Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-17
Дугаар 001/ХТ2017/01189
Хэргийн индекс 142/2016/01235/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Д.С
Хариуцагч М.Э, ХХБинд
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

 

Д.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 338 дугаар шийдвэртэй,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Э, ХХБинд холбогдох,

 

М.Э болон ХХБны Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний барьцаатай холбоотой заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг, ХХБинд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Д.Сын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн Л.Анхбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.С нь ХХБны Орхон аймаг дахь салбарт хандан 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр №407235135 дугаарын данстай хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж охин Д.Сын Тэмүүлэнд эхний хадгаламжийг 1 500 000 төгрөгөөр нээж, хамтран эзэмшигчээр миний бие өөрөө болон охины ээж М.Эыг бүртгүүлсэн билээ. Ийнхүү миний бие тус дансанд өөрийн орлогоосоо 2013 оны 09 дүгээр сарын 10-нд 600 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 02-нд 150 000 төгрөг, мөн өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 30-нд мөн 2 000 000 төгрөгний орлого хийж нийт 6 250 000 төгрөг болсон билээ. Гэтэл 2014 онд тус мөнгөн хадгаламжийг хамтран эзэмшигч М.Э нь миний зөвшөөрөлгүйгээр ХХБны Орхон салбараас дээрхи хадгаламжийг барьцаалан зээл авсан байх ба зээлээ төлөлгүй орхиж, мөнгөн хадгаламжийг зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт суутгасан нь хамтран эзэмшигч миний төдийгүй хүүхдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Нөгөө талаас ХХБ мөнгөн хадгаламж барьцаалсан зээл олгохдоо эзэмшигч надад мэдэгдэхгүйгээр олгосныг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хадгаламжийн дансны хуулгыг банкнаас аваад мэдсэн болно. Үүнээс ХХБ Иргэний хуулийг зөрчиж зээл олгосон нь харагдаж байна. Иймээс М.Э болон ХХБыг төлөөлөн Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг ХХБинд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаснаа нэмэгдүүлж, 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2013/0007/000287/0120 тоот гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2013/0007/000287/0133 тоот гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2014/0007/000287/ 0081 тоот гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2014/0007/000287/0150 тоот гэрээнүүдээр М.Э болон ХХБны Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний барьцаатай холбоотой заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг ХХБинд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж байна гэжээ.

 

Хариуцагч М.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Сын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байгаа учир дараах тайлбарыг гаргаж байна. Д.Стай 2004 онд танилцаад, 2006 оноос 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хамтран амьдарч, 2 охин төрүүлсэн. Хамтран амьдарч байхдаа буюу 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр охин Тэмүүлэнгийн нэр дээр ХХБны Орхон салбарт хүүхдийн мөнгөн хадгаламж 1 500 000 төгрөгөөр нээлгэсэн. Энэ хугацаанд буюу 2013 оны 09 дүгээр сарын 10-нд 600 000 төгрөгийг би өөрөө, 2014 оны 04 дүгээр сарын 02-нд 150 000 төгрөг, мөн өдрөө 2 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 30-нд 2 000 000 төгрөгийн орлогыг бид нарын зүгээс хийсэн. Д.С нь ШШГА, банк, хувь хүн, иргэдэд олон сая төгрөгийн өртэй хүмүүс гэрт ирж байнга л мөнгө нэхэж байдаг байсан. Тэр өр зээлээ бага багаар дарж, хүмүүсийг тайвшруулах үүднээс надаар хувь хүмүүсээс мөнгө зээлүүлж байсан. Мөн хүүхдийн хадгаламжинд байсан мөнгийг хадгаламж барьцаалсан зээл хэлбэрээр авч энэ зорилгодоо ашигласан. Анх уг хүүхдийн хадгаламжийг нээхдээ баримт дээр Д.С бид хоёр хоёулаа 1-р гарын үсэг зурсан болохоор банк бид хоёрын аль нэгнийх нь гарын үсгээр зарлагын гүйлгээ болон хадгаламж барьцаалсан зээл авах боломжтойг тайлбарлан өгч байсан. Хадгаламж барьцаалж зээл авахыг Д.С өөрөө санаачилж надаар авахуулж өөрөө ашигладаг байсан ба юунд зарцуулсанаа Д.С өөрөө сайн мэдэж байгаа. Эрдэнэт хүнс ХК-ийн талхан цехийн барилгыг 2013 оны намраас эхлэн засварлаж 100м2 талбай бүхий агуулахын зориулалттайгаар өөрчилж МСS ХХК-н агуулахыг оруулсан. Уг засварын ажилд их хэмжээний мөнгө орсон бөгөөд байн байн намайг мөнгө олох хэрэгтэй байна гэж шаарддаг байсан. Д.Сад өөрт нь хүмүүс мөнгө зээлдэггүй, өр зээл ихтэй гэж хүмүүс андахгүй мэддэг байсан учир намайг мөнгө ол гэдэг байсан. Би өөрийн ах дүүс, найз нөхдөөс мөнгө авч уг барилгын засварыг дуусгасан. Удаа ч үгүй бид хамтран амьдрахаа больсон зээл төлөгдөөгүй байсан учир би зээлийг хааж, үлдсэн мөнгийг би Д.С намайг зодсон эмчилгээний зардалд хэрэглэсэн. Одоо энэ хадгаламж Д.Сын гарын үсэг байхгүй болохоор бүрэн хаагдаагүй байгаа юм. Д.С энэ хүүхдийн хадгаламжийн мөнгийг өөрөө авчихаад одоо банк болон надаас нэхэмжилж байгаа нь биднийг залилж мөнгө авах гэсэн хүсэл шуналаас нь болж байна. Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай захирамжаар Д.С бид хоёрын хөрөнгийн асуудал шийдэгдсэн боловч Д.С нь 2 жил өнгөрч байхад төлбөрөө дуусаагүй байгаа. Энэ нэхэмжлэл нь уг төлөх ёстой мөнгөнөөс багасгах арга зальных нь нэг хэсэг болж байгаа юм. 2014 оны 5 дугаар сараас хойш 2 охин минь миний асрамжинд байгаа бөгөөд Д.Сын зүгээс ямар нэг тусламж дэмжлэггүй өдийг хүрсэн. Охин Тэмүүлэнгийн нэр дээр байгаа хадгаламжийн талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд өөрөө мөнгийг нь авчихаад одоо надаас мөнгө нэхэмжилээд байгааг нь ойлгохгүй байна. Бидний эвлэрлийн гэрээнд ч үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаан гаргахгүй гэж заасан байхад энэ нэхэмжлэл нь уг заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Өөрөө барьцаанд тавьж мөнгийг нь авч хэрэглэчихээд ийм нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд Д.Сын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Эы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгор шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.С нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэх боловч энэ нь өмнө гаргасан нэхэмжлэлтэй утга агуулгын хувьд ижил ба 4 гэрээг тус тусд нь дурджээ. Уг гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын хувьд хийгдсэн, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэсгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч ХХБны төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Д.С, М.Э нар нь тус банкинд өөрсдийн охин болох С.Тэмүүлэнгийн нэр дээр хүүхдийн хадгаламжийн данс нээлгэх хүсэлтийг, тухайн өдрөө /2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр/ С.Тэмүүлэнг төлөөлж М.Э 407235135 тоот Хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар Тэмүүлэнг төлөөлж түүний хууль ёсны төлөөлөгч болох М.Э нь 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус тус нийт 4 /дөрөв/-н удаа тус банкнаас хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл авсан байна. Учир нь уг хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл авах үед С.Тэмүүлэн нь Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн чадамжгүй байсан. М.Э нь Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт Иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч /хэлцэл хийнэ гэж заасны дагуу өөрийн охин болох С.Тэмүүлэнг /зээл авах үед С.Тэмүүлэн нь 5, 6 настай байсан/ төлөөлөн хадгаламж барьцаалсан зээлийг тус банкнаас авсан. Дээр дурдсан М.Эы банктай байгуулсан Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй. Тодруулбал 56.1.8 дахь заалтад хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл ... хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй байна. Г.Тэмүүлэнгийн хууль ёсны төлөөлөгч болох М.Э нь манай банктай Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан. Жич: 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр М.Э болон Д.С нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээний 1.3.2, 2.3.2 дахь заалтуудад хүүхдүүд болох С.Тэмүүлэн, С.Сэргэлэн нарын бүх эд хогшил буюу эд хөрөнгийг /мөнгөн хадгаламж/ өөрсдөд нь үлдэхээр гэрээнд тохиролцсон байна. Хоёр. Орхон аймаг дахь сум дундын 14 дүгээр шүүхээс М.Эы нэхэмжлэлтэй Д.С хариуцагчтай хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах иргэний хэргийг хянан хэлэлцэж 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай Зохигчдын эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамж гаргасан. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д ...“хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байна. Д.С нь хүүхдийн хадгаламжтай холбоотой асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Дээрхээс дүгнэж үзвэл Д.С болон М.Э нарын хоорондох эд хөрөнгө хуваах тухай хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул М.Эы банктай байгуулсан Мөнгөн хадгаламж барьцаалсан гэрээг хүчингүй болгуулахаар шаардаж буй Д.Сын нэхэмжлэлтэй дээрх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн өөрчилсөн шаардлага нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэлийн агуулгатай адил байх тул өмнө гаргасан тайлбараа дэмжиж байна гэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8,108 дугаар зүйлийн 108.4-д заасныг баримтлан М.Э, ХХБинд холбогдох 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2013/0007/000287/0120 тоот гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2013/0007/000287/0133 тоот гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2014/0007/000287/ 0081 тоот гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2014/0007/000287/0150 тоот гэрээнүүдээр М.Э болон ХХБны Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний барьцаатай холбоотой заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг ХХБинд даалгах тухай нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88.070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Сын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Сын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: 1. Анхан шатны шүүхээс ХХБинд Мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу охин Тэмүүлэнгийн нэр дээрх 407235135 дугаартай дансыг анх нэхэмжлэгч Д.С нь нээж, уг дансны хамтран эзэмшигчээр охины ээж М.Эыг бүртгүүлсэн гэж дүгнэсэн байдаг. Энэхүү харилцаа нь нэг талаас мөнгө хадгалуулагч Д.С, охин Тэмүүлэн, хамтран эзэмшигч М.Э нар болон нөгөө талаас ХХБны Орхон салбарын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйл, Банк зээлийн эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4-р зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна. Гэтэл анхан шатны шүүх “Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.3 дахь заалтуудыг үндэслэн... Тодруулбал: ХХБны 407235135 дугаартай дансны эзэмшигч С.Тэмүүлэнгийн хамтран эзэмшигч нь Д.С, М.Э нар бөгөөд тухайн дансны хамтран эзэмшигч нь үндсэн эзэмшигчтэй адил эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн болох нь хамтран эзэмшигч бүртгүүлэх, өөрчлөх хүсэлтээр тогтоогдож байна’' гэж үндэслэсэн нь шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Учир нь шүүхээс С.Тэмүүлэнгийн хамтран эзэмшигч нь Д.С, М.Э нар бөгөөд тухайн дансны хамтран эзэмшигч нь үндсэн эзэмшигчтэй адил эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн байна хэмээн эх М.Эы бусадтайгаа хамтран эзэмшиж байгаа хөрөнгө болох уг хадгаламжийг захиран зарцуулсан үйлдлийг зөвтгөж охин С.Тэмүүлэн болон эцэг Д.С нарын өмчлөх эрхэнд халдсан байна. Эх М.Э нь охин С.Тэмүүлэнгээс уг хадгаламжийг барьцаалж зээл авах тухай зөвшөөрөл авахгүй ч хамтран эзэмшигч болох Д.Саас зөвшөөрөл авч уг зөвшөөрлийн үндсэн дээр хадгаламж барьцаалсан зээл авах эрхээ эдлэх нь иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх ашиг сонирхолын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно” гэж заасан ба Хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний 2.13-д зааснаар хамтран эзэмшигч зарлагын гүйлгээ хийх, хадгаламжийг барьцаалан зээл авах эрхтэй ба 4.1.4-д зааснаар хадгалуулагч, хамтран эзэмшигч нар хадгаламжийг дундаа хамтран өмчлөх, итгэмжлэл олгох эрхтэй байх тул хадгаламжийг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулж хохирол учруулсан байгаад давж заалдах шүүхээс дүгнэлт хийхгүй орхигдуулж нэхэмжлэгч Д.Сын давж заалдсан гомдолдоо дурдсан үндэслэлүүд нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглээгүй байна гэж алдаа бүхий дүгнэлт хийсэн байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4, хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний 2.13-д зааснаар хамтран эзэмшигч зарлагын гүйлгээ хийх, хадгаламжийг барьцаалан зээл авах эрхтэй, 4.1.4, 7.1, 7.2-д заасан зохицуулалтыг үндэслэхдээ М.Эыг дангаараа буюу бусад хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж болохоор буруу тайлбарлаж хэрэглэсэн. Дундаа хамтран өмчлөгч нь бусад бүх этгээдийн зөвшөөрлийг авсан тохиолдолд л өмчлөлийн зүйл болох мөнгөн хадгаламжийг дангаар захиран зарцуулахтай холбоотой бусад эрхийг эдлэх эрхтэй болно. Гэтэл маргаан бүхий зээлийн гэрээнүүдийн хувьд эх М.Э нь эрх зүйн бүрэн чадамжгүй охиноосоо зөвшөөрөл авахгүй ч хамтран өмчлөгч Д.Саас зөвшөөрөл авсны үндсэн дээр мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан эрхийг дангаараа эдлэх боломжтой байсан боловч зөвшөөрөл аваагүй юм. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлыг зарчим нь хуульд заасан тухай бүрт нь заавал зөвшөөрөл авах үүргээс урьдчилан чөлөөлдөггүй тул ийнхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэл муутай байна. Мөн тус зээлийн гэрээний 4.14-т зааснаар итгэмжлэл олгогдоогүй байхад анхан шатны шүүхээс 7.1-д зээлдэгч нь мөнгөн хадгаламжаа барьцаалан зээл авах талаар мөнгөн хадгаламжийн хамтран өмчлөгч /эзэмшигч/-өөсөө зөвшөөрөл авсан гэдгээ үүгээр банкинд баталж байна, 7.2-д энэ гэрээний 7.1-д заасны дагуу зээлдэгч нь зээлийн барьцаанд барьцаалуулж буй мөнгөн хадгаламжийнхаа хамтран өмчлөгч /эзэмшигч/-өөс зөвшөөрөл аваагүйгээс банкинд хохирол учирвал хохирлыг бүрэн барагдуулахаа үүгээр баталж байна гэж тус тус үүрэг хүлээж баталгаа гаргасан байх тул нэхэмжлэгч Д.Сын зөвшөөрөлгүй 4 удаагийн зээл авсан гэх хариуцагч М.Эд хадгаламж барьцаалсан зээл олгосон банкны үйл ажиллагааг буруутгах боломжгүй байна гэж шийдвэртээ үндэслэсэн нь үндэслэлгүй юм. Тус гэрээний тал болох банк нь маргаан бүхий гэрээг байгуулж зээл олгохдоо уг мөнгөн хадгаламжийн хамтран эзэмшигч нарыг бүрэн тогтоолгүй зөвхөн эх М.Эыг охин С.Тэмүүлэнгээс зөвшөөрөл авах шаардлагагүйг үндэслэн зээлийг олгож хамтран эзэмшигч Д.Сын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан. Гэтэл Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.3 дахь заалтуудыг үндэслэн охиныхоо өмнөөс эцэг Д.С нь бас хэлцэл хийх эрхтэй юм. Нэгэнт охиныхоо нэрийн өмнөөс эцэг Д.С болон эх М.Э нар нь хэлцэл хийх эрхтэй учраас тэдний хоорондын харилцан зөвшөөрлийг үндэслэж маргаан бүхий зээлийн гэрээг байгуулахаар байсан тул Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн холбогдох заалтууд, Банк зээлийн эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хадгалагч /банк/-ийн үүргээ зөрчсөн гэж үзэхгүйгээр шууд гэрээний заалтыг хариуцагч нарт ашигтайгаар тайлбарлан шийдвэрлэж байгаа нь хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэсэнг илтгэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн зарим дүгнэлтээс үзвэл Д.С намайг хамтран өмчлөгч мөн гэх утгатай дүгнэлтийг хийсэн атлаа миний зөвшөөрөл өгсөн тухай нотлох баримт, итгэмжлэл, миний байгуулсан гэрээ, гэрээний хавсралт байхгүй байтал ийнхүү үндэслэх хэсгийн дүгнэлтээсээ огт өөр агуулга бүхий шийдвэрийг тогтоох хэсэгтээ хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

           Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч М.Э, ХХБинд холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 29, 2013 оны 09 дүгээр сарын 18, 2014 оны 04 дүгээр сарын 16, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн нийт 4 зээлийн гэрээний мөнгөн хадгаламж барьцаалсан заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хадгаламжийн дансанд мөнгийг буцаан байршуулж, хадгаламжийн хүү тооцохыг даалгах нэхэмжлэл гаргасныг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

          Нэхэмжлэгч “..шүүх нотлох баримтыг бодитой үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хамтран эзэмшигчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан” гэж нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн гомдлыг гаргажээ.

 

          Нэхэмжлэгч нь насанд хүрээгүй, охин С.Тэмүүлэнгийн нэр дээр мөнгөн хадгаламжийн данс нээж, М.Эы хамт, хамтран эзэмшигч нь байсан бөгөөд М.Э өөрөөс нь зөвшөөрөл авахгүйгээр хадгаламжийг барьцаалж банкнаас удаа дараа зээл авсан, ХХБ хадгаламж барьцаалж, зээлийн гэрээ байгуулахдаа хамтран эзэмшигч болох миний зөвшөөрлийг аваагүй буруутай гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

 

          Д.С нь 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр охин С.Тэмүүлэнгийн нэр дээр хүүхдийн хадгаламжийн данс нээлгэх хүсэлтийг ХХБны Эрдэнэт салбарт гаргасан, ХХБны Эрдэнэт салбар болон М.Э нарын хооронд хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан, хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр Д.С, М.Э нар бүртгүүлсэн, уг дансанд Д.С 5.650.000 төгрөг, М.Э 600.000 төгрөг нийт 6.250.000 төгрөгний орлого хийсэн, М.Э уг хадгаламжийг барьцаалж 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 700.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1.900.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 970.000 төгрөгний зээлийг авсан бичгийн баримтууд хэрэгт авагджээ.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т зааснаар мөнгөн хадгаламжийн гэрээнд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, хадгалуулах мөнгөн хөрөнгийн дүн, хүү тооцох журам, мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлах нөхцөл, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн төлөө талуудын хүлээх хариуцлагыг заах бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2-т зааснаар банк хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх үүрэгтэй байна.

 

2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн мөнгөн хадгаламжийн гэрээний 2.14-д хамтран эзэмшигч нь хүүхдийн мөнгөн хадгаламжийг барьцаалан зээл авч болохыг заасан ба энэ талаар хадгаламжийн хамтран эзэмшигч Д.С, М.Э нар мэдсэн гэж үзнэ. Харин хадгаламжийг барьцаалж зээл авах тохиолдолд хамтран эзэмшигч нь нөгөө хамтран эзэмшигчээс зөвшөөрөл авах эсэхийг гэрээнд тодорхой заагаагүй байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно..” гэж заасан бөгөөд уг зохицуулалтын дагуу дундын өмчлөлийн зүйлийг шилжүүлэх захиран зарцуулахад хамтран өмчлөгч бие биенээсээ зөвшөөрөл авах журам мөнгөн хадгаламжийн хамтран эзэмшигч нарын хооронд байж болно.

 

Харин М.Э нь банктай хэд хэдэн удаа зээлийн гэрээ байгуулж, хадгаламжийг барьцаалахдаа хамтран эзэмшигч Д.Саас зөвшөөрөл авсан, түүнийг оролцуулсан баримт хэрэгт байхгүй боловч ийнхүү зээл авахыг Д.С мэдэж байсан, өөрөө зээл авахуулж байсан талаар М.Э тайлбар гаргасныг нэхэмжлэгч Д.С баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Иймд Д.Сыг зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлгүй, улмаар хадгаламжийг барьцаалсан зээлийн гэрээний тохиролцоог Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 338 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Сын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 88 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ТАНХИМЫНТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 

   ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА