Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-26
Дугаар 001/ХТ2017/01039
Хэргийн индекс 101/2017/01039/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Х.Ж
Хариуцагч Б.М
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Х.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

   2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00663 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 970 дугаар магадлалтай,

Х.Жын нэхэмжлэлтэй,

Б.Мад холбогдох,                                   

Үндсэн нэхэмжлэл: 4.147.500 төгрөг гаргуулах

Сөрөг нэхэмжлэл: 2015 оны  барьцааны БГ/ 2265 дугаар  гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг  

 Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Очирваань, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал  нар оролцов.

            Х.Ж шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Мтай 2015-01-31 -ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлж, мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд 340 000 төгрөгийг миний дансаар төлсөн. Уг зээлээс үндсэн төлбөр 2 сая төгрөг, алданги 1 сая төгрөг, нийт 3 сая төгрөгийн төлбөр дутуу байгаа. Мөн бизнес сайн байгаа, дахин 2 сая төгрөг зээлээч гээд 2015-03-26 -ны өдөр гэрээ байгуулж 2сая төгрөг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Өмнөх зээлийн гэрээний хүүгийн үлдэгдэл 60.000 төгрөг өгөх байсныг нь хасч тооцож, 1.940.000 төгрөг шилжүүлсэн. Б.Мын ээж Ц.Дашжаргал 7сая төгрөг зээлсэн ба хариуцагч нь нэхэмжлэгчийн бусдад өгсөн зээлийн эргэн төлөлттэй хольж  байгаа нь үндэслэлгүй. Ц.Дашжаргал нь илүү мөнгө төлсөн бол шаардах эрх нь нээлттэй.  Тооцоо нийлэхэд 3.050.000 төгрөг байсан. Улмаар зээлийн гэрээний эргэн төлөлтөд 1.946.000 төгрөгийг Б.М миний дансанд шилжүүлсэн, уг төлбөрийг хасч үндсэн зээл 365.000 төгрөг, хүү 400.000 төгрөг, алданги 382.500 төгрөг, нийт 1.147.500 төгрөг өгөх ёстой. Иймд 2015-01-31 -ний өдрийн гэрээний үндсэн зээл 2сая төгрөг, алданги 1сая төгрөг, нийт 3сая төгрөг, 2015-03-26 -ны өдрийн гэрээний үндсэн үээл 365.000 төгрөг, хүү 400.000 төгрөг, алданги 382.500 төгрөг, нийт 1.147.500 төгрөг нийт төлбөрт 4 147 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: Ээж Ц.Дашжаргал өдрийн зээл гаргадаг Н.Уранчимэгээс 2014 оноос зээл авч, дараа нь охин Х.Жаас нь мөнгө зээлдэг байсан. 2015-01-23 -ны өдөр 1 сая төгрөг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж хугацаанд нь төлсөн. 2015-03-12 -ны өдөр 2сая төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж миний бие төлж дуусгасан. 2015-01-31 -ний өдөр 2сая төгрөг, 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж төлсөн. 2015-03-26 -ны өдөр мөн 2 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж төлсөн. 2015-05-04 -ний өдөр 2сая төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж ээж Ц.Дашжаргал төлсөн. Би 2015-01-31 -ний өдөр 2сая төгрөг, 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж үндсэн мөнгө, хүүгийн хамт өдөрт 40.000 төгрөгийг 2015-03-25 -ны өдрийг хүртэл нийт 2.160.000 төгрөг төлсөн. Х.Жаас дахин 2сая төгрөг зээлэхийг хүсэхэд таны зээл бараг төлөгдсөн, зээлээс 60.000 төгрөг л үлдсэн, зээл авч болно гэхээр нь дахин 2сая төгрөгийн зээл авах болж 2015-01-31 -ний өдөр 60.000 төгрөгийг хасаад 1.940.000 төгрөг авсан. Тухайн өдөр 260.000 төгрөг шилжүүлж, 60.000 төгрөг өгөөд 2015-01-31 -ний өдрийн зээл хугацаанаасаа өмнө бүрэн дууссан. 2015-03-26-ны зээлийн хувьд 2015-05-05 ны өдөр хүртэл 1.560.000 төгрөг, 2015-11-05 -ны өдөр 500 000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 2сая  төгрөг, хүү 200.000 төгрөг, нийт 2.2сая төгрөг төлөх байснаас 2.060.000 төгрөг төлсөн, одоо 340.000 төгрөг төлөх ёстой гэжээ.

           .Б.М  сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2015-08-05-ны өдөр Х.Жаас 3 050 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлээгүй. 2015-01-31 -ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийг бүрэн төлж, 2015-03-26 -ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр цөөхөн хэдэн төгрөг байгаа. 2015-08-05-ны өдрийн 2265 дугаар барьцааны гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын ам 31-720 тоот, 18654322463149 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай газрын гэрчилгээг барьцаанд тавьсан. 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Х.Ж 3 050 000 төгрөг өгөөгүйгээ хүлээн зөвшөөрсөн учир 2015-08-05 -ны өдрийн 2265 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус тул газрыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй тул барьцааны зүйлийг буцаан өгөхөд татгалзахгүй гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00663 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтыг баримтлан  Б.Маас 681.000 төгрөг гаргуулж Х.Жд олгож, нэхэмжлэлээс 3.466.500 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан  Х.Ж, Б.М нарын хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2265 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын ам 31-720 тоот 18654322463149 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаанаас чөлөөлөхийг Х.Жд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 255 төгрөгийн 81 310 төгрөг, хариуцагч Б.Мын төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 8 945 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.Маас 20 894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Жд олгож, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Мад олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр  сарын 19-ний өдрийн 970 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00663 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “681 000” гэснийг “4 039 500” гэж, “3 466 500” гэснийг “108 000” гэж, 3 дахь заалтын “Б.Маас 20 894” гэснийг “79 582” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Х.Ж  2015 оны 2265 дугаартай зээлийн гэрээнд Х.Ж нь Б.Мад 3.050.000 төгрөгийг 2015-08-25-ны өдрөөс 2015-09-25 -ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй хугацаа хэтэрсэн хоногт 0.5 хувийн алданги тооцохоор 3.050.000 төгрөгийг зээлүүлж зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлж, Б.Мын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын амны 32 дугаар гудамж, 720 тоот хаягт байршилтай 500 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000321426 тоот гэрчилгээг барьцаалж, 3.050.000 төгрөгийг өгсөн. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 3.555.000 төгрөгийг хариуцагч Б.Маас барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж гаргуулахыг хүсч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл шүүх хуралдааны явцад Б.М нь “..би   Х.Жаас 2015-08-25 -ны өдар 3.050.000 төгрөг огт аваагүй..” гэсний дагуу Х.Ж нь...” би тус өдөр Б.Мад 3.050.000 төгрөг өгөөгүй...” гэж тайлбарласан. Тухайн өдөр зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдаагүй нь тогтоогдож, нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлж  Б.Мад 2015-01-31 -ний өдөр 2 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний явцад 340.000 төгрөгийн хүү төлсөн. Үндсэн зээл 2сая төгрөг, алданги 1сая төгрөг, нийт 3сая  төгрөг. 2015-03-26 -ны өдөр 2сая төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Өмнөх зээлийн гэрээний хүүгийн үлдэгдэл 60.000 төгрөг өгөх байсныг хасч 1.940.000 төгрөгийг Б.Мын дансанд шилжүүлсэн. 2015-03-26-ны өдрийн үндсэн зээл 365.000 төгрөг, хүү 400.000 төгрөг, алданги 382.500 төгрөг нийт 1.147.500 төгрөг. Дээрх 2 гэрээний нийт төлбөрт 4.147.500 төгрөгийг хариуцагч Б.Маас гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Б.М нь  н.Дашжаргалын хамт авто машины моторын тосны худалдаа хийдэг. Нийт 6 удаа зээл авсан ба Б.Мын ээж Ц.Дашжаргал нь 4 удаа зээл авахдаа нийт 6сая төгрөгийн зээл авсан. Б.Мын ээж Ц.Дашжаргалын Хаан банкны  данснаас нийт 11.560.000 төгрөг  Х.Жын дансанд орсон нь тогтоогдсон. Б.М 2 удаа 2сая төгрөгийн зээл буюу нийт 4 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогддог. Анхан шатны шүүхэд нотлох баримтаар авагдсан Х.Жын Хаан банкны  дансны хуулгаар 2015-03-26 -ны өдрөөс 2015-11-05-ны өдрийг хүртэлх хугацаанд  Б.Маас гэж шилжүүлсэн зээлийн төлбөрт нийт 1.946.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон. Хариуцагч нь Х.Жын дансанд Ц.Дашжаргалын  данснаас зээлийн эргэн төлөлтөд төлбөр шилжүүлсэн төлөлтийг тооцож үзэхэд 2014-12-30-ны өдрийн зээлийн гэрээний /хх-ийн 20/ дагуу Х.Жаас Ц.Дашжаргалд 1 сая төгрөг шилжүүлсэн ба 2015-01-23 -ны өдөр хүүгийн хамт 1.1сая төгрөг болгож хугацаанаасаа өмнө төлсөн. 2015-01-23 -ны өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 21/-ний дагуу 1 сая төгрөгийг Х.Жаас Ц.Дашжаргалд шилжүүлсэн. 2015-02-15 -ны өдөр 1.620.000 төгрөг төлсөн. Гэрээний дагуу үндсэн зээл 1сая төгрөг, хүү 100.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан ба 520.000 төгрөгийн илүү төлөлт хийсэн. Мөн хугацаанаасаа өмнө 1.100.000 төгрөг төлсөн ба илүү төлөгдсөн 520.000 төгрөг нь Б.Мын зээлийн төлбөр болно. 2015-02-17-ны өдөр 1 сая төгрөгийг Х.Жаас Ц.Дашжаргалд шилжүүлсэн ба 2015-03-12 -ны өдөр 2.020.000 төгрөг төлсөн. 1 сарын 10 хувийн хүүтэйгээр тооцоход 920.000 төгрөгийн илүү төлөлт хийсэн. 2015-03-12 -ны өдрийн зээлийн гэрээний /хх-ийн 22/ дагуу 2сая төгрөгийг Х.Жаас Ц.Дашжаргалд шилжүүлсэн ба 2015-04-05 -ны өдөр 3.360.000 төгрөг төлсөн. Гэрээний дагуу үндсэн зээл 2сая төгрөг, хүү 400.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан ба 960.000 төгрөгийн илүү төлөлт хийсэн. Нэхэмжлэгч “... Ц.Дашжаргал болон Б.М нарын зээлийн гэрээний харилцаа тусдаа, хамтатгах нь үндэслэлгүй, Ц.Дашжаргал илүү төлсөн мөнгийг шаардах эрхтэй гэж тайлбарласан...” ч шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж Ц.Дашжаргалын зээлийн харилцааг дүгнээгүй ба Х.Ж болон Ц.Дашжаргалын эзэмшлийн дансаар хариуцагч Б.Мын төлсөн зээлийн төлбөрийг ялгаж тооцож гаргасан нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь: Х.Ж нь Ц.Дашжаргалын зээлийн гэрээний үүрэг дууссан, зээлээ хугацаандаа төлж байсан гэж тайлбарласан. Мөн Ц.Дашжаргалаас алданги тооцсон тухай ямар нэгэн бичгийн нотлох баримт хавтас хэрэгт байхгүй болно. Хариуцагч Б.М нь өөрийн нэрээр зээлийн төлбөрт нийт 1.946.000 төгрөг төлсөн. Мөн зээлийн төлбөрийг ээж Ц.Дашжаргалын Хаан банкны  тоот дансаар дамжуулан Х.Жд 2.400.000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч Х.Жын Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон. Хариуцагч нь нийт 2 зээлийн гэрээний үүрэгт 4.8сая  төгрөг төлөх байснаас нийт 4.364.000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.Гэтэл давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулсныг  зөвшөөрөхгүй  тул  магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

        Х.Ж нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандаж Б.Маас 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3.050.000 төгрөг, хүү 305.000 төгрөг, алданги 1.325.000 төгрөг нийт 3.555.000 төгрөг шаардсан /хх 1/ боловч 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлээ өөрчилж хариуцагчаас 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  зээлийн гэрээний  үндсэн үүрэг  2 сая төгрөг, алданги 1 сая төгрөг., 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний үндсэн зээлд  365.000 төгрөг, хүү 400.000 төгрөг, алданги 382.500 төгрөг  нийт 4.147.500 төгрөг гаргуулах /хх 34/-г  шаардсан байна. 

        Б.М нэхэмжлэлээс 340.000 төгрөг зөвшөөрч, үлдэх мөнгийг төлөх ёсгүй гэж маргахдаа, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2265 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн байна. /хх126/

        Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 681.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа “.... хариуцагч 2015-01-31-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн байна ... харин 2015-03-26-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 454.000 төгрөгийг алданги 227.000 төгрөгийн хамт Б.М төлөх үүрэгтэй...” гэж, сөрөг нэхэмжлэлийг бүрэн хангахдаа “... талууд нэхэмжлэлийн үндэслэл болсон хоёр  гэрээний төлбөрийг нэгтгэн 2265 тоот зээлийн гэрээг хийсэн ба уг гэрээний дагуу бэлнээр мөнгө шилжээгүй... зээлийн гэрээнээс үүрэг үүсээгүй байхад барьцааны гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн...” гэж тус тус дүгнэлт хийсэн байна.

 Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 4 039 500 төгрөгийн шаардлагыг хангахдаа “...  Б.М 2015-01-31-ний өдрийн зээлийн гэрээний  хүүд 340 000 төгрөгийг төлсөн тул үндсэн төлбөр 2 сая төгрөг, алданги 1 сая төгрөг төлөх үүрэгтэй... харин  2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1 635 000 төгрөг төлсөн тул үндсэн үүрэг 693 000 төгрөг, алданги 346 000 төгрөг нийт 1 039 500 төгрөг төлөх үүрэгтэй ...” гэжээ

        Шийдвэр болон магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          1. Иргэн Х.Ж нь зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг Б.Маас шаардсан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн болон  2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр буюу Иргэний хуульд нийцсэн байгаа тохиолдолд нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ.

          Х.Ж бусдад зээл олгох үйл ажиллагаа явуулдаг байж болох баримтууд хэрэгт авагдсан /хх 3,18, 19, 22, 59-72, 109-119/, энэ талаар хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...өдрийн зээл олгодог гэх н.Уранчимэг ... түүний охин Х.Жаас мөнгө зээлдэг байсан...” гэж дурдсан ба үүнийг нэхэмжлэгч үгүйсгэж мэтгэлцээгүй /хх 16,55/ байна.

        Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1., 15.3.4 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл банкнаас бусад этгээд зээлийн үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай. 

        Хариуцагч нь “зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг” этгээдээс мөнгө зээлсэн талаараа шүүхэд мэдүүлсэн ч энэ талаар зохигчид мэтгэлцээгүй тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.  

        Зохигчдын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн эсхүл хариуцагч “зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг”  этгээдээс мөнгө зээлсэн эсэх нь тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцээгүй байна.

         2. Х.Жын хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн эх Н.Уранчимэг, хариуцагчийн эх Ц.Дашжаргал нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа, үйл баримт ач холбогдолтой байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27-28 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй нь дутагдалтай болжээ.   

       3. 2015 оны 01 дүгээр сарын 31, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээнд зээлийг хэсэгчлэн төлөх хугацааг талууд тохиролцоогүй, хариуцагч үндсэн зээлийн зохих хувийг зээл авсан өдрөөс эхлэн хүүгийн хамт хэсэгчлэн буцааж төлсөн байхад шүүх хүү болон алдангийг гэрээнд заасан үндсэн зээлийн үнийн дүнгээс тооцож хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-г зөрчсөн байна. Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэх, хариуцагчийг  хугацаа хэтрүүлсэн гэж үзэх эсэх талаар шүүх дүгнэлт хийдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй гэж үзлээ.

         4. Нэхэмжлэгч 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний үндсэн зээлд  365.000 төгрөг шаардсан байхад хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсанаас илүү буюу анхан шатны шүүх 454.000 төгрөг, давж заалдах шатны шүүх 693.000 төгрөгийг үндсэн зээлд гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна.    

        Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

        Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнүүдийг үндэслэсэн байхад шүүх эдгээр гэрээний огноог  “...2015 оны 08 дугаар сарын 25...” гэж буруу бичсэн байгааг энэ тогтоолд  дурдах шаардлагатай гэж үзлээ. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь   хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00663 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 970 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 79.582 төгрөгийг Б.Мад захирамжаар буцааж олгосугай.

 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                        ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ