Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-06-29
Дугаар 001/ХТ2017/00906
Хэргийн индекс 101/2016/00906/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Г.Оюундарь,
Хариуцагч Мандал Женерал даатгал ХХК,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Г.Оюундарийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00388 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 984 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Г.Оюундарь,

Хариуцагч : Мандал Женерал даатгал ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага : 39.162.467 төгрөг гаргуулах тухай,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Баярхүүгийн гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Би нөхөр М.Батсүхийн хамт Голомт банкнаас 2013.11.15-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж 83.700.000 төгрөгийн зээл авч, сард 803 556.65 төгрөг төлдөг.Нөхөр М.Батсүхийн цалин манай өрхийн орлогын 53 хувийг бүрдүүлдэг байсан. Зээл авах үед банкнаас зээлдэгчийн гэнэтийн ослын даатгал заавал хийлгэх ёстой гэж шаардсан тул 2015 оны 5 дугаар сард Мандал женерал даатгал ХХК-тай Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулан даатгуулсан. Гэнэтийн осол, өвчний /архаг, хууч өвчин орохгүй/ улмаас амь насаа алдах эрсдлээс сэргийлж гэрээ байгуулсан. 2015.9.06-ны өдөр нөхөр М.Батсүх нас барсан бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулахаар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн хариуцагчид хандсан боловч даатгалын гэрээний 8.14-т заасныг үндэслэн татгалзсан. Санхүүгийн зохицуулах хороонд хандсан боловч нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргаагүй бөгөөд уг гэрээтэй холбоотойгоор шүүхэд хандаж иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх нээлттэй гэсэн хариу өгсөн. Даатгалын гэрээний 8 дугаар бүлэгт даатгалын эрсдэлд даатгуулагч бүх төрлийн гэнэтийн осол, өвчний улмаас нас барах хамаарахаар заасан. М.Батсүх 2015.9.06-ны өдөр цус харвалтын улмаас нас барсан бөгөөд ямар нэг архаг, хууч өвчний улмаас нас бараагүй. Гэтэл Мандал женерал даатгал ХХК нь даатгалын гэрээний 8.14-т заасан заалтад хамааруулж нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй. Даатгалын гэрээний дагуу даатгуулагч нас барсан бол даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо үндсэн төлбөрөөс даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцож, нөхөн төлнө. Мөн зээлдэгч, хамтран зээлдэгчийг ижил үүрэг, хариуцлагатай гэж үзэн, хамтран зээлдэгчийн тоогоор зээлдэгч тус бүрт тэнцүү хувиар тооцно. Би нөхөртэйгөө нийлж зээл авсан бөгөөд нэг хамтран зээлдэгчтэй тул 50 хувиар тооцон нөхөн төлбөр авах үндэслэлтэй. 2015.9.13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 78.324.935 төгрөг байсан. Иймд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 39.162.467,5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Даатгалын тухай хуулийн 82.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1, 8.2 дэх хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо нэхэмжлэгчид нөхөн олговор олгох эсэх шийдвэрээ тогтоол хэлбэрээр гаргах байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Хамтран зээлдэгч М.Батсүх 2015.9.06-ны өдөр өвчний улмаас нас барсан. Талийгаач 2015.8.26-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт өвчний улмаас түргэн тусламжаар хүргэгдэн 10 хоног эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэсэн боловч биеийн байдал хүнд байсаар 2015.9.06-ны өдөр нас барсан. Талийгаачийн нас баралтын шалтгаан болсон өвчний хувьд даатгуулагч энэ өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй байсан нь өвчний түүхээс харагдана. Даатгуулагчийн нас баралтын шалтгаан бол үүссэн өвчин эмгэгтэй холбоотой. Түүнчлэн даатгуулагч энэ талаар даатгуулахдаа мэдэгдээгүй. Даатгалын гэрээний 6.1.1, 6.1.2, Иргэний хуулийн 436.1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүргээ биелүүлээгүй. Мөн 2015.9.25-ны өдөр эмгэг судлаач эмчийн гаргасан БЗ-47 тоот эмгэг судлалын шинжилгээний протоколд заасан байна. Иймд даатгалын гэрээний 8.7, 6.1.4, 8.5.3-т тус тус заасныг үндэслэн Мандал женерал даатгал ХХК нь нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй. Иймд даатгалын гэрээний 8.14-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00388 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Мандал женерал даатгал ХХК-иас 39.162.467,5 төгрөгийг гаргуулан Г.Оюундарьд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.762 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 353.762 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 984 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00388 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч талд хэргийн материалыг танилцуулагүй байна гэж шийдвэрийг хүчингүй болгосон нь нэг талыг барьсан дүгнэлт болсон. Мандал женерал даатгал ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилон оролцуулж, хариу тайлбар гаргаж, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлт гарган шийдвэрлүүлэн оролцож байсан. Хэрэгт нотлох баримт хангалттай цугларсны дараа шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан. Талуудад шүүх хуралдааны тов болон хэрэгтэй танилцах талаар албан ёсоор мэдэгдсэн. Анхан шатны шүүх талуудад эрхээ эдлэх боломжийг тэгш олгосон байтал хариуцагч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд ирээгүй болно. Энэ шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тодорхой дурьдсан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэр өөрчлөгдөж байгаа талаар огг мэдэгдэж байгаагүй, энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх уг нотлох баримтыг үнэлсэн нь хууль зөрчсөн. Давж заалдах гомдол гаргаж буй этгээд шинэ нотлох баримтыг гомдолдоо заах эрхгүй. Гэтэл анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үндэслэн магадлал гаргасан нь үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016.8.9-ны өдөр хуульд заасан эрх, үүрэгтэй танилцаж, тайлбарлуулан гарын үсэг зурсан, нэхэмжлэлийн хувийг гардан авч анхан шатны шүүхэд хариу тайлбар, хүсэлтүүдийг гаргасан баримтуудыг үнэлэлгүй хариуцагч талд хэргийн материалыг огт танилцуулаагүй хэмээн хэт нэг талын эрх ашгийг хамгаалан дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.Оюундарь Мандал женерал даатгал ХХК-д холбогдуулан 2016 оны 8 дугаар сарыг 01-ний өдөр нэхэмжлэл гаргаж, даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 39.162.467,5 төгрөг гаргуулахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 20-22/ маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, "...хэргийн материалыг хариуцагчид танилцуулаагүй... хариуцагчийн эрх зүйн байдал тодорхой бус... хэрэгт авагдсан зарим баримт нотлох баримтын шаардлага хангаагүй..." гэсэн үндэслэл зааж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан зарим нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй, баримтын хуулбар нотариатаар гэрчлэгдээгүй байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн  баримтууд /хх-28, 30, 39, 41- 56, 58-62, 64-67/ нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу, энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Г.Оюундарь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн "Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ" -г үндэслэж, М.Батсүх "архаг хууч өвчний улмаас эсхүл гэнэтийн өвчний..." улмаас нас барсан эсэх талаар зохигчид маргаж, хариуцагч шинжээч томилуулах хүсэлт /хх 27/ гаргасан байхад шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-г зөрчжээ.

Тодруулбал, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШЗ2016/03369 дугаар захирамжид /хх 31/ хариуцагчийн энэ хүсэлтийн талаар шүүх шийдвэр гаргаагүйгээс гадна бичгийн баримтаар өвчний талаар дүгнэлт гаргуулахыг хүссэн байгааг анхаараагүй нь дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Харин шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүйг дурдах шаардлагатай гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо "...Мандал женерал даатгал ХХК нь Мандал даатгал ХХК болж өөрчлөгдсөн эсэх... хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй..."  гэсэн нь нотлох баримтгүй байна.

2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16/1670 дугаар албан бичиг, 2016 оны 16/2442 дугаартай итгэмжлэлд хариуцагч нь "МАНДАЛ даатгал" гэсэн албан бланк, харин шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон "Нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай" 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16/872 дугаар тушаалд "МАНДАЛ" гэсэн албан бланк ашигласан нь шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл болохгүй. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн "Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ"-г Г.Оюундарь хариуцагчтай байгуулсан /хх 8/, маргааны үйл баримттай холбоотой нэхэмжлэгчийн хүсэлтэд 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 16/1670 дугаар албан бичгээр /хх 9/ Мандал женерал даатгал ХХК хариу өгсөн, шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Мөнхчимэгийг оролцуулах 2016 оны 16/2442 дугаар итгэмжлэлийг /хх 13/ "Мандал женерал даатгал" ХХК олгосоноос гадна дурдсан баримтуудад "Мандал женерал даатгал ХХК" гэсэн тэмдэг дарагджээ. Түүнчлэн, энэ үйл баримтын талаар хариуцагч маргаагүй байна. Иймд " ...хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй..." гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

Мандал женерал даатгал ХХК-иас олгосон 2016 оны 16/2442 дугаар итгэмжлэлийн /хх 13/ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Мөнхчимэг оролцсон, шүүх Б.Мөнхчимэгт хариуцагчийн эрх үүргийг тайлбарлан танилцуулж нэхэмжлэлийн хувийг гардуулж өгсөн /хх 16, 18/, нэхэмжлэлтэй холбоотой тайлбарыг хариуцагч шүүхэд гаргаж өгсөн /хх 20-22/ байна. Хэргийн материлтай танилцуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаагүй гэх баримт хэрэгт байхгүй тул "...шүүх хариуцагчид хэргийн материалыг танилцуулаагүй..." гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т зааснаар хариуцагч нь нотлох баримттай танилцах, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарсны дараа мөн хэргийн материалтай танилцах эрхтэй. Хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд уг эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-г зөрчсөн гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :  

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 984 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Баярхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.                                                  

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 353.762 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ