Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-06-29
Дугаар 001/ХТ2017/00908
Хэргийн индекс 101/2016/00908/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Вагнер ази автомотив ХХК,
Хариуцагч А.Түмэндэмбэрэл
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Вагнер ази автомотив ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/00322 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 866 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Вагнер ази автомотив ХХК,

Хариуцагч : А.Түмэндэмбэрэл,

Үндсэн нэхэмжлэл :  25.380.000 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэл:  21.900.000 төгрөг гаргуулах тухай,

            Зохигчдын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн төлөөлөгч С.Түвшинтөгс, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Түмэндэмбэрэл нь 2015.6.29-ний өдөр Форд Эверэст маркийн автомашиныг зээлээр худалдан авах хүсэлт гарган, харилцан тохиролцож WF-1491 дугаар "Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, 73 сая төгрөгөөр худалдах, үйлдвэрийн баталгааг заасан хугацаанд засварын үйлчилгээгээр хангах, хариуцагч нь гэрээний зүйл болох автомашины урьдчилгаа төлбөр 30 хувь буюу 21.900.000 төгрөг төлж автомашиныг хүлээн авч үлдэгдэл 70 хувийн төлбөр буюу 51.100.000 төгрөгийг  хүүгүйгээр төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл төлбөрөө төлөөгүй бөгөөд гэрээний 2.4-д "...амаар болон бичгээр төлбөрийг хугацаандаа төлөхийг 2 удаа сануулна" гэсний дагуу 2016.9.19-ний өдрийн 375 дугаар албан тоотоор шаардсан ч төлбөрийг барагдуулаагүй. Иймд, Иргэний хуулийн 232.6, гэрээний 2.3-д тус тус зааснаар 21.318.000 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 206.1, 208.1, 262.1, 232.6, гэрээний 2.1, 2.1.1, 2.1.2, 2.3, 3.2.2-т заасны дагуу худалдан авагч нь төлбөрийн үлдэгдэл болон алданги төлөх үндэслэлтэй тул А.Түмэндэмбэрэлээс үлдэгдэл төлбөр 51 сая төгрөг, алданги 21.318.000 төгрөг, нийт 72.418.000 төгрөг анх нэхэмжлэл гаргахдаа шаардсан. Гэвч, нэгэнт хүчин төгөлдөр гэрээ байгуулагдан хөрөнгийг шилжүүлэн А.Түмэндэмбэрэл нь ашигламан, автомашиныг унаж эдэлж байсан гэдэгтэй хариуцагч тал маргаагүй. Харицагч 2015 оны 12 дугаар cap хүртэл гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй бөгөөд хагас жилийн хугацаанд машиныг ашиглаж 2016.01.17-ны өдөр манай компанид авчирч өгсөн нь гэрээнээс татгалзаж  гэж үзэх үндэслэлтэй. Татгалзсантай холбогдуулан машины элэгдэл хорогдлын тооцвол хохирол 33 сая төгрөг болж байгаа. Үүнээс А.Түмэндэмбэрэлийн урьдчилгаанд төлсөн 21.900.000 төгрөгийг суутгаад 11.100.000 төгрөг үлдэнэ. Гэрээний хугацаа дуусахад автомашиныг буцаан өгсөн бол бид түрээслэн орлого олох боломжтой байсан, гэрээнээс татгалзах хүртэлх хугацаанд автомашинаа ашиглаж 14.280.000 төгрөг олох байв. Иймд А.Түмэндэмбэрэлээс нийт 25.380.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ./хх 57,75/

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2015.6.29-ний өдөр "Вагнер ази автомотив" ХХК-иас автомашин зээлээр худалдан авч болохыг мэдэж зар суртачилгааны дагуу АНУ-д үйлдвэрлэсэн, Форд Эверэст маркийн автомашиныг 73 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа 21.900.000 төгрөгийг төлж үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр болсон. Гэтэл автомашиныг хүлээж аваад унаж байтал АНУ-д үйлдвэрлэгдээгүй Хятад Улсын Тайландад үйлдвэрлэсэн болохыг мэдэж, худалдан авахаа больж эргүүлэн 2015 оны 11 дүгээр сард компанийн худалдааны төлөөлөгч Б.Эрдэнэбаярт хүлээлгэн өгөхдөө урьдчилгаанд өгсөн 21.900.000 төгрөгөөс тухайн хугацаанд унаж байсан үеийн элэгдэл, хорогдол зэргийг хасаад үлдэх мөнгийг буцаан өгөхийг хүссэн. Автомашиныг хүлээлгэж өгөөд жил болж байхад надтай холбогдоогүй, уулзаагүй, автомашинаа өөртөө буцааж авсан байж үлдэгдэл төлбөр алданги гэж 72.418.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2015 оны 11 дүгээр сард буцааж өгсөн. Нэхэмжлэгч тал автомашиныг 2016 оны 01 дүгээр сард авсан гэсэн нь нотлогдохгүй, хагас жил хэрэгжүүлчихээд төлбөрийг нь авдаггүй байгууллага гэж байхгүй. Урьдчилгаа төлбөрийг буцаах асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар асуухад манай удирдлагууд тухай бүрт нь хариуг өгнө гэж байсан. Нэхэмжлэгчийн 2015.9.29-ний өдрөөс 2016.01-ийг хүтэл түрээсийн төлбөр гэж 14.280.000 төгрөг, автомашины үнэ буурч 33 сая төгрөгийн хохирлоос урьдчилгааг хасаж 11,1 сая төгрөг, нийт 25.380.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж ойлгосон. Шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэгч талтай одоо 40 сая төгрөг болж байгаа юм бол манай урьдчилгаанд төлсөн төлбөрийг хасч, үлдэгдэл төлбөрийг төлөөд автомашиныг авах саналыг тавьсан ч татгалзаж, хохирол олох орлогыг нэхэмжилж байгаа тул боломжгүй гэж байсан байж одоо гаргаж байгаа тайлбартай зөрж байгаа нь ойлгомжгүй. 2015 оны 11 дүгээр сард манай талаас автомашиныг буцааж өгч гэрээнээс татгалзсанаас хойшх хугацаанд шүүхэд хандаагүй нь тодорхойгүй, шаардлага гаргах хугацаа яригдана. Автомашин 40 сая төгрөг гэж баталгаажуулсан нотлох баримт нь нэхэмжлэгч байгууллагын тодорхойлтоор олох байсан орлогыг тодорхойлох боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /хх 23/

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Машин нь АНУ-д биш харин  Тайландад үйлдвэрлэгдсэн байсан. Иймд машиныг буцааж өгсөн. Машины урьдчилгаанд өгсөн  21.900.000 төгрөгийг  буцаан гаргуулж өгнө үү гэжээ./хх 29/

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ямар машин худалдах, машины марк үйлдвэрлэсэн газар зэрэг нь гэрээнд тодорхой байга. Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэжээ. /хх 37/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/00322 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Түмэндэмбэрэлээс  38.355.000 төгрөг гаргуулан, "Вагнер ази автомотив" ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8.925.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар "Вагнер ази автомотив" ХХК-иас 21.900.000 төгрөгийг гаргуулан, А.Түмэндэмбэрэлд олгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаас татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 520.040 төгрөг, хариуцагчаас төлсөн 267.450 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 349.725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 267.450 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 866 дугаартай магадлал гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/00322 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “38.355.000 төгрөг” гэснийг “14.280.000 төгрөг” гэж, “үлдэх 8.925.000 төгрөг” гэснийг “үлдэх 11.100 төгрөг” гэж,  тогтоох хэсгийн 2 дахь заалтын “205 дугаар зүйлийн 205.1” гэснийг “264 дүгээр зүйлийн 264.1” гэж, “олгосугай” гэснийг “олгож, Форд Эверест маркийн автомашиныг Вагнер ази автомотив ХХК-д олгосугай” гэж, тогтоох хэсгийн заалтын “4” гэсэн дугаарыг “3” гэж, мөн заалтын “349.725” төгрөгийг” гэснийг “229.350 төгрөгийг” гэж, мөн “5” гэсэн дугаарыг “4” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 349.725 төгрөгийг буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: А.Түмэндэмбэрэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс машин хуучирч, элэгдэл хорогдлоос шалтгаалаад уг автомашины өнөөгийн зах зээлийн үнэлгээ нь 40 сая төгрөг болоод байгаа бөгөөд энэ нь тогтоогдсон. Хариуцагчаас үүнийг  үгүйсгэж маргаагүй, шүүх байгаа  баримтыг хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх зах зээлийн үнэлгээ буурсныг хохирол гэж үзэхгүй гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч 6 сар 19 |өдрийн хугацаанд унаж ашигласан.  "Вагнер ази автомотив" ХХК нь автомашин худалдаалахаас гадна автомашин түрээслүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг. А.Түмэндэмбэрэлд шилжүүлэн өгсөн Форд Эверэст маркын шинэ автомашиныг нэг сарын 3.570.000 төгрөгөөр бусдад түрээслүүлэх боломжтой байсан. Гэтэл уг автомашиныг А.Түмэндэмбэрэл нь 6 сар 19 өдрийн хугацаанд унаж ашигласан байхад давж заалдах шатны шүүхээс төлбөр төлөж дуусах хугацаа  буюу 2015.9.29-ний өдрөөс автомашиныг хураасан өдөр хүртэлх хугацаа буюу 2016.01.17-ны өдрийг хүртэл  олох ёстой байсан ашгийг тооцож байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Нэхэмжлэгч нийт  25.380.000 төгрөг шаардсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн  дүгнэлт хийн,  шаардаагүй мөнгийг  гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Автомашины гэрчилгээ анхнаасаа А.Түмэндэмбэрэлийн нэр дээр огт шилжээгүй ба худалдагч талын нэр дээр байсан.  Автомашиныг 2015.6.29-ний өдөр авч  2015- 11 сард буцааж  хүлээлгэн өгсөн  байхад шүүх  эзэмшилд байгаагүй хугацаанд түрээслэн ашиглуулах боломж  алдсаны хохирол гэж 14.280.000 төгрөг гаргуулсан нь   үндэслэлгүй.  Автомашиныг худалдан авахаас татгалзаж байгаагаа  2015 оны 11 дүгээр сард  уг компанид хэлж мөшиныг өгч, урьдчилгаа мөнгөө  эргүүлэн өгөхийг хүссэн. 2015 оны 11  сард хүлээн аваад нэхэмжлэгч өөрийн эзэмшилд  хадгалж байгаа ба  "Вагнер ази автомотив" ХХК-ийн өөрийнх нь  буруугаас  шалтгаалан машины үнэлгээ буурсан.  Худалдан борлуулах гэж байсан автомашинаа 1 жилийн хугацаанд өөрийн гражид хадгалж байгаад зах зээлийн үнэлгээ буурсан, түрээслэн ашиг олох байсан гэж шүүхэд хандаж бодит байдалд нийцэхгүй үнэлгээ, үнийн санал бүхий тодорхойлолт зэргийг баримт болгон өгсөнийг  шүүх   хэт нэг талын ашиг сонирхолыг хөндсөн хууль зүйн үндэслэлгүй үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас машиныг 1 сард 3,5 сая төгрөгөөр түрээслэн ашиг олох байсан, эсвэл зах зээлийн үнэлгээ шууд 30 сая тегрөгөөр буурсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь бодит байдал дээр нийцэхгүй байгаад хяналтын шатны шүүх анхаарч үзнэ үү. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ:

  "Вагнер ази автомотив" ХХК нь А.Түмэндэмбэрэлээс нийт 25.380.000 төгрөг нэхэмжлэхдээ “...худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч худалдан авсан автомашиныг 6 сар гаруй хугацаанд хэрэглээд буцааж өгсөн... гэрээ цуцалсанд манай буруу байхгүй... машины үнэлгээ 33 сая төгрөгөөр буурсан тул уг мөнгийг хариуцагчаас шаардана... мөн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл түрээсэлсэн бол 14.280.000 төгрөг олох байсан тул нийт 47.280.000 төгрөгийн хохирол учирсан... үүнээс урьдчилгаанд авсан 21,9 сая төгрөгийг хассан...” гэсэн үндэслэл заасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, урьдчилгаанд өгсөн 21.900.000 төгрөгийг буцаан шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлээр худалдах,худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, хариуцагчаас 38.355.000 төгрөг гаргуулан, "Вагнер ази автомотив" ХХК, нэхэмжлэгчээс 21.900.000 төгрөг гаргуулан, А.Түмэндэмбэрэлд олгож,  гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаас хариуцагч татгалзсаныг баталсан байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт орулахдаа хариуцагчаас 14.280.000 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох, үүнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулжээ.

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр WF-1491 дугаартай гэрээ байгуулсны дагуу  хариуцагч 2013 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, Форд Эверэст маркийн автомашиныг 73 сая төгрөгөөр авах, төлбөрийн 30 хувь болох 21.9 сая төгрөгийг төлөх, үлдэх 70 хувийг гурав  хувааж төлөх талаар тохирсон нь тогтоогдсон, А.Түмэндэмбэрэл   төлбөрийн 30 хувь болох 21.9 сая төгрөгийг төлж, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр машиныг хүлээн авсан үйл баримт нотлогджээ.    

            Худалдан авагч нь худалдагчтай “...АНУ-д үйлдвэрлэгдсэн Форд Эверэст маркийн автомашин авах талаар тохирсон байхад Тайландад үйлдвэрлэсэн автомашиныг худалдагч худалдсан...” гэж маргаж, WF-1491 дугаартай гэрээнээс татгалзсан байна. 

Хоёр шатны шүүх талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хулийн 243, 262-р зүйлд нийцээгүй байна.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээнд талууд хэсэгчлэн хийх төлбөрийн болон төлбөл зохих хүүгийн хэмжээг заавал тусгахыг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан, талууд гэрээний зүйлийн үнийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон боловч хүү тооцоогүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

А.Түмэндэмбэрэл нь АНУ-д үйлдвэрлэгдсэн Форд Эверэст маркийн автомашин худалдан авахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэх боловч энэ нь нотлогдоогүй байна.  Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахыг шаардах эрхтэй, давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хариуцагчаас 14.280.000 төгрөг гаргуулсаныг  буруутгах үндэслэлгүй тул А.Түмэндэмбэрэлийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.    

Хариуцагч нь автомашиныг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн  гэх тайлбараа нотолж чадаагүй тул автомашиныг буцааж өгсөн өдрийг нэхэмжлэгчийн зөвшөөрсөн 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тоооцсон нь, мөн “Вагнер ази автоматив” ХХК автомашиныг түрээслэн олох байсан орлогод 14.280.000 төгрөг шаардсан, шүүх энэ хэмжээнд мөнгийг гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйгээс гадна нэхэмжлэгч автомашины элэгдэл хорогдлыг 33 сая төгрөгөөр бодож хохирол нэхэмжилснийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна.    

2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн WF-1491 дугаар гэрээний зүйл болох цагаан өнгөтэй, Форд Эверэст маркийн автомашиныг нэхэмжлэгч нь А.Түмэндэмбэрэлээс буцааж авсан байхад давж заалдах шатны шүүх уг машиныг нэхэмжлэгчид олгохыг даалгах заалт шийдвэрт оруулсан нь буруу болжээ.  

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг  хангав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 866 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/00322 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан А.Түмэндэмбэрэлээс 14.280.000 төгрөг гаргуулж, “Вагнер ази автомотив” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11.100.000  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай..” гэж, 4 дэх заалтын “..349.725 төгрөгийг...” гэснийг “..229.350 төгрөгийг...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч С.Түвшинтөгсийн гомдлыг хангахгүй орхисугай. 

 2. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 229.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 278.325 төгрөгийг “Вагнер ази автомотив” ХХК-д захирамжаар буцаан олгосугай.

 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ