Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-06-20
Дугаар 001/ХТ2017/00844
Хэргийн индекс 101/2016/00844/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Н.Цэндсүрэн,
Хариуцагч “Цэгцүүлэн дом” Өрхийн эрүүл мэндийн төв Хэнтий аймгийн Эрүүл
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Н.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 157/ШШ2017/00020 дугаар шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 226/МА2017/00005 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Н.Цэндсүрэн,

Хариуцагч : “Цэгцүүлэн дом” Өрхийн эрүүл мэндийн төв   

Хариуцагч : Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар,

Нэхэмжлэлийн шаардлага:  Нийт 4.649.213 төгрөг  гаргуулах тухай

            Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Цэндсүрэн, хариуцагч “Цэгцүүлэн дом” Өрхийн эрүүл мэндийн төвийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 01 дүгээр сараас 04 сарыг хүртэлх хугацаанд ажилласан цалингаа авч чадаагүй. 2016 оны 4 дүгээр сард Цэгцүүлэн дом өрхийн эмнэлэг байгуулагдаж манай төвийн 1 дүгээр улирлын төсвийг энэ байгууллагад шилжүүлсэн. Бусад ажилтны цалинг 4-р сард Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн төв, бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл  олгосон атлаа миний цалинг олгоогүй. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар нь гурвалсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, төсвийг Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн төвд 2016 оны санхүүжилтийг шилжүүлсэн буруутай учир 2016 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын цалин 2.849.415 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 1.799.798 төгрөг нийт 4.649.213 төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн төв шүүхэд гаргасан тайлбартаа: Өндөр бумбат бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Н.Цэндсүрэнг хууль бусаар даргын албан тушаалд томилсон болон их эмч Г.Анхбаяр нь цалингүй байсан хугацааны мөнгө нэхэмжилж шүүхэд хандсан.  Маргаан  гурван  шатны шүүхээр Анхбаярын талд гарсан. Н.Цэндсүрэнг хууль бусаар даргын албан тушаалд томилогдсон гэж шийдвэрлэсэн юм. Д.Энхмөнх миний бие 2016.4.12-ны өдөр Хэнтий аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын даргатай гурвалсан гэрээ байгуулж Цэгцүүлэн Дом зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн эрүүл мэндийн төвийг байгуулсан. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016.6.08-ны өдрийн 151дүгээр шийдвэрийг үндэслэн Г.Анхбаярын нэхэмжилсэн цалин 4.693.106 төгрөгийг Цэгцүүлэн Дом өрхийн эрүүл мэндийн төвөөс өгсөн. Иймд Н.Цэндсүрэн бүх шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор хууль бусаар ажиллаж байсан нь тогтоогдож байгаа тул түүний нэхэмжилж буй 4.649.798 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Н.Цэндсүрэн 2015.10.01-ний өдрөөс ажлаас халагдах 50 дугаар тушаал гаргасан байдаг. Өндөр бумбат өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын цалинг манай байгууллагад шилжүүлээд, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Энхмандах эмч, ажилтан нарт цалинг олго гэж утсаар шийдвэр хэлсэн тул цалинг олгосон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ./хх 1-ийн 14-16/

Хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар шүүхэд гаргасан тайлбартаа: Өндөр Бумбат өрхийн эрүүл мэндийн төв нь манай байгууллагатай 2015 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй, баг  болон ажиллаж чадаагүй.  Хууль бусаар дарга болсон гэж хоорондоо маргалдаж Захиргааны хэргийн шүүхээр маргаантай байсан шалтгаанаар Өндөр Бумбат өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээг байгуулахгүй гэж ажлын хэсэг шийдвэр гаргасан. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээгээр аймгийн засаг даргын үүргийг заасан байдаг. Аймгийн засаг даргын хувьд өрхийн эрүүл мэндийн санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу тогтмол хугацаанд олгох үүрэгтэй байдаг. Харин Эрүүл мэндийн газрын даргад ийм үүрэг байдаггүй. Мөн гэрээний биелэлтийн 7 дугаар зүйлд тайланг хагас, бүтэн жилээр Эрүүл мэндийн газарт ирүүлэх ёстой гэж заасан байдаг. Өндөр Бумбат өрхийн эрүүл мэндийн төв заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй. Гэрээний биелэлтийн 7.3 дахь хэсэгт гэрээг дүгнүүлэх тайлангаа 12 дугаар сарын 15-ны дотор Эрүүл мэндийн газарт хүргэсэн байх ёстой байдаг. Гэтэл энэ тайлангууд ирээгүй учраас гэрээг дүгнээгүй юм. Ийм нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ./хх 1-ийн 99, 139/

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 157/ШШ2017/00020 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 346-р зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн төв, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас 2.849.415 төгрөгийг гаргуулж Н.Цэндсүрэнд олгож, 1.799.798 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дх хэсэгт зааснаар Н.Цэндсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 89.337 төгрөгийг улсын орлого болгож, Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн төв, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас 60.541 төгрөгийг гаргуулж Н.Цэндсүрэнд олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна. 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 226/МА2017/00005 дугаартай магадлал гаргаж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 02 сарын 10 ны өдрийн 157/ШШ2017/00020 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан Н.Цэндсүрэнгийн 2016 оны 1, 2, 3 сарын цалин 2.849.415 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1.799.798 төгрөг бүгд 4.649.213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1-т зааснаар Н.Цэндсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд 89.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Н.Цэндсүрэн миний бие Өндөр Бумбат Бүх Гишүүд Бүрэн Хариуцлагатай Нөхөрлөл /БГБХН/-ийг үүсгэн байгуулалцаж одоо ч уг нөхөрлөлийн удирдан төлөөлөх эрх бүхий хариуцлагатай гишүүн хэвээр байгаа. БГБХН нь өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг 2015 онд Хэнтий аймгийн Засаг дарга, Аймгийн ЭМГ-тай үйл ажиллагааны гэрээ байгуулж ажилласан юм. Гэтэл Хэнтий аймгийн ЭМГ 3 талт гүйцэтгэлийн гэрээг огт дүгнээгүй байж /2015.12.23, 2016.01.15, 2016.02.16, 2016.3.02-нд 3-4 хүнтэй очиход шалтаг зааж 400км зудтай суманд удаа дараа буцаасныг гэрчүүд мэднэ/ гүйцэтгэлийн гэрээг шууд дуусгавар болгож 2016 онд манай нөхөрлөлтэй гэрээ байгуулаагүй гэсэн хэдий ч БГБХН нь Засгийн Газрын 2011 оны 364-р тогтоолын хавсралт, Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн үлгэрчилсэн дүрмийн 5.4-т заасны дагуу ӨндөрБумбат ӨЭМТөв 2016.4.12-ны өдрийг хүртэл сумын иргэдэд тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж ажилласан. Гэтэл санхүүжилтийг олгоогүй бөгөөд зээл тавьж, ажилчид огт цалин хөлсгүй ажилласан. Гэтэл энэ хугацааны санхүүжилтийн үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр 2016.4.12 нд/ бодит шаардлага гараагүй байхад ЭМГ байгуулсан зориуд Цэгцүүлэн Дом ЗГБХН-г байгуулж түүнд шууд тусгай зөвшөөрөл олгож гүйцэтгэлийн гэрээ байгуулж ажиллуулсан. Тэгээд 2016 оны 3 саруудад ажилласан санхүүжилтийг шинээр байгуулсан "Цэгцүүлэ Дом" ЗГБХНд шилжүүлж, гэрээгээр ажиллаж байсан Г.Алтанзул, Г.УламУндрах, Э.Азжаргал, Ц,Батцэцэг, О.Чимэгбаяр, Б.Билэгням, Ц.Нарантунгалаг, Д.Энхмөнх нарт цалин олгосныг би сонсож мэдсэн. Ингээд дарга Д.Энхмөнх нарт хандахад "таны цалинг олгоно, ээлжийн амралтын мөнгийг ч өгнө" гэх зэрэг хариултыг өгсөн. Нэхэмжлэлийн дагуу мэдээгүй олон баримтыг олж мэдлээ. ӨндөрБумбат нөхөрлөлд 2015 оны 11-р сард ажиллаж байсан Г.Анхбаяр нь ЦэгцүүлэнДомоос 4.693.106 төгрөг нэхэмжилснийг шийдсэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 151 шийдвэр байсан. ӨндөрБумбат-д 2016 оны 3 саруудад огт ажиллаж байгаагүй Г.Анхбаярт Цэгцүүлэн Домөөс өөрт нь төсөв захиран зарцуулах эрх огт үүсээгүй, уг маргаан Улсын Дээд шүүх дээр хяналтын журмаар хянагдаж байхад /эцсийн шийдвэр гараагүй байхад /шийдвэрлэгдсэн зэрэг шүүх илтэд нэг талыг барьж нөлөөнд автсан нь харагдаж байгаа юм. Шүүхийн 151 шийдвэр одоо ч хүчин төгөлдөр хэвээр явагдаж, миний шүүхэд итгэх итгэлд маш их эргэлзээ төрсөн тул хяналтын шатны шүүх энэ байдалд анхаарал хандуулж жижиг сум, орон нутгийн иргэд, олон нийтийн дунд буруу хандлага төрүүлэхгүй байх арга хэмжээг авч өгнө үү. Нөгөө талаас Цэгцүүлэн домын дарга Д.Энхмөнх, Хэнтий аймгийн ЭМГ-н дарга Ц.Гэрэлмаа нарын миний цалинг олгоно, өгнө гэж удаан хугацаанд худал хэлсний цаад шалтгаан дугаар 151 шүүхийн шийдвэр гарсан байхад гишүүний хувьд биечлэн үүргээ гүйцэтгэж байсан намайг хохироосон үйл явдал болсон. Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна: Би ӨндөрБумбат гишүүн, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ӨЭМТ-д эмчээр ажиллаж байсан хүний хувьд миний нөхөрлөлийн гишүүний болон эмчийн харилцаа үүссэн. Би Цэгцүүлэн домтой хөдөлмөрийн харилцааг огт үүсгээгүй, ийм боломж ч байхгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотолсон. ӨндөрБумбаттай байгуулсан гүйцэтгэлийн гэрээний заалтаа ноцтой зөрчиж, 2016 оны 3 саруудад гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хөлс төлбөрийг төсөв захиран зарцуулах огт эрхгүй хуулийн этгээд буюу Цэгцүүлэн дом-д шилжүүлж, гэрээний харилцаанд давуу байдал үүсгэснийг шүүх огт авч хэлэлцээгүй.  2016-оны 4-р сард байгуулагдан тусгай зөвшөөрөл авсан өөрөөр хэлбэл 3 саруудад огт байгаагүй хуулийн этгээд болох байгууллага нь ӨндөрБумбат ийн бие даасан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шууд хөндлөнгөөс оролцож, "ӨндөрБумбат" нөхөрлөлийн гишүүд, ажилчдын эрх ашгийг түүний дунд гишүүн миний эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдлийг шүүх зөвтгөн дэмжсэн. Миний нэхэмжлэлдээ хариуцагчаар татсан Хэнтий аймгийн ЭМГ бол 2015 онд ӨндөрБумбат, аймгийн Засаг даргатай байгуулсан Гүйцэтгэлийн гэрээний нэг тал мөн гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтаас хангалттай харж болно. Өөрөөр хэлбэл, би энэ 3 талт гүйцэтгэлийн гэрээг үндэслэн хариуцагчаар тус газрыг татсан нь тун ойлгомжтой байхад хөдөлмөрийн тухай хуулийн 129.1д заасан барьсаныг зөвшөөрөхгүй. Би Монгол Улсын иргэн хүний хувьд монгол улсын үндсэн хуульд заасны дагуу-нас хүйс, ажил мэргэжил... гээд олон зүйлээр ялгаварлан гадуурхагдахаас ангид байж дөр, төрийн байгууллага, түүн дотроо "шүүх" миний энэ эрхийг хамгаалж зөрчигдсөн байвал сэргээх үүрэгтэй байгууллага гэж ойлгодог. Гэтэл аймаг орон нутагт нам танил тал хөгшин залуугийн ялгаа, шударгаар үзэл бодлоо илэрхийлж, шударгаар хөдөлмөрлөж, хөдөлмөрлөхийг шаардсаныхаа төлөө өөрийн нөхөрлөлийн зарим гишүүд түүнтэй үгсэн хуйвалдсан сум, аймгийн зарим албан тушаалтны ил далд явуулга, бодит үнэнийг гуйвуулсан цуу үг яриагаар ажил амьдрал эдийн засаг сэтгэл санаагаар маш их хохирч явааг энэ хэрэгт авагдсан нотлох баримт нотолсоор атал энэ байдлыг давж заалдах шатны шүүх мэдсэн ч мэдээгүй мэт, харсанч хараагүй болж, ердөө л эрх мэдэлтэй /засаг дарга,ЭМГ/- ын талд үйлчилсэн гэж би хардаж байна гэжээ.

 ХЯНАВАЛ:

Н.Цэндсүрэн нь “Цэгцүүлэн дом” Өрхийн эрүүл мэндийн төв болон Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 1.799.798 төгрөг, 2016 оны 1, 2, 3 дугаар сарын цалин 2.849.415 төгрөг нийт 4.649.213 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ “... “Өндөр бумбат” Өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан... уг төвийн үйл ажиллагаа “Цэгцүүлэн дом” Өрхийн эрүүл мэндийн төвд  шилжсэн... Хэнтий аймгийн эрүүл мэндийн газар гүйцэтгэлийн гэрээг дүгнээгүй...” гэсэн үндэслэл заасан байна. /хх1-ийн 1/ Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх1-ийн 14-15, 16/ маргажээ.  

Анхан шатны шүүх хариуцагч нараас 2.849.415 төгрөг гаргуулан Н.Цэндсүрэнд олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 47-р зүйлийг баримталжээ.       

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Н.Цэндсүрэн нь “Цэгцүүлэн дом” Өрхийн эрүүл мэндийн төвд /ӨЭМТ/ холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаж нийт 4.649.213 төгрөг шаардахдаа “Өндөр бумбат” ӨЭМТ-ийн үйл ажиллагаа “Цэгцүүлэн дом” ӨЭМТ-д шилжсэн гэх боловч энэ тухай баримт хэрэгт байхгүй байна.

            Нэхэмжлэгч шаардлагадаа Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 151 дүгээр шийдвэрийг үндэслэсэн хэдий ч уг шийдвэрээр шүүх “Өндөр бумбат” ӨЭМТөв нь “Цэгцүүлэн дом” ӨЭМТөв болон өөрчлөн зохион байгуулагдсан болохыг тогтоогоогүй тул давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-г зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

            Хэрэгт авагдсан баримтаар  нийт 4.649.213 төгрөгийг  “Цэгцүүлэн дом” Өрхийн эрүүл мэндийн төв болон Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулах үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна. 

            Харин “Өндөр бумбат” Өрхийн эрүүл мэндийн төв татан буугдсан нь, мөн   маргаантай байгаа шаардлага буюу үүрэг нь “Цэгцүүлэн дом” Өрхийн эрүүл мэндийн төвд шилжсэнийг нотлох баримт хэрэгт байхгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т нийцээгүйгээс гадна нэхэмжлэгч ажилсан хугацааны цалин, амралтын мөнгийг шаардаж байхад давж заалдах шатны шүүх “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэх...” Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийг зохицуулалтыг баримталсан нь буруу болжээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :  

           1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 157/ШШ2017/00020 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 226/МА2017/00005 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 21 дүгээр зүйлд заасан үндэслэлгүй тул Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар болон “Цэгцүүлэн дом” Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох   “...2016 оны ээлжийн амралтын мөнгө 1.799.798 төгрөг, 3 сарын цалин 2.849.415 төгрөг  нийт 4.649.213 төгрөг...” гаргуулах тухай Н.Цэндсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч Н.Цэндсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

          3. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 60.541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ