Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-06
Дугаар 001/ХТ2017/01112
Хэргийн индекс 101/2017/01112/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч “Э” ХХК
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

“Э” ХХК /шинээр “Э заамар” ХХК/-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00846 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

  2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1151 дүгээр магадлалтай,

           Нэхэмжлэгч : “Э” ХХК /шинээр “Э заамар” ХХК/

           Хариуцагч : Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба

           Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “В” ХХК

           2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16/01 тоот тогтоолын дагуу эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэжаргалын гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Батбаяр, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Манай компани нь 2013-06-19-ний өдөр байгуулагдсан бөгөөд бусдад төлөх ямар нэгэн өр төлбөргүй хуулийн этгээд юм.Тус компанийн үйл ажиллагаа явуулж эзэмшин ашиглаж буй Төв аймгийн Заамар сумын Баянголын эх гэдэг газарт 2016-11-16-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүс ирж компанийн эрх, ашгийг ноцтой зөрчин хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, 8 нэр төрлийн машин механизмыг “Эд хөрөнгө битүүмжлэх” 16/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулахгүй байхыг үүрэг болгож, тухайн хөрөнгийг үрэгдүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх, эд зүйлсийн хэвийн байдлыг алдагдуулж дур мэдэн захиран зарцуулсан тохиолдолд Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх, нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг бүрэн хориглож, хадгалалт хамгаалалтыг “Сонор харуул” ХХК-д хариуцуулсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн. Тус компанийн хувь эд хөрөнгөө битүүмжлүүлэх, үйл ажиллагаа зогсоох хүртэл бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээх нөхцөл байдалд ороогүй. Гэтэл хариуцагч нь төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХК болон төлбөр авагч “Вагнер Ази Групп” ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-06-07-ны өдрийн 00009 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахын тулд бидэнд урьдчилан мэдэгдэж анхааруулахгүй, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх арга хэмжээ авах боломж олгохгүй хүчээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  4.1-т заасныг зөрчсөн. Эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаатай холбоотой хууль зүйн үр дагавар бүхий үүргийг нэхэмжлэгчид  хүлээлгэн, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхийг мэдэгдэж байгаа нь Компанийн тухай хуулийн  8.1-д заасан эрх ашигт ноцтойгоор нөлөөлж, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан. Тухайн өдөр компанийн байнгын харилцагч Худалдаа хөгжлийн банкны хүмүүс хөрөнгө оруулалтын ажлаар гэрээ хэлцэл хийхээр ирсэн байсан ба уг үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдож, цаашдын үйл ажиллагаа, бизнесийн түншлэлд сөргөөр нөлөөлсөн. Түүнчлэн өндөр хүчин чадлаар ажиллах машин механизмд тогтмол засвар үйлчилгээ хийгдэх, техникийн болон аюулгүй байдлын хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж чадахгүй нөхцөл байдал үүсч, ажилчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учрах, түрээсийн гэрээний зүйлийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг үргэлжлүүлэх, уг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хохирол төлбөрийн эрсдэл үүсэх учир гомдол гаргаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн явуулсан ажиллагааг хүчингүй болгуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хүлээн авах боломжгүй талаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шүүхийн шийдвэрээр бусад төлбөргүй компанийн  үйл ажиллагаа явуулж байсан машин механизмыг 2016-11-16-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх” 16/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

   Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-06-07 -ны өдрийн 09 дугаартай захирамжаар “Алтайн хүдэр” ХХК-иас 8 756 277 768 төгрөгийг гаргуулж “В” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн захирамж болон гүйцэтгэх хуудсыг тус алба хүлээн авч 2016-08-30 -ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч биелүүлээгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36.1.1-д “эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, эд хөрөнгийг хамгаалах” зорилгоор эд хөрөнгийг битүүмжлэхээр заасан тул төлбөр авагчаас “Алтайн хүдэр” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлсэн “В” ХХК-д бүртгэлтэй 8 нэр төрлийн машин механизм нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа мэдээллийн дагуу 2016-11-16 -ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулсан. Дээрх эд хөрөнгө нь төлбөр авагчийн нэр дээр бүртгэлтэй нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдох бөгөөд нэхэмжлэгчийн  эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлэх болон үйл ажиллагааг зогсоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа огт явуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: Тус компани нь “Алтайн Хүдэр” ХХК-иас 8 ширхэг санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр гаргуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүх 2016-06-07-ны өдөр зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Улмаар гүйцэтгэх хуудсыг 2016-08-29 -ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлснээр ажиллагаа явагдаж байна. “Алтайн Хүдэр” ХХК-ийн Санхүүгийн түрээсийн гэрээгээр авсан техникүүд нь Төв аймгийн Заамар сумын нутаг, Баянголын ам дахь уурхайд нэхэмжлэгчийн ашиглаж байгаа ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж, хуулийн дагуу явагдаж буй ажиллагааг удаашруулах зорилгоор шүүхэд гомдол гаргасан. Тэрхүү техникүүд “В” ХХК болон “Алтай Хүдэр” ХХК-ийн хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байгаа нь бичгийн баримтуудаар нотлогдсон. Тухайн техникүүд “В” ХХК-ийн өмчлөлд байгаа. Гэтэл нэхэмжлэгч өөрсдийн эд зүйлийг битүүмжилсэн мэт шүүхэд нэхэмжлэл гарган, хавсралтаар Уул уурхайн тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээг өгсөн боловч энэ нь “Алтай Ложистик” ХХК болон нэхэмжлэгчийн хооронд байгуулагдсан байна. Гэтэл “В” ХХК нь “Алтай Ложистек” ХХК,нэхэмжлэгчтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд орж байгаагүй учир дээрх компаниуд өмчлөгч “В” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэх, ашиглах үндэслэлгүй. Дээрх машин механизмууд “Алтайн Хүдэр” ХХК, “В” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны СТГ/12-123, СТГ/12-164, СТГ/12-201, СТГ/12-202, СТГ/12-204, СТГ/12-214, СТГ/12-158, СТГ/12-160 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр “В” ХХК-ийн өмчлөлд байгаа нь тогтоогдоно. Мөн гэрээ тус бүрийн 4.1-д “Түрээслэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож түрээсийн зүйл буюу гэрээний 2.1.1-д тодорхойлсон эд хөрөнгийг барьцаалуулах буюу өмчлөх эрхийг түрээслүүлэгч талд хадгалуулахыг хүлээн зөвшөөрсөн ба барьцааны эрх нь энэ гэрээний хуваарьт төлбөрийн зарим хэсэг хуваарийн дагуу төлөвлөгдөөгүй бөгөөд уг төлбөрийн үүргээс түрээслэгч чөлөөлөгдөөгүй тохиолдолд барьцааны зүйлсийг бүхэлд нь хамаарч хэрэгжинэ гэдгийг түрээслэгч хүлээн зөвшөөрч байна” гэж, 4.2-д “Түрээслэгч тал нь барьцаалж буй эд хөрөнгийг энэхүү гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэлх хугацаанд бусдад худалдах, түрээслэх, бэлэглэх, өр төлбөрт хураалгах, эрх залгамжлалаар шилжүүлэх, түүгээр батлан даалт гаргуулах, өөр үүргийн барьцаанд тавих, битүүмжлэх зэрэг эрхийг хэрэгжүүлэх эрхгүй болохыг хүлээн зөвшөөрсөн болно” гэж тус тус заажээ. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д “Түрээслэгч тал нь энэхүү гэрээний үүргээ биелүүлэх баталгааг түрээслүүлэгч талд гаргана” гэж заасан бөгөөд хавсралтын 4 дүгээр зүйлд “Алтайн Хүдэр” ХХК нь “... тоот гэрээний төлбөрийн үүргийг биелүүлээгүйгээс “В” ХХК нь гэрээний дагуу түрээсийн зүйлийн ашиглалтыг түр зогсоох, эргүүлэн татах, хураан авч гэрээг цуцлах, хураан авсан түрээсийн зүйлийг худалдан борлуулж өөрт учирсан хохирлыг барагдуулах үйл ажиллагааны аль нэгийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад тотгор хийхгүй байх” гэсэн үүрэг хүлээсэн байна. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.      

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00846 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 16/01 дугаар тогтоолын дагуу эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9068 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 17-ны өдрийн 1151 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна. 

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Эрдэнэжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...  Шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гарган өгсөн баримтууд нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчин явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл бүхий хэрэгт огт хамааралгүй, шүүхээр хянан шийдвэрлүүлэх гэж буй үйл баримтыг тогтооход нотолгооны ач холбогдолгүй, хэрэгт ямар нэгэн байдлаар хамааралгүй баримтууд байсан бөгөөд зохигчийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотолж чадахгүй баримтууд байсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх баримтуудыг хасуулах тухай нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй, хүсэлтийг хянан шийдвэрлэсэн тухай захирамж гаргаагүй, тус захирамжинд гомдол гаргах, хянуулах эрхийг эдлүүлэлгүй шүүх хуралдааныг хийсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нотлох баримтыг хасуулах тухай хүсэлтийг ИХШХШТХуулийн 38.9-д заасан үндэслэлээр гаргасан бөгөөд хүсэлтийг шүүхээс хянан шийдвэрлэсэн захирамжинд ИХШХШТХуулийн  170.1-д заасны дагуу гомдол гаргах, хянуулах зэрэг хуульд заасан эрхээ эдлэх эрхтэй байсан.  Шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар захирамж гаргаагүй шийдвэртээ тусгаагүй, шийдвэрлэсэн эсэх нь огт тодорхойгүй, орхигдуулан үлдээсэн. Шүүх энэхүү хууль зөрчсөн үйлдэлд гомдолтой байгаа талаар давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасаар байхад шүүх уг хүсэлтийг "...анхан шатны шүүх 2017-03-23 -ны өдрийн 4405 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн оролцогчийн эрх зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнэн шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч тал шүүгчийн 2017.03.23-ны өдрийн 4405 дугаар захирамж гарсан талаар мэдээгүй, танилцаагүй, гардан аваагүй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн танилцаагүй шүүгчийн захирамжийг үндэслэл болгон шийдвэрлэж байгааг ойлгох боломжгүй бөгөөд гомдолтой байна. Мөн шүүх хуралдааныг цахилгааны хязгаарлалт хийгдэн цахилгаан удаан хугацаагаар тасарсан байхад, харанхуй нөхцөлд гар утасны гэрэл тусган, шүүх хуралдааны явцын талаар бичлэг хийгдэх боломжгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 131 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийг ажиллагааг гүйцэтгэх эрхтэй этгээд гэж үндэслэлгүй дүгнэсэнд, мөн давж заалдах шатны шүүх “...Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016.08.30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор 151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржид “Алтайн Хүдэр” ХХК-д холбогдох ажиллагааг явуулахыг зөвшөөрсөн нь ШШГТХуулийн 12.1 дэх хэсэгт зааснаар тухайн албан тушаалтны эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгджээ" гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлж үүсгэх тогтоолыг үйлдсэн албан тушаалтны эрх хэмжээний хүрээний талаар маргаагүй. Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчин Сүхбаатар дүүргийн 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн хариуцан ажиллагаа явуулах тойргийн харьяаллыг Сүхбаатар дүүргийн 151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалган үүсгэх тогтоол үйлдсэн хууль бус үйлдэлд гомдолтой байгаа талаар маргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал зөрчин өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг тухайн тоног төхөөрөмжүүдийг хуулийн дагуу эзэмшээгүй байна гэж дүгнэсэнд, мөн давж заалдах шатны шүүх “...гэрээний хугацаа дууссан, дахин сунгасан баримт хэрэгт авагдаагүй нь эзэмшил хууль ёсны гэж үзэхгүй талаар шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй" гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч  ,“Алтай Ложистик” ХХК-ийн хооронд байгуулсан “Уул уурхайн тоног төхөөрөмж түрээслэх гэрээ”-ний хугацаа 2015.07.05-ны өдөр дууссан боловч талууд гэрээний нөхцөлөөр, цаашид хамтран ажиллах талаар тохиролцон, түрээсийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан бөгөөд гэрээг дүгнэн дуусгавар болгоогүй. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх талуудын хүсэл зориг өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа байдал зэргийг анхаарч үзэлгүй зөвхөн гэрээн дээр бичигдсэн хугацааг харж тус компанийг хуулийн дагуу тоног төхөөрөмжийг эзэмшээгүй гэж буруу дүгнэсэн. Иймд ...шийдвэр болон ...магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч 2016-12-06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/00846 дугаар шийдвэр 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гарсны дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Э” гэсэн оноосон нэрээ  “Э заамар” болгон өөрчилсөн /хх2-ын 20/ байгааг дурдах нь зүйтэй байна.

          “Э заамар” /хуучнаар Э/ ХХК нь 2016-12-06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн  16/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгохыг шаардаж, үндэслэлээ “...нэхэмжлэгчээс төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр байхгүй...” гэж тайлбарласан байна. 

         Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...“Алтайн хүдэр” ХХК-тай байгуулсан  гэрээгээр “В” ХХК-д бүртгэлтэй 8 нэр төрлийн машин механизм нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа мэдээллийн дагуу битүүмжлэх ажиллагааг явуулсан...” гэжээ. 

         Шийдвэр болон магадлалыг дараах үндэслэлээр  хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

             Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 181/ШШ2016/00009 дугаар захирамж /хх14/ гаргаж, “Алтайн хүдэр” ХХК-иас 8 756 277 768 төгрөг гаргуулж “В” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, "Алтайн хүдэр” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нь тогтоогджээ. 

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д “эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, эд хөрөнгийг хамгаалах” зорилгоор эд хөрөнгийг битүүмжлэхээр зохицуулсан байх бөгөөд энэ нь мөн зүйлийн 36.1-д зааснаар “төлбөр төлөгчийн хөрөнгөд” хамаарна. 

         Иймд төлбөр авагчийн нэр дээр бүртгэлтэй, нэхэмжлэгчийн эзэмшилд буй эд хөрөнгийг “төлбөр төлөгчийн эд хөрөнгө” гэж үзэхэд үндэслэл шаардлагатай.

         2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд ... байгаа эд хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгө хаана, юунд ашиглагдаж байгаа нь үл хамаарна” гэж зохицуулсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгө нь төлбөр төлөгчийнх гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.   

        Шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 34 дүгээр зүйлийн зохицуулалтыг анхаарч үзээгүй байна.  

         Төлбөр төлөгчийн өмчлөлийн боловч түүний биш, харин өөр этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа эд  хөрөнгөөс төлбөр гаргуулах нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-г зөрчихгүй хэдий ч хууль ёсны эзэмшигч, ашиглагчид  байгаа төлбөр төлөгчийн эд хөрөнгийг зөвхөн хуульд заасан үндэслэл, зохицуулалтыг баримталж шаардана.

         3. “Э заамар” ХХК /хуучнаар “Э” ХХК/, “Алтайн хүдэр” ХХК, “Алтайн ложистик” ХХК зэрэг хуулийн этгээдүүд  хоорондоо холбоотой талаарх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаас эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.   

          Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00846 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1151 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг “Эан заамар” ХХК /хуучнаар Э ХХК/ -д захирамжаар буцааж олгосугай. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ