Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-28
Дугаар 001/ХТ2017/01037
Хэргийн индекс 101/2017/01037/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Ч.Б
Хариуцагч Үйлдвэр урлалын политехник коллеж
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Ч.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00638 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 949 дүгээр магадлалтай,

Ч.Бийн нэхэмжлэлтэй,

Үйлдвэр урлалын политехник коллежид холбогдох,                                   

    Мэдээлэл технологи/ компьютер/-ийн багшийн ажилд  эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн  төлөөлөгч М.Одбаярын гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч П.Болорчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарам, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

 Ч.Бийн  нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие тус сургуульд нийт 12 дахь жилдээ компьютерийн багшаар ажиллаж байна. 2016-11-24 өдөр захирал дуудсаны дагуу очиход “... чамтай холбоотой өргөдөл ирсэн...” гээд уг өргөдөлд сургалтын орчинг сайжруулж өгөхийг хүссэн байсан. Гэтэл захирал “чамайг ажиллуулахгүй, ажлаас чинь халлаа” гэж хэлсэн. Маргааш нь тушаалаа авахаар очиход тушаал гараагүй байсан. Хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаагүй байхад ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, үндэслэлгүйгээр ажлаас халж, тушаал шийдвэр өгөхгүй одоог хүртэл хохироож байгаад гомдолтой байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

     Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:  Ч.Бэтэй уулзаж хариуцсан ажлын талаар нь ярьж, зүй ёсны шаардлага тавихад хүлээн авдаггүй байдал ажиглагдаж байсан. Өөрөө тушаал гараагүй байхад ажлаас халагдсан тушаалаа авъя гэж хэлсэн, ажлаа хий гэж хэлэхэд Ч.Бэ нь өөрөө дур мэдэн 2016-11-26 -ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажлаа хаяж явсан. Ч.Бэ нь 2016-12-20 -ны өдөр Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захиргаанд бичгээр "Миний бие Ч.Бэ нь тус сургуульд Мэдээлэл технологийн багшаар тасралтгүй 12 дахь жилдээ ажиллаж байгаа билээ. Тус сургуульд цааш үргэлжлүүлэн ажиллах боломжгүй байгаа тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхийг хүсч байна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж тушаалыг минь яаралтай гаргаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргаж, гарын үсгээ зурсан. Уг хүсэлтийг сургуулийн захирал 2017-01-09 -ний өдөр хүлээн авч танилцаж, Ч.Бийн өөрийнх нь гараар бичсэн эх хувиар хүсэлтийг нь ав гэж цохолт хийсэн болно. Ажлаас халсан тушаал гараагүй байхад шүүхэд нэхэмжлэл өгчээ. Ч.Бэтэй хүний нөөцийн ажилтан утсаар энэ талаар ярих гэж удаа дараа залгасан боловч утас нь холбогдохгүй байна. Сургуулийн захиргаанаас Ч.Бийг ажлаас халсан тушаал гаргаагүй учир энэ хэргийн хувьд хариуцагч болох эрх зүйн үндэс байхгүй  гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00638 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ч.Бийн гаргасан хариуцагч Үйлдвэрлэл урлалын политехник коллежид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр  сарын 14-ний өдрийн 949 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Одбаяр хяналтын гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч 2016-11-24 -ний өдөр Ч.Бийг ажлаас чинь халлаа, халсан тушаал гаргана гэчхээд ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, тушаал шийдвэрийг нь өгөлгүй хохироочхоод шүүхэд тайлбарлахдаа өөрийн хүсэлтээр гарсан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийг 24-ний өдөр захиралтай уулзсан гэдгийг хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар нотлогдож байна. Шүүх ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээ цуцлаагүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байсан гэх нөхцөл байдал  тогтоогдохгүй байна гэж үзсэн. Тухайн үеийн нөхцөл байдлыг ажилтан баримтаар нотлох ямар ч нөхцөл бололцоо байгаагүй. Захирлын өрөөнд захирал нэхэмжлэгч 2 хоёулханаа байсан болохоор тухайн байдлыг захирал нэхэмжлэгч хоёрын аль аль нь баримтаар нотлох боломжгүй гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийг ирж ажил үүргээ гүйцэтгэх талаар утсаар залгасан боловч утас нь холбогдохгүй байсан" гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж тайлбар гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцно. Иймд хариуцагчийг нэхэмжлэгчид ажил үүргийг нь гүйцэтгэх боломж олгоогүй гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Хариуцагчийн төлөөлөгч хэдэн номерын дугаар луу хэдэн сарын хэдний өдөр хэдэн удаа залгасан талаар амаар тайлбарладаг бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байдаггүй. Хариуцагч өөрөө татгалзлаа нотлох үүрэгтэй, шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх ёстой байтал хариуцагчийн амаар тайлбарласан тайлбарыг шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Хариуцагчийн 2017-02-03-ны өдөр шүүхэд гаргасан  тайлбарт өөрөө халагдсан тушаалаа авъя гэж тушаал гараагүй байхад хэлсэн гэжээ. Энэ олон жил ажиллачхаад зүгээр ажлаа хийж байсан багш ямар нэг шалтгаангүйгээр гэнэт ажлаас халсан тушаалаа авъя гэж хэлэх үндэслэлгүй, боломжгүй юм. Ямар нэг шахалт, дарамт үзүүлсэн гэдэг нь хариуцагчийн гаргасан хариу тайлбараар нотлогдож байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй. Хэрэв нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлттэй байсан бол шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах шаардлага байхгүйг мөн шүүхээс анхаарч үзсэнгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг ажил, үүрэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах үүрэгтэй. Ажил олгогч энэ үүргээ биелүүлэхгүй өөрийн давуу байдлыг ашиглан ажилтныг хохироож байсан учраас нэхэмжлэгч өөрийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. …Ажилтан өөрөө дур мэдэж ажил эрхлэх боломжгүй бөгөөд ажил олгогч тушаал, шийдвэр гаргах, ажил, үүргээр хангах тал дээр ямагт давуу эрхтэй байдаг гэдгийг шүүх харгалзан үзсэнгүй. Иймд  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

          Хариуцагч хариу тайлбартаа: Ч.Бэ зүй ёсны шаардлагыг хүлээн авдаггүй. Ажлаас халсан тушаал гараагүй байхад ажлаас халагдсан тушаалаа авъя гэж хэлсэн, ажлаа хий гэхэд дур мэдэн 2016-11-26 -ны өдрөөс хойш ажлаа хаяж явсан. Ч.Бэ нь 2016-12-20 -ны өдөр  захиргаанд бичгээр  өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхийг хүсч үсгээ зурж өгсөн. Уг хүсэлтийг сургуулийн захирал 2017-01-09 ний өдөр хүлээн авч танилцаж цохолт хийсэн. Ч.Бийг ажлаас халсан тушаал гараагүй байхад шүүхэд нэхэмжлэл өгсөн.  Ч.Бэтэй хүний нөөцийн ажилтан утсаар энэ талаар ярих гэж удаа дараа залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тушаал гараагүйг Ч.Бэ өөрөө мэдэж байгаа учир шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй, нэхэмжлэгчийн ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байсан талаар хэргийн материалд нэг ч нотлох баримт байхгүй. Өөрөө л ажлаа дураараа хаяад явчихсан хүн. Нэгэнт ажлаас халсан тушаал   нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, халагдсаны тэтгэмж олгох үндэсгүй юм.  Ажил олгогч талаас ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулсан, гүйцэтгүүлэхгүй байх зэрэг зохисгүй үйлдэл гаргасан бол нэхэмжлэгч нь үүнийг баримтаар нотлох ёстой. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тайлбараа баримтаар нотлох үүрэгтэйг танилцусан боловч нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй.  Сургуулийн захиргаанд 2016-12-20 -ны өдөр өөрийн гарын үсгээ зураад бичгээр хүсэлт гаргасан байгаа. Ч.Бэ хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сайн дураар гаргасан болно. Ч.Бэ нь сургуулийн захиргаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Ч.Бэ нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Үйлдвэрлэл урлалын политехник коллежид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, мэдээлэл технологи /компьютер/-ийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасан байна.  

        Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа”... халагдах хүсэлтийг өөрөө гаргасан ч ямар нэг тушаал гаргаагүй байна. ... нэхэмжлэгч ажлаа орхиж явсан ...” гэжээ.

    Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

  Хоёр шатны шүүх Үйлдвэрлэл урлалын политехник коллежид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.  

   Ч.Бэ нь Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн мэдээлэл технологи /компьютер/-ийн багш болох нь зохигчдын тайлбар, 2015 оны 9 сарын 01-ний өдрийн  хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар /хх 4-10/ тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийг уг ажлаас халах шийдвэрийг ажил олгогч гаргаагүй байна. 

 Ажил олгогч ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа “ажилтныг ажлаар хангах” үүргээ биелүүлэхгүй байгаа бол ажлаас халсантай адилтган үзэх бөгөөд энэ тохиолдолд   ажил олгогч энэхүү үүргээ биелүүлэхгүй байгаа нь тогтоогдсон байхыг шаардана.

       Ч.Бэ  шүүхэд хандахдаа “...2016 оны 11 сарын 24-ний өдөр  захирал  ажлаас  хална гэж хэлсэн... ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байна...” гэсэн үндэслэл заасан боловч энэ үйл баримт буюу нэхэмжлэгч ажлаа хийх боломжийг ажил олгогч хязгаарласан гэх ямар нэг баримт хэрэгт байхгүй байна. Ажил олгогч ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “...ажилтныг ажлаар хангах...” үүргээ зөрчсөн тухай нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй тул тус шүүхэд гаргасан гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй.

 М.Одбаяр нь нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхтэй /хх 13/ бөгөөд шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь тайлбарлан танилцуулсан /хх5/ тул нэхэмжлэгч шаардлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлэх боломжийг шүүх хангасан гэж үзнэ. Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, зохигчдын тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй. 

         Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо эгүүлэн тогтоолгох ажил албан тушаалыг нэрлэн заагаагүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т нийцээгүй тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 949 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00638 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...ажилд эргүүлэн тогтоолгох...” гэснийг “...мэдээлэл технологи /компьютер/-н багшийн ажилд эгүүлэн тогтоолгох...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Одбаярын гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг  дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ