Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-13
Дугаар 001/ХТ2017/01173
Хэргийн индекс 102/2016/05402/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Готовдоржийн Цагаанцоож
Нэхэмжлэгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар
Хариуцагч Б ТББ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн болон орон нутгийн өмчийн бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00591 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1136 дугаар магадлалтай,

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нэхэмжлэлтэй,

Б  ТББ-д холбогдох,

Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашзэвэг, Б.Алтанцэцэг, өмгөөлөгч Ж.Энхчулуун, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газар 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Эрүүл мэнд, спортын харьяа Техник спортын төвийг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулж,  өөрчлөн байгуулсан байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах, тухайн байгууллагын үндсэн болон бусад эд хөрөнгийг хүлээн авч бүртгэхийг Төрийн өмчийн хороонд даалгасан. Энэ тогтоолын дагуу Төрийн өмчийн хороо 2015 оны 7 сарын 08-ны өдрийн 506 дугаар тогтоолоор Техник спортын төв ТӨҮГ-ийн эзэмшилд олгох үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээ бүхий эхлэлтийн баланс, зохион байгуулалтын бүтэц, дүрмийг хавсралтаар баталж захирлыг томилсон. Дээрх тогтоол,  шийдвэрүүдийн үндсэн дээр Буудлага спортын барилга байгуулж, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлцсэн. Гэтэл Б  ТББ нь Засгийн Газрын харьяа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын барилга байгууламж, эд хөрөнгийг чөлөөлж өгөхгүй, үйл ажиллагаанд саад учруулж байна. Батлан хамгаалах туслах нийгэмлэг нь анх 1929 онд байгуулагдсан. Б -ийн төв зөвлөл гэдгийг бие даасан олон нийтийн байгууллага гэж үзээгүй бөгөөд энэ байгууллагын хараат бус байх эрхийг хамгаалах гэж улсын бүртгэлд бүртгэсэн баримт байхгүй. Техник спортын төвийн буудлагын барилга, тоног төхөөрөмж нь Б -ийн төв зөвлөлийн эзэмшил, ашиглалтад байсан ч төсвөөс санхүүжиж бий болсон,  социалист өмчид хамаарах ба төрөөс уг эд хөрөнгийг Төрийн бус байгууллагад шилжүүлсэн, худалдсан, өмчийн хэлбэрийг өөрчилсөн шийдвэр огт гаргаагүй байна. Иймд Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, дагалдах эд хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б  ТББ шүүхэд гаргасан тайлбартаа: Тус нийгэмлэг нь улс орны батлан хамгаалах хүчнийг бэхжүүлэхэд туслах, иргэдэд цэргийн анхан шатны мэдлэг олгох, батлан хамгаалах үйл хэрэгт татан оролцуулах, цэрэг ардын холбоог бэхжүүлэх зорилготой байгуулагдсан байдаг. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл нь 1997 оныг хүртэл олон нийтийн байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 1997 онд Төрийн бус байгууллага болж зохион байгуулагдаж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Маргааны зүйл болсон барилга байгууламж, эд хөрөнгийг 1980 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар протоколоор БНАГУ-ын Спорт, техникийн нийгэмлэгийн зөвлөлийн төв захиргаа БНАГУ-ын Үндэсний Батлан хамгаалах яамны даалгавраар БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлд эв санааны нэгдлийн бэлэг болгон бэлэглэсэн байдаг. Иймд уг эд хөрөнгө анхнаасаа Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн өмч байсан. Мөн 1999 онд Улсын Их Хурлаас төрийн өмчийг анх тоолж, төрийн өмчийг тодорхой болгох үед төрийн өмчийн жагсаалтад Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл төрийн бус байгууллага болон түүний өмчийг оруулан тоолоогүй байдаг. Иймд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл хэмээх төрийн бус байгууллагын өмчийг төрийн өмч гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Учир нь тус байгууллага төрийн байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгж биш тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн бус байгууллагын өмч төрийн өмч болох ямар ч үндэслэлгүй. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчид байгаагүй, хуульд заасан журмаар олж аваагүй, хууль ёсны дагуу төрийн өмчид хамааралгүй хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоолгох талаар нэхэмжлэл гаргасан нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00591 дүгээр шийдвэрээр 1963 оны Иргэний хуулийн 60 дугаар зүйл, 63 дугаар зүйлд заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамж 46 тоотод байрлах Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, түүний зориулалтын дагуу ашиглагддаг, дагалдах эд хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б -ийн төв зөвлөл ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Техник спортын төв ТӨААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас гаргуулан буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1136 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00591 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Батлан хамгаалахад туслах нийгэмлэг ТББ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1136 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагыг “Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл” ТББ-ийн эзэмшилд байгаа Техник спортын төвийн барилга байгууламж, эд хөрөнгийн бүртгэл, 1979, 1980 онд барилга байгууламж ашиглалтад хүлээж авсан улсын комиссын актууд болон “Техник спортын төв” ТӨҮГ-ийн эхлэлтийн тайлан баланс зэрэг баримтуудаар тодруулсан. Дээрх баримтуудад магадлалд дурдагдсан хаана байрладаг, ямар нэр төрлийн хэдэн м.кв талбайтай, ямар үнэтэй эд хөрөнгө байгаа нь харагдаж байдаг. Бидний гаргаж өгсөн 1977, 1978, 1980 оны улсын төсвөөс хөрөнгө гаргасан баримтууд нь Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, дагалдах эд хөрөнгүүд нь төрийн өмч болохыг нотлох баримтууд болно.

Шүүхээс гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийн дагуу Сангийн яамнаас баримтууд ирсэн ба энэ баримтуудаас зөвхөн нотлох баримтын шаардлага хангасан хэсгийг үнэлсэн нь нотлох баримтыг үнэлэх талаарх журмыг зөрчөөгүй. Үр дүнгийн гэрээ гэсэн баримтуудыг гаргаж өгөх байгууллага байхгүй гэсэн хариу өгсөн нь шүүхийн алдаа биш гэж үзэж байна. Магадлалын тогтоох хэсгийн удирдлага болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 гэсэн заалт ямар ч үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх өөр хуулийг эсхүл хуулийг буруу тайлбарласан эсхүл шүүх санаатайгаар нотлох баримт гаргуулахад саад болсон зүйл байхгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн 1136 дугаар магадлалыг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хянаж өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны шүүх “...буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгө гэдэгт яг хаана байрладаг, ямар үнэтэй эд хөрөнгө хамаарч байгаа, тухайн хөрөнгийн доорх салшгүй бэхлэгдсэн газрын хэмжээ, газар эзэмших эрх нь хэнд байдаг, үндсэн бүрдэл хэсгүүд нь юу болох, салгаж болох дагалдах зүйлүүд нь юу болох талаар тодорхойгүй, эд хөрөнгө гэсэн нэхэмжлэл дотор хөдлөх хөрөнгүүд хамаарч байгаа эсэх, хэрэв байгаа бол жагсаалт, нэршил үнэ зэрэг нь тодорхойгүй..., нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр мэтгэлцээн өрнөөгүй, ...Сангийн яамнаас ирсэн бичгүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлага хангаагүй..., үр дүнгийн гэрээ гэх баримтуудыг гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан ч биелэлт хангагдаагүй..., хариуцагчийн өмгөөлөгчийн үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаагүй нь үндэслэл муутай, хэргийн оролцогчийн гаргасан баримт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрлүүлсэн хуулбарыг өгнө... гэсэн шаардлагыг хангаагүй, бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй баримтыг үнэлсэн...” гэсэн үндэслэлийг магадлалд заажээ.

Нэг. Нэхэмжлэгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь хариуцагч Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл ТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ “Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо “...буудлагын иж бүрэн сургалтын барилга байгууламжийг барих ажлыг 1977 оноос барьж эхлүүлсэн ба БНАГУ-ын Спорт, техникийн нийгэмлэгийн төв захиргааны дэмжлэгтэйгээр барих болсон. Монгол Улсын Сайд нарын Зөвлөлийн Улсын төлөвлөгөөний комисс 1978, 1979, 1980 онуудад улсын төсөвт зохицуулалт хийж, буудлагын спортын барилга байгууламжийг барих зардлыг төлөвлөсний дагуу Монгол банкнаас мөнгөн хөрөнгийг гаргаж, Барилгын цэргийн анги барьж ашиглалтад оруулсан, Монголын тал уг барилгын зураг төсөл хийлгэхээс эхлээд барих, санхүүжүүлэх, гүйцэтгэх бүхий л ажиллагааг хийсэн, мөн уг барилгын засвар үйлчилгээний бүхий зардлыг төрөөс гаргаж байсан” гэсэн тайлбар гаргаж улмаар тухайн хөрөнгө хаана байрладаг, ямар үнэтэй болох, мөн газар эзэмших эрхийн талаар нэхэмжлэлд хавсаргасан баримт болон шүүхэд гаргасан тайлбартаа дэлгэрэнгүй тусгажээ /хэргийн 1 дүгээр хавтас 144-150, 3 дугаар хавтас 9-17 дугаар тал/.

Б -ийн төв зөвлөл нь анх улс орныг батлах хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхэд идэвхтэй туслах үндсэн үүрэгтэйгээр 1929 онд “Монгол улсыг хамгаалах явдалд туслах эвлэл” нэртэйгээр анх Батлан хамгаалах яамны харьяанд байгуулагджээ.

МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1975 оны 18 дугаар, 1976 оны 81 дүгээр тогтоолоор УБ -ийг Батлан хамгаалах яамны харьяаллаас гаргаж, хөдөлмөрчдийн сайн дурын биеэ даасан байгууллага болгон өөрчлөн зохион байгуулж, байнгын удирдлагаар хангаж байхыг аймаг, хотын намын хороо, АДХГЗ-нд, нийгэмлэгийн ажлыг сайжруулах, спорт, цэрэг техникийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд бүх талаар туслахыг Батлан хамгаалах яаманд, нийгэмлэгийн хэрэгцээнд зориулан спорт буудлагын ордон, сургууль-буудлагын төхөөрөмжилсөн талбай байгуулах, сургалт спортын зарим шаардлага бүхий багаж, хэрэгсэл тоног төхөөрөмжийг гадаадад захиалах арга хэмжээг төлөвлөгөөтэйгээр авах, сургалт спортын 1976-1980 оны 5 жилийн төлөвлөгөөг хянан баталж, түүний материаллаг баазыг сайжруулан бэхжүүлэх арга хэмжээ авахыг БНМАУ-ын СнЗ-д тус тус даалгажээ.

Б -ийн анхдугаар хурал 1976 оны 6 дугаар сард хуралдаж, нийгэмлэгийн дүрмийг баталж, үйл ажиллагаагаа явуулж байгаад 1997 онд “Батлан хамгаалах туслах нийгэмлэг” ТББ болж, 1 гишүүнтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна /хэргийн 1дүгээр хавтас 40 дүгээр тал/.   

БНАГУ-ын Спорт, техникийн нийгэмлэгийн төв захиргаа, БНМАУ-ын Б -ийн төв зөвлөлийн хоорондын 1977 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрээр УБ хотод спортын буудлагын сургалт-спортын цогцолбор барьж  байгуулах зорилгоор 1/бага калибрийн винтовын 50 галын байртай, 50 метрийн буудлагын талбайг зэвсгийн болон аж ахуйн агуулах, буу зэвсгийн засварын газар, ариун цэврийн өрөөний хамт, 2/Олимпийн хурдан буудлагын бүгд 4 байгууламжтай 25 метрийн буудлагын талбайг бага калибрийн винтовоор 50 метрт буудаж болохоор барих, 3/янз бүрийн арга хэмжээнд ашиглаж болох 10 галын байртай 60 м урт зал, 40 ортой сургалтын нийтийн байрыг контор, дасгалжуулагч нарын өрөө, хурлын танхим, эмнэлэг хяналтын байр, гуанз, ариун цэврийн байгууламжийн хамт, 5/ 1-4 дүгээр зүйлд заасан обьектуудад зориулан зайлшгүй шаардлага бүхий галын төхөөрөмжүүд /усалгааны болон хөрс хатаах цахилгаан шугамд залгах төхөөрөмж, хашаа/-г барьж байгуулахаар шийдвэрлэжээ.

Улсын төлөвлөгөөний комисс 1977 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Буудлага спортын иж бүрэн барилга байгуулалтын зургийн захиалгыг хянан баталсан байх ба уг захиалгад хөрөнгийн эх үүсвэр, төсөвт өртгийг тоног төхөөрөмж оролцуулахгүйгээр улсын хөрөнгө оруулалтаар, ойролцоогоор 2 сая төгрөг байна гэжээ. 

Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1977 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар тогтоолоор буудлагын иж бүрэн барилга байгууламж барихад зориулан Ажилчны районы дэвсгэрт 3 дугаар цахилгаан станцын баруун хойд талд 1 дүгээр хувилбарын дагуу 2.8 га газар олгохоор шийдвэрлэсэн, уг газар дээр маргааны зүйл болох барилгыг барьсан байна.

Түүнчлэн шинээр барих буудлага спортын төв клубын иж бүрэн барилга байгууламжийн цэвэр усны холболтыг зөөврөөр хангахаар зураг төсөл зохиох, барилгын бохирын усны шугамыг шинээр цооног гаргаж холбох, ойр орчимд барилга байгууламж баригдсаны дараа төвийн шугамаас бохир цэвэр усны холболт өгөхөөр техникийн нөхцөл олгогдсоныг УБ хотын Ерөнхий архитектор 1977 оны 5 дугаар сарын 19-ний өдөр баталсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, эдгээрийг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Монгол Улсын Санхүү, эдийн засгийн сайдаас Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн 2003 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3-5а/2018 дугаар албан бичигт “Б -ийн Техник спортын төв нь улсын төсвөөс санхүүждэг байгууллага бөгөөд төсөвт байгууллагын төсвийн төслийг хянахдаа нэгэнт улсын төсвөөс газрын төлбөрийн санхүүжилт гарч эргээд төсөвт ордог тул тухайн байгууллагын зардалд газрын төлбөрийг тусгахгүйгээр төлөвлөж ирсэн. Энэ оны хувьд мөн төсөвт байгууллагуудын  газрын төлбөрийн зардал нь төсвийн зардалд тусгагдаагүй тул төсвөөс олгох боломжгүй юм. Иймд улсын төсвөөс санхүүждэг байгууллагуудад газрын төлбөр ногдуулахгүй байх нь зүйтэй” гэжээ /хэргийн 1 дүгээр хавтас 157-162 186-189, 2 дугаар хавтас 18 дугаар тал/.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “...спортын иж бүрэн барилга байгууламжид нярвын тооллогын бүртгэлд тусгагдсан барилга байгууламж түүний дагалдах эд хөрөнгө хамаарна” гэжээ. Хэрэгт авагдсан нярвын тооллогын бүртгэлд “...дулааны шугам, бохирын цооног, цахилгаан шид, офицер тирийн барилга, төмөр хашаа, складын барилга, шилэн даллага, задгай тирний барилга, нийтийн буудлагын тир, битүү тирний барилга, зочид буудлын барилга, цардмал талбай, цэцэрлэгжүүлсэн талбай, конторын барилга, бие засах газар, зоорь...” бүхий хөрөнгө тусгагдсан нь дээр дурдсан 5 обьектод хамаарч байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх яг хаана байрладаг, ямар үнэтэй эд хөрөнгө хамаарч байгаа, тухайн хөрөнгийн доорх салшгүй бэхлэгдсэн газрын хэмжээ, газар эзэмших эрх нь хэнд байдаг, үндсэн бүрдэл хэсгүүд нь юу болох, салгаж болох дагалдах зүйлүүд нь юу болох талаар тодорхойгүй, эд хөрөнгө гэсэн нэхэмжлэл дотор хөдлөх хөрөнгүүд хамаарч байгаа эсэх, хэрэв байгаа бол жагсаалт, нэршил үнэ зэрэг нь тодорхойгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байна.

1.1.Хариуцагч Б  ТББ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д зааснаар хэргийн оролцогчийн эрх зүйн байдлаар мөн хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж, маргааны зүйлийн талаар мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлж иржээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар мэтгэлцээн өрнөөгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн бол давж заалдах шатны шүүх өөрөө эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой тул бүрэн эрхийнхээ хүрээнд хийх ёстой ажиллагааг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчжээ.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сангийн Яам нийт 60 хуудас баримт ирүүлжээ /хэргийн 2 дугаар хавтас 169-228 дугаар тал/. Эдгээрийн 4-с бусад баримтад тус яамны хуулбар үнэн тэмдэг дарагдаагүй боловч шийдвэрийн үндэслэл болоогүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

1.3.Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан Техник спортын төв нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Биеийн тамир спортын үндэсний төвийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 806 дугаар захирамжаар Эрүүл мэндийн яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч яамны архивт уг гэрээнүүд байхгүй гэсэн хариу ирүүлжээ. /хэргийн 162, 167 дугаар тал/.  

Нэгэнт уг гэрээ байхгүй тохиолдолд түүнийг гаргуулах боломжгүй бөгөөд хариуцагч энэ талаар дахин хүсэлт гаргаагүй байна.

1.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогчид өөрсдөө нотлох баримтыг цуглуулж, шүүхэд гаргаж өгдөг бол харин нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр хийх талаар мөн зүйлийн 38.6.-д заасан.

Маргааны зүйл болох барилга байгууламжийн газрыг байршлыг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр хэрэгт авагдсан, анхан шатны шүүх “...үзлэгээр нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий ямар зүйлийг тодруулах гэж буй нь тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгах боломжгүй юм.     

Дээр дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан шаардлагын аль нэгт хамаарахгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан зохицуулалтыг магадлалын үндэслэл болгосон нь хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын хувьд алдаатай болжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгох нь зүйтэй.

Хоёр. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1-т “Засгийн газар нь үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно” гэж заасан ба Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бүхий байгууллага байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1-д зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэгтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.2-т “нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна. 

2.1. Маргааны зүйл болох барилга байгууламжийг барьж эхлүүлэх ажлыг дээр дурдсанаар эхлүүлж, улмаар ажлын зургийн захиалга, техникийн нөхцлийг эрх бүхий этгээд баталж, Ардын армийн 073 дугаар анги 1980 оны 11 дүгээр сард барьж гүйцэтгэн хүлээлгэн өгчээ.

Б -ийн төв зөвлөл нь барилгын захиалагчийн эрх үүргийг хэрэгжүүлж, барилга бариулах ажиллагааг хариуцаж байсан ба энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч нь уг барилгыг өөрийн хөрөнгөөр барьсан, өмчлөгч мөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Дээрх барилга байгууламжийг барьж гүйцэтгэх хугацаанд БНМАУ-ын СнЗ-ийн Улсын төлөвлөгөөний комисс 1978 оны 122, 318, 1979 оны 174, 1980 оны 235 дугаар тогтоол гаргаж, хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажил, ашиглалтад оруулах  барилгын 1978-1981 оны төлөвлөгөөнд зохицуулалт хийж, улсын төсвөөр санхүүжүүлж, хөрөнгө оруулалт хийх барилгын жагсаалтыг баталсан үүнд буудлагын клубын барилга оржээ. Мөн барилгын санхүүжилтийг 1978, 1979, 1980 онуудад Улсын банкны ерөнхий хорооноос олгож байсан нь тогтоогдсон, эдгээрийг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Барилгыг ашиглалтад хүлээн авах үед БНАГУ-ын Спорт техникийн нийгэмлэгийн төв захиргаа, БНМАУ-ын Б -ийн төв зөвлөлийн хооронд 1980 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан 7 дугаар протоколд тус цогцолборыг байгуулахад зарцуулсан 740.000 маркийн хөрөнгийг эв санааны нэгдлийн бэлэг гэж тэмдэглэжээ.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулийн /1963 оны/ 59 дүгээр зүйлд “өмчийн төрлийг социалист өмч, амины өмч гэж ялгана...”, 60 дугаар зүйлд “социалист өмч нь улсын өмч, хоршооллын өмч, үйлдвэрчний эвлэл, олон нийтийн бусад байгууллагын өмчөөс бүрдэнэ”, 62 дугаар зүйлд “...мөн улсын бүх байгууллагын эд хөрөнгө улсын өмч байна” гэж тус тус заажээ. Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаас үзвэл тухайн барилга байгууламжийг улсын хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ. Харин Б  ТББ нь уг цогцолборыг эзэмшиж, ашиглаж байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд маргааны зүйл болох барилга байгууламжийг Б ТББ-ын хөрөнгөөр барьсан гэх байдал тогтоогдоогүй байна.

2.2. Монгол улс 1990 онд нийгмийн өөр тогтолцоонд шилжиж, 1992 онд шинэ Үндсэн хууль болон Өмч хувьчлах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэрэг хуулиуд батлагдсантай холбогдон өмчийн төрөл, хэлбэр өөрчлөгдсөн, үүнтэй уялдан төрийн өмчийг өөр хэлбэр, төрөлд шилжүүлэх шаардлага гарсан, үүний дагуу төр өөрийн хөрөнгөд бүртгэл, тооллого явуулжээ.

Төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого явуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 13 дугаар тогтоол гарсан боловч Буудлага спортын төвийн барилга байгууламж төрийн өмчид бүртгэгдээгүй, маргаантай хэвээр үлджээ. Нөгөө талаар уг хөрөнгийг хариуцагч Б  ТББ-ын өмчид шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Зохигчдын маргааны зүйл болох дээрх хөрөнгийг төрийн өмчид бүртгээгүй явдал нь хариуцагчийн өмч гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүд нь төрийн өмчид хэвээр байна.

2.3. ТӨХ-ны 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 323 дугаар тогтоолоор “Техник спортын төвийн 1.278.108.744 төгрөгийн хөрөнгийг төрийн өмчид хүлээн авч бүртгэхийг Төрийн өмчийн хяналт шалгалтын газарт  даалгажээ. Б  ТББ дээрх тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 136 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 110 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээжээ.

Үүний дараа ТӨХ 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 435 дугаар тогтоол гаргаж, Техник спортын төвийн хөрөнгийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хөрөнгөд бүртгэн авчээ. Б  ТББ дээрх тогтоолд гомдол гаргасан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 529 дүгээр шийдвэрээр уг тогтоолыг хүчингүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 530 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн 107 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 124 дүгээр тогтоолоор  шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзахдаа “.....өмчлөх эрхийн талаарх маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамааралгүй юм” гэж дүгнэжээ.  

Үүнээс үзэхэд  дээрх тогтоолууд гарах хүртэл маргаан бүхий барилга зохигчдын хэн алины өмчлөлд бүртгэгдээгүй байжээ.

2.4. ”Техник спортын төв” нь Б-ийн материаллаг бааз, боловсон хүчин дээр тулгуурлан үүсэн байгуулагдаж, 1954 оноос техникийн клубуудыг нээж улмаар буудлага, нисэх, радио, авто мото клубуудыг нэгтгэн улсын төсвөөс санхүүжигдэн ажиллаж байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолоор төсвийн зарим байгууллагыг тодруулбал, Эрүүл мэнд спортын яамны харьяа Техник спортын төвийг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулж, тус байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах, тухайн байгууллагын үндсэн болон бусад эд хөрөнгийг хүлээн авч бүртгэхийг ТӨХ-д даалгажээ. Дээрх тогтоолын дагуу ТӨХ 2015 оны 7 дугаар сарын 506 дугаар тогтоолоор Техник спортын төв ТӨҮГ-ын дүрмийг баталж улмаар уг газарт олгох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ бүхий эхлэлтийн тайлан баланс, мөн зохион байгуулалтын бүтцийг  баталжээ.

Иргэний хуулийн /1963 оны/ 91 дүгээр зүйлийг 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчилж, “хуулийн дагуу буюу гэрээгээр өмчлөлийн аливаа төрөл, хэлбэрийг өөрчилж өмчлөх эрхийг олж авч болно. Төрийн өмчийн эд хөрөнгийг бусад өмчлөгчид шилжүүлэх нөхцөл журмыг БНМАУ-ын Засгийн газар тогтооно” гэжээ.

Тухайн үед болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн холбогдох зохицуулалт болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзвэл маргаж буй барилга улсын хөрөнгө оруулалтаар баригдсан, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасан төрийн өмчид хамаарч байна.

Түүнчлэн 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс дагаж мөрдсөн Монгол Улсын Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т “эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна”, 104.5-т “энэ хуулийн 104.1, 104.2-т заасан хугацаанаас өмнө өмчлөгч нь эд хөрөнгө олж авсан этгээдэд шаардлага гаргасан тохиолдолд уг хугацаа тасалдана” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, маргааны зүйл болох барилга байгууламжийг эзэнгүй эд юмс гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байх ба түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2.-т зохицуулжээ.  

Спорт сургалтын төвийн барилга байгууламж байрлаж буй газар төрийн өмчид байгаа нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтаар тухайн газар дээр баригдсан байшин барилга газрын бүрдэл хэсэг болно.

Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар спорт сургалтын төвийн барилга байгууламж, түүний дагалдах хэрэгсэл болох цардмал зам, цэцэрлэгжүүлсэн талбай, хашаа зэргийг төрийн өмч гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч өөрийн өмчлөлийн бус үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт 1963 оны Иргэний хуулийн холбогдох заалтыг баримталсан нь буруу.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1136 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00591 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1963 оны Иргэний хуулийн 60 дугаар зүйл, 63 дугаар зүйлд...” гэснийг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ