Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-06
Дугаар 001/ХТ2017/01122
Хэргийн индекс 181/2017/00738/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч Б.Ү
Хариуцагч “С” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Б.Ү-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

             Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00990 дүгээр шийдвэр,

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1270 дугаар магадлалтай,

            Б.Ү-гийн нэхэмжлэлтэй,

            “С” ХХК-д холбогдох

         Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2 604 651 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

        Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Ү нь 2009 онд тус байгууллагад ажилд орсон. Хариуцагч компанийн удирдлага солигдож, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажил тарсны дараа дуудаж мэдэгдэл өгсөн ба маргаашнаас ажлаа хийхгүй, ажлаа хүлээлгэж өг гэсэн. Мэдэгдэлд орон тооны бүтэц зохион байгуулалт хасагдсан гэсэн байсан. Гэвч борлуулалтын ажилтан гэх албан тушаалд 53 хүн ажиллаж байсан ба хоёр хүнийг нь ажлаас чөлөөлсөн байдаг. Үүнээс харахад орон тоо хасагдсан биш цөөрсөн гэж харагдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтны эрхийг хангах үүрэгтэй. Б.Үгийн эрхийг зөрчиж 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш ажиллуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар ажилтныг бөөнөөр халсан тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэлгүй хууль зөрчсөн. 2 ба түүнээс дээш хүнийг ажлаас чөлөөлөх нь бөөнөөр халах ойлголт юм. Мөн компанийн дүрэмд заахдаа дотоод журмыг ТУЗ батална гэж заасан боловч хөдөлмөрийн дотоод журмыг гүйцэтгэх захирал баталсан байх ба хүчин төгөлдөр бус дотоод журмыг баримталж тушаал шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч ажлаа хүлээлгэж өгсөн тул өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөн гэж ойлгож байгаа. Хариуцагч талаас ажлаас чөлөөлсөн тушаалаа нэхэхээр өгдөггүй, ажил олгогчоос ажилтны ажлыг хүлээж авч ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн атлаа тушаалыг гаргахгүй хугацаа хойшлуулж байгаа тул энэ үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Б.Үгийн 1 сарын дундаж цалин 633.636 төгрөг тул нэг өдрийн цалинг 29.471 төгрөгөөр тооцож, 56 хоногийн ажилгүй байсан хугацааны олговорт 2.670.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн агуулгаас харахад ажил хүлээлцэж авсан гэдэг дээр маргаж байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажил тараагүй байсан ба 14-16 цагийн хооронд болсон явдал. Мэдэгдэх хуудсыг өгөхөд хувь үйлчилгээний борлуулалтын албаны дарга н.Солонго, хүний нөөцийн мэргэжилтэн М.Солонго, Борлуулалт үйлчилгээний албаны захирал н.Амартүвшин нар хамт байсан ба хурлын зааланд Б.Үд мэдэгдэх хуудсыг өгч, 1 сарын дараа тушаал шийдвэр гарна, тэтгэмж олгоно, энэ хугацаанд цалинг саадгүй өгнө гэж хэлсэн. Нэхэмжлэлийн утга дээр ажлаа хүлээлгэж өг гэж тулгасан, албадсан мэт зүйл бичсэн байсан. Ийм зүйл огт байгаагүй. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тушаал гарсан ба 1 сарын хөдөлмөрийн хөлс, тэтгэмжийг олгох, ажил хүлээлгэж өгөх албаны комиссыг зааж өгсөн. Бид үндсэн ажлын байрны тоог цөөрүүлээд тодорхой хэд хэдэн албан тушаалыг гэрээгээр гүйцэтгүүлье гэсэн санал гаргасан ба рэсэйпшиний албан тушаалд 2 орон тоо байсан. Бид Б.Үд уг ажлын байрыг санал болгох зорилгоор уулзсан боловч бидний саналыг сонсоод “би Юнител компанид ажиллах болсон, баярлалаа” гэж хэлээд гарсан. Бид маргалдах хүсэл сонирхол байхгүй байна гэж ойлгож байсан. Удалгүй бидэнд шүүхээс мэдэгдэх хуудас ирсэн. Бид Б.Үг дуудаж уулзсан ба жирэмсний амралтаа авсан З.Сэлэнгэ гэж хүний орон тоон дээр үндсэн ажилтнаар ажиллуулж болох юм байна гэж хэлээд уулзаж ярилцаад шийдэлд хүрэхээр болоод өмгөөлөгчтэй уулзана гэж хэлээд явсан. Бид ажил хүлээж авсан, гарын үсэг зурсан зүйл байхгүй, энэ талаар манай ажилтан Д.Амарбаясгалан нотолно. “С” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.7.1.2 дах хэсэгт захиргааны ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг хүний нөөцийн алба хариуцах ба гүйцэтгэх захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулна, хүний нөөцийн хэлтсийн менежер тушаалыг гардуулж ажлыг хүлээж авах ба хүний нөөцийн мэргэжилтэн, захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтэний хамт ажлаас чөлөөлөх уулзалт хийнэ, ингээд тойрох хуудсанд гарын үсэг зурна гэсэн дараалалтай. Б.Ү ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээж аваад 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурсан, уг баримтыг шүүхэд өгсөн. Бид ажилтны ажлыг хийлгэхгүй, цалинг тасалдуулсан зүйл огт байхгүй. Орон тоо цөөрүүлэх, цомхотгол хийх болсон шалтгаан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор “Скайтел” компанийн орон тоо, бүтцийн өөрчлөлт хийсэн. Товчхондоо эдийн засгийн хямралаас улбаатай. Дараагийн хүчин зүйл нь ”С” ХХК-ийн санхүү эдийн засгийн байдал байсан. Компани 2.5 тэр бум төгрөгийн валютын ханшны алдагдал хүлээсэн. Мөн хэд хэдэн банкнаас валютын зээл авсан байдаг. Шинэ бүтцээр Хэрэглэгчийн үйлчилгээний алба, Хувь хэрэглэгчийн борлуулалтын алба гэж хоёр хуваагдсан. Хувь хэрэглэгчийн борлуулалтын алба 130 хүнтэй, Хэрэглэгчийн үйлчилгээний албан 90 хүнтэй, орон нутагт 58 хүнтэй болсон. Хуучин бүтцээр орон тоо 65 хүнтэй байсан. ТУЗ-ын тогтоолоор 53 хүний орон тоог баталсан. ТУЗ тушаал батлахад 10 ажилтны ажлын байрыг цөөрүүлсэн ба 7 хүнд бид мэдэгдэл өгсөн. 3 хүн нь өөрсдөө санал санаачлагаараа ажлаас гарсан. Ажил олгогчийн зүгээс ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлж үнэлгээ гаргасан байдаг ба ажилтан Б.Ү нь сахилгын шийтгэлтэй, ажлын гүйцэтгэл нь муу байсан тул ажил олгогч сонгох эрхийн хүрээнд ажлаас чөлөөлсөн. Бид хуулийн дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл гардуулсан гэжээ.

           Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00990 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ү-гийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2.604.651 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1270 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00990 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын хяналтын журмаар гаргасан гомдолд: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, бодитойгоор шинжлэн судлаагүй, мөн хэт нэг талыг баримтлан тайлбарлаж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт “Б.Ү-д хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн. Мэдэгдлийг гардаж авсан нь тогтоогдож байна, тухайн ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр халсан нь үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримт дотор ажил хүлээлцэх акт байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Хариуцагч нь хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдлийг 30 хоногийн өмнө өгсөн гэж байгаа боловч ажлаас халсан тушаал гараагүй байхад Б.Ү-гийн ажлыг хүлээж авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42, 43 дугаар зүйлүүдийг зөрчснийг шүүх анхаарч үзэж, ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзэж байна. Мөн ажил олгогч нь мэдэгдэл хүргүүлсэн гэх өдрөөс хойш 30 хоног болоогүй байхад ажлыг нь хүлээн авсан нь хэрэгт авагдсан ажлаас гарч буй ажилтны тойрох хуудас гэх баримтаас харагддаг. Тухайн ажилтны ажлаа хийх нөхцөл бололцоог олгоогүй, өөрөөр хэлбэл Б.Үд нэгж, карт нь байж ажлаа хийдэг байхад ажлын гол багаж хэрэгслийг хүлээж авсан. Энэ нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх энэ нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн явдал нь нотлох баримтыг бүрэн гүйцэд шинжлэлгүйгээр хэт нэг талыг баримталж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн магадлал болсон гэж үзэхээр байна. Хэрэв үнэхээр Б.Ү нь ажлаа хаяж явсан гэж үзвэл ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын арга хэмжээ авах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1270 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

         Нэхэмжлэгч Б.Ү нь хариуцагч ”С” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2.604.651 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “С” ХХК эс зөвшөөрч, компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой ажлаас халсан, хууль зөрчөөгүй гэж маргажээ.

      Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Ү нь “С” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 451 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан тус компанийн дараа төлбөрт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б-132 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

         Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 9 дүгээр тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолыг үндэслэн ажилтан Б.Ү-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй, анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна. 

         Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд мэдэгдэх хуудсыг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.Ү-д хүлээлгэн өгсөн тухай хариуцагчийн гаргасан тайлбарыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1-т нийцжээ. 

         Ажил олгогч нь дээрх мэдэгдлийг ажилтанд өгсөн өдрөөс хойш 1 сарын дараа гаргасан тушаалаар Б.Ү-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримталсан нь үндэслэл бүхий байх тул ажилтныг үндэслэлгүй халсан гэж үзэхгүй. 

       Нэхэмжлэгч Б.Ү-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй “...мэдэгдэл өгөөд ажиллах нөхцөл боломжоор хангахгүйгээр ажлыг минь хүлээж авсан, программд нэвтрэх эрхийг хаасан” гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. 

        Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2.604.651 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч маргаанд хамаарах хуулийн заалтуудыг бүрэн хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх энэ шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт оруулаагүй нь учир дутагдалтай юм.

           Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний нэмэлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00990 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1270 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ ...128 дугаар зүйлийн 128.1.2” гэсний дараа “ ...69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1” гэж нэмэлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Нэхэмжлэгч Б.Ү нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН