Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-06
Дугаар 001/ХТ2017/01126
Хэргийн индекс 102/2016/06781/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “Н Т” ХХК
Хариуцагч “Б Д” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Н Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00966 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1313 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч “Н Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б Д” ХХК-д холбогдох,

 

389 662 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ганболдын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч ”Н Т” ХХК-ийн төлөөлөгч Ж.Сод-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Н Т” ХХК болон ”Б Д” ХХК нар 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага Тэнгэр аялал жуулчлалын цогцолборын Авангард загварын 5 ширхэг, Натура А загварын 2 ширхэг, Натура В загварын 1 ширхэг, Вип-1 загварын 2 ширхэг, нийт 10 барилгын гадна фасадны ажил хийж гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож 14-1412 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хамтран ажилласан. Мөн талууд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 15-1333 тоот, 14-1412 тоот гэрээний нэмэлт гэрээ байгуулж, Натура А загварын 2 ширхэг, Натура В загварын 1 ширхэг, нийт 3 ширхэг барилгын түшиц ханыг өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэхээр хамтран ажилласан. Манай компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж 14-1412 тоот ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтэд нийт 1 064 932 875 төгрөг, 15-1333 тоот Нэмэлт гэрээний санхүүжилтэд 14 400 000 төгрөг тус тус олгосон. Гэтэл гүйцэтгэгч ”Б Д” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж гэрээт ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй, төсөвт өртөгт тусгасан материалаар бус өөр харьцангуй хямд үнийн дүн бүхий бараа материалаар ажлыг хийсэн. Мөн шат шатны санхүүжилтүүдийг бүрэн гүйцэд авсан боловч санхүүжилтэд авсан мөнгийг өөр ажилд зарцуулсан байх бөгөөд гэрээт ажлаа бүрэн хийж дуусгалгүй орхиж явсан. Манай компаний зүгээс гүйцэтгэгч ”Б Д” ХХК-ийг гэрээт ажлаа бүрэн гүйцэт хийж дуусгахыг удаа дараа шаардсан боловч үлдэгдэл ажлаа хийж гүйцэтгэхгүй байсаар байсан. Иймд манай компаний зүгээс арга буюу тус үлдэгдэл ажлуудыг өөр компаниудаар хийж гүйцэтгүүлэх болсон талаар ”Б Д” ХХК-д мэдэгдсэн бөгөөд тус компаний зүгээс хүлээн зөвшөөрсөн. Манай компаний зүгээс тус гэрээт ажлын санхүүжилтүүдийг ”Б Д” ХХК-д 95 хувь олгосон байсан бөгөөд үлдэгдэл ажлуудыг өөр компаниудаар хийлгэхэд гарах зардлыг буцаан төлөхийг ”Б Д” ХХК-иас шаардсан. Тус компаний зүгээс санхүүжилтэд авсан мөнгөө өөр ажилд зарцуулан дуусгасан тул талуудын хооронд зээлийн гэрээг 45 хоногийн хугацаатай байгуулсан.

Дээрх хугацаанд үлдэгдэл ажлуудыг өөр компаниудаар гүйцэтгүүлэхэд гарсан зардлыг буцаан төлөх хүсэлтийг манай компанид тавьсан. Үүний дагуу талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулсан. Уг зээлийн гэрээний дагуу ”Б Д” ХХК нь үлдэгдэл ажлуудыг өөр компаниудаар хийлгэхэд 243 000 000 төгрөгийн зардал гарсан ба гэрээний 3.2-д заасан хүү болох 16 038 000 төгрөгийг тус тус ”Н Т” ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан. Гэвч өнөөдрийг хүртэл төлөхгүй байсаар байна. Манай компаний зүгээс ”Б Д” ХХК-иас зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр болон хүү, үндсэн гэрээний төсөвт тусгагдсан металл рамтай шилэн хашлаганы ажлыг хийгээгүй тул төсөвт өртгөөс хасагдсан зөрүү төлбөр, үлдэгдэл ажлыг өөр компаниудаар хийлгэхэд гарсан зардал, гэрээт ажлыг хугацаандаа хийж дуусгаагүй тул хугацаа хэтэрсний алданги, гэрээт ажлыг хийж дуусгалгүй орхиж явсан тул гарсан торгууль зэргийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна. Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад гэрээний үнэнд орсон гүйцэтгэгч талаас гаргаж өгсөн төсөвт өртгөөс металл рамтай шилэн хашлаганы ажлыг хийгээгүй хассан тул тус ажлын үнэ болох 107 461 900 төгрөгөөс ”Б Д” ХХК-ийн нэмэлтээр хийсэн ажлын хөлс болох 32 570 150 төгрөгийг хасаж үлдэгдэл 74 891 750 төгрөгийг, ”Б Д” ХХК-ийн санхүүжилт бүрэн авсан боловч гэрээт ажлын санхүүжилтийг өөр ажилд зарцуулан хийж дуусгаагүй үлдэгдэл ажлыг өөр компаниудаар хийлгэхэд гарсан зардал болох 243 000 000 төгрөгийг талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүү болох 16 038 000 төгрөгийн хамт нийт 259 038 000 төгрөг гарсан бөгөөд үүнээс талуудын хооронд байгуулсан 14-1412 тоот гэрээний үлдэгдэл санхүүжилт 37 067 125 төгрөгийг хасаж, үлдэгдэл 221 970 875 төгрөгийг, мөн талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.1.6, 4.2.16-д заасны дагуу гүйцэтгэгч ”Б Д” ХХК-ийн гэрээт ажлыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтэрсний улмаас манай компанид төлөх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги 58 000 000 төгрөгийг, гэрээний 4.1.11-д заасны дагуу гэрээт ажлыг дуусгалгүй орхиж явсны торгууль гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувь болох 34 800 000 төгрөгийг, нийт 389 662 625 төгрөгийг ”Б Д” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ”Б Д” ХХК-ийн төлөөлөгч З.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Содмонгол ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазартай уулзахад ...үлдэгдэл ажлаа дуусгахад шаардагдах санхүүжилт ав, гэхдээ тодорхой хүүтэй, хугацаатай зээлийн гэрээ байгуул гэж санал тавьсны дагуу ”Н Т” ХХК-ийн хуульч Г.Батболдтой 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр очиж, 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээг Харус мандал констракшн ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг засварлан хийсэн бөгөөд 4 хувь хэвлэн уншиж танилцуулсны дараа эхний болон эцсийн хуудсанд гарын үсэг болон тамга даруулан, ...төв оффист очин танилцуулж батлуулна гэж уг 4 хувь гэрээг авч явсан боловч эргэж хариу өгөөгүй. Дараа нь гэрээ батлагдсан талаар хэд хэдэн удаа Г.Батболдоос асуухад ...зээл батлагдаагүй зөвшөөрөөгүй гэж хэлсэн. Гэрээ батлагдаагүй нь манай компанид санхүүжилт олгогдоогүйгээр батлагдана. Гэрээний хувийг манай компанид олгоогүй бөгөөд мөн хэргийн материалд авагдсан зээлийн гэрээтэй танилцахад эхний болон эцсийн тамга гарын үсэгтэй хуудсыг үлдээн, бусад хуудсыг сольж батлан зээлийн гэрээ олгосон мэтээр 243 000 000 төгрөг болон түүний хүү 16 038 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00966 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ”Б Д” ХХК-иас 197 962 898 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ”Н Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 191 699 727 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 106 264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 147 764 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1313 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00966 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ”Б Д” ХХК-иас 45 799 312 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ”Н Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 343 862 688 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 2 106 264 гэснийг 386 946 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очирын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлсөн 1 148 000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 116 448 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ганболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх алдангийн хэмжээг буруу тооцсон ба магадлалд “...Хариуцагч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн 90 хувийн хөлс болох 1 044 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөр 1 064 935 875 төгрөгөөс хасаж үлдэх 20 935 875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй юм”, “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар тус гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20 932 875 төгрөгийн 50 хувь буюу 10 466 437 төгрөгийн анзыг хариуцагчаас шаардах эрхтэй...” хэмээн дурдаж, шийдвэртээ 10 466 437 төгрөгийн алданги тооцож олгохоор шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх алдангийн хэмжээг тооцохдоо нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн төлбөр болох 1 064 932 875 төгрөгөөс 90 хувийн гүйцэтгэлийн төлбөр 1 044 000 000 төгрөгийг хасаж зөрүү төлбөр 20 935 875 төгрөгөөс тооцсоныг нэхэмжлэгчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд байгуулсан 14-1412 тоот Ажил гүйцэтгэх гэрээний 4.1.6-д “Ажил гүйцэтгэгч тал нь гэрээний 2.1-д заасан хугацаанд барилга угсралтын ажлыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 0,5 хувиар алданги тооцож авна” хэмээн заасан бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэрээний нийт төлбөр 1 160 000 000 төгрөгөөс 1 044 000 000 төгрөгийг хасвал 116 000 000 төгрөг байна. Эндээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцвол 58 000 000 төгрөг болж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс алдангийн хэмжээг 10 466 437 төгрөг хэмээн буруу тооцон тогтоосон байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, алдангийг 58 000 000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгч “Н Т” ХХК нь гэрээ дүгнэсэн акт үйлдэхдээ компанийг төлөөлж Тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхий инженер, нягтлан бодогч, гэрээ хариуцсан инженер, хуульч, Техник хяналт шалгалтын албаны ажилтан зэрэг бүрэлдэхүүнтэйгээр буюу нэхэмжлэгчээс томилсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, барилгын ажлын үе шатны ажлыг хүлээн авдаг. Гэтэл инженер Д.Нармандахын үйлдсэн акт нь огноо, дугааргүйгээс гадна захиалагчийн бусад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг оролцуулаагүй, өөрт нь тухайн ажлыг хүлээн авах эрх олгоогүй байхад ганцаараа захиалагчийг төлөөлөн акт үйлдэж, хариуцагч “Б Д” ХХК-иас төлөөлөл оролцуулаагүй, гэрээний мэргэжилтэн н.Хажидмааг оролцуулаагүй зэрэг хууль зөрчин гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байх тул уг хүчин төгөлдөр бус актыг үндэслэн нэхэмжлэгч хариуцагчаас 90 хувийн гүйцэтгэлтэй 1 жил хүлээн авсан гэж дүгнэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “Б Д” ХХК-ийн гүйцэтгээгүй ажлыг 243 000 000 төгрөгөөр өөр компаниудаар гүйцэтгүүлсэн бөгөөд “Б Д” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээн дээр гүйцэтгэх ажил болон төсөвт өртгийн задаргаан дээр ажлын хэмжээг тодорхой зааж өгсөн байдаг. Хариуцагчийн гүйцэтгээгүй үлдээсэн ажил үүргийг нэхэмжлэгч “Сэрвэн-Овоот” ХХК, “Дулаан нөмөр констракшн” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд эдгээр компанитай 2016 оны 05 сарын 19-ний өдөр, 2016 оны 05 сарын 23-ны өдөр тус тус байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний ажлын даалгавар нь хариуцагчийн хийж гүйцэтгээгүй үлдээсэн ажлуудтай таарах тул хариуцагч 90 хувийн гүйцэтгэлтэй ажил хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдож байгаа юм. Иймд хэрэгт ач холбогдол бүхий зарим нотлох баримтыг /90 хувийн гүйцэтгэлтэй гэж гэрээ дүгнэсэн акт/ анхан шатны шүүхээр дахин үнэлүүлэх, хэргийн үйл баримтыг эхнээс нь зөв дүгнэн тогтоох шаардлагатай байх тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Н Т” ХХК нь хариуцагч “Б Д” ХХКомпаниас 389 662 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

Зохигчдын хооронд 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу “Б Д” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага тэнгэр аялал жуучлалын цогцолборын өөр өөр загвар бүхий нийт 10 ширхэг барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэх, “Н Т” ХХК нь ажлын хөлс 1 310 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр уг гэрээний үнийн дүнг 1 160 000 000 төгрөг болгон багасгаж, гэрээний хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгасан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ болохыг шүүх үндэслэлтэй тогтоожээ. /хэргийн 8-11, 12-13 дугаар тал/

 

Мөн талууд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, Натура А загварын 2 ширхэг, Натура В загварын 1 ширхэг, нийт 3 барилгын түшиц ханыг өргөтгөх, ажлын хөлс 18.000 000 төгрөг, ажлыг 7 хоногийн хугацаанд хийлгэхээр өөр гэрээ буюу дахин ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. /хэргийн 36 дугаар тал/

 

Захиалагч “Н Т” ХХКомпани эхний гэрээний дагуу ажлын хөлсөнд 1 064 932 875 төгрөгийг, 2 дахь гэрээ буюу барилгын түшиц ханыг өргөтгөх ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар 18 000 000 төгрөг төлөхөөс 14 400 000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлсэн байна.

 

Хоёр шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зохигчдын хооронд гэрээг дүгнэсэн протокол, материал худалдан авсан, ажил гүйцэтгэсэн баримтууд, зохигчдын тайлбар зэрэг баримтад тулгуурлан ажил гүйцэтгэгч “Б Д” ХХК нь фасадны ажлын 90 хувийг буюу 1 044 000 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, нэмэлт гэрээгээр тохиролцсон 18 000 000 төгрөгийн үнэ бүхий 3 барилгын түшиц ханын ажлыг огт хийгээгүй, ажил гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тул захиалагч гэрээг цуцласан үйл баримтыг үндэслэл бүхий дүгнэжээ. Давж заалдах шатны шүүх эхний гэрээгээр шилжүүлсэн мөнгөнөөс гүйцэтгээгүй ажлын хөлс 20 932 875 төгрөг, алданги 10 466 437 төгрөг, хоёр дах гэрээний дагуу ажлыг гүйцэтгээгүй тул шилжүүлсэн 14 400 000 төгрөгийг буцаан гаргуулж, нийт 45 799 312 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

Талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хэлбэрийн хувьд байгуулагдсан хэдий ч бодит байдалд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой агуулга тогтоогдож байх ба гэрээнд тусгасан 80 сая төгрөг нь шилжүүлсэн мөнгөнд тохирох ажлыг хийгээгүй үнийн дүн эсвэл гэрээний дагуу ажлыг хийж дуусгахад шаардагдах мөнгөний хэмжээ аль нь болох нь ойлгомжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс “...алдангийг гүйцэтгээгүй ажил 116 000 000 төгрөгөөс тооцож, 58 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй...” гэсэн гомдлыг хяналтын журмаар гаргасныг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв. Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга бөгөөд нэхэмжлэгч гэрээг цуцалснаар үлдэх 116 000 000 төгрөгийн ажлыг гүйцэтгүүлэх шаардлагагүй болсон тул энэ үүрэгт алданги шаардах үндэслэлгүй болно.

 

Хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч буюу захиалагч гэрээг цуцалсан бөгөөд гэрээг цуцлахаас өмнө хариуцагч нь  нэхэмжлэгчийн шилжүүлсэн 20 932 875 төгрөгтэй тэнцэх ажлыг хийгээгүй тул уг гүйцэтгээгүй үүргээс алданги тооцсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д нийцсэн гэж үзнэ.

           

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй, улмаар нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1313 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  395 618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР    

 

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА