Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-03
Дугаар 001/ХТ2017/01075
Хэргийн индекс 101/2017/01075/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Д.Н
Хариуцагч Х.Э
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Д.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2017/00046 дугаар шийдвэр,

овьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 216/МА2017/00010 дугаар магадлалтай,

Д.Нгийн нэхэмжлэлтэй,

Х.Эт холбогдох,                                 

 23.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн нарын гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, хариуцагч Х.Э, түүний өмгөөлөгч Х.Цогтсайхан, нарийн бичгийн даргад Э.Боролдой  нар оролцов.

        Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Х.Этэй харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж 2014-09-03 -ны өдөр 20сая төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2014-11-26 -ны өдөр 20сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2015-01-16 -ны өдөр 5сая төгрөгийг 10 хувийн хүүтэй тус тус зээлүүлсэн. Мөн 8 сая төгрөгийг 2014-01-24 -ний өдөр гэрээгүй  зээлүүлсэн. Нийт 5 удаагийн зээлээр 54.7сая төгрөг зээлүүлсэн. Үндсэн болон хүүгийн төлбөрийг бэлнээр болон бэлэн бусаар хийсээр 43 400 000 төгрөг надад төлсөн. 2015-09-09 -ний өдрөөс эхлэн үлдэгдэл 11сая төгрөгийг төлөлгүй өдийг хүрлээ. Зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссантай холбоотойгоор Х.Э болон нөхөртэй нь уулзаж гэрээг 2016-05-09 -ний өдрийг дуустал сунгасан. 2015-07-09 -ний өдрийн байдлаар 2 талаас харилцан тооцоо нийлж, дээрх хоёр гэрээний үлдэгдэл 11сая төгрөг болж байгааг гарын үсэг зурж баталгаажуулсан. Дээрх тооцоо нийлсний дараа 11сая төгрөгийн үлдэгдэл дээр зээлийн гэрээний нөхцөлийг шинэчлэн хүүгийн хэмжээг 9 хувь болгон бууруулж, шинэ нөхцөлийн дагуу төлөлт хийж байгаад 2015 оны 09 дүгээр сараас эхлэн зээлийн эргэн төлөлт тасарсан. Шинэчлэн хийсэн зээлийн гэрээний хугацаа 2016-04-09 -ний өдөр дууссан ба энэ хугацаанд зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй болно. Хариуцагч  үүргээ хэрэгжүүлэхээ зогсоосон 2015-09-09 -ний өдрөөс 2016-04-09 -ний өдөр хүртэл 7 сарын хүүгийн төлбөр 6 930 000 төгрөг болох ба гэрээний хугацаа дууссанаас хойш алданги тооцоход 2016 оны 4-12 сар дуустал 8 сар буюу 240 хоног болно. Үүний алданги 55 000 төгрөгөөр үржүүлэхэд алдангийн нийт хэмжээ 13 200 000 төгрөг болж байна. Эдгээрийг нэмж нэгтгэхэд зээлийн үндсэн төлбөр 11 000 000 төгрөг, түүний хүү 6 930 000 төгрөг болсон бөгөөд алдангийн нийт дүн 13 200 000 төгрөгийг нэмж тооцоход нийт 31 130 000 төгрөг нэхэмжлэх үндэслэлтэй байна. Гэвч  алданги нь  50 хувиас илүүгүй байхаар тооцож   5 500 000 төгрөг болгож байна. Иймд  үндсэн зээлийн үлдэгдэл 11сая төгрөг, хүү 6 930 000 төгрөг, алданги 5 500 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын хураамжид төлсөн 30 000 төгрөг нийт 23 460 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан  хариу тайлбартаа:  Нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй байна.  Д.Н бусдад хүүтэй мөнгө зээлдэг учраас би бага багаар мөнгө зээлдэг байсан. Нэхэмжлэлд дурдсан 42 400 000 төгрөг зээлж байгаагүй. Би 2014 онд Д.Нгаас хүүтэй мөнгө зээлж, зээлж авсан мөнгөө буцаагаад бүрэн төлж дуусгаж байсан юм. Би Д.Нгаас 2014-11-26 -ны өдөр 20сая төгрөг, 2015-01-16 -ны өдөр 5сая төгрөг тус тус зээлж авсан. Уг зээлүүдийг өдөр бүр Д.Нд 150 000 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлэн төлсөөр байсан. Д.Н надаас зээлийн төлбөр авахдаа үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт авдаг. Уг нь зээлийн гэрээ байгуулсан хугацаанд л хүү өгөх ёстой боловч Д.Нгийн шаардсаны дагуу сар бүр зээлийн хүүг бичгийн гэрээгүй төлсөөр байсан. 2014-09-03 -ны өдөр 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 20 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан хэдий ч уг зээлийн гэрээний дагуу 2014-09-03 -ны өдөр 7 600 000 төгрөг, 2014-09-17 -ны өдөр 1 800 000 төгрөг, нийт 9 400 000 төгрөг зээлж авсан. Харин уг гэрээгээр 10 600 000 төгрөгийг надад шилжүүлээгүй. 2015 оны 06 дугаар сард Д.Нтэй зээлийн тооцоо нийлэхэд үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нийт 11сая төгрөг байсан юм. Гэтэл Д.Н надаас хэт их хэмжээний хүү нэхэж байсан болохоор бидний дунд зээлийн тооцооны маргаан тухайн үеэс үүссэн. Би авсан зээлийн хүүг бүрэн төлсөн. Төлбөрийг дансаар шилжүүлснээс гадна 1 500 000 төгрөгийг бэлнээр төлж, нийт 42 400 000 төгрөгийг төлсөн байна. 6 900 034 төгрөг илүү төлсөн тооцоо гарсан. Харин 2014-11-26 -ны өдөр 20сая төгрөгийн гэрээ байгуулж, 3 өрөө орон сууцаа барьцаалуулж байсан. Уг гэрээний дагуу авсан төлбөрөө барьцаалсан байраа худалдаж 2014-12-24 -ний өдөр зээл, хүүгийн хамт 22 сая төгрөг төлж дуусгавар болгосон. Би үндэслэлгүй их хэмжээний хүү төлөхгүй. Өмнө нь 11сая төгрөгийн төлбөрийг төлж дуусгая гэсэн саналыг тавихад огт зөвшөөрөхгүй надаас мөнгө нэхсээр байна. Д.Н  байнга хэрүүл маргаан үүсгэх болсон нь миний бизнесийн нэр хүндэд халтай, манай зоогийн газраар үйлчлүүлж буй иргэд болон ажилчдад үнэхээр хэцүү байсан тул  гэрээнд гарын үсэг  зурсан.  Би Д.Нгаас 2015-09-09-ний  өдөр 11 сая  төгрөг зээлээгүй. Иймд Д.Нгийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

        Говьсүмбэр аймаг дахь сум сумдын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2017/00046 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4-т зааснаар  Х.Эээс  1 911 830 төгрөг гаргуулж Д.Нд олгож, нэхэмжлэлээс 21 548 170 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275 250 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээж,  төсвийн орлогоос 4 750 төгрөгийг гаргуулж Д.Нд олгож,  Х.Эээс 45 539.2 төгрөг гаргуулж Д.Нд олгож шийдвэрлэсэн байна.

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 01-ний өдрийн 216/МА2017/00010 дугаар магадлалаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2017/00046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

         Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Шүүх нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой талаас нь  үнэлээгүй, Иргэний хуулийн  281,1 , 282,4-г буруу тайлбарлан хэрэглэсэн. Зохигчид 2014-09-03 -ны өдөр 20 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 2014-11-26 -ны өдөр 20 сая төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 2015-01-16-ны өдөр 5 сая төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд харин 2015-09-09 -ний өдөр  дутуу төлбөр 11 сая төгрөгөнд 7 сарын хугацаатай, сарын 9 хувийн хүү төлөхөөр гэрээ байгуулжээ. Үүнээс 2014-09-03 -ны өдрийн 20 сая төгрөгийг зээлдүүлсэн гэх гэрээний тухайд нэхэмжлэгч нь 2014-09-03 -нд бичгээр гэрээ хийхээс өмнө нь Х.Эт бичгийн гэрээгүй 12.600.000 төгрөг шилжүүлж өгсөн байсан. Үүнийг Х.Э буцааж бүрэн төлөөгүй учир 2014-09-03 -нд бичгээр гэрээ хийхдээ шилжүүлж өгсөн мөнгөн дүнд оруулж тооцсон нь  нэхэмжлэгчийн тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/ үндэслэлтэй болох нь Д.Нгаас 2014-01-24 -нд Х.Эийн дансруу 8 сая төгрөг шилжүүлсэн баримт,/ хх - 23 хуудсанд/, 2014-09-03 -нд 7.600.000 төгрөг /хх-22 хуудас/, 2014-09-17 -нд 1.800.000 төгрөг /хх-21 хуудас/ бүгд 17.400.000 төгрөгийг Х.Эт шилжүүлсэн банкны хуулга, баримтууд, уг 8 сая төгрөгийг бичгийн гэрээгүйгээр зээлж авсан, түүнийгээ буцааж төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн Х.Эийн тайлбар, түүний гүйцэтгэлд 2014-05-07 -нд 1.440.000 төгрөгийг Х.Эээс Д.Нд буцааж төлж шилжүүлж байсан баримт /хх-249 хуудас/, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр зээлийн гэрээтэй хамт байгуулсан. Барьцааны гэрээний төгсгөлийн хуудсан дээр, Х.Эийн өөрийн гараар бичсэн, мөнгө хүлээн авсан 7.600.000 төгрөг, урьд авсан 12.400.000 төгрөг, нийт 20 сая төгрөг гэж бичиж нотариатаар баталгаажуулсан, хариуцагч ямар нэг баримтаар нотолж, няцаалт өгөөгүй бичвэр /хх-178 хуудас/, зэрэг нотлох баримтаар нотлогдсон байхад шүүх эдгээр баримтыг хэрэгт хамааралтай талаас нь, хооронд нь харьцуулж зөв үнэлээгүй нь нотлох баримтаар нотлогдсон, урьд нь бодитой өгчихсөн байсан 8 сая төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг 2014-09-03 -ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндэслэлгүйгээр оруулж тооцоогүйн улмаас гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн тооцоо буруу гарч, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь зээлдэгчид урьд нь зээлүүлсэн байсан 8 сая төгрөгийг сүүлд 2014-09-03 -ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт шилжүүлж өгсөн мөнгөнд оруулж тооцсон нь хуульд харшлаагүй, талуудын хэн нэгний эрхийг зөрчөөгүй бөгөөд мөнгийг урьд нь 2004-01-24 -ний өдөр бодитой шилжүүлээд өгчихсөн, буцааж бүрэн төлөгдөөгүй байсан тул ямар нэг өгөөгүй мөнгийг өгнө гэж оруулаагүй, уг мөнгийг буцааж төлөөгүй удсан байсан учир түүнийг буцааж төлөх хугацааг тогтоох, үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаагаар хангах, хүү тооцох талаар талууд саналаа солилцож, харилцан тохирч, дээр нь нэмж мөнгө зээлдүүлж, зээлийн гэрээг бичгийн хэлбэрт шилжүүлж өмнөх амаар хийсэн гэрээг шинэчлэж, өөрчлөхөөр, шинээр хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189.1, 282.4, 196.1.1, 282.1-д нийцэж байхад  зээлдүүлсэн 8 сая төгрөгийн гүйцэтгэлийг 2014-09-03 -ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт тооцоогүй, 2014-09-03 -ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтийг тооцохдоо зөвхөн гэрээ байгуулснаас хойш шилжүүлсэн 9.400.000 төгрөгийг зээлдүүлэгчид шилжүүлж өгснөөр үүргийн гүйцэтгэлийг тооцож, 8 сая төгрөгийг дангаар нь хүүгүйгээр төлөхөөр гүйцэтгэлийг салгаж тооцсоноос болж үүргийн гүйцэтгэлийг авлага буурч, улмаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгох шалтгаан болсон учир шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй юм. Хариуцагч Х.Э нь 2015-01-16 -ны өдөр 5 сая төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүү тооцохоор тохирч, зээлийн гэрээ хийж нэмж зээл авсан болох нь зээлийн гэрээ /хх-29/, 5 сая төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн баримт, /хх-25 хуудас/ зэргээр нотлогдсон байна. Зээлдэгч Х.Э нь 2014-09-03 -ны өдрийн 20 сая төгрөгийн зээлийн гэрээ, 2015-01-16 -ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргүүдээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 11 сая төгрөгийн үлдэгдэл тооцоотой байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлтэй байхад шүүх түүний үүргийн гүйцэтгэлийн төлбөрийг үндэслэлгүйгээр өсгөж, буруу тооцож, 2014-09-03 -ны өдрийн болон, 2015-01-16 -ны өдрийн зээлийн гэрээний үүргүүд илүү төлөлттэй дуусгавар болсон гэсэн эрс ташаа дүгнэлтийг хийсэн болох нь хавсралтаар хийсэн тооцоо баримтаар нотлогдож байна. 2014-09-03 -ны өдрийн гэрээгээр 20 сая төгрөг өгөхөөс нотлох баримтаар тооцвол 2014-01-24 -ний өдөр 8 сая төгрөг /хх-23 хуудас/, 2014 -09-03 -ны өдөр 7.600.000 төгрөг /хх-22 хуудас/, 2014-09-17 -ны өдөр 1.800.000 /хх-21 хуудас/ бүгд 17.400.000 төгрөгийг баримтаар шилжүүлсэн байх бөгөөд үүн дээр 2014-11-26-ны өдөр 20 сая төгрөг /хх-26 хуудас/, 2015-01-16 -ны өдөр шилжүүлсэн 5 сая төгрөг /хх-25 хуудас/-ийг нэмэхэд нийтдээ баримтаар шилжүүлж өгсөн мөнгө 42.400.000 төгрөг болж нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Х.Эт өгсөн гэх мөнгөний тооцоотой баримтаар тохирч байна. Иймд үүнээс Х.Эийн хугацаанаас өмнө буцааж өгсөн 20 сая төгрөгийг /хх-250/ хасвал үүргийн гүйцэтгэлийг тооцох маргаан үүсгэж буй үндсэн зээлийг олгосон мөнгөний дүн 22. 400.000 /17.400.000+ 5.000.000/ төгрөг болж байна. Үүнээс үүргийн гүйцэтгэлийг тооцвол: 1. 2014-09-03 -ны өдрийн гэрээгээр шилжүүлсэн 17.400.000 төгрөгөөс 2014-05-27 -ны өдөр Х.Эийн урьд нь авсан 8 сая төгрөгийн төлбөрт шилжүүлсэн 1.440.000 /хх-249/ төгрөгийг хасаж, тооцоход, энэ гэрээгээр бодит олгогдсон хүү тооцох үндсэн зээлийн хэмжээ 15.960.000 төгрөг болж байна. Үүнээс гэрээнд заасан 6 сарын хугацааны 8 хувийн хүүг сар сараар нь гүйцэтгэлээр нь тооцвол: 2014 оны 9 сард төлөх хүү, төлбөрийн тооцоо: 2014-09-03 -аас 9 сарын 17 хүртэл 14 хоногийн хүүг тухайн үед олгогдсон байсан 14.160.000 төгрөг 8 хувийн хүүгээр тооцоход хүү 528.640 төгрөгийн хүү, …түүнээс нэг хоногт ногдох нь 37.760, 14 хоногийнх нь 528.640 төгрөг болж байна. Харин 1.800.000 төгрөг нэмэгдсэнээс хойших 2014-09-17 -ны өдрөөс 2014-10-01 -ний өдрийг хүртэл 13 хоногийн 8 хувийн хүү нь 553.280төгрөг, үүнээс хоногт ногдох нь 553.280 төгрөг болж байх тул 2014 оны 9 сард төлөх нийт хүү нь 1.081.920 төгрөг, үүнээс Х.Э 2014 оны 9 сард төлсөн нь 1.050.000 төгрөг /хх-171-175, 204-209 / байх тул 9 сарын хүүнээс 31.920 төгрөг дутуу төлөгдсөн байна. 2. 2014 оны10 сард төлөх төлбөрийн тооцоо: Үндсэн зээл 15.960.000 төгрөгийн сарын 8 хувийн хүү нь 1.276.800 төгрөг, үүнээс төлөхөөс Х.Э төлсөн нь 2.400.000 /хх-201-224/ байх тул үүнээс 10 сарын хүү 1.276.800 төгрөг, 9 сарын хүүний төлбөрийн дутуу 31.920 төгрөгийн төлбөрийг суутгавал, зөрүү 1.091.280 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт төлсөн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 14.868.720 төгрөг болж байна. 3. 2014 оны 11 сард төлөх хүү нь үндсэн зээлийн үлдэгдэл 14.868.720 төгрөгийн 8 хувийн хүү 1.189.498 төгрөг болж байна. Үүнээс Х.Э 11 сард 2.100.000 төгрөг төлсөн байх тул хүүнд 1.189.498 төгрөг, үндсэн зээлээс 910.502 төгрөг төлсөн байна. Үлдсэн үндсэн зээл 13.958.218 төгрөг болж байна. 4. 2014 оны 12 дугаар сард төлөх хүү нь үндсэн зээлийн үлдэгдэл 13.958.218 төгрөгийн 8 хувийн хүү 1.116.657 төгрөг болж байна. Үүнээс Х.Э 12 сард 3.000.000 төгрөг төлсөн байх тул үүнээс 12 сарын төлөх хүүг төлж, үндсэн зээлээс 1.883.343 төгрөг төлсөн байна. Үлдсэн үндсэн зээл 12.074.875 төгрөг болж байна. 5. 2015 оны 01 сард төлөх төлбөрийн тооцоо нь 2014-09-03 -ны өдрийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 12.074.875 төгрөгийн 8 хувийн хүү 965.990 төгрөг болж байна. Үүн дээр 2015-01-16 -ны өдрийн гэрээгээр олгосон 5 сая төгрөгийн зээлийн 15 хоногийн 10 хувийн хүү нь 250.000 төгрөг төлөхөөр байна. Нийт 01 сард төлөх 2 гэрээний хүүний нийлбэр нь 1.215.990 төгрөг болж байна. Үүнээс Х.Э нь 01 сард 2.850.0000 төгрөг /хх-61-79/ төлсөн байх тул үүнээс 1 сард төлөх 2 гэрээний хүү 1.215.990 төгрөгийн хүүг төлж, зөрүү 1.634.010 төгрөгийг 2014-09-03 -ны өдрийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт тооцоход, энэ гэрээний үлдсэн үндсэн зээлийн хэмжээ 10.440.865 төгрөг болж байна. Үүний хамт 2015-01-16 ны зээлийн гэрээнээс үндсэн зээл 5 сая төгрөг үлдсэн. 6. 2015 оны 02 сард 2014-09-03 -ны гэрээний 2 сард төлөх хүү нь үндсэн зээл 10.440.865 төгрөгийн 8 хувийн хүү 835.269 төгрөг байна. 2015-01-16 ны өдрийн гэрээний төлөх хүү нь үндсэн зээл 5 сая төгрөгийн 10 хувийн хүү 500.000 төгрөг болж байх тул 2 гэрээний дагуу 2 сард төлөх нийт хүү нь 1.335.269 төгрөг болж байна. Үүнээс Х.Э 2015 оны 2 сард нийт төлсөн нь 1.800.000/ хх-81-92/ төгрөг, байх тул үүнээс 2 гэрээний нийлбэр хүүний төлбөр 1.335.269 төгрөгийг хасаж тооцвол, зөрүүнээс 2014-09-03 -ны өдрийн үндсэн зээлээс 464.731 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 9.976.134 төгрөг болсон байна. Мөн 2015-01-16 -ны өдрийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 5 сая төгрөг үлдэв. 7. 2015 оны 03 дугаар сард: 2014-09-03 -ны өдрийн гэрээний хугацаа 2015-03-03 -ны өдөр дууссан тул 3 хоногийн хүү нь үндсэн зээлийн үлдэгдэл 9.976.134 төгрөгийн сарын 8 хувийн хүү нь 798.091 төгрөг, үүнээс 1 хоногийн хүү нь 26.603 төгрөг, 3 хоногийнх нь 79.809 төгрөг болж байна. 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээний 3 сарын хүү нь 500.000 төгрөг байх тул 3 сард төлөх 2 гэрээний нийлбэр хүү нь 579.809 төгрөг болж байна. Х.Эийн 3 сард 1.650.000 /хх-95-108/ төгрөгийн төлбөр төлөхөөс 579.809 төгрөгийг хасвал, 1.070.191 төгрөгийг 2014-09-03 -ны өдрийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт тооцвол 2014-09-03 өдрийн гэрээний хугацаа дуусахад 8.905.943 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр үлдсэн. Үүн дээр 2014-09-03 -ны өдрийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, хугацаа хэтэрсэн тул гүйцэтгээгүй үүрэг 8.905.943 төгрөгнөөс ..хугацаа хэтрүүлсэн 27 хоногийн алданги тооцогдох тул 8.905.943 төгрөгийн 1 хоногт ногдох алданги 0.5 хувь нь 44.529 болж байх бөгөөд 27 хоногийн алданги 1.202.302 төгрөг болж байх тул 3 сард үндсэн зээлийн үлдэгдэл 27 хоногийн алданги 1.202.302 төгрөг бүгд 10.108.245 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй үлджээ. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үндсэн зээлийн төлбөр 5 сая төгрөг хэвээр үлдэв. 2015 оны 04 дүгээр сард: 2015-01-16 -ны өдрийн гэрээний зээлийн төлбөр 5 сая төгрөг. Уг гэрээний хүүгийн төлбөр 500.000 төгрөг, 2014-09-03 -ны өдрийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 8.905.943 төгрөг, 27 хоногийн алданги 1.202.302 төгрөг, бүгд 10.108.245 төгрөг төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрийн 4 дүгээр сарын 30 хоногийн алданги 1.335.891 төгрөг, бүгд зээл 8.905.943 төгрөг, алданги 2.538.193 төгрөг төлөх төлбөрийн үлдэгдэлтэй байна. Х.Э нь 4 дүгээр сард 2.550.000 төгрөг төлсөнөөс 5 саяын хүү 500.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 2.050.000 төгрөгийг хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн төлбөрт тооцвол, хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн үлдэгдэл 6.855.943 төгрөг болж байна. 5 саяын зээлийн үлдэгдэл хэвээр. 2015 оны 05 дугаар сард: 2015-01-16 -ны өдрийн гэрээний зээлийн төлбөр 5 сая төгрөг. Уг гэрээний хүүгийн төлбөр 500.000 төгрөг, 2014-09-03 -ны өдрийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6.855.943 төгрөг, алданги нь 2.538.193 төгрөг / өмнөх 3, 4 сарын алданги/ дээр нэмээд 5 сарын алданги 1.028.391 төгрөг, бүгд алданги 3.566.584 төгрөг төлөх төлбөрийн үлдэгдэлтэй байна. Х.Э 5 дугаар сард 2.550.000 төгрөг төлсөн тул үүнээс 5 саяын хүү 500.000 төгрөгийг, үлдэгдэл 2.050.000 төгрөгийг хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн үлдэгдэл 6.855.943 төгрөгнөөс хасаж тооцвол, хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн үлдэгдэл 4.805.943 төгрөг,  5 саяын зээлийн үлдэгдэл хэвээр үлдсэн. 2015.06 дугаар сард: 5 саяын зээлийн үлдэгдэл 5 сая төгрөг, Гэрээний хугацаа дуусах өдөр хүртлэх 5 саяын зээлийн 16 хоногийн 10 хувийн хүү 266.670 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 4.805.943 төгрөг, 2014-09-03 -ны өдрийн гэрээний өмнөх алдангийн үлдэгдэл ...бүгд алданги 4.287.475 төгрөг төлөх үүнээс Х.Э нь 6 дугаар сард 2.400.000 төгрөг төлсөн. Үүнээс хүү 266.670 төгрөг, үлдэгдэл 2.133.330 төгрөгийг хасаж тооцвол 2014-09-03 -ны өдрийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2.672.613 төгрөг, алданги 4.287.475 төгрөг, нийт 6.960.088 төгрөг. 2015-01-16  -ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, нийт 11.960.008 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэрээний хугацаанууд хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл 2 дахь гэрээний хугацаа дууссан 2015-06-30 өдрийн байдлаар Х.Э нь дээрх 2 гэрээний үүргээс 11.960.008 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй тооцоотой, үлдэгдэл төлбөртэй байсан бөгөөд сүүлд 5 саяын зээлийн гэрээний алданги энэ төлбөр дээр нэмэгдсэн байна. Үүнээс хойш Х.Э нь 2015 оны 7 сард 450.000 төгрөг, 9 дүгээр сард 620.000 төгрөг, бүгд 1.070.000 төгрөгийг төлснийг анхны хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2.672.613 төгрөгөөс хасаж тооцоход 2014-09-03 -ны өдрийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1.602.613 төгрөг төлөгдөөгүй байгаа юм. Х.Э нь 2015 оны 09 дүгээр сараас хойш ямар ч төлбөр төлөөгүй өдий хүрсэн тул одоогийн байдлаар Х.Э нь 2014-09-03 -ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.602.613 төгрөгний үндсэн зээл, алданги 4.452.971 төгрөг, /энэ нь гэрээний хугацаа хэтэрсэн 2015-03-03 -ны өдрийн төлөгдөөгүй байсан үндсэн зээлийн үлдэгдэл болох 8.905.943 төгрөгийн 50 хувиас хэтрээгүй/ бүгд 6.055.584 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 5.000.000 төгрөг, түүний алдангийг хуульд зааснаар 50 хувиар тооцоход 2.500.000 төгрөг, нийт 7.500.000 төгрөгийн үүргийг нийтдээ 2 гэрээний үүргээс 6.602.613 төгрөгийн үндсэн зээл, 6.972.971 төгрөгийн алданги, нийт 13.555.584 төгрөгийн төлбөр төлөх үүрэг дутуу байгаа тооцоо гарч байна. Энэхүү тооцоог хийхдээ Иргэний хуульд заасны дагуу хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг тооцохдоо хугацаа дууссан, илүү хүнд нөхцөлтэй зээлийн үүргийг түрүүлж гүйцэтгэхээр заасан зарчмын дагуу үлдэгдэл ихтэй алдангид орсон 2014-09-03 -ны өдрийн зээлийн гэрээний гүйцэтгэлийг эхэлж суутган тооцсон болно. Дээрх хийсэн гэрээ, олгосон мөнгө, төлбөр төлсөн баримтыг үндэслэн хийсэн төлбөрийн тооцоогоор Д.Н нь Х.Эээс 13.555.584 төгрөгийн авлагатай болох нь нотлогдож байгаа бөгөөд, энэ нь зээлдэгч, зээлдүүлэгч нар хоорондоо тооцоо нийлэхэд Д.Нгийн Х.Эээс 2015 оны 9 дүгээр сарын байдлаар 11сая төгрөгийн авлагатай тооцоо гарч байсан гэсэн тайлбар болон Х.Э нь 11сая төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбараар, төлбөрийн үлдэгдлээ 11сая төгрөг гэж тооцож үйлдсэн, 2 талын гарын үсэг бүхий гар бичвэрийн баримтууд зэргээр төлбөрийн үлдэгдэл байгааг нотолсон байхад шүүх эдгээр баримт, тайлбарыг үндэслэлгүйгээр үнэлээгүйгээр тооцоог буруу хийсэн нь шүүх бүх нотлох баримтыг бусад баримттай харьцуулж, тал бүрээс нь үнэн зөв хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн ИХШХШТХ 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөнийг нотолж байна. Үлдэгдлээ 11сая төгрөг гэж тооцоод, гэрээний хугацаа дууссан хүү зогсоод төлбөрөө төлөлгүй удсанаас зээлдүүлэгчид хохиролтой байсан, мөн зээлдэгч нь төлбөрөө төлөх хугацааг хойшлуулах ашиг сонирхлын үүднээс түүндээ хүү, хугацаа тооцохоор тохирч, талууд хүсэл зоригоо шинээр илэрхийлэн, 2015-09-09 -ний өдөр зээлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй учир хүчин төгөлдөр хэлцэл юм. Үүнийг хариуцагч тал хүч хэрэглэж хийсэн гэх боловч энэ нь нотлогдоогүй, мөн хариуцагч нь Иргэний хуулийн 57, 60 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир уг гэрээ нь хүчин төгөлдөр учир энэ гэрээний үүргийг зээлдүүлэгч шаардах эрхтэй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлгүйгээр хангаагүй гэж үзэх үндэслэл байна. Иймд 13.555.584 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нд олгуулахаар нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   Д.Н нь Х.Эт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үндсэн зээл 11 000 000 төгрөг, зээлийн хүү 6 930 000 төгрөг, алданги 5 500 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлах журмаар маргаан шийдвэрлүүлэхээр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг, нийт 23 460 000 төгрөг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна. 

    Нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Иргэн Д.Н нь зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг Х.Эээс   шаардсан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр буюу хуульд нийцсэн тохиолдолд нэхэмжлэгчид  шаардах эрх үүснэ.

Д.Н бусдад зээл олгох үйл ажиллагаа явуулдаг талаар хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч бусдад хүүтэй мөнгө зээлүүлдэг ...” гэж дурдсан ба үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1., 15.3.4 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл зээлийн үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай. 

          Хариуцагч  нь “зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг” этгээдээс мөнгө зээлсэн талаараа шүүхэд мэдүүлсэн ч  энэ талаар зохигчид мэтгэлцээгүй, хариуцагч холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж үзлээ.   

         2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд заасан мөнгөн дүн бол  талуудын хооронд өмнө үүссэн зээлийн тооцоо болох нь тогтоогдсон буюу уг гэрээгээр нэхэмжлэгч  хариуцагчид 11 сая төгрөг өгөөгүй  нь нотлогдсон бөгөөд шүүх  зээл тус бүрийн эргэн төлөлтийг тооцож хариуцагчаас 1 911 830 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

          Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, зээл, хүүгийн хэмжээг тооцсон байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2017/00046 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 216/МА2017/00010 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 201.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ