Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-05
Дугаар 001/ХТ2017/01094
Хэргийн индекс 013/2017/01094/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Д.Р
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Д.Ргийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00057 дугаар магадлалтай,

Д.Ргийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгт холбогдох,                               

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн угаагч, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжаны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Д.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Р миний бие дээд боловсролтой, худалдааны менежер, мөн хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн мэргэжилтэй. Миний бие Өлгий сумын 13 дугаар багт байрлалтай хүүхдийн 18 дугаар цэцэрлэг шинээр байгуулагдахад 2016-03-01-ний  өдрийн цэцэрлэгийн эрхлэгчийн 15 тоот тушаалаар тус цэцэрлэгт үйлчлэгчийн орон тоонд томилогдсон. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч намайг  2016-07-01-ний өдрийн Д.Рг ажлаас чөлөөлөх тухай 28 тоот тушаалыг нөхөн гаргаж, ажлаас хууль бусаар чөлөөлснийг  шүүх 2016-10-13 -ны өдрийн 604 дүгээр шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон юм. Ажил олгогч болох Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь анхан шатны шүүхийн 2016-10-13 -ны өдрийн 604 дүгээр шийдвэрийг  2016-01-16 -ны өдөр биелүүлж, 18  тушаалаар ажилд эгүүлэн тогтоосон.  Гэтэл 2016-12-06 -ны өдөр 23 тоот мэдэгдэх хуудас өгч, улмаар 2017-01-02 -ны өдрийн Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлж 55-р тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3, Аймгийн Засаг даргын 2016-10-24-ны А/594 тоот захирамжийг үндэслэн дахин  ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч байна. Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн Бүтэц орон тоог батлах тухай Аймгийн засаг даргын 2016-04-08 -ны өдрийн А/206 тоот захирамжийн хавсралтад Үйлчлэгчийн орон тоог-2, угаагч-1 гэж баталсан бол Аймгийн Засаг даргын 2016-10-24 -ний өдрийн А/594 тоот захирамжаар тус цэцэрлэгийн Бүтэц орон тоог батлахдаа угаагч үйлчлэгч-1 гэж Д.Р миний орон тоог хэвээр баталсан. Аймгийн Засаг даргын 2016-04-08-ны өдрийн А/206 тоот захирамжаар гэрээгээр гүйцэтгүүлж байсан бол 2016-10-24 -ний өдрийн А/594 тоот захирамжаар үндсэн орон тоо буюу байнгын ажлын байр болгон баталсныг ажил олгогч анхааралгүй, орон тоо хэвээр хадгалагдаж байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж гомдол гаргаж байна. Мөн Аймгийн Засаг даргын 2016-10-24 -ний өдрийн Бүтэц орон тоог батлах тухай А/594 тоот захирамжаар угаагч, үйлчлэгчийн орон тоог үндсэн орон тоо болгож баталж өгсөөр байтал  гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэдэг үндэслэлгүй.  Орон тоо хэвээр байхад гэрээний хугацаа сунгагдахгүй гэж үзсэн нь хууль зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Гэтэл  2017 оны  55 тоот тушаал гаргахдаа  хуулийг ноцтой зөрчлөө. Д.Р миний бие жирэмсэн учир ажил олгогч ажлаас чөлөөлөх тухай 2017-03-02 -ны өдрийн 55 тоот тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 100-г зөрчсөн байна. Иймд  цэцэрлэгт угаагч, үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:  Шүүхийн 2016 оны  604-р  шийдвэрийг хүндэтгэн Д.Рг хуучин гэрээт орон тооны ажилд 2016-11-16-ны өдрөөс ажилд нь томилсон. Д.Р  хуучин гэрээт үйлчлэгч гэсэн орон тоонд эгүүлэн томилсны дараа 2016-11-24-ны өдөр Аймгийн Засаг даргын Бүтэц орон тоо батлах тухай А/594 тоот захирамж ирсэн. Түүний дотор гэрээт орон тоо батлагдаагүй ба тухайн үед Д.Р нь хуучин ажилд эргэн орсон учир уг захирамж Д.Ргийн орон тоонд ямар ч хамааралгүй. Энэ Д.Ргийн чөлөөлөгдөхөд нь нөлөөлөлгүй ямар ч уг орон тоонд орох үндэслэлгүй. Аймгийн Засаг даргын Бүтэц орон тоо батлах тухай 2016-10-24 -ний өдрийн А/594 тоот захирамжид Гэрээт үйлчлэгч гэсэн ямар ч орон тоо байхгүй. Харин Д.Р нь тухайн үед ажиллаж байсан учир уг орон тоонд заргалдах нь үндэслэлгүй. Д.Р нь 2017-01-02 -нд орон тоо нь хасагдсан учир хуулийн дагуу чөлөөлөгдөн 2016-12-06-нд ажлаас чөлөөлөгдөх болсныг мэдэгдсэн. Гэрээт үйлчлэгч Д.Ргийн орон тоо хасагдсан, 2017 оны төсөвт гэрээт ажилтны цалин тусгагдаагүй тул  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Рг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн угаагч, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70.200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

        Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00057 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.   

         Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд: Шүүх баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.  Шинжлэх ухаан боловсролын сайд, Сангийн сайд нарын 1995 оны 227/199 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн захиргаа үйлчилгээний ажилтны орон тооны үлгэрчилсэн норматив"-ийн 2 дугаар хавсралтаас үзэхэд 50 хүртэлх хүүхэдтэй, 2 бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг нь 13 орон тоотой байхаар зохицуулагджээ. Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэг анх 2016-03-01 ний өдөр 50 хүүхэдтэй, 2 бүлэгтэй, 13 орон тоотой байхаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг ба цэцэрлэгийн эрхлэгч нь Боловсролын тухай хуулийн 33.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн  11.1.2, Төсвийн тухай хуулийн 16.5.3-т тус тус заасныг баримталж нийт 13 хүн ажиллуулж байсан. Тухайн үед тус цэцэрлэгээс гадна өөр 3 цэцэрлэг бас шинээр байгуулагдаад үйл ажиллагаагаа эхлүүлээд байсан. Гэтэл зарим хүмүүс эдгээр цэцэрлэгүүдэд зөвхөн дарга нарын танил хүмүүс л ажилд орсон гэж хардаж Өлгий сумын төв талбайд жагсаа цуглаан хийсэн байдаг. Тухайн жил УИХ-ын болон орон нутгийн 2016 оны ээлжит сонгуулийн жил байсан учраас эдгээр хүмүүсийг аргацаахын тулд аймгийн Засаг дарга 2016 оны А/206 дугаар захирамж гаргаж тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд үндсэн болон гэрээт гэсэн 7 орон тоо нэмж баталсан байдаг. Ингэхдээ цэцэрлэгийн батлагдсан төсөвт ямар нэгэн зохицуулалт хийгээгүй байсан. Тэгсэн хирнээ аймгийн Засаг дарга дээрх 7 орон тоонд хүн авч ажиллуулахыг цэцэрлэгийн эрхлэгчид үүрэг болгосон. Нэгэнт дээрх 7 орон тоонд батлагдсан төсөв байхгүй байсан учраас ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах замаар хүмүүсийг гэрээт ажилтнаар ажиллуулж, цалингийн сүлжээнээс гадуур цалин хөлс олгосон байдаг. Улмаар хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дуусмагц ажил олгогч тухайн 7 ажилтныг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тухайн 7 хүнийг анх ажилд авахдаа тэд нарыг түр хугацаагаар ажиллуулах тухай  ажил олгогчийн зүгээс анхааруулж хэлсэн байдаг. Ингээд цэцэрлэг ч амраад, сонгууль ч дуусаад 2016 оны 9 дүгээр сард цэцэрлэг буцаад нээгдэхэд эдгээр 7 ажилтнуудаас нэр бүхий 3 ажилтан ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэж үзээд шүүхэд хандсан. Эдгээр ажилтнуудын нэг нь нэхэмжлэгч Д.Р юм. Удалгүй шүүх хуралдаан болж хариуцагчийн зүгээс эдгээр нөхцөл байдлуудыг шүүхэд тайлбарлаж хэлсэн боловч  гэрээт үйлчлэгчийн орон тоонд эгүүлэн тогтоосон юм. Нөгөө талаар  шүүх Х.Какешийг мөн  гэрээт угаагчийн ажилд эгүүлэн тогтоосон байсан.  Аль аль талд асуудал үүсгэсэн зүйл байна. Энэхүү зүйл нь аймгийн Засаг даргын 2016 оны  А/206 дугаар захирамж байсан. Өмгөөлөгчийн зүгээс уг захирамжийг хүчингүй болгуулахаар 2016 онд 83-р албан бичгээр аймгийн Засаг даргад хандаж хүсэлт гаргаад байсан. Маргааш нь шүүх хуралдаан болсон ба миний бие энэ талаар хэлж, нэмж нотлох баримт цуглуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа аймгийн Засаг дарга 2016 оны А/206 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т заасныг баримталж өөрөө хүчингүй болгосон. Гэсэн хэдий ч аймгийн Засаг дарга 2016 оны  А/594 дугаар захирамж гаргаж /дээрх сайд нарын хамтарсан тушаалыг зөрчиж/ тус цэцэрлэгийн бүтэц орон тоог дахиад /хууль бусаар/ баталсан юм. Үйлчлүүлэгч маань шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, сайн дураар биелүүлж Д.Р, Х.Какеш нарыг  гэрээт үйлчлэгчийн ажилд томилж тушаал гардуулж хөдөлмөрийн гэрээ байгуулахаар дуудахад  Д.Р янз бүрийн шалтаг тоочиж ажилдаа ирэхгүй байсан. Ингэснээр  Х.Какешт түрүүлж тушаал гаргаж аймгийн Засаг даргын 2016 оны А/594 дугаар захирамжаар батлагдсан угаагч үйлчлэгчийн 1 орон тоонд томилсон байдаг. Харин нэхэмжлэгч Д.Ргийн хувьд ажил олгогчийн зүгээс орон тоо байхгүй ч гэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь томилсон. Тушаалын 1 хувь, мөн хөдөлмөрийн гэрээний 1 хувийг ажилтанд гардуулах гэхээр  нэхэмжлэгч уг тушаалыг авахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Ингэснээр ажил олгогч аргагүй байдалд орж тушаал болон гэрээний хувийг баталгаат шуудангаар илгээсэн. Гэтэл Д.Р нь шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа мэтээр тайлбарлаж гүйцэтгэх хуудас бичүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр ирэхэд хариуцагчийн зүгээс болсон бүх явдлын талаар үнэн зөвөөр тайлбарлаж, тушаалыг шууданд хийсэн тухай баримтыг үзүүлэхэд шийдвэр гүйцэтгэгч эргүүлээд Д.Рд  ажлаа хийхийг зөвлөж  ажиллагаа дуусгавар болсон.  2016 оны 47 дугаар тушаалыг Д.Р  зөвшөөрсөн байдаг. Энэ нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор нотлогдоно. Хэрэв Д.Р тушаалыг зөвшөөрөөгүй байсан бол тухайн  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгахгүй байх эрх байсан юм. Өөрөөр хэлбэл, ажилтан тухайн үед хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах тухай ажил олгогчийн саналыг хүлээн зөвшөөрсөн байсан гэсэн үг. Тийм учраас ажил олгогч хөдөлмөрийн хугацаатай гэрээ цаашид сунгагдахгүй болохыг ажилтанд албан ёсоор урьдчилж мэдэгдэж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасныг баримталж 2017 оны 55 дугаар тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл хоёр шатны шүүх дээрх нөхцөл байдлыг буруу тодорхойлж, мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40 2-г зөрчиж хуулийг буруу тайлбарлаж, шийдвэр, магадлал гаргасан явдалд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.     

ХЯНАВАЛ:

         Д.Р нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн угаагч үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.   

        Д.Ртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 55 дугаартай тушаалыг хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр /хх 9/ гаргасан бөгөөд уг тушаалаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн угаагч үйлчлэгчийн ажлаас халагдсан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэв.

         Ажил олгогч өөрийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 дугаар захирамжийг үндэслэн орон тоо хасагдсан гэж ажилтныг халсан боловч 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдийн 55 дугаар тушаалын үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.  

         Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр болон магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00057 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ