Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-13
Дугаар 001/ХТ2017/01176
Хэргийн индекс 183/2016/01882/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Готовдоржийн Цагаанцоож
Нэхэмжлэгч У.Г
Хариуцагч Б.М
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

У.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00668 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1211 дүгээр магадлалтай,

У.Г-ийн нэхэмжлэлтэй,

Б.М, Б.Х  нарт холбогдох,

Зээлийн төлбөрт 12.110.000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, 99110963 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч У.Г-, Б.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч У.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 99110963 дугаарыг 2009 оноос эзэмшиж байгаад 2011 онд тус Мобиком ХХК-тай гэрээ байгуулж албан ёсны шударга эзэмшигч болсон. 2011 оны 11 дүгээр сард Б.М-тай харилцан тохиролцсоны дагуу 8.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 4 хувийн хүүтэй түүнээс зээлсэн. Энэ зээлтэй холбогдуулан Б.Маас шаардсаны  дагуу 99110963 дугаарыг Б.М-ын дүү Б.Х гийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд зээлийг 2012 оны 6 дугаар сард бүрэн төлж дуусгасан. 2012 оны 12 дугаар сард Б.М-тай харилцан тохиролцсоны дагуу түүнээс 12.000.000 төгрөг зээлж түүний дансаар болон бэлэн мөнгөөр зээлээ хэсэгчлэн төлж, 2015 оны 6 дугаар сард зээлийн тооцоог дуусгасан. Б.М миний 99110963 дугаарыг өгөхгүй байгаа тул түүнээс зээлсэн 12.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт 12.110.000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, 99110963 дугаарын эзэмших эрхийг буцааж шилжүүлэхийг хариуцагч Б.М, Б.Х  нарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М, Б.Х  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хуульд заасан ямар харилцааны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа нэхэмжлэгч тал тодорхойлоогүй байна. Нэхэмжлэлд зээлийн төлбөрт төлсөн гэх дансны бэлэн мөнгөний орлогын баримтыг хавсаргасан байна. Энэ нь зээлсэн мөнгөний зөвхөн зээлийн хүү бөгөөд хариуцагч Б.Мын шаардлагаар 4 жилийн хугацаанд хэсэгчилж цувуулж өгч байсан баримтууд юм. Нэхэмжлэгч У.Г- нь хариуцагч Б.Мд нэг ч төгрөг авчирч өгөөгүй бөгөөд, хариуцагчаас бичиг авч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа “Баянмонхор констракшн” компанийн захирал н.Батбилэгтэй биеэр уулзаж, учир явдлыг тодруулахад манай компани нь иргэн У.Г-өөс 10.000 ширхэг тоосго, 2 ширхэг гахай авсан болно, эдгээрээс өөр зүйл аваагүй, энэ 10.000 тоосгыг хэрэглээгүй тул буцааж өгөхөд саадгүй гэсэн бичгийг шүүхэд гаргаж өгсөн. У.Г- нь үүрэн телефоны үйлчилгээг хариуцагч буюу гуравдагч этгээдэд өөрийн хүсэлтээр хүлээн зөвшөөрч шилжүүлсэн байна. Энэ талаарх “Мобиком корпораци” ХХК-ийн гэрээ шилжүүлэх тухай дугаар 170348 баримтыг шүүхэд гаргаж өгсөн. У.Г- нь 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 99110963 дугаарыг Б.Х д шилжүүлсэн. Түүнчлэн хариуцагчийн хэрэглээнд ийм дугаар байхгүй, тэгээд ч хариуцагч нь гар утасны оператор компанийн үйлчилгээг бусдад шилжүүлэх эрх байдаггүй. Мобиком корпорацийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчээс олгож байгаа үйлчилгээг зөвхөн гэрээнд заасан нөхцлөөр ашиглах үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Энэхүү гэрээгээр хэрэглэгчийн дараа төлбөрт дугаарыг бусдад худалдах, барьцаалах эрхгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00668 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар 99110963 дугаарын эзэмших эрхийн гэрээг У.Г-т буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.М, Б.Х  нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар 12.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 12.110.000 төгрөг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1211 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00668 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1211 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Батбаяр “Харилцаа холбооны зохицуулах хорооноос гар утасны оператор компаниас иргэд, хуулийн этгээдэд хэрэгжүүлж буй 8 оронтой гар утасны дугаарын өмчлөгч, эзэмшигч,ашиглагч нь ямар субъект болох талаар лавлагаа гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Хариуцагчийн төлөөлөгчийн энэ хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагатай ямар хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ямар шалтгаант холбоотой, хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтооход ямар ач холбогдолтой гэдэг нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл У.Г- нь Харилцаа холбооны зохицуулах хороо болон оператор компанийн эрх, үүрэгтэй холбоотой асуудлаар хороонд ба оператор компанид холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэж байх явцад хариуцагч Халиунаа 99110963 дугаарыг “Хос финанс”ББСБ ХХК-д шилжүүлсэн нь Халиунаа өөрийнхөө хүсэл зориг, үйлдлээрээ хийсэн үйл баримт тул үүний үр дагавар нь хариуцагч Халиунаад хамаарна. Түхайн этгээд өөрөө хүсэлт гаргаагүй, зохигчдоос түүнийг гүравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй байхад шүүх санаачлагаараа гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохгүй. Талууд шүүх хуралдаанд биечлэн оролцсон, тайлбараа гаргаж, мэтгэлцсэн, шүүх мэтгэлцэх бололцоогоор бүрэн хангасан, хэрэг хянан шийдвэрлэх болон шүүх хуралдааны процесс хуульд заасан журмын дагуу явагдсан, нотлох баримтыг шинжлэн судалсан, зохигчид байр сууриа илэрхийлсэн тайлбараа шүүх хуралдаанд гаргасан тул энэхүү үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3 дугаар зүйлд хамаарахгүй гэж үзнэ. Учир нь “Хос финанс” ББСБ ХХК нь хэргийн оролцогч бус юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 29.3, 168.1.2, 168.1.3 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1211 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч У.Г-ийн “...зээлийн гэрээний үүрэгт 12.110.000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, 99110963 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.М, Б.Х  нар эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь дугаарыг өөрийн  хүсэлтээр шилжүүлэн өгсөн...” гэсэн тайлбар гаргажээ.

Б.Х  нь 99110963 дугаарыг 2012 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр У.Г-өөс шилжүүлэн авч улмаар 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр “Хос финанс” ББСБ-д шилжүүлжээ /хэргийн 91-103 дугаар тал/. 

Дээрх дугаарын одоогийн эзэмшигч, өмчлөгч хэн болохыг тодруулахаар эрх бүхий этгээдээс лавлагаа гаргуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т нийцээгүй байна.         

Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд маргааны зүйл болох дугаар хариуцагчийн эзэмшилд байгаа эсэхийг тодруулах шаардлагатай, энэ нөхцөл тодорхой бус тохиолдолд эрх зүйн маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй ба энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.3.-т зааснаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаана.

99110963 дугаарын эзэмших эрх хариуцагч Б.Х гаас өөр этгээдэд шилжсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийхэд учир дутагдалтайгаас гадна тухайн этгээдийн эрх ашиг хөндөгдөнө гэж давж заалдах шатны шүүх үзсэнийг буруутгах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1211 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.           

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ