Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-06
Дугаар 001/ХТ2017/01107
Хэргийн индекс 101/2017/01107/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Б.Э, С.Г
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам Улаанбаатар төмөр замын
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Б.Э, С.Г нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/00662 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1081 дүгээр магадлалтай,

           Нэхэмжлэгч : Б.Э

           Нэхэмжлэгч : С.Г  

           Хариуцагч :Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам

          Хариуцагч:  Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төв     

          Нэхэмжлэлийн шаардлага:  ажилд  эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн  гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ц.Энхбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

   Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Б.Э 1998 оноос, С.Г 1999 оноос тус тус Улаанбаатар төмөр замын /УБТЗ/ Тээш худалдааны төвд тээшийн нярваар ажиллаж байсан. УБТЗ-ын Тээш худалдааны төвд Дотоод аудит хяналтын хэлтсийн шалгалт хийгдсэн гэх нэрээр шалгалтын дүн, гарсан актыг танилцуулаагүй, шалгалтын үр дүнгийн талаар 2016-03-25-ны өдөр хурал хийсэн боловч ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй гэнэт  “тодорхой хэмжээний мөнгийг хувьдаа ашигласан дутагдал илэрсэн”  гэж 2016-04-18-ны өдөр УБТЗ- н Тээш худалдааны төвийн 83 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.  2016 оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч  эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тээврийн Прокурорын газар 2016-09-09-ний өдөр 613 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд 2016-09-14-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Иймд УБТЗ-ын  Тээш худалдааны төвийн даргын 2016 оны 83 тоот тушаалыг хүчингүй болгох, тээшийн няравын  ажилд эгүүлэн тогтоолгох,  олговорт С.Г 245 хоног ажилгүй байсан нэг өдрийн цалин 38 864 төгрөг гэж тооцон нийт 9 132 100 төгрөг, Б.Э 245 хоног ажилгүй байсан нэг өдрийн цалин 34 116 төгрөг гэж тооцон нийт 8 017 260 төгрөг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ. /хх1, /

         Хариуцагч Монго-оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан  хариу тайлбартаа: Б.Э, С.Г нарын ажилд Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсээс шалгалт хийж кассир Б.Э 2015-12-19-ний өдөр Замын-Үүдээс Эрдэнэт өртөө хүртэл ачаа тээвэрлүүлж, ачааны 550216 дугаартай тасалбараар 454 915 төгрөг тушаасан байхад түүнийг хүчингүй А0077742 туслах тасалбар үйлдэж 550216 дугаартай тасалбарыг хүчингүй болгосон. Ачаа Замын Үүдээс Эрдэнэт хүртэл тээвэрлэгдээд эзэн нь хүлээж авсан байхад ямар учраас энэ мөнгө алга болсон, тухайн иргэн ачаагаа бүрэн хүлээн авсан байдаг. Кассир С.Г нь 2015-12-20 -ны өдөр 552183 дугаартай тасалбараар 170 615 төгрөгийг н.Алтанчимэг гэдэг хүнээс хураан авсан боловч мөн 77421 туслах тасалбараар хүчингүй болгосон. Гэтэл үйлчлүүлэгч н.Алтанчимэгийн ачааг тээш түгээгч Н.Ганзориг хүлээн авч хүргэж өгсөн.  Тухайн мөнгийг нэхэмжлэгч нар хувьдаа завшсан гэж үзэх бөгөөд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болсон.  Б.Э 46 удаагийн үйлдлээр 10 544 378 төгрөг, С.Г 19 удаагийн үйлдлээр 3 200 975 төгрөгийн дутагдал гаргасан болохыг Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтэс шалган тогтоож баримтаар бүрэн нотолсон. Нэхэмжлэгч нар нь эд хөрөнгө хариуцсан ажилтнууд бөгөөд үйлчлүүлэгчид мөнгө тушааж тэр баримтаа үзүүлээд тээш илгээх эрх нээгдэж, тээшээ вагонд ачаад тээвэрлэлт эхлэн улмаар хүлээн авах өртөөнд үйлчлүүлэгч ачаагаа авсны дараа мөнгө тушаасан тасалбарыг хүчингүй болгоод мөнгийг буцааж гаргаж аваад байгаа үйлдэл нь Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмийн 5.3-т “хөдөлмөрийн гэрээнд нь тухайлан тусгасан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно”, мөн зүйлийн 5.3.5-т “албан тушаалаа ашиглан ачаа, тээш, ачаан тээш, зорчигчийг үнэ хөлсгүй тээвэрлэсэн” гэсэн зөрчил тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, тушаал хууль зөрчөөгүй гэжээ. /хх 1-н 33,38., хх 2-1/

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 102/ШШ2017/00662 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 83 тоот тушаалыг хүчингүй болгож,  Б.Э, С.Г нарыг Замын Үүд хэсгийн тээшийн нярав-пүүлэгчийн ажилд тус тус эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 9 132 100 төгрөг гаргуулж С.Гт, 8 017 260 төгрөг гаргуулж Б.Эд тус тус олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар  Б.Э, С.Г нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 243.697 төгрөгийг гаргуулж улсын  орлогод оруулж, Улаанбаатар төмөр замын тээш худалдааны төвийг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 05-ны өдрийн 1081 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/00662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э, С.Г нарыг Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Замын-Үүд хэсгийн тээшийн нярав-пүүлэгчийн ажилд тус тус эгүүлэн томилж, хариуцагч Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 5 дах заалтыг хүчингүй болгож, “6” дах заалтыг “5” гэж дугаарлан “хуулийн хүчин төгөлдөр” гэснийг “хүчинтэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “... Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "...хариуцагчаас нотлох баримтаар 2015 оны 1 дүгээр сарын 01-нээс 2015 оны 8 дугаар сарын 31-нийг хүртэлх Замын Үүд тээшийн касс хүчингүй тасалбарын тайлан, тасалбарын дугаартай давхцаж буй тасалбарын жагсаалт, тээш тээврийн список, 2015 оны 01 дүгээр сарын сараас 12 дугаар сар хүртэлх тээшийн болон туслах тасалбар бүхий 2 хавтас материалыг тус тус баримтаар ирүүлсэн боловч эдгээр баримтаар байгууллагад хохирол учирсан болох нь тодорхойгүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна. Ямар учраас шүүх бүхэл бүтэн 2 хавтас санхүүгийн анхан шатны баримтад мөнгө буцаан авсан хүний гарын 2 хавтас баримтыг ямар нэг байдлаар үнэлэхгүй байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Санхүүгийн бүх дүрэм журамд мөнгө бэлэн авсан гэх боловч ямар ч гарын үсэг байхгүй хуурамчаар бүрдүүлсэн байхад шүүх түүнийг огт үнэлсэнгүй. Энэ нь ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” мөн зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Дээрх баримт нь хүн мөнгө тушаасан ба буцааж мөнгө авсан хүний гарын үсэг нь хоосон байгаа тул мөнгөн хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан болохыг шүүх анхаараагүй байна. Нэхэмжлэгч нь нар нь эд хөрөнгө хариуцан ажилтнууд бөгөөд үйлчлүүлэгчид мөнгө тушааж тэр баримтаа үзүүлээд тээш илгээх эрх нээгдэж тээшээ вагонд ачаад тээвэрлэлт эхлэн улмаар хүлээн авах өртөөнд үйлчлүүлэгч ачаагаа авсны дараа мөнгө тушаасан тасалбарыг хүчингүй болгоод мөнгийг буцааж гаргаж аваад байгаа үйлдэл нь Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмийн 5.3-т "Хөдөлмөрийн гэрээнд нь тухайлан тусгасан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” мөн зүйлийн 5.3.5-т “Албан тушаалаа ашиглан ачаа, тээш, ачаан тээш, зорчигчийг үнэ, хөлсгүй тээвэрлэсэн" гэсэн зөрчил тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болохыг шүүх анхаарсангүй. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д ажил олгогчийн итгэлийг алдсан санхүүгийн баримтыг зохих ёсоор бүрдүүлбэрийг хангаагүй мөнгөн хөрөнгө хариуцсан ажилтнуудыг ажлаас халж болохгүй гэж шүүх үзэх юм бол хууль ёс гэж ярих ямар ч шаардлага байхгүй билээ. Нэхэмжлэгч нарын ажилд Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсээс шалгалт хийсэн бөгөөд уг шалгалтаар Кассир Б.Э нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үйлчлүүлэгч н.Ууганбаяр нь 76 байр ачааг Замын Үүдээс Эрдэнэт өртөө хүртэл тээвэрлүүлсэн байдаг. Гэтэл уг ачааны 550216 дугаартай тасалбараар 454.915 төгрөг тушаасан байхад түүнийг хүчингүй А0077742 туслах тасалбар үйлдэж 550216 дугаартай тасалбарыг хүчингүй болгосон байгаа юм. Ачаа Замын-Үүдээс Эрдэнэт хүртэл тээвэрлэгдээд эзэн нь хүлээн авсан байхад ямар учраас энэ мөнгө алга болсон тухайн иргэн ачаагаа бүрэн хүлээн авсан байдаг юм. Зөвхөн нэхэмжлэгч Б.Э нь 46 удаагийн үйлдлээр 10.544.3780 төгрөг, С.Г нь 19 удаагийн үйлдлээр 3.200.975 төгрөгийн дутагдал гаргасан болохыг Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтэс шалган тогтоож баримтаар бүрэн нотолсон. Энэ асуудлыг эрүүгийн 201624000333 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хяналтын прокурорын тогтоолыг УЕП газраас хүчингүй болгож шийдвэрлэсэн баримтыг авч ирж өгнө гэсээр байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хуулийг нэг мөр хэрэгжүүлж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :      

        Нэхэмжлэгч нар 2016-09-14-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 83 тоот тушаалыг хүчингүй болгох, Дорноговь аймаг, Замын-Үүд дэх Улаанбаатар төмөр замын “тээш худалдааны төв”-н тээшийн нярав-пүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага тавьсан байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилжээ.  

        Шийдвэр болон магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. З.Энхжаргал, С.Г нар Ц.Энхбаярт 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр /хх 1-н 16/ итгэмжлэл олгосон бөгөөд уг итгэмжлэлийн дагуу Ц.Энхбаяр нь З.Энхжаргал, С.Г нарыг бүрэн төлөөлөх, тухайлбал тэдгээрийн өмнөөс  шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

         2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу  Ц.Энхбаяр шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, З.Энхжаргал, С.Г нар  өөрсдөө 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан /хх 1-ийн 1/ байхад шүүх энэ талаар буюу “төлөөлж байгаа этгээдээс татгалзсан” эсэхийг тодруулаагүй атлаа Ц.Энхбаярыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан мөн Б.Э, С.Г нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг нь тайлбарлан танилцуулаагүй /хх 1-ийн 23,24,31/ нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсгийг зөрчжээ. 

        Шүүх Б.Э, С.Г нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийн талаар тайлбарлан танилцуулаагүй байх тул нэхэмжлэгч нар хариуцагчийн татгалзлыг үгүйсгээгүй гэж үзэх, улмаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй. 

        2. Улаанбаатар төмөр замын тээш худалдааны төвийн дарга 2016-04-18-ны өдөр 83 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5, 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 2.3, төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмийн 5-н “а”, “д”, 2016-03-25-ны өдрийн шуурхай хурлын /хх 32/ шийдвэрийг үндэслэн, “...тээшийн тасалбарыг хүчингүй болгож, ачааг үнэгүй тээвэрлэснээс УБТЗ-д их хэмжээний хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан...” гэж нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх 6,12,37/ 

          Ажил олгогч нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг “ноцтой зөрчил” гаргасан буюу “...тасалбар хүчингүй болгож ачааг үнэгүй тээвэрлэсэн... их хэмжээний мөнгөн хохирол учруулсан...” гэсэн үндэслэлээр цуцалсан байхад шүүх цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтуудаар нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцээгүй байна. 

        Хариуцагч тушаалдаа нэхэмжлэгч нар хөдөлмөрийн гэрээ болон сахилгын тусгай дүрэм зөрчсөн талаар заасан хэдий ч үүнтэй холбоотой  баримт буюу  “тээш тээвэрлэлтийн тасалбар шалгасан тухай тайлан”, хурлын тэмдэглэл зэргийн талаар хөдөлмөрийн гэрээний талууд шүүхэд мэтгэлцээгүй тул хяналтын шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. 

         Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарт эрх, үүргийг нь тайлбарлан танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох эсэхийг тодруулж, зохигчдын гаргаж өгсөн баримтын хэмжээнд ажил олгогчийн тушаалын үндэслэлийн талаар дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :  

         1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/00662 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1081 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 243.697 төгрөгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д  захирамжаар буцааж олгосугай.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ