Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-17
Дугаар 001/ХТ2017/01198
Хэргийн индекс 183/2016/01688/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Готовдоржийн Цагаанцоож
Нэхэмжлэгч Ц.Б
Хариуцагч Ш ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00639 дүгээр  шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1236 дугаар магадлалтай,

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй,

“Ш” ХХК-д холбогдох,

алданги 263.330.000 төгрөг гаргуулах, нийт 282.93 м.кв талбай бүхий 5 орон сууцыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгахыг хүссэн үндсэн,

төлбөр төлөх хуваарийг хэтрүүлсний алданги 65.003.580 төгрөг, байрны үлдэгдэл төлбөр 143.330.000 төгрөг нийт 208.333.580 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  Ч.Нямцоож, Б.Даваажанцан, хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгч Б.Мөнгөн, О.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны хичээлийн жилээс цэцэрлэгийн үйл ажиллагааг эрхлэхээр “Ш” ХХК-ийн барьж байгаа орон сууцыг сонгосон. 2015 оны 1 дүгээр улиралд багтаагаад бүрэн хүлээлгэж өгнө гэсний дагуу 14,49 м.кв, 45,51 м.кв, 55,25 м.кв, 70,38 м.кв, 70,3 м.кв бүхий нийт 282,93 м.кв талбайтай орон сууцыг 526.660.000 төгрөгөөр цэцэрлэгийн зориулалтаар бариулахаар гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болон явцын дунд төлөх төлбөрүүдийг бүрэн төлж дуусгасан боловч одоо болтол үйл ажиллагаа явуулж чадаагүй. Гэрээний 7.2 дахь заалтыг үндэслэн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны нийт 485 өдрийн алданги 766.290.300 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг гэрээний үнийн дүнгийн 50%-иар тооцож үзэх бол 263.330.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн дээрх 5 ширхэг нийт 282.93 м.кв орон сууцыг бүрэн дуусгаж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ш” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 14/39 дугаартай байр захиалгаар бариулах гэрээ хийсэн. Дээрх гэрээний 7.2 дахь хэсэгт барилга ашиглалтад оруулах хугацааг хоцроосноос үүдэн гүйцэтгэгчийн захиалагчид өгөх алдангийн хэмжээ хоног тутамд 0,3% байна. Алдангийг энэхүү гэрээний 1.3-т заасан өдрөөс хойш 1 улиралтай тэнцэх хугацаа өнгөрсөн үеэс эхлэн тооцохоор тохирсон. Алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрээгүй гэх боловч хэдэн төгрөгнөөс яаж алданги тооцоод байгаа нь ойлгомжгүй байна. Уг барилгыг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн улсын комиссын актын 1.7 дахь хэсэгт уг барилгыг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр барьж дуусгасан гэж заасан байдаг. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд 102б байр гэж цэцэрлэгийг бүрэн барьсан. Энэ цэцэрлэгээ хүлээн аваач гэсэн боловч авдаггүй гэжээ.

Хариуцагч “Ш” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Байр захиалан бариулах гэрээний 7.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь төлөх хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн тухай бүр тооцоход 130.007.160 төгрөг болж байгаа боловч 50 хувь буюу 65.003.580 төгрөг, дээр нь үлдэгдэл төлбөр 143.330.000 төгрөгийг нэмж нийтдээ 208.333.580 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төлөлтийн тооцоолол гаргасан, үүнд 383.000.000 төгрөгийг төлөхдөө 2014 оны 8 дугаар сарын 28-нд гэрээ байгуулсан өдөр 200.000.000 төгрөг төлсөн тул алданги тооцохгүй, 2 дахь төлбөр гэрээний 3.2-т заасны дагуу 9 дүгээр сарын 10-ны өдөр 83.330.000 төгрөг төлөгдөх ёстой байсан. Гэтэл 1 хоногийн хугацаа хэтэрч 50.000.000 төгрөгийг 9 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн, үүнээс 29 хоногийн дараа 7.000.000 төгрөг, дараа нь 20.000.000 төгрөг гэх мэтээр цувуулж төлсөн, нийтдээ 62 хоног л хугацаа хэтэрсэн. Одоогийн байдлаар үлдэгдэл 143.330.000 төгрөг төлөх үүрэг үүсээгүй байгаа учир алданги төлөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00639 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ариг бүрд орон сууцны цогцолборын зүүн корпусын 2 дугаар давхрын 41.49 м.кв, 45.51 м.кв, 55.25 м.кв, 70.38 м.кв, 70.3 м.кв талбай бүхий 5 ширхэг нийт 282.93 м.кв орон сууцыг бүрэн дуусгаж “хүлээлгэн өгөх, хүлээн авах акт”-аар Ц.Б-д хүлээлгэн өгөхийг хариуцагч “Ш” ХХК-д даалгаж, хариуцагчаас алдангид 263.330.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Б-гаас 5.017.380 төгрөг гаргуулж “Ш” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 203.316.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Ш” ХХК-иас 70.200 төгрөг гаргуулж Ц.Б-д, Ц.Б-гаас 95.228 төгрөг гаргуулж “Ш” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.544.800 төгрөг, хариуцагчийн төлсөн 1.199.620 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1236 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00639 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэж “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ариг бүрд” орон сууцны цогцолборын зүүн корпусын 2 давхрын 41.49 м.кв, 45.51 м.кв, 55.25 м.кв, 70.38 м.кв, 70.3 м.кв, нийт 283.93 м.кв талбай бүхий 5 ширхэг орон сууцыг Ц.Б-д хүлээлгэн өгөхийг хариуцагч “Ш” ХХК-д даалгаж, хариуцагчаас алдангид 263.330.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Б-гаас ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 143.330.000 төгрөг, алдангид 5.017.380 төгрөг, нийт 148.347.380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65.003.580 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...95.228...” гэснийг “...899.687...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2” гэж, 4 дэх заалтыг “3” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ш” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.174.531 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1236 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх зохигчийн хооронд байгуулсан гэрээг хариуцагч талаас урьдчилан боловсруулсан бүх захиалагч нартай байгуулдаг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг анхаарч үзэн уг гэрээний алдангитай холбоотой заалтыг тайлбарлахад эргэлзээ үүсвэл Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1. дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2., 1.3,-т тус тус зааснаар гэрээгээр тохирсон байрыг тогтоосон хугацаанд барьж, гэрээний 3.1.-т заасны дагуу байрыг “Хүлээлгэн өгөх, хүлээн авах акт”-аар хүлээлгэн...” өгөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч нь гэрээний 7.2,-т заасны дагуу алдангийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй юм. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ш” ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилгаас орон сууц захиалсан бөгөөд барилга ашиглалтад орсон талаар хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид мэдэгдэж байгаагүй. Гэтэл хариуцагч нь шүүхэд “Ш” ХХК-ийн захиалгаар тус дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгыг Улсын комисст хүлээлгэн өгсөн актыг нотлох баримтаар гарган өгч, нэхэмжлэгчийн захиалсан барилгыг барьж дууссан мэтээр тайлбарлан шүүхийг төөрөгдүүлж байна.

Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн алдангитай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ харилцан адилгүй байдлаар буюу хариуцагчийг алданги шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг шаардах эрхгүй мэтээр дүгнэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1236 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00639 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан алданги 263.330.000 төгрөг гаргуулах, ...орон сууцнуудыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийг даалгах шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж тодорхойлжээ. Хариуцагч алдангийг эс зөвшөөрч, улмаар төлбөр төлөх хуваарь зөрчсөний алданги 65.003.580 төгрөг, үлдэгдэл төлбөр 143.330.000 төгрөг нийт 208.333.580 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Байр захиалгаар бариулах тухай гэрээгээр хариуцагч нь “Ариг бүрд” орон сууцны цогцолборын зүүн корпусын 41.49 м.кв, 45.51 м.кв, 55.25 м.кв, 70.38 м.кв, 70.3 м.кв нийт 282,93 м.кв талбай бүхий  5 ш орон сууцыг барьж гүйцэтгэж  2015 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч ажлын хөлсийг тохирсон хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба түүний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Гэрээний 2.3, 3.1-т зааснаар захиалагч нь 2014 оны 8 дугаар сарын 28-ний өдөр 200.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 10-нд 83.330.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 5-нд 100.000.000 төгрөг, улсын комиссын акт гарсан өдөр 143.330.000 төгрөг төлөх, гүйцэтгэгч нь барилгын ажлыг дуусгаж тухайн байрыг захиалагчид актаар хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ.

Нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдөр 200.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 11-нд 50.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 10-нд 7.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-нд 20.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 11-нд 6.300.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 6-нд 100.000.000 төгрөг тус тус төлсөн байх ба хариуцагч барилга байгууламжийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгчээ /хэргийн 47-49 дүгээр тал/.

Гэрээний 7.1-т “захиалагч нь 2.3-т заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар бодож алданги төлнө” гэж заасан бол 7.2-т “барилгыг бүрэн ашиглалтад оруулах хугацаа хоцроосноос үүдэн гүйцэтгэгчийн захиалагчид төлөх алдангийн хэмжээ хоног тутам 0.3 хувь байх бөгөөд алдангийг гэрээний 1.3-т заасан өдрөөс хойш 1 улиралтай тэнцэх хугацаа өнгөрмөгц тооцож эхэлнэ” гэж заасан, уг заалтыг үндэслэн зохигчид алданги нэхэмжилжээ. 

Анхан шатны шүүх ажил гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн тодорхойгүй, алданги тооцож эхлэх хугацааг хэрхэн тогтоосон талаар нотлох баримтгүй, хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгөөгүй гэж үзэж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 143.330.000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан зөв боловч алданги шаардсан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, хариуцагч орон сууцыг тохиролцсон хугацаанд хүлээлгэн өгөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон ба талууд алданги тооцохоор гэрээгээр тохиролцсон байх тул зохигчдын хэн аль нь алданги шаардах эрхтэй.

Хэрэгт зохигчдын хооронд байгуулагдсан 2 гэрээ авагдсан, эдгээр гэрээнүүдийн огноо адил боловч гэрээний үнийн дүн өөр өөр байна. Хариуцагч “...байрыг хугацаандаа ашиглалтад оруулж чадаагүй тул гэрээг дахин шинэчлэн байгуулж, 1 м.кв үнээс 138.550 төгрөгийг хасч, нийт 526.660.000 төгрөгөөр үнийг тохиролцож хөнгөлөлт үзүүлсэн” гэсэн тайлбар гаргасан боловч хөнгөлөлт үзүүлэх талаар гэрээнд тусгагдаагүй байна.

Иймд талууд гэрээний үнийг 526.660.000 төгрөгөөр тохирсон гэж үзэх ба үүнээс төлөгдөөгүй 143.330.000 төгрөгийг хасч тооцвол хариуцагчийн биелүүлээгүй үүрэг нь 383.330.000 төгрөг байна.

Орон сууцыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын акт 2015 оны 3 дугаар сарын 30-ний өдөр гарсан, алдангийг гэрээнд зааснаар 1 улирлын дараагаас тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул хариуцагчийн хүлээх алдангийг 191.665.000 төгрөгөөр тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн  232.4-т заасан шаардлагад нийцнэ.

Нэхэмжлэгч төлбөрийн хуваарийг зөрчсөн, мөн орон сууцыг ашиглалтад  хүлээн авах комиссын акт гарах үед төлөх төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч алдангид нийт 65.003.580 төгрөг, орон сууцны үлдэгдэл төлбөр 143.330.000 төгрөг бүгд 208.003.580 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Үндсэн нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангахдаа хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1236 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00639 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6-т зааснаар хариуцагч “Ш” ХХК–с 191.665.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-д олгож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ариг бүрд орон сууцны цогцолборын зүүн корпусын 2 давхрын 41.49 м.кв, 45.51 м.кв, 55.25 м.кв, 70.38 м.кв, 70.3 м.кв, нийт 283.93 м.кв талбай бүхий 5 ширхэг орон сууцыг Ц.Б-д хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс 71.665.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-гаас 208.003.580 төгрөг гаргуулж хариуцагч “Ш” ХХК-д олгосугай” гэж, 3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1.544.800 төгрөг, хариуцагчаас төлсөн 1.199.620 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.116.275 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 1.197.968 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 2.216.340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ