Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-10-27
Дугаар 001/ХТ2017/01224
Хэргийн индекс 142/2016/01580/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Г.Н
Хариуцагч Ж.Ц, А.Б
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бэлэглэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Г.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/0506 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 130 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Н-ыннэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Ц, А.Б нарт холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, өмчлөх эрхийг сэргээх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Ж.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Наранцогт, хариуцагч Ж.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга С.Баяртуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Ннь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хүү А.Б нь 2013 онд Ж.Цтай хувийн дотно харилцаатай болж, 2013 оны 07 дугаар сард 05-нд тэдний дундаас охин Саран-Эрдэнэ төрж тэд хамтдаа амьдрах болсон. Нэгэнт хүү А.Б эхнэр хүүхэдтэй болж байгаа тул би Баатарзориг, Ж.Ц нарыг цаашдаа бат бэх гэр бүл болж амьдраасай гэж хүссэндээ Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-53 тоот 17,5 кв.м нэг өрөө орон сууцаа бэлэглэлийн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлэн 2014 оны 03 дугзар сарын 20-нд хүү А.Б, бэр Ж.Ц нарт шилжүүлсэн ба 2014 оны 04 сарын 01-нд А.Б, Б.Саран-Эрдэнэ, Ж.Ц нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Гэтэл 2014 оны 06 дугаар сард Ж.Ц таарч тохирохгүй боллоо гээд аав нь ах дүү нартай нь ирээд өөрийн гэсэн юмыг нь аваад явсан байв. Би үүнээс хойш Ж.Цг охинтойгоо буцаад ирэх байх гэж хоёр жил харсан. Энэ хугацаанд эргэж ирэхийг Ж.Цгаас гуйж очиж, хүүхдийн төрсөн өдрөөр ч очиж байсан. Гэтэл 2016 оны 5 сард Ж.Цгийн аав Жаргалсайхан манайд ирээд энэ хоёр хүүхэд цаашид амьдрахгүй боллоо. Хүүхдийг нь би өөрийн нэр дээрээ болгож авмаар байна. Баатарзоригоос зөвшөөрсөн бичиг авах хэрэгтэй, бас охины гэрчилгээг хаясан тул дахин гэрчилгээ авмаар байна гэсэн. Тэгэхээр нь би хөөцөлдөж охины гэрчилгээг шинээр авч өгсөн. Ингээд би тэд амьдрахгүй бол байраа буцааж авъя гэхэд хүүхэд 18 нас хүртэл тэр талаар ярихгүй гэж хэлсэн. Ингээд хүү А.Б, бэр Ж.Ц нар нь айл болон гэрлэж амьдрах нь гэсэн итгэл байхгүй болсон ба тэд ч аль хэдийнээ миний байрнаас гарч тус тусын ажил, амьдралаа хөөх болсон. Миний бие нь хүү, охин хоёртой бөгөөд нөхөр Алтанбасан 2001 онд нас барсан, охин минь 2016 оны зун өвчнөөр нас барсан, би сахарын диабетээр өвчилж байнга эмчилгээ, асаргаа хийлгэж байдаг болно. А.Б, Ж.Ц нар нь гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд намайг орон сууцаа бэлэглэснээс хойш ердөө хоёр сарын дараа хоёр тийшээ болж миний бэлэглэлийн зорилгыг зөрчиж бэлэглэгч намайг гомдоосон тул Г.Нминий Ж.Ц, А.Б нартай 2014 оны 03 дугаар сарын 20-нд хийсэн /мөн өдөр нотариат гэрчилсэн/ бэлэглэлийн гэрээний 6 дахь заалт, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар хүчингүйд тооцон, мөн хуулийн 280.2-т зааснаар А.Б, Б.Саран-Эрдэнэ, Ж.Ц нарт 2014 оны 04 дүгээр сарын 01-нд олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2101007429 тоот дугааргтай 000231162 бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгож Г.Нминий өмчлөх эрхийг сэргээж өгнө үү. Б.Саран-Эрдэнийн хувьд өмчлөх эрхийн гэрчилгээнд нэр нь бичигдсэн ч бэлэглэл хийгдэх үед 9 сартай, одоо 3 нас 8 сартай тул түүний эрх, үүргийг асран хамгаалагч, харгалзан дэмжих, тэжээн тэтгэх үүрэгтэй, Ж.Ц, А.Б нар нь эрх үүргийг нь хэрэгжүүлэх тул бага насны хүүхэд бэлэглэгчийг гомдоосон, үгүй тухай болон өв залгамжлалын тухай асуудал яригдахгүй болно. Би бэр Ж.Цгаа А.Бтой эргээд амьдраач гэж хэд хэдэн удаа гуйж очсон, би дандаа очдог байсан. Бэртэйгээ би муудалцдаггүй, очихоороо бэрийгээ үнсчээд л явдаг байсан. Ингээд би эд нарыг хараад, гуйгаад эргээд нийлэхгүй болохоор нь шүүхэд хандсан юм...гэжээ.

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Галсангийн Наранцогт нь миний ээж юм. Миний бие А.Б нь Ж.Цтай танилцан үерхэж 2013 онд гэр бүл болохоор тохиролцон манайд ирсэн. Бидний дундаас 2013 оны 07 сарын 05-нд охин Саран-Эрдэнэ төрсөн. Ингээд биднийг хамт амьдрах болсон, үр хуухэдтэй болсон, цаашид биеэ даагаад сайн сайхан амьдраарай гэж ээж Г.Нөөрийн өмчлөлд байсан Согтоот багийн 6-18-53 тоот 17.5 кв.м нэг өрөө орон сууцыг бид гуравт 2014 оны 3 дугаар сарын 20-нд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн. Энэ үед энэ байранд Ж.Ц, охин Саран-Эрдэнэ бид гурав амьдарч байсан. Гэтэл Ж.Ц бид хоёр ялихгүй зүйлээс маргалдах бүрт Ж.Ц аавынх руугаа гүйж явдаг байсан ба 2014 оны 06 дугаар сард аав нь ах дүү нартай нь ирж Ж.Цгийн хувцас хунар, өөрийн авч ирсэн байсан унтлагын бүрэн тавилга, ор дэр, гал зуухны хэрэгсэл зэрэг өөрт хамаарах бүх зүйлээ авч явсан бөгөөд үүнээс хойш би хоёр ч удаа эвлэрэхээр очсон боловч аав Жаргалсайхантай нь болон Ж.Цтай хэл үгээ ололцож чадаагүй тул холбоо харилцаа тасарсан. Одоо үүнээс хойш 2 жил өнгөрч тэрээр одоо өөр амьдрал зохиосон. Ж.Ц надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах өргөдлөө шүүхэд мөн өгөөд байгаа. Миний ээж Г.Ннасны тэтгэвэртээ гарсан, сахарын диабит өвчтэй байнгын эмчилгээ асаргаа хийлгэж, гэр хороололд амьдарч байна. Нэгэнт Ж.Ц бид хоёрыг үр хүүхдээ өсгөн сайн сайхан амьдраарай гэж байраа бэлэглэсэн зорилгыг нь хангаж чадаагүй тул орон сууцаа буцаан авахаар гаргасан ээж Г.Н-ыннэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Ж.Ц бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй тул орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болоогүй болно гэжээ.

Хариуцагч Ж.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Ж.Ц нь А.Бтой 2011 онд танилцаж, гэр бүл болж хамтран амьдарсан. 2013 оны 07 сарын 05-нд охин Б.Саран-Эрдэнэ төрсөн. Хамтран амьдрах хугацаанд өөр хүнтэй хий хардаж зодох болсон. Үүнээс болж толгойд гэмтэл авч, хамар муруйсан гэмтлүүд авсан. Энэ байдлыг тэвчиж хамтран амьдрах гэж хүссэн боловч хүчирхийлэх байдал зогсоогүй. Хамгийн сүүлд намайг хий хардаж зодож, гэрээсээ охин бид хоёрыг хөөж гаргаад дахин оруулаагүй. Гэрийн түлхүүр цоожийг өөрчилсөн. Ингээд арга буюу 2016 оны 05 сараас бүр мөсөн тусдаа охиныхоо хамт амьдрах болсон. Гэвч байдал өөрчлөгдөөгүй. Сүүлдээ хадам ээж оролцож бидний зөв бурууг шүүж хүүгээ өмөөрөх болсон. А.Бийн намайг зодож байгаа байдлыг болон бусад асуудлын талаарх бидний харьцааг улам хурцатгах болсон. Гэтэл намайг Г.Ннь бүхий л асуудалд буруутгаж байна. Өнөөдөр хүртэл охиноо тэврээд ахындаа хоног төрүүлж явааг мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Хүү А.Бт нь хүртэл намайг өөр хүнтэй, өөрөө явсан мэт хэлж бичиж байна. Хэргийн бодит байдлыг эхнээс нь би үнэнээр нь хэлсэн. Эд хөрөнгөө буцаан авахын тулд худал гүжирдсэн зүйл бичжээ гэж би ойлгохоор байна. Үнэн гэвэл намайг гудамжинд хөөж гаргаад түлхүүрээ аваад явсан хүүгээ буруутгаж байсан ээж өнөөдөр эд хөрөнгөөс болж ааш араншингаа өөрчилсөн зүйл бичиж байгаа нь анхнаасаа хүүгийнхээ хүчирхийлж, хөөж явуулж байсныг дэмжиж байжээ гэж бодоход хүрч байна. Гэртээ хэд хэдэн удаа очих гэхэд хаалгаа тайлж өгөхгүй байснаар барахгүй дахин өөр эмэгтэйтэй амьдарч байсан. Энэ байдлыг Г.Ннь мэдэж байгаа бөгөөд нэгэнт миний гэр гэж гэрт оруулахгүй өдий хүрсэн атлаа намайг орхиод явсан мэт хэлнэ чинээ санаж явсангүй. Г.Наранцогт, Баатарзориг нэг урт шар үстэй 30 орчим насны эмэгтэйтэй, Далх-Очир нар нь 4 үүлээ Уурхайчин соёлын ордонд хошин шогийн тоглолт үзээд явж байхтай нь 2016.06 сард анх тааралдсан бөгөөд Баатарзориг нь тухайн эмэгтэйтэй хөтөлцөж, тэврэлдээд олны нүдэн дээр хосууд гэдэг нь илтэд харагдаж байсан. Яагаад намайг гэртээ ч оруулахгүй байгаа юм бол гэж бодож явснаас надаас буцаан байраа авах арга хайж явна чинээ санасангүй. Гал голомтыг минь залгуулах үр хайрлаж охинтой болголоо гэж байрыг охин та нарт өгч байгаа шүү гэж хэлж охин Б.Саран-Эрдэнэ, Баатарзориг бид гуравт өгч бэлэглэж байсан. Баатарзориг хамт амьдрахгүй гээд намайг хөөгөөд явуулсан асуудалд хэдий болтол намайг буруутгах гэсэн юм бол, энэ бүгдийг найз нөхдүүд нь бүгд мэдэж байгаа. Намайг буруутгаж гомдоосон гэж үзэж элдэвлэж байхаар зүгээр би байраа авъя гээд учраа олно биз, юунд бүх юманд намайг буруутгаж байдаг юм бол, харин ч би үнэхээр гомдож байна, хайртай гэж гэр бүлийн амьдрал зохиож түүнийгээ хүү нь бусниулж байгааг хүлээн авч даван туулах гэж сэтгэл зүйн хүнд байдалд байгаа байдлыг үл ойшоож байгаа төдийгүй би хүн гомдоосон хүн болж байгаадаа үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Охин Саран-Эрдэнэд маань байр өглөө л гэнэ, авлаа л гэнэ миний охин Г.Н-ындураараа аашлах энэ аашинд чинь ямар буруутай гэж ингэж харьцаад байдаг юм бэ, зүгээр л нэр нь байранд бичигдсэн гэж би үзэхгүй байна. Гал голомтыг маань залгах үр гэж чин сэтгэлээсээ өгсөн бэлгээ одоо өгөөгүй ч юм шиг зүйл бичиж зүгээр л нэр нь гэрчилгээнд бичигдсэн мэт тайлбарлажээ. Миний охин Г.Наранцогтыг гомдоох зүйл хийгээгүй учир охинд бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Г.Н-ынтайлбартай танилцлаа. Түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. А.Б бид хоёр гэр бүлийн харилцаатай хамтын амьдралтай байсан бөгөөд гэр бүлийн харилцаа дуусгавар болж хамтран амьдруулахгүй гэсэн хүсэл А.Б болон Г.Ннарт байжээ гэж би дээрх нэхэмжлэлийг уншаад ойлголоо. А.Б нь намайг зодож гэрээсээ хөөсөн тул би гэртээ очиж чадахгүй байдалд хүрсэн. Ингээд А.Бийг гэр бүлийн амьдрал хүүхдийнхээ талаар цаашид яах талаар надтай уулзах байх гэж хүлээсэн ч уулзаагүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад надтай амьдрах хүсэлгүй байгаа юм байна гэж ойлгож хүүхдийн тэтгэвэр болон дундын өмчлөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэхээр шүүхэд 2016.11.21-нд хандлаа. А.Б бид хоёр хамт амьдарсан болохоор орон байр өгсөн агуулгатай нэхэмжлэл бичжээ. Г.Нбодит байдалд байрыг миний охин Б.Саран-Эрдэнэг хорвоод мэндэлж, ач охинтой боллоо гэж түүнд зориулж өөрийн нэр дээрх байрыг бэлэглэж байсан. Ингээд охин Саран-Эрдэнэ болон А.Б миний нэрийг оролцуулан байрны өмчлөлийг шилжүүлж байсан. Г.Ннь буцааж байраа авъя гэж надад хандаж байгаагүй атлаа хандаж байсан мэт нэхэмжлэл гаргажээ. Баатарзориг намайг зодож орон гэрээс хөөснөөс хойш ирж уулзаж байгаагүй. Харин миний аав учир байдлыг нь олох санаатай 1 удаа Г.Наранцогттой очиж уулзаж байсан, тэдний хооронд ямар яриа болсныг мэдэхгүй. Намайг зодож хөөснөөс хойш нэг удаа гэртээ очтол намайг дахин хөөсөн. Гэрт нь амьдарч байгаа бололтой чемодантай хувцас байсан бөгөөд мөн шкаф газарт тухайн эмэгтэйн эд зүйл байсан. Ингээд энэ байдлын талаар тодруултал хамаатны хүн байгаа чамд хамаагүй гэсэн. Надтай амьдрах хүсэлгүй би өөрийн эд зүйлээ авья гэсэн. Гэтэл өгөхгүй гэсэн. Ингээд өнөөдрийг хүртэл Баатарзориг ямар бодолтой байгааг нь мэдэхгүй байсан бөгөөд цаашид амьдрах эсэхээ ярилцах байх гэж бодож байсан. Гэтэл ээжийнх нь нэхэмжлэлтэй танилцаад амьдрахгүй юм байна гэж ойлголоо. Г.Н-ыннэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ж.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Ж.Цгийн хувьд Г.Нгуайг гомдоосон юм бол байхгүй. Харин хүү А.Б нь л гомдоосон гэж үзэж байна. Х.Баатарзориг нь Ж.Цг гэрээсээ хөөж явуулчаад өөр эмэгтэйтэй хамтран амьдарсан. Ж.Цгийн хувьд одоо ч А.Бт хайртай хэвээрээ байгаа. Ж.Ц бол хадам ээж Г.Наранцогтыгоо муулдаггүй, харин ч над дээр хэд хэдэн удаа гэртээ хариач гэж гуйж ирж байсан гэж хэлдэг. Энэ байрыг охин Б.Саран-Эрдэнэд өглөө гэж хэлээд өгч байсан. Б.Саран-Эрдэнэ болон Ж.Цгийн зүгээс Г.Наранцогтыг гомдоогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/0506 дугаар шийдвэрээр  Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-д заасныг баримтлан 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-18-53 тоот 1 өрөө орон сууцыг Г.Наранцогтод буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 130 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/0506 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ж.Цгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.06.13-ны өдрийн 130 тоот магадлалыг эс зөвшөөрч ИХШХШ тухай хуулийн 172 р зүлйийн 172.2.1 заасан үндэслэлээр хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргах нь

1.Бэлэглэлийн гэрээний гол зорилго гал голомт залгуулна гэсэн нөхцлөөр орон сууцаа нэхэмжлэгч бэлэглэсэн. Энэ тал дээр талууд маргаагүй. Үүнийг зөрчсөн гэх бэлэг хүлээн авагч Ж.Ц, Саран-Эрдэнэ нарын үйлдэл бэлэглэгчийг “ноцтой гомдоох үйлдэл” үү гэх асуудлыг шүүх анхаарч үзсэнгүй. Гал голомтыг залгуулна гэсэн зорилгоор бэлэглэгч орон сууцаа 3 хүнд өгсөн ба 3 бэлэглэгчийн хэн нь гомдоох үйлдэл буюу гал голомтыг нь залгуулах хүсэлтийг нь биелүүлээгүй байгааг шүүх анхаарч шийдвэрлээгүй атлаа Иргэний хуулийн 279 р зүйлийн 279.3 заасан үндэслэл байна гэж шийдвэрлэсэн. Бэлэглэгч хэлцэл хүчингүй болгох шаардлага гаргасныг шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.

2. Иргэний хуулийн 279 р зүйлийн 279.3 заалтыг хэрэглэсэн атлаа Иргэний хуулийн 280 р зүйлийн 280.1.1 заалтыг давхар баримталсан нь үндэслэлгүй.

3. Гал голомт залгуулна гэх бэлэглэгчийн хүсэл илэрхийлсэн бэлэглэлийн гэрээний агуулгыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн “Гал голомт” гэх ойлголтыг эцэг өвгийн үеэс улиран уламжилсан гэр оромж гэж үздэг ба үүнийг залгуулах эрхийг 3 хүнд олгосон байдаг. Дээрх байдлыг шүүхээс буруу тайлбарлан хэрэглэж, бэлэглэгчийг гомдоох үйлдэл гэж холбож үзэж байгаа байдал нь үндэслэлгүй. Гэр оромжийг залгах эрх авсан Саран-Эрдэнэ бэлэглэгчийг гомдоосон ямар ч үйлдэл хийгээгүй байхад түүний эрх ашгийг хохироосон гэж үзэж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шийдвэр гаргасан гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.05-ны өдрийн 142/ШШ2017/00506 тоот шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.06.13-ны өдрийн 130 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Ннь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-өндөр сумын 6-18-53 тоот 1 өрөө орон сууцыг хариуцагч Ж.Цгаас буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ “...бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг ноцтой гомдоосон” гэж тодорхойлсон байна.

Шүүх Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-д заасныг баримтлан 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 1 өрөө орон сууцыг Г.Наранцогтод буцаан олгож шийдвэрлэжээ. Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс гадна маргааны үйл баримтыг бүрэн тогтоогдсон эсэхийг анхаараагүй, зохигчид мэтгэлцэж чадаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгоно.

Г.Ннь 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Ж.Ц, ач охин Б.Саран-Эрдэнэ, хүү А.Бт нарт өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг хүү А.Б гэр бүл болж тусдаа гарч байгаа тул гал голомтоо залгуулах зорилгыг гэрээнд тусгаж, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлжээ. Шүүх бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д заасан тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээ гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болохыг заажээ. Өөрөөр хэлбэл гэрээний талууд болзол буюу зорилгоос хамаарч гэрээ хүчин төгөлдөр болох, биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзах талаар тохирч, энэ байдал гэрээний нөхцөл болсон байх учиртай байна. Гэтэл зохигчдын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээнд энэ талаар тохирсон эсэх нь тодорхой бус, гэрээнд “гэр бүл болох зорилго заавал биелэгдэх ёстой, энэ нөхцөл нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх эсэх” нөхцлийг заагаагүй байгааг шүүх анхаараагүй байна.

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодруулж, зохигчдын хооронд гэр бүл болж тусдаа гарч байгаа тул гал голомтоо залгуулах зорилгоор орон сууцаа бэлэглэсэн ердийн бэлэглэлийн гэрээ, эсвэл тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээний аль нь байгуулагдсныг тодруулж, дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...бэлэг хүлээн авагч ноцтой гомдоосон...” гэж тодорхойлсон байхад шүүх нэхэмжлэлийн үндэслэлээс гадуур тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээний үр дагаврыг шаардсан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүйгээс гадна хэрэв өөр үндэслэлийг дүгнэхэд хүрсэн бол зохигчдыг мэтгэлцүүлэх шаардлагатай болно.

Түүнчлэн шүүх бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзсэн атлаа хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т заасан зохицуулалтыг анхаараагүй байв.

Шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй байх ба хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэллээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/0506 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 130 дугаар  магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА