Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-26
Дугаар 001/хт2017/01277
Хэргийн индекс 153/2017/00121/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч Д
Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2017/00257 дугаар шийдвэр,

   Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар магадлалтай,

            Д-ийн нэхэмжлэлтэй,

            Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдох

          Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний Албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

        хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Нэхэмжлэгч Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 тоот тушаалаар нийтлэг үйлчилгээний албаны жолоочоор томилогдсон. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалаар Аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны А/50 тоот тушаалаар Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Би Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны 0003 ХОА дугаарын автомашины жолоочоор буюу аймгийн Засаг даргын орлогчийн жолоочоор ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15-д зааснаар миний ажлын байр нь байнгын ажлын байр төдийгүй, байнгын ажлын байрыг цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний Албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

           Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний алба маань Засаг даргын Тамгын газарт харъяалагддаг. Засаг даргын ажлын албаны цэвэрлэгээ, үйлчилгээ, халаалт, сантехник гэх мэт аж ахуйн үйл ажиллагаа хариуцдаг улсын төсвөөс санхүүждэг, төсөвт байгууллага юм. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар нийтлэг үйлчилгээний бүтцийг баталсан байсан. Нийт 32 орон тоотой байсан ба үүнээс жолоочийн орон тоо 8, үйлчлэгчийн орон тоо 8 гэж тогтоосон байдаг. Тухайн үеийн Нийтлэг үйлчилгээний албаны дарга нь жолооч 9, үйлчлэгч 10 ажиллуулж байсны улмаас хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн их хэмжээний өр үүссэн байгууллагыг хүлээж авсан. Төсвийн тухай хуульд заасан төсвийг үр ашигтай зарцуулна, төсвийг зохистой зарцуулж, өр төлбөр үүсгэхгүй ажиллуулах шаардлага тулгарсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаар 2016 оны 10 сарын 01-ний өдрийн байдлаар 14 сая төгрөг, 2016 оны 11 сарын 31-ний өдөр гэхэд 17 сая төгрөгийн өр үүсч явж байсан. Төсвийн тухай хуулиар анх төсөвлөөд ирсэн төсөв нь дуусаад өр үүссэн. Нэгэнт Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох, үүсээд байгаа өрийг нэмэгдүүлэхгүй байх шаардлага зайлшгүй тулгарсан. Тийм учраас Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар 36 байсан орон тоог 28 болгож багасгаад жолоочийн орон тоог 6, үйлчлэгчийн орон тоог 8 болгож баталж цалингийн санд багтаасан. Цалингийн санд багтаан байгууллагын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх шаардлагатай тул орон тоо цөөрсөн үндэслэлээр халагдаж байгаа 4 ажилтандаа хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар албан бичгээр орон тоо цөөрч байгаа учраас хөдөлмөрийн гэрээг цуцлахыг мэдэгдсэн мэдэгдлийг нэхэмжлэгч Д-т 12 сарын 07-ны өдөр гардуулсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу нийцэж байгаа. 1 сарын дараа буюу 2017 оны 01 сарын 11-ний өдрийн тушаалаар Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 2017 оны 1 сард багтааж олгосон. Энэ бүх үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.              

           Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2017/00257 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Д-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдох, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний Албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 128.1.5, 69.1, 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан Д-ийн хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдуулан гаргасан гомдлыг хангаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д-ийг тус албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 2.417.723 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны санхүүгээс гаргуулж Д-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5, 7.1.1, 7.1.2.-т заасныг баримтлан Д-ийнгомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны санхүүгээс 123.833 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, Д-ийн өмгөөлөгч Б.Батсүхийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргалаа.

        Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт “хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албыг татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа гаргаж өгөөгүй, цуглуулаагүй” гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй. Учир нь хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ нотлохоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтцийг баталсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/08 дугаар, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын 2016, 2017 оны цалингийн цэс, 2016 оны 09, 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл, мэдэгдлийг ажилтанд гардуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт гарган өгсөн. Эдгээр нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэхгүйгээр хариуцагчийг нотлох баримт гаргаж өгөөгүй гэж буруутган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй, эсхүл хэрэгт хамааралгүй гэж үзсэн бол энэ талаар үндэслэлээ магадлалдаа дурдалгүй орхигдуулсан. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл, уг тушаал гаргах процедур ажиллагааг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болохыг нотолсон баримтуудыг үнэлэхгүйгээр хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдолтой байна.

        Хоёр. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт “...8 жолоочийн орон тоог 6 болгон цөөрүүлэхдээ хэний орон тоог хасах вэ гэдэг нь ажил олгогчийн эрх мэдлийн асуудал юм гэдгээс өөрөөр нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй, ямар шалтгаанаар Д-ийг ажлаас чөлөөлсөн гэдгээ нотлоогүй...” гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т орон тоо цөөрүүлсэн буюу хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассан нь ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхаар тусгажээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар Нийтлэг үйлчилгээний албаны бүтцэд жолоочийн орон тоог 6 байхаар шинэчлэн тогтоосон. Ингэснээр жолоочийн ажлын байранд ажиллаж буй 9 ажилтнаас тогтоосон бүтцэд багтаан 3 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах шаардлага үүссэн тул Нийтлэг үйлчилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар албан бичгээр жолоочийн орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах мэдэгдлийг нэхэмжлэгч Д-т 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан.

          Улмаар Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан орон тоо цөөрсөн үндэслэлээр Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, жолоочийн ажлаас халсан нь хуулийн дээрх заалтад нийцсэн болно. Энэ тохиолдолд ажил олгогч аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба жолоочийн ажлын байрны орон тоо цөөрүүлсэн үндэслэл бий болсныг л шүүхэд нотлох үүрэгтэй болохоос давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан өөр байдлаар нотлох үүрэггүй юм. Учир нь ажилтны орон тоог цөөрүүлэхдээ баримтлах үндэслэл, шалтгааныг Хөдөлмөрийн тухай хуулиар тодорхойлж, ажил олгогчид үүрэг болгоогүй юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Ховд аймгийн Засаг даргын орлогчийн 0003 ХОА улсын дугаартай автомашин барьж байсан Д-ийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэдгээ нотлох үүрэгтэй” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэлээ. Учир нь хуулийн дээрх заалтад иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан үйл баримт огтхон ч байхгүй. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан орон тоо цөөрсөн үндэслэлээр нэхэмжлэгч Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Харин нэхэмжлэгч Д-ийн эрхэлж байсан жолоочийн ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарлаагүйг давж заалдах шатны шүүх ялгамжтай авч үзсэнгүй.

           Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2-т ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцлөөр хангах үүрэгтэйг тусгажээ. Нэхэмжлэгч Д нь аймгийн Засаг даргын орлогч хэрэглэдэг автомашиныг ажлын нөхцөл, хэрэгсэл болгон жолооддог ажилтан байсан. Ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх нөхцөл болсон тээврийн хэрэгсэл үгүй болоход ажлын байр нь хэвээр хадгалагдана. Харин ажилтны орон тоо цөөрсөн тохиодолд л ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрх зүйн үндэслэл үүсдэг Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад давж заалдах шатны шүүх буруу тайлбар хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлыг үгүйсгэсэнд гомдолтой байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд жолоочийн ажлын байрны орон тоо цөөрснөөс бус жолоочийн унадаг тээврийн хэрэгслийн тоо цөөрсөн үйл баримт болоогүй. Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2017/00257 дугаар шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

           Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

        Нэхэмжлэгч Д нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

         Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар Нийтлэг үйлчилгээний албаны бүтцийг батлахдаа орон тоог 28, үүнээс жолоочийн орон тоог 6, үйлчлэгчийн орон тоог 8 байхаар шинэчлэн тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

          Зохигчдын хооронд үүссэн маргаан нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүсэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалсан байна.

           Хавтаст хэргийн 37-46, 49-51 дэх талд авагдсан баримтууд зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад хамааралтай байх бөгөөд эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хэлбэрийн хувьд хангасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ. 

           Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан баримт нь хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтад хамаарахгүй. Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтуудыг “хуулбар үнэн” дардастайгаар хариуцагч байгуулллагаас гаргаж байгаа нь хуульд нийцээгүй байна.

        Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2017/00257 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН