллагаанд зайлшгүй ус, дулаан хэрэгтэй байсан тул нээсэн. Үүнээс хойш манай ус дулааны шугам байнга нээлттэй байсан. 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 54 тоот “А” ХХК гэсэн албан бичигт “танай мэдлийн шугам цоорч, гэмтэл гарсан тул бид хаасан билээ. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр орон сууцны 80 дугаар байрны зоорийн давхарт их хэмжээний ус алдаж байна гэсэн дуудлагын дагуу газар дээр нь шалгахад Гурванбилэг дэлгүүрийн зоорийн давхарт байдаг халуун усны таслах хаалтыг дур мэдэн нээснээс болж ус алдаж байсныг хаасан билээ” гэсэн албан бичигт болон дээр дурдаж байгаа тайлбартай шууд уялдаж байгаа бөгөөд үүгээр манай байгууллагын буруу биш байсныг цаг хугацааны хувьд нотлон харуулж байна. Мөн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч нь ямар ч ажил хийгээгүй ба “А” ХХК-ийн барилгын гадна байдлыг хараад дүгнэлт хийгээд явсан. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас явуулж байсан албан бичигт халуун ус хааснаас биш дулааны шугам хаасантай холбоотой ямар ч зүйл тусгагдаагүй болно гэжээ.

           Хариуцагч “О” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бум-Аюушийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.О-ийн барилгын зоорийн хэсэг рүү их хэмжээний ус алдаад байна гэсэн гомдлыг тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвд өгч байсан. Энэ гомдлын дагуу газар дээр нь шалгаж үзэхэд ус алдаж байсан шугам нь “А” ХХК-ийн эзэмшлийн халуун усны шугам байсан бөгөөд манай төвийн ажилтан тус шугамын усыг хааж 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 62 тоот албан бичгээр зөвлөгөөг хүргүүлсэн байна. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д хэрэглэгчийн эрх, үүрэгт өөрийн эзэмшлийн шугам тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах, мөн Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 31 дүгээр хэсгийн 3 дахь заалтаар “Дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ээлжит болон урсгал засварыг дамжуулагч, түгээгчийн төв шугамын засвартай уялдуулан хугацаанд нь чанартай хийх үүрэгтэй” байдаг. Гэтэл тус компани нь зөвшөөрөлгүйгээр өөрсдөө дур мэдэн очиж хаалтыг нээж, ус дахин алдсан байна. Манай байгууллагаас олон удаа шаардлага өгч байсны үр дүнд тус компани нь 2016 оны 05 дугаар сард өөрийн эзэмшлийн хос шугамаа сольж, Баруун түгээх төв болон Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн инженер, “А” ХХК болон иргэн Н.О-ийн төлөөлөл болох ажилчдын бүрэлдэхүүнийг байлцуулан газар дээр нь шалгаж шахалтын акт үйлдсэн байна. “А” ХХК-ийн эзэмшлийн шугам сүлжээний засвар үйлчилгээ нь манай байгууллагатай хамааралгүй болно гэжээ.

           Хариуцагч “А” ХХК-ийн  гаргасан сөрөг нэхэмжлэлд:  Н.О-ийн нэхэмжлэлтэй, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон ”А” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 181/ШШ2016/00454 шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан билээ. Энэхүү хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэх явцад үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр хариуцагч “А” ХХК-ийн зүгээс дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч Н.О нь 2015 оноос эхлэн “танай компанийн эзэмшлийн ус дулаан хангамжийн шугамаас ус алдаж бидний бариулж буй барилгын зоорийн давхар руу ус ороод байна” гэж үндэслэлгүйгээр хардан, удаа дараа бидний дулааны болон хэрэглээний халуун, хүйтэн усны шугамыг Орон сууцны контороор үе үе хаалгаж бидний ажилд ихээхэн төвөг, хүндрэл учруулах болсон. Улсын эзэмшлийн төвийн дулааны шугам солих ажил нь УБДС ХК-ийн төлөвлөгөөт ажлын хүрээнд хийгдсэн бөгөөд энэ ажлын хүрээнд төвийн шугамын шуудуу хоолойг ухаж гаргах, бусад байгууллагын эзэмшлийн шуудуу хоолойг ухаж гаргах үүргийг байгууллагууд нь даалгаж байсан бөгөөд үүнийг нотлох УБДС ХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 56-07-003/08 тоот албан бичгийг мөн хэрэгт хавсаргаж өгөх болно. Бид удаа дараа манай байгууллагын эзэмшлийн шугамаас ус алдаагүй болохыг нотлон харуулсаар байтал нэхэмжлэгч нь манай ус дулаан хангамжийг хаалгах, шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн нэхэмжлэгч нь “танай буруугаас болж манай барилгын суурь хазайх, суулт өгөх, улмаар нурах зэрэг аюул тохиолдвол бид танай байгууллагаас хохирлыг гаргуулна шүү” гэж хууль бусаар, хуулийн шүүхийн нэр барьж дарамт шахалт үзүүлж байсан тул бид холбогдох хуулиараа 30 жил ашиглагдах ёстой ус, дулаан хангамжийн шугамаа 10 жил хүрэхгүй хугацаанд ашигласны дараа иж бүрнээр нь бүрэн солиход хүрсэн. Энэ нь манай компанийн хувьд тодорхой хэмжээний бодит алдагдал, зардал гаргахад хүрсэн бөгөөд бид энэхүү зардлаа тухайн үед буюу 2016 оны 05 дугаар сарын 20-ноос мөн оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл уг шугамыг солиход гарсан зардлаар нь нийт 8.643.100 төгрөгийг хариуцагч Н.О-ээс нэхэмжилж байгаа болно. Иймд уг шугамыг солихтой холбогдон шууд гарсан зардал болох 8.643.100 төгрөгийг хариуцагч Н.О-ээс гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Дээрх сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болормаа болон өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан хариу тайлбарт: Хариуцагч өөрсдийн эзэмшлийн шугамд гэмтэл гарснаа засварласан зардлаа нэхэмжлэгчээс нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “А” ХХК-ийн шугамын алдагдал гэдгийг

1. ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015.02.25-ны албан тоот,

2. ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015.03.02-ны албан тоот,

3. ОСНААУГ-ын Баруун түгээх төвийн 2015.03.03-ны албан тоот,

4. ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015.10.26-ны албан тоот,

5. Мэргэжлийн хяналтын газрын 2015.12.17-ны албан шаардлага,

6. Хариуцагч ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар, шүүхэд өгсөн мэдүүлэг, нотлох баримтыг судлахад 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “А” ХХК-ийн шугаманд гэмтэл гарсан тул заасан хугацаанд засварлах тухай “А” ХХК-д явуулсан албан тоот,

7. ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 62 тоот албан тоот шаардлага зэрэг бичгийн баримтаар нотлогдож байгаа юм.

8. Мөн түүнчлэн хариуцагч ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр өгсөн “... Манай байгууллагын инженер техникийн ажилтнууд УБДС ХХК-ийн хүмүүстэй ус гоожиж байгаа шалтгааныг шалгахад “А” ХХК-ийн мэдлийн гадна халуун усны шугамд гэмтэл гарсныг тодорхойлж, тус компани гэмтэлтэй шугамыг засварлах тухай албан тоотыг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн боловч засвар хийгдээгүй тул 2015 оны 02 дугаар сарын 25-ны албан бичгээр анхааруулж байгаад халуун усыг зогсоож, ус алдахыг зогсоосон. Мөн “А” ХХК нь өөрсдөө дур мэдэн халуун усны шугамыг нээж дахин ус алдаж, 2015 оны 10 сарын 04-ний өдөр манайхаас газар дээр нь шалгаж, халуун усыг нь хааж, барилгын зоорийн давхарт ус орохыг бүрэн зогсоосон бөгөөд халуун усны шугам нь хаалттай байгаа болно” гэсэн тайлбараар мөн нотлогдож байна. Иймд “А” ХХК-ийн шугам гэмтэлтэй гэдгийг нэхэмжлэгч биш, ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төв, Баруун түгээх төв, Мэргэжлийн Хяналтын байгууллага нар тогтоосон. Эдгээр байгууллагууд ус алдалтыг зогсоосныхоо дараа засварлах үүргийг мөн өгсөн. Цаашилбал, “А” ХХК нь мэргэжлийн байгууллагын шаардлага, хууль, дүрмээр хүлэээсэн үүргийнхээ дагуу сольсон шугамынхаа үнийг биднээс нэхэмжлэх нь утгагүй юм. Усны алдагдалтай шугам энэ компанийн өмч, сольсон шугам мөн энэ компанийн өмч, солиод гаргасан шугам мөн энэ компанийн өмч. Солихыг шаардсан хүн нь бид биш мэргэжлийн байгууллага. Харин бусдад учруулсан хохирлоо төлөхгүй, цаг хожсон арчаагүй арга гэж бид энэхүү сөрөг нэхэмжлэлийг үзэж байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00703 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас гэм хорд нийт 10.395.714 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2.594.286 төгрөгийг, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т шугамын ашиглалтад хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах арга хэмжээ авахыг даалгах, нэхэмжлэгч Н.О-ээс 8.643.100 төгрөгийг гаргуулах хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 181.281 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгож, хариуцагч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

             Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1327 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00703 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болормаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1327 дугаар магадлалд дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн хүсэлтийг хангаагүй тул ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг анхан шатны шүүх гүйцэтгээгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хохирсон бид хохирлоо гаргаж авах хугацааг хойшлуулан хохироож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь худаг ухсан бөгөөд өвлийн 12 сард 20 гаруй хоног орос машинаар ухсаныг өөрсдөө мэдэж байгаа бөгөөд худаг ухсан гэрээ, мөнгөний баримт зэрэг нь нотлох баримт болж байгаа. Шүүхээс үүнийг үзээгүй. Хариуцагч, манай хоёрын хооронд 6-7м зайтай. Худгийн өрмийн машин хариуцагчийн нүдэн дээр, хашаанд нь тулгаад ажилласан. Хэрэв худаг ухаагүй байж ийм баримт гаргавал ИХШХША-ны нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг болно. Хариуцагчийн зүгээс бусдад учруулсан хохирлоо төлөхгүй цаг хугацаа хожиж байгаа бусармаг үйлдэл юм. Тиймээс үзлэг, туршилт хийх шаардлага байхгүй байсан. Мөн түүнчлэн суурийн усны шалтгааныг тогтооход ач холбогдол бүхий хүсэлт гаргахад хангаагүй гэжээ. “А” ХХК-ийн шугамын алдагдал гэдгийг ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015.02.25-ны албан тоот, 2015.03.02-ны албан тоот, ОСНААУГ-ын Баруун түгээх төвийн 2015.03.03-ны албан тоот, ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015.10.26-ны албан тоот, Мэргэжлийн хяналтын газрын 2015.12.17-ны албан шаардлагаар нотлогдож байгаа. Мөн хариуцагч ОСНААУГ-ын 12-р төвийн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар, шүүхэд өгсөн мэдүүлэг, нотлох баримтыг судлахад 2015 оны 02 дугаар сарын 06-нд “А” ХХК-ийн шугаманд гэмтэл гарсан тул заасан хугацаанд засварлах тухай албан тоот, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 62 тоот албан тоотоор шаардлага өгч, засварлаагүй тул хаасан тухай мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Мөн хариуцагч ОСНААУГ-ын төлөөлөгч 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дур мэдэн нээсэн шугамыг нь хааж, ус алдалтыг тогтоосон тухай шүүхэд мэдүүлэг өгсөн. Мэргэжлийн, шалгах эрх бүхий, мөн ус ашиглалтыг хариуцаж буй ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төв, ОСНААУГ-ын Баруун түгээх төв ийм зөрчил гарсан даруй ирж үзэж тогтоосон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт байсаар байтал дахин тогтооно гэсэн ойлголт байхгүйг давж заалдах шатны шүүх мэдсээр байж зөвхөн хариуцагчийн талд шийдвэр гаргаж, бидний эрх ашиг хохирч байгаад харамсаж байна. Иймээс давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Энэ хэрэг 3 жил сунжирч, 2 удаа анхан шатны шүүхээр орж, нэхэмжлэлийг хангасан боловч, 2 удаа давж заалдах шатны шүүхээс буцлаа. Өмнөх удаад давж заалдах гомдол гаргахад анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүгч зарим хуудсыг нь байхгүй хасаж, зарим хэсгийг нь давхардуулан явуулж, биднийг хохироосон гэдгийг анхаарч үзэхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

          Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

       Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч ”А” ХХК-д холбогдуулан шугамын алдагдлын улмаас учирсан хохиролд 12.990.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “А” ХХК нь эс зөвшөөрч,  нэхэмжлэгч Н.О-ээс 8.643.100 /найман сая зургаан зуун дөчин гурван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

    Түүнчлэн нэхэмжлэгч нь Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдуулан “...шугамын ашиглалтад хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах арга хэмжээ авахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь “А” ХХК-ийн эзэмшлийн шугам сүлжээний засвар үйлчилгээ нь манай байгууллагатай хамааралгүй гэж маргасан байна.

           Баянгол дүүрэг, 18 дугаар хороонд үйлчилгээний зориулалттай, зоорийн давхрын хамт 11 давхар баригдсан барилга нь нэхэмжлэгчийнх болох нь 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000475445 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний болон 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 869 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн техникийн нөхцөлийн, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн № 48/14 техникийн нөхцөлийн, 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн № 238/ж-87 барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлтийн, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 529/2014 дугаар зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогджээ.

      Дээрх барилгын зоорийн давхрын ханаар их хэмжээний ус нэвчин орж байсан талаарх нэхэмжлэгчийн тайлбар, №03/14 Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн № 62, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн № 66, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №96 албан бичгийн хуулбар хэрэгт авагдсан байна.

           Анхан шатны шүүх ”А” ХХК-ийг гэм хор учруулсан гэж дүгнэн нийт 10.395.714 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгож, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдох нэхэмжлэл болон хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “...барилгын суурийн усыг шавхах зорилгоор 17 метр худаг ухуулж, усыг нь гаднаас нь соруулах арга хэмжээ авсан.  ...худгийн мөнгийг хариуцагчаас нэхэж байх тул худагт шүүхийн журмаар үзлэг хийж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх ач холбогдолгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, түүнчлэн хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунгалагаас өмнө гаргасан тэрхүү хүсэлтүүдийг шийдвэрлээгүй талаар шүүх хуралдаан дээр тодруулж, шинжээч томилуулах тухай гаргасан хүсэлтийн агуулгыг шүүх буруу тодорхойлсон гэж анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3., 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. /хх.I-32,51,101/

         Нэхэмжлэгчийн барилгын суурийн давхарт усны хуримтлал үүссэн шалтгаанд хамааралтай нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хариуцагчийн зүгээс хүсэлт гаргасан байхад шүүх уг хүсэлтийг маргааны үйл баримтад ач холбогдолгүй гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхисныг буруу гэж дүгнэн, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ. /хх.I-107-108/

            Хариуцагчийг аюултай эд зүйл өмчлөгч, эзэмшигчийн хувьд эсхүл түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учруулсан аль үндэслэлээр нэхэмжлэгч гэм хорын хохирлыг арилгуулахаар хариуцагч “А” ХХК-иас шаардаж байгаа үндэслэл тодорхойгүй, хэрэв хариуцагчийг шугам хоолойны өмчлөгч, эзэмшигчийн хувьд гэм хорыг хариуцах ёстой гэж үзсэн тохиолдолд тухайн шугам хоолой гэмтэлтэй байсан эсэх, тэр нөхцөл байдал, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд ус алдаж, учруулсан гэх гэм хохирлын асуудал, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоог тодорхойлоход шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт нь ач холбогдолтой байсан гэж үзнэ.

         Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул энэ шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1327 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болормаагийн  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.790 /хоёр зуун хорин хоёр мянга долоон зуун ерэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН