Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-06
Дугаар 001/ХТ2017/01109
Хэргийн индекс 013/2017/01109/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч М.О
Хариуцагч Б.М
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

М.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 320 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101 дүгээр магадлалтай,

М.Оийн нэхэмжлэлтэй,

Б.Мт холбогдох,                                   

 4.220.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.О, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: н.Даваасүрэн, Б.М нарын хүсэлтээр 2012 оны 7 дугаар сард анх 3 сая төгрөгийг зээлээч та хоёр яахав миний газар дээр гарааш барина биз гэж хэлсний дагуу өгсөн. Тэгээд оны сүүлчээр 12 сард өгнө гэж хэлсэн. Ингээд мөнгөө өгөөгүй байж байгаад 2012 оны 11 сард дахиад гэрт ирж мөнгө зээлдүүлээч гэсэн. Би Солонгос явах гэж байсан тул надад мөнгө байхгүй тул н.Туулаас 4 сая төгрөгийг авч өгсөн. Бид хоёр Солонгос явчхаад ирсэн. Тэгээд бараа ирсний дараа манайхаас Истана маркийн авто машины 2 шинэ дугуй авсан. Мөнгийг нь өгөөгүй. Бид хоёр дугуйгаа 1 ширхэг 210 000 төгрөгөөр үнэлж байсан. Ингээд дугуйны нийт үнэ 420 000 төгрөг авна. Б.М н.Туулд мөнгөө хүү тооцоод 1 сарын дотор л өгнө гэж байсан. Гэтэл мөн л өгөхөө байсан гэсэн. Тэгээд одоо н.Туул биднээс байнга мөнгө нэхдэг. Дараа нь Б.М мөн зоорь түрээслэх гэж байна гээд эхлээд 400 000 төгрөг, дараа нь 1 200 000 төгрөг тус тус зээлж авсан. Ингээд Б.М нэг ч төгрөг эргэж төлөөгүй. Б.М 2013 онд надад Улаанбаатар хот явахад 2 ч удаа Газар шим копаниас шилний таг авчруулж байсан. Тэгээд дараа нь тагныхаа мөнгийг миний дансанд 135.000 төгрөг, 132 000 төгрөг, нийт 267 00 төгрөг шилжүүлж байсан. Ийм байдлаар одоо надад анх зээлдүүлсэн 3 000 000 төгрөг, дугуйны мөнгө 420 000 төгрөг, дахин зээлдүүлсэн 400 000, 1200 000 төгрөг нийт 5 020 000 төгрөг авсан бөгөөд үүнээс зөвхөн 800 000 төгрөгийг л өгсөн. Иймд одоо дээрх мөнгөнүүдийн үлдэгдэл 4 220 000 төгрөгийг төлөөгүй одоо болтол хохироож яваа тул Б.Мээс уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч шүүхэд гаргасан  хариу тайлбартаа: Б.М миний бие нь 2012 оны зун хот хооронд явдаг жолооч н.Гэрэлт-Од болон эхнэр М.О нартай танилцсан юм. Манайх “Истана” маркын машинтай байсан ба н.Гэрэлт-Одоос 2 ширхэг дугуй 400.000 төгрөгөөр авсан. Үүнийгээ 2013 оны 04 дүгээр сарын 13-нд М.Оийн Хаан банкны 4001076071 тоот данс руу 800.000 төгрөг хийсэн. Мөн н.Гэрэлт-Одоор Улаанбаатар хотоос авахуулсан шилний тагны мөнгийг 2013 оны 01 дүгээр сарын 08-нд М.Оийн Хаан банкны 4001076071 тоот данс руу 135.000 төгрөгийг хийсэн. Үлдэгдэл 132.000 төгрөгийг 2013 оны 02 дугаар сарын 07-нд Хаан банкны 4786004780 тоот дансанд эзэмшигч Г.Эрдэнэ-Оргилд хийсэн. Н.Гэрэлт-Одоор зуучлуулан Ц.Туул гэдэг эмэгтэйгээс 4.000.000 төгрөг авсныг төлсөн бөгөөд н.Гэрэлт-Од М.О нар Солонгос явахдаа Ц.Туулд бүх мөнгөө өгөөрэй гэсэн юм. Иймд бид тооцоотой мөнгийг нь Ц.Туулын Хаан банкны 5094112233 тоот дансанд 8.100.000 төгрөгийг хийсэн. /Уг баримтууд эрүүгийн хэргийн №201514000175 дугаар хавтаст хэргийн 000123-000133-д байгаа/ Иймд М.От өргүй гэжээ.

        Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 320 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан Б.Мээс 3 020 000 төгрөг гаргуулан М.От олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.420 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 63.270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

        Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 09-ний өдрийн 101 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 320 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “... 262 дугаар зүйлийн 262.1 гэснийг 243 дугаар зүйлийн 234.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

         Хариуцагчийн  төлөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Шүүх хариуцагч 3.000.000 төгрөг зээлснээ буцаан төлөх боломжгүй болж газар өгснийг талууд хүлээн зөвшөөрч өгсөн газарт 5 гарааш барьсан бөгөөд одоо түүнийг “Гоё шарга” ХХК нь авсан учир Б.Мээс буцаан мөнгөө нэхэж байна гэж байгаа боловч тухайн газрыг “Гоё шарга” ХХК нь авсан эсэх нь тодорхойгүй, уг гарааш нь одоо болтол байгаа бөгөөд хэний өмчлөлд очсон болохыг нотолж тогтоогоогүй байхад хариуцагчаас гаргуулах шийдвэрийг шүүх гаргасан нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх нь уг 3.000.000 төгрөгтэй холбоотой маргааныг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэрлэж дууссан байна гэж эрүүгийн хэргээр шалгасан маргааны үндэслэлийг буруу дүгнэж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримталж шүүх шийдвэрээ гаргасан гэтэл нэхэмжлэгч зээлсэн мөнгөө буцаан авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, газрыг авч гарааш барьж түүний алдсан учраас мөнгөө буцаан нэхэмжилж байна гэсэн шаардлага гаргаагүйг шүүх анхаарч үзээгүй. Харин зээлсэн мөнгөндөө газраа өгч төлбөр тооцож байсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгааг шүүх анхаарч шийдвэрлэсэнгүй гэж үзэж байх тул ...шийдвэр, ... магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.     

ХЯНАВАЛ:

        М.О нь Б.Мт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “... 2012 оны 7 дугаар сард 3 сая төгрөг зээлүүлсэн... авто машины 2 шинэ дугуйг нийт 420 000 төгрөгөөр худалдан авсан... 400 000 төгрөг, дараа нь 1 200 000 төгрөг тус тус зээлж авсан... бүгд 5 020 000 төгрөг авсан бөгөөд үүнээс 800 000 төгрөг өгсөн...” гэсэн үндэслэлээр 4.220.000 төгрөг гаргуулахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

      Анхан шатны шүүх хариуцагчаас зээл 3 сая төгрөг, дугуйны үлдэгдэл төлбөр 20.000 төгрөг нийт 3.020.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

      Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн зарим зүйлийг өөрчлөн, бусад заалтуудыг нь хэвээр үлдээжээ. 

 Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Шүүх Б.Мээс зээлийн гэрээний дагуу авсан 3 сая төгрөг, дугуйны үлдэгдэл үнэ 20.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул энэ  төлбөрийн хэмжээ буюу 3.020.000 төгрөгийн хэмжээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцэх юм.

        Хариуцагч зээлж авсан мөнгөндөө тооцон ямар нэг эд хөрөнгийг нэхэмжлэгчид  шилжүүлж өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байх тул  хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

       Давж заалдах шатны шүүх М.Оийн нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.   

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

      1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн  төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

       2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагч Б.М хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 63.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ