Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-06-20
Дугаар 001/ХТ2017/00843
Хэргийн индекс 101/2016/00843/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Гео-Орон ХХК,
Хариуцагч Өндөрбуянт холдинг ХХК,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Гео-Орон ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00191 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 788 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Гео-Орон ХХК,

Хариуцагч : Өндөрбуянт холдинг ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 41.128.768 төгрөг гаргуулах тухай

            Зохигчдын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Аззаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир, нарийн бичгийн даргад Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  СБД-ийн 4-р хороо, 5-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах 37-р байрны 68 тоот 58 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв нь 1800 ам.доллароор үнэлж, 2012 оны 4-р улиралд хүлээн авахаар 2012-08-29 ны  өдөр А/15 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан төлбөрөө гэрээний дагуу бүрэн төлсөн.  2013.6.14-ний өдөр тус байрыг хүлээн авсан. Хэмжилт хийхэд 3.72 м.кв талбай дутуу байсан учир  компанид энэ талаар хандахад тус компанийн архитектор н.Хүрэлчулуун ирж үзсэн. 2013.8.09-ний өдөр өргөдлөө өгсөн хэдий ч тус 2013.9.06-ны өдрийн 13/792 тоот албан бичгээр бидний гомдлыг хүлээж авах боломжгүйг мэдэгдсэн. Иймээс бид 2013.12.12-ны өдөр архитектурын зураг төсөл зохиох тусгай зөвшөөрөл бүхий Инженер геодези ХХК-иар орон сууцны талбайг хэмжүүлэхэд 3.38 м.кв дутуу байгааг гэрчилсэн. 2013.12.16-ны өдөр ШӨХТГ-т бидний хохироож буйг мэдэгдэж дутуу талбайн хохирол болох 3.38 м.кв х1800=6084 ам.доллар болон байрны талбай хэмжүүлсний төлбөр болох 82.000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргасан. Бидний хүсэлтийн дагуу ШӨХТГ-аас шалгаж үзээд 2014.01.22-ны өдрийн 7/94 тоот албан бичгээр Өндөрбуянт холдинг ХХК-д зөрчлийг арилгах шаардлагыг хүргүүлсэн боловч өдийг хүртэл бидний хохирлыг барагдуулаагүй. Мөн тус барилга нь 2013 оны 6 дугаар сард ашиглалтанд орсон нь Өндөрбуянт холдинг ХХК-тай байгуулсан гэрээ ёсоор 2012 оны 4-р улиралд тус барилгыг ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул тус гэрээний 1.4-т заасны дагуу Орон сууц 2012 оны 4-р улиралд ашиглалтанд орно, 5.2-т заасны дагуу Гүйцэтгэгч гэрээний 1.4-д заасан хугацаа 90 хоногоос илүү хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэсэн заалтыг зөрчиж байгаа. Бид гэрээний үнийн дүн болох 79 000 ам.долларын 0.2 хувь болох 158 ам.долларыг хэтэрсэн хоног болох 61 хоногоор /2013 оны 04 болон 05 cap/ тооцон 158х61 хоног= 9638 ам.доллар болж байна. Иймд нийт нэхэмжлэлийн хэмжээ 15 722 ам.долларыг энэ өдрийн Монгол банкны 1 долларын ханш 1984,65 төгрөгөөр бодож 31.202.667 төгрөг, хэмжилтийн төлбөр 82.000 төгрөгийг нэхэмжилнэ.Түүнчлэн  гэрээнд зааснаар гэрээний үнийн дүн болох орон сууцны үнийг ам.доллараар бодох тухай гэрээ байгуулсан байна. Энэ хүрээнд байрны нэг м.кв-ийг 1800 ам.доллар гэж тооцсон ба гэрээний дагуу үнийн дүнг графикийн дагуу дөрөв хувааж төлөхөөр заасан. Өөрөөр хэлбэл, анх гэрээ байгуулсан үе буюу 2012.8.29-ний өдрийн ам.долларын ханшаар бодож гэрээ байгуулсан байтал 2012.8.29-ний өдрөөс хойш 2013.6.14-ний өдөр сүүлийн шилжүүлгийг хийх үеийн ам.долларын ханш зөрүүтэй байсан бөгөөд тус ханшийн зөрүү 9.844.101 төгрөг болсон байна. Энэ талаар хариуцагчаас гаргуулсан Авлагын дэлгэрэнгүй бүртгэл дээр Ханшийн зөрүү гэсэн агуулгаар тусгасан байдаг. Иргэний хуулийн 218.1 дэх хэсэгт зааснаас үзвэл анх гэрээ байгуулсан буюу 2012.8.29-ний өдрийн ам.долларын ханшаар тооцон мөнгөн төлбөрийг бодож ханшийн зөрүүнээс үүдэн нэхэмжлэгчийн илүү төлсөн мөнгө 9.844.101 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Өндөрбуянт Холдинг ХХК-иас 41.128.768 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 5-р хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамжинд орших улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй /37-р байр/ орон сууцны барилгыг Бэгдү констакшн ХХК-иас 2010.12.11-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээний дагуу  шилжүүлэн авч өөрийн хөрөнгөөр гүйцээн барьж ашиглалтад оруулсан. Уг барилгыг хүлээн авахдаа барилгын зураг төсөл боловсруулах эрх бүхий байгууллагын гаргасан батлагдсан ажлын зураг, давхарын байгуулалт, өрөөний хэсэгчилсэн байгуулалт, тодорхойлолт, ил далд акт зэрэг холбогдох баримт материалын хамт хүлээн авсан бөгөөд энэхүү зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, орон сууцны талбайн хэмжээг тооцон борлуулалтын үнэ тогтоосон. Орон сууцны талбайн хэмжээ болон борлуулалтын үнийг иргэдэд урьдчилсан байдлаар танилцуулсны дагуу захиалагч өөрөө сонголтоо хийн орон сууцны талбайн хэмжээ, үнийг хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 189.1-т заасны дагуу талууд гэрээний нөхцөл, үр дагаврыг хүлээн зөвшөөрч орон сууц захиалгын гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэтэл гүйцэтгэгч компанийн төлөөллийг байлцуулахгүйгээр хөндлөнгийн аль нэг архитектурын зураг төслийн компаниар хэмжүүлсэн дүгнэлтийг үндэслэн талбайн зөрүүнд төлбөр шаардах нь үндэслэлгүй. Учир нь, захиалагч уг байрыг 3 жилийн өмнө худалдаж авсан бөгөөд энэ хугацаанд барилгын үндсэн хийц, өрөөний зохион байгуулалт, цонх, шугам хоолойн хаалт зэрэгт өөрчлөлт оруулсан эсэхийг бид мэдэх боломжгүй. Иймд талбайн зөрүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Манай компани нь захиалсан байрыг 2012 оны 6 дугаар сард Гео-Орон ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд биднээс шалтгаалахгүй хүчин зүйлийн улмаас барилгыг бүхэлд нь ашиглалтанд хүлээлгэн өгөх хугацаа  хойшилсон болно. Захиалагч Гео-Орон ХХК-тай байгуулсан 2012-8-29 -ний өдрийн Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3.8-д давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж /улс төр нийгмийн байдал, төрийн байгууллагын шийдвэр, гал ус цаг агаар гэх мэт/ барилгын ашиглалтанд орох хугацаа хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч хариуцлага хүлээхгүй гэж тохиролцсон.  Барилгын зүүн талд байрлах 149 дүгээр цэцэрлэгийн удирдлагын зүгээс гаргасан газрын маргаан, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн шийдвэр, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэдэгдэл, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа зэргээс шалтгаалан барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон болно. 2008 оны зураг төслөөр барьсан учраас 2009 оны стандартыг баримтлах боломжгүй. 2012 онд барилга баригдаад дууссан байсан, орон сууцыг хүлээн авахдаа талбайн хэмжээг мэдэх боломжтой байсан, мэдсээр байж хүлээн авсан тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан. Мөн захиалагч Гео орон ХХК нь гэрээний 4.1-д заасан графикийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 224.2.3-д заасан хүү, алданги авах эрхээ алдах хууль зүйн үндэслэл болсон. 2012-09-07 ны өдөр нэхэмжлэгч 36 000 ам.доллар төлөх ёстой байтал төлөөгүй тул Иргэний хуулийн 223.4-т зааснаар өөрсдөө гэрээний үүргээ биелүүлээгүй тул шаардах эрх үүсэхгүй. Графикийн дагуу төлбөр төлөх үүрэг үүсч байгаа, энэ хүмүүс ам.доллароор үнийг төлнө үү эсвэл тухайн үеийн ам.доллартай төгрөгийн харьцах ханшаар төлнө үү өөрсдөө шийдэх ёстой асуудал. Иймээс ханшийн зөрүү шаардах эрхгүй. Төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тул алданги шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүү 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00191 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гео орон ХХК-ийн Өндөрбуянтхолдинг ХХК-д холбогдох 41.128.768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Гео орон ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487.600 төгрөгөөс 363.594 төрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 124.006 төгрөгийг буцаан Гео орон ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Гео орон ХХК-иас 183.612 төгрөгийг гаргуулж Лэнд ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 788 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00191 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан Өндөрбуянт холдинг ХХК-иас 19.128.056 төгрөгийг гаргуулж, Гео ОронХХК-д олгон, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар үлдэх 22.000.712 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Гео Орон ХХК-д олгосугай” гэснийг “Өндөрбуянт холдинг ХХК-иас 253.590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Гео Орон ХХК-д тус тус олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363.600 төгрөгийг буцаан шийдвэрлэсэн байна.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2013 оны 3 дугаар сарлд барьж дуусгасан барилгыг комисс ажиллуулах тухай албан хүсэлтийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газарт өгсөн боловч биднээс үл шалтгаалах шалтганаар хойшлогдож 2016.4.26-ны өдөр ажиллаж, барилгыг ашиглалтад оруулах актыг гаргасан. Дээрх 2013/162 тоот актын 1.6-д хэсэгт “...захиалагч байгууллагын 2013.3.29-ний өдрийн 13/241 мэдэгдлийн дагуу 2013.4.26-ны өдөрт багтаан холбогдох баримтуудтай танилцаад газар дээр нь шалган үзэв” гэж тусгасан бөгөөд энэ нь уг барилгыг 3 сард барьж дуусгасан гэдгийг нотолж байна. Мөн 3 сараас зарим байранд оруулж эхэлсэн бөгөөд Гео-Орон ХХК-ийн үлдэгдэл төлбөрөө 2013.6.14-ны өдөр төлж дууссагсан тул талуудын гэрээний 4.1.4 хэсэгт “...түлхүүрээ гардан авахдаа орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг төлнө” гэсний дагуу 100 хувь төлсөн өдөр байрыг хүлээлгэж өгсөн. 2. Талуудын хооронд байгуулагдсан 2012.8.29-ний өдрийн гэрээний 4.1-т заасны дагуу  төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тал нь төлөлтийг хугацаа хэтрүүлж хийсэн байсан нь харагдаж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх үнийг ялимгүй шинжтэй хоцроосон гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт гэж бид үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн Гео-Орон ХХК нь алданги тооцох эрхээ алдсан гэж үзсэн нь зөв байна. хэдийгээр зарим захиалагч нар гэрээний үүргээ зөрчиж, хөрөнгө оруулалтын хугацааг хэтрүүлсэн нь барилгыг барьж дуусгахад хүндрэл учруулсан боловч бид нийт 238 айлын 17 давхар 2 ширхэг барилгыг бүхий л боломжоороо хангаж хийж чадсан. Гео-Орон ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 223.2, 224.2, 224.2.3-т заасны дагуу алданги шаардах эрхээ алдсан. Иймд магадлалын 19.128.056 төгрөгийг гаргуулах гэсэн заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 352.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн хувьд доголдлыг мэдэж байсан бөгөөд хүлээж авах үедээ тухайн доголдлыг талаар гомдлыг хариуцагч компанид 2013.9.06-ны өдрийн 13/792 дугаар Гео орон ХХК-д хариу хүргүүлэх тухай тоотоор мэдэгдсэн бөгөөд хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Мөн улмаар талбайн хэмжээ дутуу гэж маргасан орон сууцыг 2013.9.09-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 000271641 гэрчилгээ гарсны дараа хариуцагчийн зүгээс хохирол барагдуулах ямар нэгэн үйлдэл хийгээгүй тул зөрчигдсөн эрхээ сэр гээлгэхийн тулд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газарт хүртэл хандаж, эцэстээ шүүхэд өгсөн. 2. Иргэний хуулийн 352.2.3-т заасны дагуу шаардах эрхийн хүрээнд дутуу байгаа талбайн хэмжээний үнийг нэхэмжилж байгаа. Энэхүү Ажил гүйцэтгэх гэрээний шаардах эрх манай компанийн хувьд хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд захиалагчийн хувьд уг шаардах эрхээ хэрэгжүүлэх нь тухай орон сууцыг бусдад шилжүүлсэн гэх нөхцөл байдал хууль зүйн хувьд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй, шаардах эрхээ алдах нөхцөл болохгүй гэж үзэж байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Гео-Оорон ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж Өндөрбуянт холдинг ХХК-иас “...3.38 м.кв  зөрүү 6084 ам.доллар, хэмжилт хийлгэсэн төлбөр 82000 төгрөг, 61 хоногийн алданги  9638 ам.доллар нийт 15 722 ам.доллар буюу 31.202.667 төгрөг ам.долларын ханшийн  зөрүү 9.844.101 төгрөг нийт 41.128.768 төгрөг...” шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо  “...талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан... нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй... ажил гүйцэтгэгч гэрээний дагуу 58 м.кв  бус, харин  54.62 м.кв орон сууц хүлээлгэн өгсөн буюу ажлын үр дүнг доголдолтой байсан нь тогтоогдсон ч нэхэмжлэгч орон сууцыг 58 кв.м хэмжээгээр тооцож бусдад худалдсан... нэхэмжлэгч... хугацааг хэтрүүлэн 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төлбөрөө төлж 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр орон сууцыг хүлээн авсан тул Иргэний хуулийн 223.2, 224.2, 224.2.3-р  алданги шаардах эрхээ алдсан... ханшнаас илүүгээр тооцож төлбөр төлж байсан нь нотлогдоогүй...” гэсэн үндэслэл заасан байна.      

            Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж,  хариуцагчаас  61 хоногийн  алданги 19.128.056 төгрөг /9638 ам.доллар/ гаргуулахдаа “...доголдлыг мэдэж байсан боловч ажлын үр дүнг хүлээн авсан тул Иргэний хуулийн  352.4, 352.2-р  шаардлага гаргах эрхээ алдсанаас гадна орон сууцыг бусдад худалдсан тул энэ шаардлага  үндэслэлгүй... түлхүүрээ 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсаныг хариуцагч үгүйсгээгүй тул  2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр  хүртэл 73 хоногийн алданги төлөх үүрэгтэй ч 61 хоногоор шаардсан учир уг хэмжээгээр тооцно...”  гэжээ. 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо “...давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 352.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн... доголдлын талаар 2013.9.06-нд мэдэгдсэн... орон сууцыг бусдад шилжүүлсэн нь шаардах эрхээ алдах нөхцөл болохгүй...” гэж, харин хариуцагч “...байрыг 2013 оны 3 дугаар сард барьж дуусгасан ч  биднээс үл хамаарах  шалтгаанаар хойшилсон... гэрээний 4.1.4-н 100 хувь мөнгөө төлсөн өдөр байрыг хүлээлгэж өгсөн... нэхэмжлэгч төлөлтийг хугацаа хэтрүүлж байсан... алданги төлөхгүй...”  гэсэн байна.            

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.               

Зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан, орон сууцыг барьж ашиглалтад оруулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, орон сууцыг нэхэмжлэгчийн  өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.           

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Гео-Орон” ХХК нь 2012.08.29-ны өдрийн “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” –г үндэслэн шаардлага гаргасан ба уг гэрээгээр  хариуцагч  Сүхбаатар дүүргийн 4 хороо, UB Town хорооллын 37-р байр, А блокийн 1 орцны 16 давхарт 58 кв.м талбайтай  2 өрөө орон сууцыг 2012 оны 4-р улиралд багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, Гео-Орон ХХК нь орон сууцны төлбөрт 104.400 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцжээ. 

            Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013 оны  8 дугаар сарын 01-ний  өдрийн 2013/162 дугаар актаас үзвэл /хх 83-84/  орон сууц нь батлагдсан зураг төслийн дагуу 2008 оны 5 дугаар сараас баригдаж зохигчид гэрээ байгуулснаас хойш 8 сарын дараа буюу 2013 оны 4  дүгээр  сарын 26-ны өдөр  дууссан болох нь тогтоогдож байна.

            “Өндөрбуянт холдинг” ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 5-р хороолол, 37-р байрыг “Бэгдү констракшн” ХХК-иас  2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10/28 дугаар гэрээгээр худалдан авсан /хх 65-67/ ба “...гэрээ байгуулах үед барилга нь 70 хувийн гүйцэтгэлтэй ...байсан...” талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй  байна.             

            Зохигчдын хооронд гэрээ байгуулагдахаас өмнө баригдаж, гэрээ байгуулснаас хойш 8 сарын хугацаанд ашиглалтад орох барилгыг нэхэмжлэгчийн захиалгаар баригдсан байр гэж үзэх үндэслэлгүй. 

            Зохигчдын хооронд хэлцэл хийгдэх үед гэрээний зүйл болох орон сууц баригдсан байсан ба нэхэмжлэгч өөрийн байрыг сонгож, гэрээ байгуулан төлбөр төлөхөөр хариуцагчтай тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул зохигчдын хооронд  худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ. 

            Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан байна.

            Нэхэмжлэгч  орон сууцыг хүлээн авах үед орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ. Нөгөө талаар орон сууцны талбайн хэмжээ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөл байсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна. 

            Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 788 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00191 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх хэсгийг “...343 дугаар зүйлийн 343.1, 352.2.3, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3, 218 дугаар зүйлийн 218.1..” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 232 дугаар зүйлийн 232.6...” гэж өөрчлөн, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 250.000 төгрөгийг Өндөрбуянт холдинг ХХК-д  буцаан олгох захирамж  гаргасугай.  

3. Нэхэмжлэгч талаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 208.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ