Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-02
Дугаар 001/ХТ2017/01328
Хэргийн индекс 135/2014/00452/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч П.У
Хариуцагч Г.Ц
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

 

 

 

 

 

 

П.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 402 дугаар шийдвэртэй,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч П.У нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Цт холбогдох,

 

“Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Дархан сумын 4 дүгээр баг, 5 дугаар байрны 34 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанчимэг, түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанчимэг, хариуцагч Г.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбартаа: 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Л.Хгээс Дархан сумын 4 дүгээр баг, 5 дугаар байрны 34 тоот 1 өрөө орон сууцыг Голомт банкны орон сууцны зээлээр худалдаж авсан. Г.Ц нь өнөөдрийг хүртэл уг орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд Г.Цыг өөрийн эзэмшлийн орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай байр ломбарданд байхад Ц.Б, Л.Х нар нь чөлөөлж, өөрсдийн нэр дээр шилжүүлэн банкны барьцаанд тавьсан. Түүнээс хойш 2 жилийн дараа хүүхдийн сургалтын төлбөрт мөнгө хэрэг болоод Ц.Баас 1 сая төгрөгийг авсан. Би 2 сая төгрөгийг Ц.Баас авсан, П.Уаас аваагүй. Өгөх ёстой хүнд нь өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Г.Ц сөрөг нэхэмжлэлдээ: Миний хувьд Л.Хтэй хамт ажилладаг байсан. Би 2009 оны үед мөнгөний хэрэг гараад өөрийн өмчлөлийн Дархан сумын 4 дүгээр баг, 5 дугаар байрны 2-34 тоот 2 өрөө байрны гэрчилгээг Эрдэнэбаатар гэдэг хүнд 900.000 төгрөгийн барьцаанд тавиад зээлээ төлөөд байж байтал Л.Х над дээр ирээд надад мөнгөний хэрэг байна, таны өрийг би хаагаад, байрны гэрчилгээг чинь зээлийн барьцаанд тавиад дахиад нэмж зээл авъя гээд миний өрийг төлөөд дээрээс нь дахиж мөнгө зээлж авсан. Зээлээ Л.Х төлөөд байрны гэрчилгээг буцааж аваад надад ‘би таны байрны гэрчилгээг нэр дээрээ болгоод банкинд тавьж зээл аваад 3 сарын дотор буцаагаад гэрчилгээг чинь өгье” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд түүний нэр дээр байрныхаа гэрчилгээг шилжүүлж өгсөн бөгөөд түүний хэлсэн хугацаа өнгөрөхөөр нь түүнээс байрны гэрчилгээгээ шаардахад элдэв шалтаг хэлээд явдаг байсан. Та надад итгэ, би таны байрны гэрчилгээг буцаагаад өгнө гээд байдаг байсан. Гэтэл Л.Хг манай байрыг ээжийнхээ төрсөн дүүгийн хүүхэд П.Уынхаа нэр дээр шилжүүлээд 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Голомт банкнаас 15,000,000 төгрөгийн зээл авсныг мэдээгүй явж байгаад 2011 оны 10 дугаар сарын үед мэдсэн. П.У нь тэд нарын авсан зээлнээс 2,500,000 төгрөгөөр цалингийн зээлийн үлдэгдлээ төлүүлээд бусад мөнгийг нь Л.Х, Ц.Б нарт өгсөн байсан. Ц.Б, П.У нар нь зээлийн төлөлтөөс үүссэн маргаанаа шат шатны шүүхээр шийдвэрлүүлж байгаа бөгөөд энэ иргэний хэргийг шалган шийдвэрлэх явцад Д.П.У миний байрыг барьцаалж авсан зээлээ цалингийн зээл болгоод энэ зээлээ 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулж дууссан атлаа одоо болтол миний байрны гэрчилгээг буцааж өгөхгүй өөрийн хувийн зорилгодоо ашигласаар байна. П.У нь Ц.Б нарын хооронд үүссэн зээлийн маргаанд Л.Х хамааралгүй болсон байдлыг харгалзан үзэж орон сууц эзэмших эрхийн 000115762 дугаартай гэрчилгээний Ү-2003005658 улсын бүртгэлийн дугаартай, П.Уын нэр дээр бүртгэгдсэн гэрчилгээг хүчингүй болгож, Дархан сумын 4 дүгээр баг, 5-34 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч П.У сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Х, Ц.Б нар нь 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан сумын 4 дүгээр баг, 5 дугаар байрны 34 тоотод 1 өрөө байрны 000115762 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү- 20030005658 дугаартай орон сууцны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн Голомт банкнаас 15 сая төгрөг зээлж Л.Х болон Ц.Б нар авсан юм. Уг Голомт банкнаас авсан зээлийн мөнгө болон түүний хүү, хүүгийн хүүг төлөөгүй өдий хүрч байна. Би гарын үсэг зурж уг 1 өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан болохоор миний нэр дээр шилжин үлдсэн юм. Би өөрийн гэсэн орон сууц байхгүй байсан. Тухайн маргаан болж буй орон сууц нь тухайн үед Г.Л.Х, Ц.Б нарын өмчлөлд байсан бөгөөд Г.Ц гэгч хүнийг огт танихгүй. Энэ 2 хүний орон сууц гэж ойлгож байсан. Голомт банкинд өртэй уг 15 сая төгрөгийн хүү, алданги болон үлдсэн зээл төлөгдөөгүй сар бүр 500,000 орчим төгрөгийг цалингаасаа төлж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 402 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зуйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Цыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дугээр баг 22 дугаар хороолол 5 дугаар байрны 34 тоот 18,0 мкв талбайтай, үлсын буртэлийн Ү-2003005658 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч П.Уын гаргасан Г.Цын хүуль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, туүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын буртгэлийн тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.7, 19 дугээр зуйлийн 19.1.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол 5 дугаар байрны 34 тоот 18,0 мкв талбайтай, улсын бүртэлийн Ү-2003005658 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр П.Уыг бүртгэгдсэнийг хучингүй болгож, дээрх бүртгэлд өмчлөгчөөр Г.Цыг бүртгэж, өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.1, 57 дугаар зуйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 зааснаар нэхэмжлэгч П.У, хариуцагч Г.Ц нараас тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Уаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.Цд олгож шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанчимэг, өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 230.000 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанчимэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар П.Уын гаргасан Г.Цын хууль бус эзэмшлийн орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дархан-Уул аймаг Дархан сумын 4-р баг 22-р хороолол 5-р байрны 34 тоот 18мкв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2003005658 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцны өмчлөл Г.Цын мөн болохыг тогтоож Г.Цын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай Г.Ц нь 2010 оны 7-р сард Ц.Б болон Л.Х нарт өөрийн өмчлөлийн дээрхи үл хөдлөх хөрөнгө болох 1 өрөө байрыг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас ирүүлсэн материалаас тодорхой харагдаж байгаа бөгөөд энэ талаар хариуцагч Г.Ц нь өөрөө Ц.Б, Л.Х нарт байраа өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн бүртгэл ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл байгаа эсэх талаар шүүхэд тайлбар хүсэлт гаргаж байгаагүй болно. Ц.Б, Г.Л.Х нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан сумын 4-р баг 5-р байрны 34 тоот 1 өрөө орон сууцыг голомт банкны орон сууцны зээлээр худалдаж авах гэрээ байгуулж, П.Ут уг байрыг шилжүүлэн 15 сая төгрөгийг авсан байна. Голомт банкнаас орон сууцны зээлээр авсан гэх 15сая төгрөгийг П.У Ц.Б Л.Х нарт өгсөн бөгөөд одоо болтол Ц.Б, Л.Х нар зээл зээлийн хүүгээ төлөөгүй П.У уг зээл зээлийн хүүг хөлсөөр өнөөдөр хүрч хохирсоор байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  Ц.Б нь уг 15 сая төгрөгийг П.Уаас авсан гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан. Орон сууцны зээлийн гэрээ 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл төлөгдөх ёстой байсан. Хавтаст хэрэгт хүсэлт гаргасны дагуу Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн хянан шалгагч Ч.Жамьянсүрэнг шинжээчээр томилж 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүүний тооцоолол бодож гаргасан бөгөөд үндсэн зээлж авсан 15 сая төгрөгнөөс 11 153 578 төгрөгний зээлийн хүү нь 3121290.61 төгрөгөөр тооцогдож, бодогдсон байна. Хэдийгээр хариуцагч Г.Ц уг орон сууцандаа амьдарч сууж байгаа боловч Г.Ц, Ц.Б, Л.Х нарын хооронд иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх тухай хуулийн заалт зөрчөөгүй өөрөөр хэлбэл 109.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй, мөн 109.2-д заасан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ гэсэн заалтыг зөрчөөгүй. Мөн иргэний хуулийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэсэн заалтыг шүүхүүд анхаарч үзсэнгүй. Иргэний хуулийн 111.2-д зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн гэж үзнэ гэж хуульчилсан. Г.Цаас Ц.Б болон Л.Х нарт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн гэрээ хийгдсэнээр дуусгавар болсон бөгөөд Ц.Б болон Л.Х нарын өмчлөлд уг орон сууц шилжилж цаашид голомт банкинд П.Ут нэхэмжлэгчид уг үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдаалагдах нөхцөл бүрдсэн байна. Хавтаст хэрэгт цугларсан дээрхи нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүх хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна. Ийм учраас анхан шатны шүүхийн 403 тоот шийдвэр болон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

        Хоёр шатны шүүх хариуцагч Г.Цт холбогдох Дархан сумын 4 дүгээр баг, 5 дугаар байрны 34 тоот 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч П.Уын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  П.Уын нэр дээрх орон сууцны бүртгэлийг хүчингүй болгож, уг сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Г.Цын  сөрөг нэхэмжлэлийг хангаж  шийдвэрлэжээ.  

 

      Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

 

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түнний өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “....нэхэмжлэгч нь Л.Х, Ц.Б нарын нэр дээр бүртгэлтэй байгаа орон сууцыг худалдаж авсан... зээлийн мөнгийг Ц.Б авсан.., нэхэмжлэгч зээлийг өнөөдөр хүртэл төлж байна.., орон сууцны хууль ёсны өмчлөгч тул нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ. Гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

                                                                                                                                                     

       Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заажээ.

              

        Нэхэмжлэгч П.У нь Л.Х, Ц.Б нарыг өмчлөгч биш болохыг мэдэж байсан, маргаж буй орон сууцыг худалдан авах зорилго байгаагүй, өөрийн зээлийг төлүүлэхийн тулд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, зорилгоо биелүүлсэн, анхнаасаа орон сууцыг худалдах худалдан авах зорилгогүйгээр хэлцэл хийж байгааг мэдэж байсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт нотлох баримтад тулгуурласан, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул П.Уын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байна.

 

       Сөрөг нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 101 дүгээр зүйлийн 101.1-д нийцжээ.

 

        Хариуцагч Г.Ц нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа “...миний зээлийг төлөөд, өөрсдөө нэмж зээл аваад хэрэглэж байгаад буцаагаад өгье гэж тохиролцсны үндсэн дээр Л.Х, Ц.Б нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, тэр хоёр өөрсдийн нэр дээр зээл авч чадахгүй байсан тул төрлийн хүүхэд П.Уын нэр дээр шилжүүлж зээл авсан, үүнийг П.У мэдэж байсан, тийм ч учраас би байрандаа амьдарч байсан, П.У нь Л.Х, Ц.Б нарыг зээлээ төлөхгүй байна гээд өөрөө зээлийг төлөөд цалингийн зээл авсан байсан, П.У нь орон сууцны өмчлөгч биш...” гэсэн үндэслэлийг заажээ.

   

        Хүсэл зоригоо илэрхийлж байгаа этгээд болон хүсэл зоригийг хүлээн авагч нь хийж буй хэлцлээ эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэдэг талаар харилцан тохирсон байх нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн шинж байдаг.

         

        Г.Ц болон Л.Х, Ц.Б нар, П.У болон Л.Х, Ц.Б нар аль аль нь орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа орон сууцыг худалдан авахын тулд биш, зээл авах зорилгоор гэрээг байгуулсан байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байна.

 

        Хүчин төгөлдөр бус гэрээний үр дагавар уг хэлцлийг хийсэн этгээдүүдийн хооронд шийдвэрлэгдэх боловч Г.Ц нь сонирхогч этгээдийн хувьд П.У болон Л.Х, Ц.Б нарын байгуулсан худалдах худалдан авах гэрээний талаар шаардлага гаргах эрхтэйгээс гадна эдгээр дүр үзүүлсэн хэлцлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн тул өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 402 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР                                   

 

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА