Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-13
Дугаар 001/ХТ2017/01163
Хэргийн индекс 101/2017/01163/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Л.Б
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Л.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/00830 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1163 дугаар магадлалтай,

          Л.Бын нэхэмжлэлтэй,

           Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,          

           Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Л.Бын гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015-11-18-ны өдрийн 7825 дугаар шийдвэрээр Л.Баас 68 636 138 төгрөгийг гаргуулж Н.Батчулуунд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх албанаас миний өмчлөлийн Улаанбаатар хотын, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 49/1 дүгээр байрны 10 тоот, 65 м.кв талбай бүхий орон сууцыг хэт багаар үнэлсэнд гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэгч нь орон сууцаа үнэлэх үнийн саналыг өгөөч гэж олон удаа хэлж байсан нь үнэн.  Өмгөөлөгч  Сүрэнжав битгий үнийн саналаа өг гэсэн тул  би үнийн саналаа өгөөгүй юм. Гэтэл шийдвэр гүйцэтгэх алба нь  орон сууцыг “Мөнх-Оргил трейд” ХХК-иар үнэлүүлэн 120 900 000 төгрөгөөр үнэлсэн байна. Би энэ үнэлгээг 2016-12-08-ны өдөр шуудангаас хүлээн авч мэдээд арай багаар үнэлсэн болохоор нь өөрөө “Хос-Од сервис” ХХК-иар үнэлүүлэхэд миний байрыг 140 592 000 төгрөөр үнэлсэн. Үнийн зөрүү 20 000 000 байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7825 дугаар шийдвэрээр Л.Баас 68 636 138 төгрөгийг гаргуулж Н.Батчулуунд олгохоор шийдвэрлэсэн. Л.Бын өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 49/1 дүгээр байрны 10 тоот 65 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2016-09-14-ний өдрийн 122/18 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016-09-22 -ны өдрийн 122/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. 2016 оны 1/38844 дугаар  албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн  автомашины дулаан гараашийн захиран зарцуулах эрхийг  сэргээсэн. Төлбөр төлөгч Л.Бад тус албаны 2016-10-11 -ний өдрийн 3/32181 дугаартай албан бичгээр Иргэний хуульд заасны дагуу үнийн санал өгөхийг мэдэгдсэн  ч тэрээр үнийн санал өгөөгүй .Иймд 2016-12-01-ний өдрийн 217 дугаар шинжээч томилж, үнэлгээг 120 900 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг 2016-12-07-ны өдрийн 3/37811 дугаартай мэдэгдлээр  шуудангаар  хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/00830 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар  гомдол гаргах хүртэл хугацаанд  2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01217 дугаар захирамж хэвээр байхыг дурдсан байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 17-ны өдрийн 1163 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/00830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг зөрчөөгүй байхад зөрчсөн хэмээн шийдвэр, магадлалд дурдсан нь нэхэмжлэгч миний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :

         Л.Б нь 2016-12-19-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хотын, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 49/1 дүгээр байрны 10 тоот, 65 м.кв талбай бүхий орон сууцыг 120.900.000 төгрөгөөр үнэ тогтоосныг хүчингүй болгуулах шаардлага тавьжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 7825 дугаар шийдвэр гаргаж, Л.Баас 68.636.138 төгрөг гаргуулж Н.Батчулуунд олгохоор шийдвэрлэсэн, төлбөр төлөгч шийдвэрийг  биелүүлээгүй тул гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

        Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 122/18 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 49/1 дүгээр байрны 10 тоот 65 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 122/03 дугаар тогтоолоор хурааж эд хөрөнгийн үнэлгээг ирүүлэхийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/32181 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч санал ирүүлээгүй тул үнэлгээ тогтоолгох шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийг зөрчөөгүй тул гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

       Шинжээч “Мөнх-Оргил трейд’’ ХХК-н тогтоосон үнэлгээг үгүйгсэх нөхцөл байдал  тогтоогдоогүйгээс гадна үнэлгээг эс зөвшөөрсөн гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна. 

        Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн  гомдлыг хангахгүй орхиж,  шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/00830 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1163 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ