Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-12
Дугаар 001/ХТ2017/01152
Хэргийн индекс 183/2016/00975/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Ч.Д
Хариуцагч “С М” ХХК, “М К” ХХК -иудад
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ч.Д гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00400 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1185 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ч.Д гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С М” ХХК, “М К” ХХК -иудад холбогдох,

Хоёр давхраас өндөргүй барилга барихыг даалгуулах тухай,  

“М К” ХХК-д холбогдох тус компаний 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах тухай  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Б.Билгүүн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Д миний бие “С М" ХХК-тай анх 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг Жапан таун хотхоны /Одоогийн Дөрвөн улирал цэцэрлэг/ С-1 байрны 311 тоот 139,94 мкв байрыг 119,190 ам.доллараар худалдаж авсан. Тухайн үед уг байрны урд ямар ч барилга баригдаагүй, эзгүй шахуу газар байсан. Энэхүү гэрээгээр манай авах орон сууц хамгийн урд эгнээнд 3 давхарт байрлаж байсан тул тухайн үеийн захиалга хийгдэж байсан бусад давхраас илүү үнэтэй байсан. Учир нь харагдах орчин маш сайхан, урагшаа Богд уулын байгалийн үзэсгэлэнг байнга харах боломжтой байсан. Мөн уг байрны урд зөвхөн хувийн орон сууцнууд баригдах төлөвлөгөөтэй учир танай цонхыг хаах, байгалийн сайхныг харахад саад болох өндөр байшин барилга баригдахгүй, дуу чимээ бага гэж тайлбарлан төлөвлөлт үзүүлсэн учраас энэхүү 3 давхарт орших байрыг тухайн үеийн зах зээлийн үнээс 2,5 дахин илүү үнэтэйгээр худалдаж авсан. Дээрх төлөвлөлтийг баталгаажуулж “Монгол Корпорейшн” ХХК болон С-1 байрны оршин суугчдыг төлөөлүүлэн надтай тус компаниас 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Санамж бичиг” байгуулсан. Уг санамж бичигт дурдснаар батлагдсан төлөвлөлтийн дагуу 2 давхар хаусууд С-1 байрны урд барина, өндөр байшин барихгүй гэсэн байдаг. Гэтэл үүргээ зөрчиж 2015 оноос манай С-1 байрны урд талд 370 айлын 6 давхар байрууд “багцаагаар 50 орчим метрийн зайтай газарт баригдаж эхэлсэн. Одоо барилга угсралтын ажил нь 2 давхартаа ороод явж байна. Хэрэв дээрх өндөр барилгууд баригдвал тухайн үед зах зээлийн үнээс илүү үнэ төлж байрыг худалдан авсны хэрэг гарахгүй болох нөхцөл үүсээд байна. Мөн С-1 байрны урдуур автозам төлөвлөлтөд байхгүй атлаа тавигдсан нь “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” Бнбд 30.01.04 –ийн 6 дугаар зүйлийн 6.13-т заасан заалтыг ноцтой зөрчиж орон сууцны байртай хэт ойртуулж барьснаас дуу чимээ ихтэй, цонх онгойлгох боломжгүй их шуугиантай болж байна. “С М" ХХК батлагдсан төлөвлөлт, анх байр худалдаалахдаа сурталчлан ухуулж байсан бүх зүйлсээ зөрчиж манай гэрийн байгалийн сайхныг харах үзэгдэх орчинг хязгаарлаж, тодорхой хэмжээгээр нар халхлан өндөр байшингууд барьж байгаа нь Хот байгуулалтын хууль, Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Орон сууц, олон нийтийн бүсэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх үндсэн шаардлагыг хангаж... холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу төлөвлөгдсөн орон сууц .. барилга байгууламж төлөвлөх бөгөөд амьдрах аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж болохуйц бусад барилга байгууламж төлөвлөхийг хориглоно”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.4, 12 дугаар зүйлийн 12.6, 16 дугаар зүйлийн 16.3, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгүүдэд заасан заалтуудыг ноцтой зөрчиж 2005 оноос барьж байсан төлөвлөлтийг оршин суугчдын саналыг авахгүйгээр өөрчилсөн. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг 4 улирлын цэцэрлэг С-1 байрны урд анх танилцуулж байсан төлөвлөлтийн дагуу 2 давхраас өндөргүй барилга барихыг “С М” ХХК болон барилга угсралтыг гүйцэтгэж байгаа “М К” ХХК-д даалгаж өгнө үү. Мөн “М К” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Хувьцаа эзэмшигч нар нь иргэн Ч.Дтай тус компаниас байгуулсан “Санамж бичиг”-ийг хүчингүй болгохоор 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шийдвэрлэсэн байна. Энэ тухай надад өмнө нь огт мэдэгдэж байгаагүй ба нэхэмжлэгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдлээ. Иймд тус компанийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хурлын тэмдэглэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “С М” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 6 давхар барилга нь манай компанийн захиалан бариулж буй барилга биш бөгөөд уг барилгыг “М К” ХХК захиалан бариулж байгаа. Иймд нэхэмжлэлийг “М К” ХХК-д хандан гаргах нь зүйтэй болов уу гэжээ.

Хариуцагч “М К” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Д нь 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “С МХХК-тай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “Жапан таун” хорооллын С-1 байрны 311 тоот байрыг худалдан авах гэрээг байгуулсан байна. Энэхүү гэрээний дагуу “С М” ХХК нь тухайн орон сууцыг гэрээний дагуу барьж гүйцэтгэн иргэн Ч.Дд хүлээлгэн өгч, акт үйлдсэн байдаг. “М К” ХХК нь “С М" ХХК-ийн эзэмшил газар дээр гэрээний дагуу барилга угсралтын ажлыг Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2015/535 дугаар Архитекторын төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 278/2015 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг үндэслэн тухайн газар дээр барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ нь иргэн Ч.Дгийн өмчлөх эрхэд саад учруулаагүй. Тухайн С-1 байрны урд талаар явсан нийтийн эзэмшлийн авто замын урд талд нэхэмжлэгчийн байрнаас 100 орчим метрийн зайтай баригдаж буй болно. Мөн Хот байгуулалтын тухай хуульд эрх бүхий байгууллага төлөвлөх, төлөвлөлтийг өөрчлөхөд оршин суугчдын саналыг заавал тусгахаар заагаагүй. Иймд оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр барилга барихаар төлөвлөсөн гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэлд дурьдсан 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “М К” ХХК, иргэн Ч.Д нарын хооронд байгуулсан санамж бичиг нь “Дөрвөн улирлын цэцэрлэг” төслийн авто замын урд талд шинээр барьж буй орон сууцны хорооллыг барих явцад нэг талаар С-1, С-2, С-3 байрны урд зүг рүү харсан орон сууцанд амьдрах сууц өмчлөгчдийн амьдрах эрхийг зөрчихгүй байх, нөгөө талаар хорооллын барилгын үйл ажиллагаанд сууц өмчлөгчдийн зүгээс саад учруулахгүй байх зорилго бүхий санамж бичиг байдаг. Энэхүү санамж бичгийг тухайн үеийн гүйцэтгэх захирал Ц.Буянцогтоо нь хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг авалгүйгээр хэлцэл хийсэн бөгөөд өөртэй нь байгуулсан Контрактын гэрээний 6е-д заасан “Хэлцэл байгуулах хүсэлтийг хувьцаа эзэмшигчээр хэлэлцүүлж зөвшөөрөл авна” гэснийг зөрчсөн. Нөгөө талаас иргэн Ч.Д нь нийт оршин суугчдаас нэр бүхий 5 оршин суугчтай хэлцэл хийх зөвшөөрөл олгосон атал ганцаараа хэлцэл байгуулж өөрт олгогдсон эрхийг хэтрүүлсэн тул дээрх санамж бичиг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарах ба хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан хууль ёсны эзэмшлээс өмчлөгч эд хөрөнгө шаардах эрхгүй юм. Нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хэрэгжүүлж буй төслийг зогсоох болон өөрийн үзэмжид тааруулж барилга барихыг шаардаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тус компанийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 183/ШШ2017/00400 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 186 дугаар зүйлийн 186.1, зааснаар “С М” ХХК, "М К" ХХК-д холбогдох хоёр давхраас өндөргүй барилга барихыг даалгуулах тухай, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар "М К" ХХК-д холбогдох тус компанийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ч.Дгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 1185 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00400 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч өмгөөлөгч Б.Билгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Уг барилга зохих зөвшөөрөлтэй баригдаж байгаа эсэх эсвэл хотын ерөнхий төлөвлөлтийг зөрчсөн эсэх талаар маргаагүй. Анхан шатны шүүхийн дүгнэснээр талуудын хооронд хийсэн гэрээний үүргээ зөрчиж байна гэж маргасан. Дүүргийн анхан шатны шүүх “...Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь хуульд харшлахгүйгээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хэлцэл хийж, асуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд дээрх санамж бичгийг харилцан хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан байна...шүүх зохигчдын хооронд байгуулсан дээрх хэлцлийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан гэрээний үндсэн шинж хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээ байна гэж үзэв” гэж дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх нийтийн зориулалтай орон сууц баригдаж байна гэдгийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх “С М” ХХК болон иргэн Ч.Д нарын хооронд гэрээ байгуулагдсан гэхдээ хариуцагч нийтийн зориулалтай орон сууц барьж байгаа нь зөвшөөрөлтэй учраас хууль ёсны гэж дүгнэсэн. Дээрх 2 шатны шүүхийн шийдвэр, магадлал зэргээс үзвэл “С М" ХХК болон “М К” ХХК-иуд нь иргэн Ч.Дтай 2013 оны 6 сарын 08-нй өдөр байгуулсан гэрээгээ зөрчсөн. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “...Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.” гэж зааснаар бол зохигчид үүргээ биелүүлэх ёстой. Мөн “С М” ХХК-иас оршин суугчдад илгээсэн 2013 оны 05 сарын 22-ны албан бичиг нь С.Долгормаагийн нэхэмжлэлд дурьдсан “Дөрвөн улирлын цэцэрлэг” хороололын төлөвлөлтийн талаар гэдэг нь ойлгомжтой бөгөөд үүнийг баталгаажуулан “М К” ХХК иргэн Ч.Д нарын хооронд санамж бичиг үйлдэгдсэн. Иймээс энэ “С М” ХХК албан бичиг болон “М К” ХХК-ний санамж бичгүүд нь нэг зүйлийн тухай буюу хороололын төлөвлөлт анх төлөвлөсөн байдлаар үргэлжилнэ гэдгийг баталгаажуулсан баримтууд юм. Монгол улсын орон сууцны тухай хуулийн 3 зүйлийн 3.1.1. дэх хэсэгт ”орон сууц” гэж хүн суурин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг;” хэлнэ гэж тодорхойлжээ. Үүнээс үзвэл нийтийн зориулалтай биш дангаар амьдрах зориулалт бүхий байшин гэдэг нь үүнээс ойлгогдож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар МУ-ын арилжааны банкууд амины орон сууц гэдгийг “...Амины орон сууц гэж хотын зураг төсөлд орсон, 400 м.кв-аас дээш талбай бүхий өөрийн эдлэн газартай, төвийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, холбогдоогүй боловч мэргэжлийн байгууллагын батласан тусгай технологи, стандарт бүхий дулаан, бохирын шугам сүлжээтэй, нэгээс дээш давхар байна” гэж тодорхойлжээ. Эдгээр тодорхойлолтоос үзвэл амины орон сууц гэдэг нь 1-3 давхар өндөртэй өөрийн эдлэн газартай байшинг ойлгохоор байна. Яг энэ шаардлагыг хангасан амины орон сууцнууд анх “Дөрвөн улирлын цэцэрлэг” хотхоны төлөвлөлтөнд туссан бөгөөд энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т “...Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасан. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 19-ны өдрийн 1185 дугаартай магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч “С М” ХХК, "М К" ХХКомпанид холбогдуулан байрны урд талд хоёр давхраас өндөргүй барилга барихыг даалгах, санамж бичгийг хүчингүй болгосон “М К” ХХК-ийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах 2 шаардлага гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо  “...2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “С М” ХХКомпаниас орон сууц худалдан авах үед манай байрны өмнө хаус баригдах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл 2015 оноос эхлэн 370 айлын, 6 давхар байрууд баригдаж, төлөвлөлтөд байхгүй авто зам тавьж байгаа нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна, 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдөр "М К" ХХК-тай байгуулсан “Санамж” бичигт тохиролцсоноор тус компани нь С1, С2, С3 байрны урд талд зөвхөн амины орон сууц барих, оршин суугчдын эрх ашгийг хөндөхгүй гэж үүрэг хүлээсэн ...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ч.Д нь орон сууц худалдан авахдаа байрны урд хэсэгт өндөр барилга барихгүй учраас өндөр үнээр худалдан авсан гэх байдал тогтоогдоогүй байна.

Үүнээс гадна нэхэмжлэлийн нэг үндэслэл болох гэрээний үүрэг гэж үзсэн, 2013 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Ч.Д болон "М К" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Буянцогтоо нарын хооронд байгуулагдсан “Санамж” бичиг”-т “...орон сууцны С1, С2, С3 байрнуудын урд талд зөвхөн амины сууц барина. Байрнуудын урд талын авто замыг барилга угсралтын ажилд ашиглахгүй бөгөөд тусгаарлан хашаа барих асуудлыг талууд шийдвэрлэнэ. Шинэ хороололыг ашиглалтад ороход автозамын гарцыг шууд Олимпийн гудамж руу гаргах ба цаашид зөвхөн уг замыг хороолол руу орох, гарах зам болгон ашиглахыг судлана...” гэж тусгаснаас үзэхэд М КХХКомпани нь байрны урд талд 2 давхараас дээшгүй амины орон сууц барих үүрэг хүлээсэн гэж үзэх агуулга тогтоогдоогүй байна. “С М” ХХКомпаний 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 136 дугаар албан бичигт “...С1, С2, С3 байрны өмнө 3 хүртэл давхар амины сууц болон таун хаус барилга барихаар төлөвлөгдсөн байгаа..та бүхний амьдарч байгаа орон сууцны өмнө хэсэгт өндөр барилга барихаар төлөвлөсөн байсныг өөрчилж, зураг төслийг дахин шинэчлэн боловсруулсан байна...” гэсэн мэдээлэл байх боловч энэ нь  өөр хуулийн этгээд буюу санамж бичигт тусгагдсан  "М К" ХХК-ийн үүргийг нотлох агуулгатай баримт биш байна.

Зохигчдын хооронд байрны урд талд амины орон сууц барих ёстой гэсэн тохиролцоо тодорхой хэмжээнд байсан нь тогтоогдож байх боловч эрх зүйн үр дагавар үүсгэсэн  хэлцлийн шинжийг агуулаагүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байжээ. Аливаа этгээдийн хооронд гэрээний үүрэг үүсэхэд уг үүрэг нь тодорхой байх, агуулгын хувьд хууль зөрчөөгүй байх, эрх зүйн үр дагавар үүсгэх шинжийг агуулсан байх ёстой байна. Иймд “шүүх гэрээний агуулга, хариуцагчийн үүргийг зөв тодорхойлж дүгнэж чадаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00400 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1185 дугаар магадлалыг  тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР                         

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА