Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-28
Дугаар 001/ХТ2017/01034
Хэргийн индекс 101/2017/01034/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Д.Б
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал газар тариалангийн хүрээлэн
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Д.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 279 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр магадлалтай,

Д.Бийн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал газар тариалангийн хүрээлэнд холбогдох,                                   

 Захирлын 2016 оны Б/83, Б/86 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгох,  ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбажавын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд:харицагчийн өмгөөлөгч М.Атарбямба, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Д.Бийн нэхэмжлэл болон тайлбарт: 2016-10-24-ний өдөр Б/83 тоот тушаал гарч намайг “...ажил үүрэгтэйгээ холбогдсон шаардлагыг цаг хугацаанд бүрэн хангаж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн тухай мэдээ тайлан тухай бүрд нь гаргаж...” хүргүүлээгүй гэсэн шалтгаанаар сануулах арга хэмжээ авсан. Мөн 10 хоногийн дараа буюу 2016-11-04-ний өдөр Б/86 тоот тушаал гарган “...машины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгууллагад 3 сая төгрөгийн хохирол учруулсан...” гэж цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах арга хэмжээ авсныхаа дараа, 10 хоноод “...хөдөлмөрийн гэрээ ажлын байранд тавих шаардлага биелүүлээгүйгээс оюутны байранд замбараагүй байдал бий болсон байгууллагын эд хөрөнгөнд хохирол учирсан...” гэж 2016-11-15-ны өдөр Б/88 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Захирлын дээрх 3 тушаалд дурдагдсан зөрчлүүдийг би гаргаагүй, зохих ёсоор ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Захирал Н.Баярсүх хөдөлмөрийн сахилгын зөрчил удаа дараа гаргаж арга хэмжээ авагдсан байдал харагдуулахын тулд 10 хоногийн зайтай тушаал гаргаж ямар хохирол учруулсныг шалгаж тогтоохгүйгээр удаа дараа арга хэмжээ авсан. Иймд Б/83, Б/86 тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү. Б/88 дугаар тушаал хуульд нийцээгүй тул  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч тайлбарт:  Захирлын 2016 оны Б/83, Б/86 тушаалууд  сахилгын шийтгэл давхардуулаагүй, сануулах арга хэмжээ ажлын байранд заасан үүргийн биелэлт муу, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлаа хөсөрдүүлдэг гэсэн шалтгаанаар авагдсан бол цалингийн 20 хувь бууруулсан сахилгын шийтгэл нь ... байгууллагад 3.152.000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон  арга хэмжээ юм.  Д.Б дээрх сахилгын шийтгэлүүдийг хүлээн зөвшөөрч  гомдол гаргаагүй. 2016-11-15 -ны өдрийн Б/88 тоот тушаал нь байрны багшийн орон тоон дээр ажиллаж аж ахуйн менежерийг хавсран гүйцэтгэж байсан Д.Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан зөрчил гаргасан  халсан. Байрны багш Д.Б нь ажлын байранд тавигдах шаардлагыг хангалтгүй биелүүлж, хариуцлагагүй ханддагаас байранд эмх замбараагүй байдал бий болж архидалт оны ялгаа бие биенээ дарамтлах үзэгдэл газар авахад ямар ч арга хэмжээ авч байгаагүй, сургуулийн захиргаанаас мэдээллийг нуудаг байсан нь хэрэг гарахад хүргэсэн. Энэ тухай аймгийн Прокурорын албан бичиг болон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн мэдэгдэлд ч дурдсан. Мөн Д.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь дээрх хөдөлмөрийн сахилгын зөрчлүүд харуулж байна гэжээ.

         Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 279 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Хөдөө аж ахуйн их сургууль Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/83 дугаартай тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/86 дугаартай "Арга хэмжээ авах тухай" тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж  шийдвэрлэжээ.

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 16-ны өдрийн 74 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 279 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулан,Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Бийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургуулийн байрны багшаар эгүүлэн тогтоож, ажил олгогчоос 3.290.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.   

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолд:   Нэхэмжлэгч 2016-11-15-ны өдрийн Б/88 тоот  тушаал байрны багшийн орон тоон дээр ажиллаж /Нотлох баримт-3: 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/44 тушаал/, аж ахуйн менежерийг хавсран гүйцэтгэж /…Б/45 тушаал/ байсан Д.Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4. ...40.1.5. ...заалтанд хамаарагдах зөрчил гаргасан тул халсан. Д.Б нь дотуур байрны багшийн ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж байсны ...улмаас оюутны дотуур байрны 327 тоот өрөөнд 2016-10-10-с 11-ний өдөр шилжих шөнө Б.Бат-Эрдэнэ, Б.Баатар, Э.Эрдэнэжаргал, Б.Мэндбаяр нар хоорондоо маргалдан Б.Бат-Эрдэнэ нь Б.Баатарыг цээжин тус газар нь хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэг гарсан. Д.Б ажлын байранд тавигдах шаардлагыг хангалтгүй биелүүлж, хариуцлагагүй ханддагаас байранд эмх замбараагүй байдал бий болж архидалт, оны ялгаа, бие биенээ дарамтлах үзэгдэл газар авахад ямар ч арга хэмжээ авч байгаагүй, сургуулийн захиргаанаас мэдээллийг нуудаг байсан нь уг хэргийг гарахад хүргэсэн. Энэ тухай аймгийн Прокурорын газрын 2016 оны 5/56 тоот “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” албан мэдэгдэлд хийсэн дүгнэлт болон аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 170 тоот мэдэгдэлд ч сурагчдад хяналт тавьж ажиллах явдал дутмаг гэж үзсэн. Хэрэг гарсан даруйд сургуулийн захиргаа байрны багш Д.Бт ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ сайн биелүүлж, дотуур байрны дотоод журам болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ажлын төлөвлөгөө гаргаж ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа явуулах, архидан согтуурах зуршилтай болон гэмт хэрэгт холбогдож болзошгүй оюутнуудын судалгаа гаргаж анхаарч ажиллах үүрэг өгч, хийсэн ажлынхаа тайланг 2016-10-24-ний өдөр болон 2016-11-01 -ний өдөр Захиргааны зөвлөлийн хурлаар танилцуулахыг мэдэгдсэн.Гэвч юу ч хийгээгүй бөгөөд удирдлагын зүгээс хэд хэдэн удаа дуудсан боловч ирээгүй.  Мэдэгдэх хуудас өгч байж 2016-11-07 -ны өдрийн хурлаар оруулсан. Зөвлөх багш, тэнхимийн эрхлэгч нар хэрэг гарсны дараа байраар очиход өмнө нь байранд зодоон цохион гарч байсан боловч байрны багш тодорхой арга хэмжээ авдаггүй, сургуулийн захиргаанд мэдэгдэлгүй нуун дарагдуулж асуудлыг даамжруулснаас үүдэлтэй гэдгийг оюутнууд ярьж байсан. Ангийн хүүхэд нь хөх няц болтлоо зодуулчихсан байранд хэвтэж байхад Д.Б багш анги удирдсан багшид нь юу ч хэлээгүй, жижүүрээс мэдсэн байх жишээтэй. Гэмт хэрэг гарсан талаар мэдээлэл авах гэж Д.Б багш  утсаа авдаггүй, байрны жижүүрээс мэдээлэл авсан гээд дотуур байрны багшийн үүрэгт ажлыг туйлын хариуцлагагүй гүйцэтгэж байсан нь дээрх Захиргааны зөвлөлийн хурлын протоколд удаа дараалан тэмдэглэгдсэн. Байрны багшийн ажлын байрны толорхойлолтонд тусгагдсан ажил болох дотуур байрны оюутнуудын дунд сэтгэл ханамжийн судалгаа явуулдаггүй, сагс, гар бөмбөгийн тэмцээнээс өөр ямар нэгэн соёл хүмүүжлийн ажил зохиодоггүй гэдгээ өөрөө ч Захиргааны зөвлөлийн хурал дээр хэлсэн. Энэ хурлаас байрны багш Д.Бт 7 хоногийн хугацаатай үүрэг өгсөн байтал тодорхой ажил хийлгүй, хариуцлагаа ч ухамсарлаагүй бөгөөд 2016-11-14 -ний өдөр дотуур байранд 1 дүгээр курсийн оюутан Б.Мэндбаяр, Ө.Гончигсүмжаргал, С.Лувсанбаяр нар архидан согтуурч, жижгээр танхайрч цагдаагийн газар саатуулагдсан хэрэг дахин гарсан тул оюутнуудын эрүүл мэнд, амь насыг хамгаалж, ая тухтай орчинд амьдарч суралцах хэвийн нөхцөлийг хангах үүднээс  ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн. 2016-09 дүгээр сарын 06, 08, 09, 14, 21, 30 болон 10 дугаар сарын 10., 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд оюутнууд дотуур байранд архидан согтуурах, зохисгүй авирлах явдал газар авч тэрч бүү хэл жижүүрүүдийг хэл амаар доромжилж, эрх чөлөөнд нь халдах явдал гарч байсан. Энэ бүхэн нотлох баримт болгож өгсөн жижүүрийн тэмдэглэлд тэмдэглэгдсэн. Тухайн үед дотуур байрны багшаар ажиллаж байсан Д.Б жижүүрийн тэмдэглэлтэй огт танилцдаггүй, мэдсэн асуудлыг нуун дарагдуулдаг байсан. ...өөрөө байранд архидан согтуурдаг байсан тухай гэрч Х.Эрдэнэпилийн  мэдүүлэгт байгаа. Д.Б нь Хөдөлмөрийн хуулийн 40.1.5. мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон. Тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.5. Ажиллагч, мөнгө, эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий болон хариуцсан ажилтан ажлын хариуцлага алдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, байгууллагад мөнгөн болон эд материалын хохирол учруулсан буруутай үйлдэл нь тогтоогдсон, 10.2.7-г зөрчиж эрх мэдлээ урвуулан ашиглаж дотуур байрны оюутнуудаас хувийн сэдлээр 2016 оны 09 дүгээр сард 147 оюутнаас тус бүр нь 15.000 төгрөг, нийт 2.205.000 төгрөг  хураан ...авч хувьдаа завших үйлдэл гаргасан, цагдаагийн байгууллагаар шалгагдан 2017-01-03 -ны өдөр мөрдөн байцаагчид ...1.500.000 төгрөгийг буцааж тушаасан ...үлдсэн хохирлыг төлөөгүй тул Прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 150.1-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаад буцаасан байдаг.  Ажлын байрны тодорхойлолтын 4.2-т байрны хөлс төлөлтөнд хяналт тавина гэснээс биш хурааж авах тухай асуудал байхгүй. Ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг болох хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй заалтын хувьд тайлбарлавал: Оюутны дотуур байрны багшийн ажлын байрны тодорхойлолтын 4.1, 4.2, 4.3, 4.4 ...зэрэг олон заалтыг зөрчсөн. Хариуцлагагүй хандсанаас сургуулийн дотуур байранд удаа дараалан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарч, эцэст нь дотуур байрны оюутнууд бие биенээ хутгалсан гэмт хэрэг болон архидан согтуурч цагдаагийн байгууллагад саатуулагдсан хэргүүд гарсан тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Д.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь дээрх хөдөлмөрийн сахилгын зөрчлүүд харуулж байна. Сургуулийн ажил хэргийн болон бизнесийн нэр хүндийг унагаах, байгууллагын соёлд сөргөөр нөлөөлөхүйц үр дагавар бий болгосон. Оюутны байрыг зүй зохистой удирдлагаар хангаж ажиллаж байгаагүйгээс болж хөдөө орон нутгийн оюутнууд дотуур байранд асуудалтай гэдгээр тус сургуульд ирж сурах хандлага буурсан, мөн Дархан-Уул аймгийн Цагдаа, Прокурорын байгууллагын анхааралд орсон. 2016 оны 10 дугаар сараас эхлэн байнгын шаардах албан бичиг авдаг болсон, холбогдох байгууллагуудад одоогийн байдлаар 6 удаа тайлан гаргаж өгөөд байна. Энэ мэтчилэн байрны багш Д.Бийн ажлын хариуцлага алдсанаас үүдэлтэй сургуулийн нэр хүнд, байгууллагын соёлд сөргөөр нөлөөлөхүйц асуудлууд гараад байгаа тул бид ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.  Д.Б нь дотуур байрны багшийн ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, оюутнуудын эрүүл мэнд, амь насыг хамгаалж, ая тухтай орчинд амьдарч суралцах хэвийн нөхцлийг хангах үүргээ биелүүлэлгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тул гэдэг заалтанд хамаарагдах зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч хариу тайлбартаа: Б/88 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2,  40.1.4, 40.1.5, 21, 24, 26, 50.2-т зааснаар Д.Бийг оюутны байрны багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид 2 удаа арга хэмжээ авсан бөгөөд тухайн тушаалд заасан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, үүнд маргасан тайлбар гомдол гаргаагүй юм. Харин “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээний 6.2.5-д заасан ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд” гэж тухайлан заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил болно гэж гэрээнд заасан байна. Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ 2 удаа зөрчсөн гэх нотлох баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй. Иймд ...магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

      ХЯНАВАЛ:

         Д.Б 2016-12-05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажил олгогчийн 2016 оны Б/83, Б/86 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлага тавьсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “..нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргасан...” гэж маргажээ. /хх 1-2, 31-34/

          Анхан шатны шүүх ажил олгогчийн 2016 оны  Б/83, Б/86-р тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...  Д.Б хэзээ, ямар сахилгын зөрчил гаргасан нь тушаалд  тодорхойгүй тул 2016 оны  Б/83 дугаар тушаал үндэслэлгүй., машины эвдрэл нь Д.Бийн үйлдэл эс үйлдэхүйгээс болсон нь  тогтоогдоогүй тул  Б/86 дугаар тушаал хууль бус байна., нэхэмжлэгч Б/88 дугаар тушаалд  заасан эд хөрөнгийн хохирол учруулсан нь нотлогдоогүй ч хөдөлмөрийн гэрээнд заасан  ноцтой зөрчил гаргасан тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах боломжгүй...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ. 

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.Бийн нэхэмжлэлийг  бүхэлд нь хангахдаа “...  хариуцагч нь үүргийг хэрэгжүүлэх боломжит хугацааг олгохгүйгээр   удаа дараа богино хугацаанд шат дараалсан арга хэмжээ авсан... 2 буюу түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдоогүй...” гэсэн үндэслэл заасан байна. 

         Хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б/88 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24, 26, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5,  50 дугаар зүйлийн 50.2, дотоод журмын 10.2.5, 10.2.7, Хөдөлмөрийн гэрээний 6.2.5, 6.2.11, Захиргааны зөвлөлийн 2016-11-15-ны өдрийн хуралдааны шийдвэрүүдийг үндэслэн Д.Бийг “...хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн удаа дараа биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсаны улмаас ажлын байранд нь ноцтой гэмт хэрэг гарах нөхцөл бүрдүүлж оюутны байранд эмх замбараагүй байдал бий болсон, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан...” гэж байрны багшийн ажлаас чөлөөлсөн байна. /хх7/

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргасан бөгөөд ажил олгогчийн Б/88 дугаар тушаалын үндэслэл тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-н зохицуулалтыг зөрчжээ.   

         Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ ямар зөрчлийг “ноцтой”-д тооцох талаар тухайлан тохирсон ба уг зөрчлийг ажилтан гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар цуцлах эрхтэй юм.

        Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.5-д “..ажлын байрны тодорхойлолт заасан үндсэн чиг үүрэг болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй”., 6.2.11-д “...сургуулийн ажил хэргийн болон бизнесийн нэр хүндийг унагаах, байгууллагын соёлд сөргөөр нөлөөлөхүйц үр дагавар бий болгосон...” бол  ноцтой зөрчилд тооцно гэж  заасан, эдгээр зөрчлийг ажилтан гаргасан нь тогтоогдсон байна.

        Тухайлбал, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл байрны багш нь  сургуулийн оюутны байранд амьдрах оюутнуудын эрүүл аюулгүй таатай орчинд сурч, амьдрах нөхөцлийг бүрдүүлж, оюутны байрны дотоод дэг журамд хяналт тавих, оюутанд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх ажил үүрэг хүлээжээ. Гэтэл   дотуур байранд оюутнууд суралцаж байгаа дамжаанаасаа хамаарч  бие биедээ ялгавартай ханддаг байдал бий болсон, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө оюутнууд  хоорондоо маргалдаж улмаар  гэмт хэрэг  гарсан, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дотуур байранд оюутнууд согтууруулах ундаа хэрэглэсэн нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5/56, Цагдаагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 86 дугаартай албан мэдэгдэлдээр нотлогдсон байна. Иймд  байрны багш нь ажлын байрны тодорхойлолтод заасан “...сургуулийн оюутны байранд амьдрах оюутнуудын ...аюулгүй таатай орчинд сурч, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх... оюутны байрны дотоод дэг журамд хяналт тавих...” чиг үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.       

         Хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б/88 дугаартай тушаал гаргахдаа ажилтныг  “...хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн удаа дараа биелүүлээгүй...” гэж үзсэн ба энэ нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “ноцтой зөрчил”-д хамаарч байгаа тул ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцжээ. 

        Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.       

        Анхан шатны шүүх Б.Буяндэлгэрийн нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ  Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн  байх тул ажил олгогчийн Б/83, Б/86 дугаар тушаалтай холбоотой хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.         

        Харин шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо, эгүүлэн тогтоолгохыг хүссэн ажил, албан тушаалыг заагаагүйгээс гадна ажилтан “олговор” гаргуулахыг  шаардсан байгааг анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 279 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...нэхэмжлэлээс байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 140.200 төгрөгийг  Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал газар тариалангийн хүрээлэнд захирамжаар буцааж олгосугай. 

 

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                          ШҮҮГЧ                                                   Б.УНДРАХ