Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-26
Дугаар 001/хт2017/01276
Хэргийн индекс 101/2016/09159/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч "К" ХХК
Хариуцагч "Ж" ХХК, "Э" ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Тээвэрлэлт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“К” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/01264 дүгээр шийдвэр,

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1371 дүгээр магадлалтай,

            “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “Ж” ХХК, “Э” ХХК-д холбогдох

          Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт хариуцагч “Ж” ХХК-иас 62.092.950 төгрөг, хариуцагч “Э” ХХК-иас 80.832.350 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангарав, хариуцагчийн төлөөлөгч Д.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч “К” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангаравын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч “Ж” ХХК-ийн хувьд ”К Л” ХХК нь 2014, 2015 онуудад “Ж” ХХК-ийн захиалгаар БНХАУ-аас тусгай зориулалтын хөргүүртэй 40 тонны чингэлгээр удаа дараалан нийт 25 чингэлэг гахайн махыг зөөж тээвэрлэсэн болно. Дээрх тээвэрлэлтийн тээврийн зардал болох нийт 41.395.300 төгрөгийг “Ж” ХХК-иас 2015, 2016 онуудад удаа дараа албан тоотоор болон утсаар, компанийн захирал болон нягтлан бодогч нартай биечлэн уулзаж нэхэмжлэн шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлж барагдуулаагүй болно. Иймд ачаа тээвэрлэлтийн үндсэн төлбөр болох 41.395.300 төгрөг, 2016 оны 01 сарын 01-ээс 2016 оны 09 сарын 30-ныг хүртэлх нийт 270 хоногийн 0.5 хувийн алданги болох 55.883.650 төгрөгөөс нэхэмжлэх үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх 20.697.650 төгрөгийг нэмж нийт 62.092.800 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468.450 төгрөгийн хамт хариуцагч “Ж” ХХК-аас гаргуулж өгнө үү. 

               Хариуцагч “Э” ХХК-ийн хувьд “К Л” ХХК нь 2014, 2015 онуудад “Э” ХХК-ийн захиалгаар БНХАУ-аас тусгай зориулалтын хөргүүртэй 40 тонны чингэлгээр нийт 31 чингэлэг гахайн махыг зөөж тээвэрлэсэн болно. Дээрх тээвэрлэлтийн тээврийн зардал болох нийт 53.310.700 төгрөгийг “Э” ХХК-иас 2015, 2016 онуудад удаа дараа албан тоотоор болон утсаар, компанийн захирал болон нягтлан бодогч нартай биечлэн уулзаж нэхэмжлэн шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлж барагдуулаагүй болно. Иймд ачаа тээвэрлэлтийн үндсэн төлбөр болох 53.310.700 төгрөг болон 2016 оны 01 сарын 01-нээс 2016 оны 09 сарын 30-ныг хүртэлх нийт 280 хоногийн 0.5 хувийн алданги тооцож алданги болох 74.634.980 төгрөгөөс нэхэмжлэх үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх 27.521.650 төгрөгийг нэмж нийт 80.832.350 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562.115 төгрөгийн хамт хариуцагч “Э” ХХК-иас гаргуулж өгнө үү. Энэ хоёр хэрэг нь хариуцагчийн хүсэлтээр нэгтгэгдсэн. Үндэслэл нь эгч дүү хоёрын компани юм. Тухайн үед тээвэрлэлт хийхдээ утсаар болон цахимаар захиалга өгдөг тул тэр болгон бичгээр гэрээ хийгээгүй, амаар яриад гэрээгээ хийдэг байсан. Хариуцагч нараас зарим төлбөрийг хийсэн тул нэхэмжлэл болон төмөр замаас ирүүлсэн баримтууд зөрж байгаа. Хариуцагчийн яриад байдаг хятадын компанийн талаар мэдэхгүй. Бид тээвэрлэхэд гарсан зардлаа нэхэмжилж байгаа болно гэжээ.

            Хариуцагч “Ж” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Манай компани 25 чингэлэг гахайн махыг зөөж тээвэрлэсэн мөнгийг  ”К” ХХК-д төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Дээрх гахай болон тахиан махыг манай компани БНХАУ-ын Гансу пингао ХХК-иас хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг бөгөөд бүтээгдэхүүн нийлүүлэгч компани нь ачааг БНХАУ-ын Эрээн хотод хүргэж, Эрээн хотоос тээвэр зуучийн “Жиадели” ХХК нь Улаанбаатар хот хүртэлх ачааны тээвэрлэлтийн асуудлыг хариуцдаг байсан бөгөөд ачааны мөнгийг манай компани “Жиадели” ХХК-ийн захирал CHENG JINGLI-д дансаар шилжүүлдэг байсан. Энэ тухай нотлох баримтыг хавсаргав. Уг ачаа тээвэрлэлтийн талаар манай компани “К” ХХК-тай харилцаа үүсээгүй. Харин Эрээн хотоос ачуулсан өөрийн ачааг “К” ХХК-иас хүлээн авдаг байсан. Ачаа хүлээн авах үед ачааны хөлсний талаар манай компанитай юу ч ярьдаггүй байсан. Нэхэмжлэл дээр дурдсан шиг ачааны мөнгөө төл гэсэн асуудлаар утсаар яриагүй, биечлэн уулзаагүй мөн нэхэмжлэгч компаниас төлбөр төл гэсэн 2015 оны 01 сарын 16-ны өдрийн №1/05, 2015 оны 07 сарын 04 өдрийн №1/26 тоот албан бичгийг хүлээн аваагүй болно. Иймд тус компанид холбогдуулан гаргасан “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч “Э” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Манай компани нь БНХАУ-ын Гансу Пингао фүүдс компаниас гахай болон тахианы мах оруулж ирдэг бөгөөд БНХАУ-ын эрээн хотын “Жиадели” компаниар ачаа тээвэрлэлтийг гүйцэтгүүлдэг байсан. БНХАУ-ын эрээн хотын “Жиадели” компани нь “К” ХХК-аар ачааг тээвэрлүүлдэг байсан. Ачаа гааль дээр ирэх үед манай компанид мэдэгдэж бид ачаагаа хүлээн авдаг байсан. Энэ үед ачаа тээвэрлэлтийн зардлыг “К” ХХК нь “Жиадели” ХХК-иас авдаг байсан учраас манай ачааг шууд хүлээлгэн өгдөг байсан. Манай компани “К” ХХК-иар ачаагаа тээвэрлүүлдэг байсан бол ачаа ирэх үед тээвэрлэлтийн зардлаа шаардаж, ачааг хүлээлгэн өгөхгүй байх эрхтэй шүү дээ. “К” ХХК нь 2015 болон 2016 онуудад “Э” ХХК-д ачаа тээвэрлэлтийн хөлс төлөх талаар нэхэмжлэл, албан тоот, мэдэгдэл өгч байсан гэж нэхэмжлэлд дурджээ. Манайд ачаа тээвэрлэлтийн зардал төл гэж нэг ч удаа албан тоот, мэдэгдэл ирүүлж мөн шаардаж байгаагүй. Нэг удаа ирж уулзахдаа “Жиадели” ХХК-ийн захирал Чинг хаанаас олж уулзах талаар асуугаад явсан. Өмнө нь “Жиадели” ХХК-иас ачаа тээвэрлэлтийн зардлыг “К” ХХК-ийн ажилтан н.Баярмаа гэгч хүн ирж авдаг байсан талаар Чин захирал ярьдаг. Манай компани нь ачаа тээвэрлэлтийнхээ хөлсийг бэлнээр болон дансаар БНХАУ-ын эрээн хотын “Жиадели” компанийн захирал Чинд өгдөг байсан. Манай компани Монгол Улсын Гаалийн хуульд заасны дагуу ямар бараа оруулж ирүүлснийг гаалийн байгууллагад мэдүүлсэн, мэдүүлсэн бараагаа “К” ХХК-иас хүлээн авсан үйлдлийг тээвэрлүүлсэн ажил гүйцэтгэсэн ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Иймд “Э” ХХК нь “К” ХХК-иар ачаа тээвэрлүүлсэн этгээд биш тул ажил гүйцэтгэх ачаа тээвэрлэлтийн үүрэг гэх 80.832.350 төгрөг өгөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

             Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/01264 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хариуцагч “Ж” ХХК-иас 29.415.700 төгрөг, хариуцагч “Э” ХХК-иас 29.463.300 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84.046.300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.031.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас 305.028 төгрөг, хариуцагч “Э” ХХК-иас 305.266 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1371 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/01264 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК-иас 24.886.200 төгрөг, хариуцагч “Э” ХХК-иас 22.568.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул үлдэх 95.471.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.031.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг ... нэхэмжлэгчийн шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.031.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 305.028 төгрөг гэснийг, 282.381 төгрөг гэж, 305.266 төгрөг гэснийг 270.790 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Хариуцагч “Ж” ХХК, “Э” ХХК-иудын хяналтын журмаар гаргасан гомдолд: БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/01264 тоот шийдвэр ИХШХШТХуулийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. “Тээвэрлэлтийн гэрээг бичгээр байгуулаагүй байх бөгөөд тээвэрлэлтийн хөлсний талаар тохиролцсоныг нотлох баримт авагдаагүй болно. Гэвч дор дурдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг гэх баримтад хариуцагч компани тус бүрийн нэрээр гахайн мах гаалиас авсан чингэлгийн дугаар бичигдсэн, уг дугаар бүхий чингэлгүүдийг нэхэмжлэгч компани хүлээн авч, зардал төлсөн гэх баримтуудаас үзэхэд хариуцагч нар нэхэмжлэгчээр бараа тээвэрлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Харин Толгойт өртөөнөөс Замын-Үүд рүү хоосон чингэлэг тээвэрлэсэн тухай Б0560708, Б0608881, 50628319, 0662314, Б0560708, Б0560710, Б0560712, Б0560711,Б0560864, Б0560866, Б0608068, Б0608074, Б05604018, Б0628055, БО50628056, 0662314, Б0628139, 50628138 тоот падаануудад заагдсан мөнгөн төлбөрийг хариуцагч нар төлөх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар төлөх үүрэг хүлээсэн болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүй болно” гэж магадлалын хянах хэсэгт дүгнээд 101/ШШ2017/01264 тоот шийдвэрийн тогтоох хэсгийг “Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар” гэснийг “380 дугаар зүйлийн 380.1-т зааснаар” гэж, хариуцагч “Ж” ХХК-иас “29.415.700 төгрөг” гэснийг “24.886.200 төгрөг” гэж, хариуцагч “Э” ХХК-иас “29.463.300 төгрөг” гэснийг “22.568.000 төгрөг” гэж өөрчлөн найруулж, тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын эрх зүйн харилцааг тогтоохдоо зөвхөн нэг талыг барьж, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хууль бусаар бүрдүүлсэн нотлох баримт, хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэхгүйгээр, хариуцагч нарын гаалийн мэдүүлэгт дурдагдсан чингэлгийг “К” ХХКнь УБТЗ ХК-иар тээвэрлүүлж, уг чингэлгийн ачааг УБТЗ ХК-иас “К” ХХК хүлээн авсан баримтыг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд тээвэрлэлтийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль бүс юм. Хариуцагч “Ж” ХХК, “Э” ХХК нь БНХАУ-ын “Жиадели” ХХК-тай 2014 оны 03 сарын 04-ний өдөр тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Тээвэрлэлтийн гэрээ байгуулж, хоорондоо хамтран ажиллаж, тээвэрлэгчийн ачааны тээвэрлэлтийн төлбөр тооцоог ХХБ-аар дамжуулан хийсэн нотлох баримт мөн “Жиадели” ХХК-ийн тодорхойлолт зэргээр “Жиадели” ХХК-тай “Ж” ХХК, “Э” ХХК тээвэрлэлтийн гэрээний харилцаатай байсан гэдгийг нотлох хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байхад шүүх уг нотлох баримтыг огт үнэлээгүй.

            “Ж”, “Э” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр оруулж ирдэг гахай, тахиан махыг Гаалийн тухай хуульд заасны дагуу мэдүүлсэн. Гаалийн мэдүүлэг дээр дурдагдсан чингэлгийн дугаар бүхий чингэлэгтэй ачааг УБТЗ ХК-иар “К” ХХК нь тээвэрлүүлж, уг ачааг “К” ХХК нь хүлээн авдаг байсан. Ачаа ирэх үед манай компаниудад “К” ХХК мэдэгдэж, үүний дагуу ачаагаа хүлээн авдаг байсан. Ачаагаа авахдаа ачааны төлбөрийг “Жиадали” ХХК-д төлсөн байдаг учир бид гааль дээрх зардлаа төлөөд ачаагаа шууд авдаг байсан. Ачаа авах үед “К” ХХК нь гааль дээрх зардлыг төлүүлээд л тооцоо дууссан гээд  ачаа өгдөг байсан. Хэрвээ ачаа авах үед ачааны мөнгийг аваагүй бол хуульд зааснаар “К” ХХК нь ачааг бүрэн барьцаалах эрхтэй. Тэгээд ч манай ачааг ямар ч хөлс авалгүйгээр 2 жил гаруй тээвэрлэх боломжгүй. Бизнес бол ямар нэг хэмжээгээр ашиг хардаг. Ямар ч компани өрөнд орон орон бизнес хийхгүй. Манай компаниуд ачааны бүх зардал хөлсийг “Жиадали” ХХК өгсөн. Төлбөр тооцоогүй баримтыг өгсөн болно. Шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй ачааны мөнгийг хангаж шийдвэрлэсэн. “Э” ХХК-ийн 2015 оны 10 сарын 26-ны өдрийн 02-2091008-15-131513К гаалийн мэдүүлэгтэй, СВН11296555-5 чингэлгийн мөнгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус юм. “К” ХХК нь “Ж” ХХК, “Э” ХХК хооронд тээвэрлэлтийн харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт “тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч ...ачаа тээшийг тогтоосон газарт хүргэх, тээвэрлүүлэгч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ” гэжээ. Хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй, Иргэний хуулийн 380.1 дэх хэсэгт заасан гол нөхцөл болох ачаа тээвэрлүүлэх хөлсний талаар тохиролцоогүй, хариуцагч нар төлөх үүрэгтэй гэдгийг нэхэмжлэгч нотолж чадаагүй. Иймд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1371 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч “К” ХХК нь тээвэрлэлтийн гэрээний үүрэгт хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан үндсэн төлбөр 41.395.300 төгрөг, алданги 20.697.650 төгрөг, нийт 62.092.950 төгрөг, хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан үндсэн төлбөр 53.310.700 төгрөг, алданги 27.521.650 төгрөг, нийт 80.832.350 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

           Хариуцагч “Ж” ХХК болон “Э” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч компаниар тээвэрлэлт хийлгэж байгаагүй, харин БНХАУ-ын Эрээн хотын “Жиадели” компаниар ачаа тээвэрлэлтийг гүйцэтгүүлдэг байсан, нэхэмжлэгч компаниар ачаа тээвэрлүүлдэг байсан бол ачаа ирэх үед тээвэрлэлтийн зардлаа шаардаж, ачааг хүлээлгэн өгөхгүй байх эрхтэй, ачаа тээвэрлэлтийн зардал төл гэж нэг ч удаа албан тоот, мэдэгдэл ирүүлж байгаагүй гэж маргажээ.

          Талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч тухайн баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хилээр нэвтрүүлэх барааны гаалийн мэдүүлэгт хариуцагч компани тус бүрийн нэрээр гахайн махыг гаалиас хүлээн авсан чингэлгийн дугаар бичигдсэн, уг дугаар бүхий чингэлгүүдийг нэхэмжлэгч компани хүлээн авч, зардал төлсөн гэх баримтуудаас үзэхэд хариуцагч нар нь нэхэмжлэгчээр бараа тээвэрлүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн хөлсийг хариуцагч тус бүрээс шаардах эрхтэй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

        Нэхэмжлэгч нь хариуцагч “Ж” ХХК-ийн гаалийн хилээр нэвтрүүлсэн гахайн махыг Толгойт өртөөнөөс Замын Үүд өртөө хүртэл тээвэрлэж ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан гаалийн мэдүүлгүүд, падаануудаар, мөн дээрх чингэлгүүдийн тээврийн зардлыг төлж байсан нь холбогдох баримт, падаануудаар тогтоогдож байх тул “Ж” ХХК нь нийт 24.886.200 төгрөгийн тээврийн хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна. 

             Түүнчлэн “Э” ХХК-ийн  гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд, чингэлгүүдийн падаан зэрэг баримтыг давж заалдах шатны шүүх нэг бүрчлэн үнэлж, нэхэмжлэгч “К Л” ХХК нь хариуцагч “Э” ХХК-ийн барааг Замын-Үүд өртөөнөөс Толгойт өртөө хүртэл Улаанбаатар төмөр замаар тээвэрлүүлж байсан,  хариуцагч “Э” ХХК нь 1.160.000 төгрөг төлсөн тухай 05711678, 520.100 төгрөг төлсөн тухай Б0628055 /хх.I-217/, 1.208.300 төгрөг төлсөн тухай 0624796, 1.208.300 төгрөг төлсөн тухай 0627794 /хх.I-221/, 506.700 төгрөг төлсөн тухай 0662314 /хх.I-222/, 1.208.300 төлсөн тухай 0627797 /хх.I-223/, 1.208.300 төгрөг төлсөн тухай 0627795 /хх.I-224/, 1.207.500 төгрөг төлсөн тухай 0626395 /хх.I-239, 1.208.300 төгрөг төлсөн тухай 0649482 /хх.I-245/, 1.208.300 төгрөг төлсөн тухай 0649480/ хх.I-246/, 1.208.300 төгрөг төлсөн тухай 0648968 /хх.I-247/, 1.208.300 төгрөг төлсөн тухай 0648969 /хх.I-248/ дугаар падаанд заасан мөнгийг хариуцагч компанид төлөх ёстой, эсхүл хариуцагчийн төлөх ёстой мөнгийг нэхэмжлэгч төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байх тул ”Э” ХХК нь 22.568.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

             Дээрх байдлаас үзэхэд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээр нэхэмжлэгчийг тээвэрлүүлсэн падааны дугаар, тээвэрлүүлсэн чингэлгээр гахайн мах тээвэрлэсэн байдал нь тухайн үед хариуцагч “Ж” ХХК болон “Э” ХХК-иудын хүлээж авсан бараатай он, сар, өдөр чингэлэг доторх ачаа тохирч байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээр ачаа тээвэрлүүлсэнтэй холбоотой зардал, хөлсийг төлөх үүрэг үүссэн гэж үзнэ.

           Харин Толгойт өртөөнөөс Замын үүд өртөө рүү хоосон чингэлэг тээвэрлэсэн тухай БО560708 тоот падаан, БО608881 тоот падаан, БО628319 тоот падаан, 0662314 тоот падаануудаар заагдсан, БО560708 тоот падаан, БО560710 тоот падаан, БО560712 тоот падаан, БО560711 тоот падаан, БО560864 тоот падаан, БО560866, БО608068 тоот падаан, БО608074 тоот падаан, БО608882, БО5604018, БО628055, БО628056, 0662314, БО628139, БО628138 тоот падаануудад заагдсан мөнгөн төлбөрийг хариуцагч ”Ж” ХХК болон “Э” ХХК-иуд төлөх ёстой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч компаниудын гахайн махыг тээвэрлэж ирсэн чингэлгүүдийг буцаах зардлыг хариуцагч нар төлөх үүрэг хүлээсэн болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцжээ.

            Талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн анзын тухай зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэхдээ алдаа гаргаагүй байна. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.                                             

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1371 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч  “Ж” ХХК болон  “Э” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Хариуцагч “Ж” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.381 /хоёр зуун наян хоёр мянга, гурван зуун наян нэгэн/ төгрөг, хариуцагч “Э” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270.790 /хоёр зуун далан мянга, долоон зуун ерэн/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН